Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 00271

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг багийн 11-р хороолол, 17-р байранд оршин суух Зээрдүүд овогт Батсүхийн Саранчимэгийн /регистрийн дугаар ФМ58032749/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум, Рашаант баг, 24-р гудамжны 6 тоотод оршин суух Баатад овогт Лхагвын Гэрэлмаад /регистрийн дугаар ФБ67060964/ холбогдох 1 097 600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Саранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 2015-03-18-нд  Л.Гэрэлмаад 560 000 төгрөгийг сарын 12 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Удахгүй өгнө гэж авсан. Эхний 2 сарын хүүг өгснөөс хойш одоог хүртэл үндсэн зээл, хүүг төлөөгүй. Би олон удаа төлөхийг шаардсан боловч мөнгөтэй болохоороо өгнө гэдэг. Зээлдсэнээс хойш бараг 2 жилийн хугацаа өнгөрлөө. Тиймээс энэ хүнээс үндсэн зээл 560 000 төгрөг, хүү 537 600 төгрөг нийт 1 097 600 төгрөгийг гаргуулж өгнө үү ” гэжээ.

Хариуцагч Л.Гэрэлмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие Гэрэлмаа энэ хүнээс анх 560 000 төгрөг авсан үнэн. Анх авахдаа хүү төлнө гэж тохирсон үнэн. Миний бие нь 3 хүүхэд, зээ нарынхаа хамт амьдардаг. Бага охин маань оюутан. Ийм байдалтай байгаа учир би үндсэн мөнгө 560 000 төгрөгийг 2-р сарын 20-ны өдрөөс өмнө өөрийн биеэр аваачиж өгнө” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Саранчимэг шүүхэд гаргасан тайлбартаа: “Би Б.Саранчимэг, иргэн Гэрэлмаад 2 жилийн өмнө хүүтэй зээлдүүлсэн 560 000 төгрөгийг 1 жилийн 5 хувийн хүүтэйгээр 1 097 600 төгрөг нэхэмжилсний дагуу Л.Гэрэлмаа нь хариу тайлбартаа үндсэн 560 000 төгрөгийг төлнө гэснийг нь хүлээн зөвшөөрч байна. Л.Гэрэлмаа 2017-02-22-ны өдөр 400 000 төгрөг авчирч өгсөн ба үлдэгдэл 160 000 төгрөгийг 3 сарын аванзаа авахдаа өгнө гэж хэлсэн. Хүү 537 600 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгоно уу. Хариуцагч Л.Гэрэлмаатай эвлэрч байна ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Саранчимэг нь хариуцагч Л.Гэрэлмаагаас 1 097 600 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа 537 600 төгрөгнөөс татгалзаж 560 000 төгрөг болгосныг хариуцагч Л.Гэрэлмаа төлөхийг зөвшөөрч, 2017 оны 02 сарын 22-ны өдөр 400 000 төгрөг нэхэмжлэгчид өгч, үлдэгдэл 160 000 төгрөгийг 3 сарын цалингаа аваад өгөхөөр зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч Б.Саранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 31 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 17 450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Саранчимэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Гэрэлмаад холбогдох 1 097 600 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 537 600 төгрөгнөөс татгалзаж 560 000 төгрөг болгосноос хариуцагч Л.Гэрэлмаа 2017 оны 02 сарын 22-ны өдөр 400 000 төгрөг нэхэмжлэгчид өгч, үлдэгдэл 160 000 төгрөгийг 3 сарын цалингаасаа өгөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31 000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,  хариуцагчаас 17 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Р.ҮҮРИЙНТУЯА