Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 00273

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан, шүүгч Д.Ариунцэцэг, Б.Хишигдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: 1987 онд төрсөн, 30 настай эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-9-56 тоотод оршин суух Амар овгийн Отгонбаярын Мөнхсайханы /регистрийн дугаар ПМ87090519/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Цагдаагийн газарт холбогдох нөхөн төлбөр болох 10 сарын хугацааны цалин 5 629 170 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Мөнхсайхан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батмөнх-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр, иргэдийн төлөөлөгч Ц.Мядагмаа, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Мөнхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2016 оны 4 сарын 5-нд Амар овогтой Отгонбаярын Мөнхсайхан миний биеийг хүний нэр төр алдар хүндийг гутаах зорилгоор илтэд худал гүтгэлийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 111 -р зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар торгох ял шийтгэсэн.

2016 оны 09 сарын 12-ны өдөр Улсын дээд шүүхийн 194 дүгээр тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол магадлалыг тус тус хүчингүй болгож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл 2016.10.04-нд буцаан ажилд маань томилсон боловч 2016.1.11 өдрөөс 2016.10.04 одөр хүртэл түр түдгэлзүүлсэн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал мөн цалинг минь одоог хүртэл олгоогүй.

Энэ хугацаанд байрны зээл болон өмгөөлөгчийн хөлс мөнгө зэргийгтөлөх гэж хувь хүн болон ломбарднаас мөнгө зээлж зээлээ дарж байсан. Ажилдаа орсноор цалингийн зээл авах гэж банкинд хүсэлт гаргасан боловч түдгэлзүүлсэн хугацааны НД, ЭМД, цалин мөнгө чинь манайхаар орж ирээгүй байна. Та ажилдаа ороод 6 сараас дээш ажилласан байх ёстой гэсэн шаардлагыг тавьдаг. Зээлсэн мөнгө болон хүү нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа тул маш их гомдолтой байна.

Миний бие ахлах нягтлан бодогч дэслэгч Батнайрамдалтай уулзсан боловч төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга дэд хурандаа Д.Мөнхбат мэднэ гэсэн хариу өгсөн.

Би өмгөөлөгч С.Батмөнх-Очирыг төлөвлөлт зохион байгуулалтын тасгийн дарга Мөнхбаттай уулзуулсан боловч дэд хурандаа Мөнхбат нь ингэх л байсан бол аль эрт халаад хаячих байсан НД, ЭМД-г бөглөж өгөхөд барав биш үү гэх зэргээр ярьсан байдаг. Иймд 10 сарын хугацааны цалин 5 629 170 төгрөг гаргуулж, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Мөнхсайхан хариуцагч Орхон аймгийн Цагдаагийн газарт холбогдуулан 10 сарын хугацааны цалин 5 629 170 төгрөгийг нөхөн төлүүлэх, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...намайг хүний нэр төр алдар хүндийг гутаах зорилгоор илтэд худал гүтгэлийг олон нийтэд тараасан гэмт хэрэгт буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 111 -р зүйлийн 111.2 дахь хэсэгт зааснаар торгох ял шийтгэсэн.2016 оны 09 сарын 12-ны өдөр Улсын дээд шүүхийн 194 дүгээр тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол магадлалыг тус тус хүчингүй болгож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож намайг цагаатгаж шийдвэрлэсэн. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх үед Цагдаагийн газрын даргын тушаал гарч 10 сарын хугацаанд намайг албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн.Надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул 10 сарын хугацааны цалин болох 5 629 170 төгрөгийг Цагдаагийн газраас гаргуулах хүсэлтэй байна.Мөн түдгэлзүүлсэн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулж өгнө үү” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...О.Мөнхсайханы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх 2 шалтгаан байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс О.Мөнхсайханы гэм буруутайг тогтоосон, мөн О.Мөнхсайхан сахилгын зөрчил гаргаад бүх ажилчдын ёс зүйн хурал дээр буруугаа хүлээж байсан. 2-рт албан үүргээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг Прокурорын байгууллагад хүргүүлсэн. Прокурорын байгууллагаас албан тушаалыг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Түүний дагуу Цагдаагийн газраас түдгэлзүүлсэн тушаал гаргасан. Нэхэмжлэгч хариуцагчийг буруу сонгосон юм болов уу. Прокурорын байгууллагын шийдвэр гаргасны дагуу албан үүргийг нь түдгэлзүүлсэн” гэж тайлбарлаж байгаа.

Орхон аймгийн Прокурорын газраас О.Мөнхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 111 дүгээр зүйлийн 111.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Орхон аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх ба шүүх 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол гаргаж О.Мөнхсайханд 9 792 000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасныг эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянаад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж 90 дугаартай магадлал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг хяналтын шатны шүүх хянаж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасныг баримтлан шүүгдэгч О.Мөнхсайханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, О.Мөнхсайханыг цагаатгасан үйл баримт болсон нь зохигчдын тайлбар, 194 дүгээр тогтоолоор тогтоогдож байна.

Хариуцагчийн зүгээс О.Мөнхсайханы албан үүргээ биелүүлэхийг 10 сарын хугацаанд  түдгэлзүүлсэн тухайд маргаагүй.

Нэхэмжлэгч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1-д зааснаар хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших хийгээд бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй, мөн хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.1-д зааснаар дундаж цалин хөлс шаардах эрхтэй.

Гэвч нэхэмжлэгч хариуцагчийг Орхон аймгийн цагдаагийн газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1-д Иргэнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсний улмаас учирсан хохирлыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж заасан.

Тиймээс Орхон аймгийн цагдаагийн газар энэ хэргийн хариуцагч байх үндэсгүй гэж үзэж О.Мөнхсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч О.Мөнхсайханы нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргаж нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Мөнхсайханы Орхон аймгийн цагдаагийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч О.Мөнхсайханы нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргаж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА

                         ШҮҮГЧИД                                             Д.АРИУНЦЭЦЭГ

                                                                                       Б.ХИШИГДАВАА