| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2021/0003/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/0011 |
| Огноо | 2021-01-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/0011
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0003/Э/
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрмэнд,
Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н.Б-д холбогдох эрүүгийн 2018000000443 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймгийн Бөх мөрөн суманд төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, автын гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 , эхнэр 2 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, ........... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй Б овогт Н.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө 04 цаг 38 минутад иргэн Б.Э Хаан банкны ***** данснаасаа ***** тоот дансанд 50,000 төгрөг шилжүүлэх гэж байгаад андуурч шилжүүлсэн 500,000 төгрөгөөс 450,000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан, 450,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Э “...Би 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хуучин зах дээр явж байгаад биллиард тоглож байсан танихгүй хүмүүстэй хуучин захын хашаан дотор архи уусан. Би архи уугаад согтоод юу болсныг санахгүй байна. Маргааш өдөр нь гэрийнхээ ойролцоо гудамжинд сэрсэн. Би бага настай байхдаа тархиндаа гэмтэл авч байсан юм. Тэр гэмтлээсээ болоод архи уухаараа юу болсныг мэдэхгүй тасарчихдаг юм. Тэгээд би гэртээ ороод гар утсаараа өөрийн ***** тоот дансаа шалгасан чинь миний данснаас 2020 оны 09 дүгээр сарын 11-ний үүрээр 04 цаг 38 минутад 500.000 төгрөгийг .............. данс руу шилжүүлсэн байна. Би өөрөө энэ гүйлгээг хийгээгүй, хэн нэгэн нь намайг согтуугаар далимдуулаад авсан гэж бодож байна. Тэгээд ч надад 500.000 төгрөг данснаасаа шилжүүлэх ямар ч хэрэг байгаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 06-07, 67/
2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 5045/20/912 дугаартай Хаан банкны ........ дугаартай данс эзэмшигчийн мэдээлэл бүхий лавлагаа, дансны хуулга /хх-
ийн 22-23/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшил, өмчлөлийн зүйлс гэдгийг мэдсээр атлаа уг мөнгийг өөртөө завшиж хувийн хэрэглээнд хэрэглэсэн нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангах ба хууль тогтоогч 300,000 төгрөгөөс дээш эд хөрөнгийг завшсан тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Иймд шүүгдэгч Н.Б төлбөр тооцооны алдаатай гүйлгээгээр шилжүүлсэн мөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:
Хууль бус үйлдлийн улмаас хохирогч Б.Э 450,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Ял, эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээр дурдсан нөхцөл байдал болон түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н.Б-г төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Н.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 75,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус хариуцуулсугай.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД