Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0022/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М овогт Ш.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2018000000007 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 01 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2001 оны  08 дугаар сарын 7-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт, Дархан-Уул аймгийн Хонгор сум, 2 дугаар баг, ....... хөдөө тоотод оршин суух М овогт Ш.Б,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ш.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ш.Б нь 2020 оны 12 дугаар сарын 25-ний орой 23:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сум, 2 дугаар баг, ......... дугаар гудамжинд иргэн У.Э зодож эрүүл мэндэд нь зүүн талын нэг хавирганы хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархины доргилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч У.Э “...2020 оны 12 дугаар сарын 25-ний өдөр ажлаа тараад ажлынхантайгаа нийлж 5-уулаа нэг том пиво уугаад харих гэж байтал 18 цаг өнгөрч байхад найз Б над руу залгаад хаана байна, уулзъя гэхээр нь би 30 айлын урд шинэ 5 давхрын урд байна гэхэд Б Ө гэдэг найзтайгаа хамт ирсэн. Тэгээд бид 3 манай хүргэн ах Т очиж бид 4 хоёр том пиво уусан. Т ах эхний нэг пиво уугаад унтаад өгсөн. Тэгээд бид харихаар гарсан бөгөөд Ө түрүүлээд би харилаа гээд яваад өгсөн. Гадаа гараад алхаж явахад Б намайг хашааны харанхуй буланд найз охинтойгоо хардаад нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохиод цээжин дээр хүчтэй дараад суучихсан. Чи миний найз охиныг доромжилдог ямар овоо гар вэ гээд байсан. Тэгж байтал Ө цаанаас гүйж ирээд *****ыг боль гэж болиулаад цааш нь аваад явсан. Миний нүүр ам хавдаж хөхөрсөн, цээж зүүн хавиргаар өвдөөд байна” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/,

 

Гэрч Б.Ө “...2020 оны 12 дугаар сарын 25-ний орой 18:00 цагийн үед би найз Б утсаар яриад захын хажууд уулзсан.Тэгээд Б манай найзтай уулзая гээд Э гэх найзтай нь уулзахад Э 3-уулаа манай ахынд очъё гээд тосгонд нэг айлд очсон ба замдаа дэлгүүрээс 2 том пиво авсан. Авсан пивоноос би бараг уугаагүй. Харин Э хүргэн ах нь согтоод унтаад өгсөн. Тэгэхээр нь бид хэд явъя гээд 22 цаг өнгөрч байхад гэрээс нь 3-уулаа гарсан.Тэгээд би харилаа гэхэд Батжаргал намайг явж бай гэсэн юм. Тэр 2-оос түрүүлээд таксины зогсоол руу алхаж байтал ард орилох чимээ гарахаар нь юу болоод байгаа юм болдоо гэж бодоод буцаад яваад очтол тэр хоёр хоорондоо зодолдоод байгаа бололтой Батжаргал нь Э дээр гарчихсан дараад авчихсан байхаар нь би Б боль гээд салгаад аваад явж байтал ***** араас нь нэг юм хэлэхэд ***** дахин очоод нүүр лүү нь нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 21 дугаартай “...У.Э биед зүүн талын нэг хавирганы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчны мурийлт, тархины доргилт, нүүрний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, хохирогч шүүгдэгч нар эвлэрсэн, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Иймд шүүгдэгч Ш.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 500 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч, оногдуулсан торгох ялыг өрхийн орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч М овогт Ш.Б-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай. 

 

  1. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлбөргүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ГЭРЭЛТ-ОД