Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0023/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Адъяа,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х овогт Н.А-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118000000022 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Дархан-Уул аймагт  төрсөн, эрэгтэй, 30 настай, тусгай дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сум, 15-р баг, ........ тоотод оршин суух урьд нь 1 удаагийн ял шийтгэлтэй, Х овогт Н.А,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Н.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Н.А нь 2020 оны 01 дүгээр сарын 06-ний өдөр 14:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, ............ тоотод Ц.О хашааны банзаар нуруун тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.О “...2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 14:00 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг .......... тоотод байрлах манай том охин Уртнасангийн гэрт би өөрийн эхнэр О хамт очсон. Гэрт У түүний хамтран амьдрагч Ан нар хамт байсан. Тухайн үед Ан бид 2 гаднаас авч ирсэн архи ууж байгаад А согтуудаа намайг хэл амаар доромжлоод байсан. Би согтуу байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Тухайн үед намайг хашааны банзаар цохиж байсан санагдаж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-25/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-10/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтад үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-30/,

 

Гэрч О.У “...Миний аав болох О гаднаас орж ирсэн. Аав гаднаас орж ирэхдээ архи уусан байсан. Мөн манайд архи авч орж ирээд тэр 2 ууж байгаад согтоод манай аав гэнэт агсам тавиад эхэлсэн . Гэнэт гараад явсан удахгүй буцаад ороод ирсэн, тухайн үед би аавыг ханцуйндаа хутга хийсэн байсныг мэдээгүй. А хараад ханцуйндаа хийсэн хутгаа аваач гэхэд хутга гаргаж ирээд А руу дайрсан. Ингээд гэр дотор маргалдаж байгаад аав гэрээс түрүүлээд гарсан. Араас нь манай хамтран амьдрагч гарсан. Би гэртээ үлдээд удалгүй араас нь гарахад гадаа бөөн зодоон болсон байсан. Тухайн үед биед учирсан ил гэмтэл байгаагүй дараа нь эмнэлэгт үзүүлэхэд хавирга нь хугарсан гэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27,28/

 

Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ний өдрийн 37 дугаартай “...Ц.О биед нэг хавирганы хугарал, цээжний ар баруун бугалганд цус хуралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Ц.О биед илэрсэн гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон цаг хугацаанд буюу 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үүссэн байх боломжтой. Ц.О биед илэрсэн гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэрэгт хамаарна, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 31-34/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Н.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын 500 нэгжээр торгох ялын саналыг хүлээн авч, оногдуулсан торгох ялыг өрхийн орлогын хэмжээг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг модыг шийтгэх тогтол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Х овогт Н.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Шүүгдэгч Н.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай. 

 

  1.  Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлбөргүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг модыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Г.ГЭРЭЛТ-ОД