Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 411

 

                                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Б.О, П.Э нарт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Ц.Гансүлд,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Гансүлдийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 16 дугаартай прокурорын эсэргүүцлээр Б.О, П.Э нарт холбогдох эрүүгийн 1708015310208 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Мандат овогт Баянжаргалын Б.О, 1900 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, хүүхдийн хамт ... тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 000174/,

 

Айнь овогт Пүрэвдаваагийн П.Э, 1900 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 0000261/.    

            Б.О нь 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24-ийн задгай тоотод иргэн П.Эийг “жолооны курст явуулахгүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

             П.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24-ийн задгай тоотод иргэн Б.Оыг “жолооны курст явуулсангүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: П.Эт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.От холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Эийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Айнь овогт П.Эийг цагаатгаж, шүүгдэгч Мандат овогт Б.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 450,000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг зааснаар Б.О 450,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ...шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дэгээ төмөр 1 ширхгийг шийтгэх   тогтоол    хүчин    төгөлдөр    болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.О бусдад төлөх төлбөргүй,   П.Э, Б.О нар урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, ...тогтоол хүчин төгөлдөр болтол Б.О, П.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гансүлд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн тогтоолын “Тодорхойлох” хэсэгт: Шүүгдэгч Б.Оын П.Эийн бие, эрх чөлөөнд халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний улмаас Б.Оын хийсэн довтолгооны эсрэг хийсэн буюу галын дэгээ төмрөөр цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар аргагүй хамгаалалт гэж үзэн гэмт хэрэгт тооцохгүйгээр шийдвэрлэж байна гэжээ.

П.Эийн “...2017 оны 9 дүгээр сарын 9-ний орой 18 цагийн орчим Б.О намайг хардаад “жолооны курст явуулахгүй” гээд байхаар нь би явна гээд маргалдсан. Гэтэл Б.О чамайг явуулахгүй гэж байна, ер нь чиний хэрэг байхгүй зайл гээд миний тайлаад тавьсан тавчикийг аваад шидсэн боловч тэр нь оноогүй. Тэгээд Б.О гараараа миний толгойн дагз руу 1 удаа цохиод үсдэж аваад тавьсан. Тэгээд би утсаа аав Пүрэвдавааг дуудаад орон дээр сууж байхад Б.О араас баруун гараараа миний толгойны оройн үснээс үстэж аваад гэрийн үүд рүү чирээд миний толгой rap руу нөгөө гараараа 2-3 удаа цохисон, мөн хөлөөрөө миний зүүн гуя руу 1 удаа өшиглөөд намайг тонгойлгоод чирээд зуухны хажуугаар явахаар нь би зуухны хойд хэсэгт байсан галын дэгээ төмөр аваад Б.Оын баруун гарлуу тавиулах санаатай 2-3 удаа цохисон. Намайг тавихаар нь би дахин Б.Оын нуруу орчимд дэгээ төмрөөрөө дахин нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-29-30, 31-32, 64-65/,

Ялтан Б.Оын “...2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр би хашаандаа гагнуур хийж байгаад үдээс хойш 19 цагийн орчим гэртээ ороход П.Э би жолоондоо явлаа гээд байсан. ...П.Э галаа түлээгүй хоолоо хийгээгүй байхаар нь миний уур хүрээд П.Э рүү тавчик аваад шидсэн, гэхдээ оноогүй. Би уурандаа П.Эийг алгадаж авахад намайг зөрүүлээд нэг удаа алгадаж авахаар нь түүнийг түлхээд унагасан. Ингээд би хүүхдээ тэвэрч аваад зогсож байхад П.Э аав руу залгаад “Б.О чинь зодоод байна шүү” гээд хувцсаа аваад явах гэхээр нь уур хүрээд үсдэж аваад татаад унагаасан. П.Э босож ирээд миний энгэрээс зуураад заамдаад байхаар нь би түүнийг үсдээд хойш ухраад түүнтэй хамт гэрийн орон дээр унасан ...Би П.Эийг гараараа 2 удаа шилэн хүзүү орчим нь цохисон. П.Э галын дэгээ төмөр барьж ирээд чи муу намайг зодлоо гээд 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-35-36, 68-69/,

Насанд хүрээгүй гэрч Н.Нарансолонгын “...Би өдрийг нь санахгүй байна үдээс хойш Б.О ахынд Б.О ах П.Э эгч нар орилоод муудалцаад байгаа чимээ гараад байхаар нь би ганцаараа гэрт нь ороход Б.О ах хүүхдээ тэвэрсэн П.Э эгчтэй хэрэлдэж байгаад надад Амар-Амгаланг өгөөд П.Эийн эгчийн нуруунд гараараа 1 удаа цохиод үсдээд орон дээрээс татаад унагаасан. Тэгсэн П.Э эгч босч ирээд галын дэгээ төмөр аваад Б.О ахын нуруу, гар орчим руу нь 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-37-38/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 11550 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...Б.Оын биед баруун тохой үений зөөлөн эдийн няцрал, дух хүзүүнд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-52/ болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар Б.О нь П.Эийг “жолооны курст явуулахгүй” гэх шалтгаанаар маргалдан бие эрх чөлөөнд нь халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхэлсэн ба П.Э нь Б.Отай харилцан маргалдан улмаар Б.Оын довтолгоо төгссөний дараа галын дэгээ төмрөөр нуруу, гаранд нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй.” гэж заасан байна.

П.Эийн үйлдэл нь Б.Оын довтолгоо төгссөний дараа галын дэгээ төмрөөр цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж заасан.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийг тухайн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байхаар л хуульчилсан байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн…” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Б.О нь 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 24-ийн задгай тоотод иргэн П.Эийг “жолооны курст явуулахгүй” гэх шалтгаанаар маргалдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч П.Эийн “...Би 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 18 цагаас жолооны курстээ явах гэтэл нөхөр Б.О уурлаад “чи явах хэрэггүй” гэхээр нь “би явна” гэхэд намайг элдвээр хараагаад байсан. Б.О над уруу гэрийн шаахай шидээд, намайг үсдээд толгой руу цохисон. “Зайл чиний хэрэг байхгүй” гэхээр нь “тэгвэл зайллаа” гээд аав руугаа утсаар яриад дуудсан. Б.О “Танайхан ирээд чамайг авахыг чинь харья” гээд миний үснээс зулгаагаад чирсэн, толгой уруу цохисон. Намайг чирээд явж байхад нь миний гарт галын дэгээ төмөр баригдахаар нь Б.Оын гарыг тавиулахын тулд гар руу нь нэг удаа цохиход Б.О гараа тавиад заазуур аваад над руу “танайхныг бүгдийг нь ална” гээд дайрсан. Тэгээд хүүхэд маань уйлаад бид хоёр салаад гэрийн хоёр талд очоод суусан. Хэсэг хугацааны дараа манай аав цагдаа дагуулаад орж ирсэн. Б.О намайг жолооны хичээлд явуулахгүй гээд миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохисон, мөн нуруу болон гар руу гурав удаа цохисон. ...Б.О бид хоёр 2016 онд тусдаа гарч хамтран амьдрах болсон. ...Б.О араас баруун гараараа толгойн оройн үснээс үсдэж аваад гэрийн үүд рүү чирэнгээ миний толгой, гар руу нөгөө гараараа 2-3 удаа цохисон. Мөн хөлөөрөө миний зүүн гуя руу нэг удаа өшиглөөд намайг тонгойлгоод чирээд зуухны хажуугаар явахаар нь би зуухны хойд хэсэгт байсан галын дэгээ төмөр аваад Б.Оын баруун гар руу цохиж тавиулах санаатай 2-3 удаа цохисон. Би үсдүүлээд тонгойсон байсан болохоор Б.Оын хаана нь цохисноо мэдэхгүй байна. Б.О намайг тавихаар нь би дахин нуруу орчим руу нь нэг удаа цохисон...” /хх-29-30, 31-32/,  

Насанд хүрээгүй гэрч Б.Нарансолонгын “Би ...өдрийг нь санахгүй байна. Үдээс хойш Б.О ахынд Б.О ах, П.Э эгч хоёр орилолдоод муудалцаад байгаа чимээ гараад байхаар нь би орсон. Б.О ах “гаднаас ороод ирж байхад юм аа хийсэнгүй” гээд П.Э эгчтэй хэрэлдэж байгаад Б.О ах П.Э эгчийн нуруу руу гараараа нэг удаа цохиод үсдээд орон дээрээс татаад унагачихсан. П.Э эгч босч ирээд галын дэгээ төмөр аваад Б.О ахын нуруу гар орчим руу нь 3-4 удаа цохисон. Тэгээд хоорондоо хэрэлдэж байхад Б.О ах заазуур авснаа буцаагаад тавиад Амар-Амгаланг уйлаад байсан чинь надаас аваад байж байхад манай ах Отгонбаяр, Мөнгөнчимэг эгч нар ороод ирсэн. Өөр зүйл болоогүй...” /хх-38/,

Гэрч Т.Пүрэвдаваагийн “...2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр гэртээ байж байхад охин П.Э залгаад “аав Б.О намайг үсдээд зодоод байна, та намайг ирж ав” гэсэн. Би очих замдаа цагдаад дуудлага өгөөд Баруунсалааны замд байдаг бензин колонк дээр хүлээж байгаад цагдаа ирэхээр нь хамт очиход охин, хүргэн хоёр муудалцсан байдалтай байсан. Гэмтэж бэртсэн ил харагдах зүйл байгаагүй. Тэгээд би охин П.Эийг дагуулаад явсан. Б.О П.Эийг жолооны курст нь явуулахгүй гээд маргалдаад зодсон байсан. Б.О охиныг өмнө нь машины түлхүүрээр нүдний доод хэсэгт яз цохиж байсан...” /хх-41-42/,

Гэрч Б.Отгонбаярын “...2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 18-аас 19 цагийн орчим байх гэртээ эхнэрийн хамт байхад Б.О, П.Э нар хоорондоо муудалцаад байгаа бололтой чанга чанга дуугараад, хэрэлдээд байгаа юм шиг болсон. Гэхдээ яг юу гэж хэрэлдсэн нь тодорхой сонсогдоогүй. П.Э галын дэгээ төмөр барьсан гэрийнхээ нэг талд, нөгөө талд нь Б.О хүүхдээ тэвэрсэн цаашаа хараад сууж харагдсан. Тэгэхэд Б.О эхнэрийгээ “гэр орноо цэвэрлэсэнгүй, хоол ундаа хийгээгүй, хүүхдээ харахгүй, жолооны курст явах гэлээ гээд л муудалцсан” гэсэн зүйл ярьсан. Харин П.Э тодорхой зүйл хэлээгүй. Б.О, П.Э нар хоорондоо их дотно байдаг, заримдаа муудалцаад хэрэлдэж маргаж байдаг, гэхдээ төд удалгүй эвлэрээд явж байдаг хүүхдүүд байгаа юм. Миний мэдэхээр бол эд нар хоорондоо тэгэж айхтар муудалцаад зодолдоод байсан удаа байхгүй, эвтэй байгаа юм шиг л харагддаг...” /хх-43-44/,

Гэрч Б.Мөнгөнчимэгийн “...2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр манай нөхөр Отгонбаяр, дүү Б.О нар хашаанд машин янзлаад өнжсөн. 17 цагийн орчим намайг дүү Б.Оын гэрт ороход П.Э хувцас хунараа өмсөөд жолооны курстээ явна гээд байж байсан. П.Э “Б.О уур хүргээд байх юм” гэсэн зүйл ярьж байсан. 18 цаг өнгөрч байсан байх П.Э, Б.О хоёр хоорондоо муудалцаад хэрэлдээд байгаа чимээ гарсан. Тэгэхээр нь би тэднийд яваад ороход П.Э хувцас хунараа бөөгнүүлээд “аавыг дуудсан” гэж байсан. Харин Б.О уйлсан сууж байсан. Тухайн үед тэр хоёрт ил бэртэж гэмтсэн зүйл харагдаагүй. Сүүлд Б.Оын гарынх тохой хавдсан, нуруу улайсан, цус шүүрсэн байсан бөгөөд П.Э галын дэгээ төмрөөр цохисон гэж Б.О хэлж байсан. Надад болсон зүйлийн талаар өөр мэдэх зүйл алга байна. Уг нь Б.О, П.Э нар нэгэндээ сайн, хоорондоо гайгүй харьцаатай байдаг. Нэг гэм нь П.Э, Б.О нар хааяа маргалдахаараа нэгэндээ бууж өгдөггүй зантай. ...Б.О П.Эийг тэр өдөр жолоонд нь явуулахгүй, хүүхдээ хар л гэсэн юм шиг байна лээ. Тэрнээс болоод л муудсан байх...” /хх-45/,

Шүүгдэгч Б.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Би эхнэр П.Этэй анх 2013 оны 5 дугаар сард танилцаж үерхэж байгаад 2016 оны 9 дүгээр сараас тусдаа гарч хамтран амьдрах болсон. Одоо бид хоёр дундаасаа 10 сартай нэг хүүтэй боловч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр машин бариад хөдөө явах ажилтай байсан. Тухайн өдөр би өдөржингөө хашаандаа гагнуур хийж байгаад 19 цагийн орчим байх гэртээ ороод “би орой явах болчихлоо, хувцас хунар бэлдээд өгчих” гэсэн. П.Э “би жолоондоо явлаа” гээд байсан. Би түүнд “би ажилтай болчихсон, хүүхдээ харж амжихгүй, хүүхдээ хэнд харуулах гээд байгаа юм” гэхэд П.Э уурлаад байсан. Би өдөржингөө гадаа юм хийж байгаад гэрт орсон бөгөөд гэрт галаа түлээгүй, хоол ундаа хийгээгүй байхаар нь уур хүрээд П.Эт “чи ёстой арчаагүй, ажилгүй” гэхэд П.Э “чи арчаатайгаа аваад суухгүй юу, би явчихаж чадна” гээд байхаар нь би түүнийг “зайлаа зайл” гээд хэлчихсэн. Тухайн үед би хоолоо хийх гээд тогоонд ус хийж тавих хооронд хүүхэд уйлаад байхаар нь би П.Эт “хүүхдээ аваач” гэхэд П.Э “чи арчаатайгаа олоод аваад суу” гэхээр нь уурандаа гэрийн шаахай аваад шидсэн. П.Эийг оноогүй. Би уурандаа П.Эийг алгадсан. П.Э зөрүүлээд намайг нэг удаа алгадсан, би түүнийг түлхээд унагасан. ...Би түүнийг үсдэж татаад унагасан. Тухайн үед П.Э унасан байдалтай миний өөдөөс жийхээр нь би хүүхдээ тэвэрсэн байсан тул би хойшлоод зогсоход П.Э босож ирээд миний энгэрээс зуураад заамдаад авахаар нь би түүнийг үсдээд хойш ухраад түүнтэй хамт гэрийн орон дээр унасан. П.Э бид хоёр зууралдсан байдалтай орон дээр унасан байхад П.Э надаас зуураад тавихгүй болохоор нь ...П.Эийг гараараа 2 удаа шилэн хүзүү орчим руу цохисон. Бид хоёр зууралдсан байдалтай орон дээр байж байгаад нэгнийгээ тавиад салаад босоход П.Э галын дэгээ төмөр барьж ирээд “чи муу намайг зодлоо” гээд тэр төмрөөрөө намайг 3-4 удаа цохисон. Би түүнийг цохиход нь гараараа хаасан, П.Э яг хаашаа цохисныг нь би тухайн үедээ мэдээгүй, сүүлд нь баруун гар, дух, нуруу өвдөөд байсан. П.Э намайг галын дэгээ төмрөөр цохихоор нь би шургуулганаас заазуур аваад хүүхдээ аваад орон дээр суусан. Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...” /хх-35-36/,

Шинжээч Б.Долгормаагийн “...Б.Оын дээрх гэмтлүүд нь дэгээ төмрөөр цохих үед үүсч болох бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Тохойн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин дух хуруунд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” /хх-55-56/ гэх мэдүүлгүүд болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 11547 дугаар акт, дүгнэлтийн “...1. П.Эийн биед тархи доргилт, зүүн бугалга, зүүн гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх-49/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 11550 дугаар акт, дүгнэлтийн “...1. Б.Оын биед баруун тохой үений зөөлөн эдийн няцрал, дух, хүзүүнд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх-52/ гэх дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, ойр дотны хүний амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заажээ.

Хуулийн уг заалтад хамаарах аргагүй хамгаалалт хэрэглэх эрх нь нийгэмд аюултай, хууль бус довтолгоон, халдлага бодитойгоор хийгдсэн, эсхүл хийгдэх нь тодорхой байгаа тохиолдолд хэрэгжихээр байгаа бөгөөд тухайн халдлагын шинж чанар, эсхүл учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ зэрэг нь уг эрхийг хэрэгжүүлэхэд нөлөөлөх талаар ямар нэгэн нэмэлт шаардлага тусгагдаагүй байна.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй.” гэж заажээ.

Уг зохицуулалтаар, аргагүй хамгаалалт хийх эрхийг хүн бүр ямар нэгэн ялгаваргүйгээр эдлэх зарчим, мөн хамгаалалтыг идэвхтэй байдлаар хэрэгжүүлэх боломжийг хууль тогтоогч тодорхойлсон байх бөгөөд халдлагад өртсөн тохиолдолд зугтах, эсхүл өөр байдлаар аюулыг зайлуулах, эсхүл бусдаас тусламж хүсэх, эсхүл халдаж буй этгээдэд идэвхитэй хариу үйлдэл хийхээс бусад аргыг хэрэглэх боломжгүй тохиолдолд л хамгаалалт хийх ёстой гэж шаардах нь үндэслэлгүйг хоёрдмол утгагүйгээр тусгасан байна. Энэ утгаараа аргагүй хамгаалалт бол халдагч этгээдийн хууль бус үйлдлийг таслан зогсоох зорилгоор үйлдэгдэж буй хариу довтолгоон, эсрэг дайралтаар илэрдэг шууд санаатай үйлдэл байдаг. Чухам ийм идэвхитэй хамгаалалтыг нүүрлэж буй аюулаас хамгаалах баталгаа болдог тул эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд аргагүй хамгаалалтыг нийгэмд ашигтай, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үздэг.

Хэрэг маргааныг эхлүүлэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулахаар заналхийлж довтолсон Б.Оын халдлагын талаар хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж, тухайн үйлдлээс өөрийгөө хамгаалсан гэх үйлдлийн талаарх нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, П.Эийг аргагүй хамгаалалт хэрэглэсэн гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцсэн байна.

Хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу, аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд, өөрийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөг нийгэмд аюултай, хууль бус халдлагаас хамгаалах явцдаа халдагч этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан П.Эийн санаатай, идэвхитэй үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэм хорыг учруулсан хэдий боловч бодит агуулгаараа хууль бус халдлагын эсрэг хийгдэж байгаа хуулиар зөвшөөрөгдсөн, аргагүй хамгаалалтын үйлдэл мөн гэж үзнэ. Нөгөөтэйгүүр өөрийн амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар Эрүүгийн хуульд тусгасан байгааг дурдах нь зүйтэй.

Иймд П.Э нь Б.Оын довтолгооны үед санаа сэтгэл цочрон давчдаж, өөрийгөө хамгаалахад чиглэсэн үйлдэл хийсэн байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.  

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд Б.Оын үйлдсэн хэрэг нотлогдсон, мөрдөн байцаалтын шатанд шалгавал зохих зүйлүүдийг бүрэн шалгасан, анхан шатны шүүх хэргийг зөв зүйлчлэн хэргийн нөхцөл байдал, гэм бурууд нь тохирсон ял шийтгэл оногдуулсан, шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, хэрэгсэхгүй болгон цагаатгах, шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлүүд тогтоогдоогүй болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Гансүлдийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 16 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 216 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ц.Гансүлдийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 16 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

                                      ШҮҮГЧИД                                                    Н.БАТСАЙХАН

 

                                                                            Д.МЯГМАРЖАВ