Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0046

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0042/Э/

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Иргэний нэхэмжлэгч Ц.Д,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баттунсаг,

Шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт О.С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2018004240018 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 09 дүгээр сарын 12ы өдөр Орхон аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эх баригч эмч, хөдөлмөр аюулгүй байдлын инженер мэргэжилтэй, “Дархан-Ус суваг” ХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О.С,

                 

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас О.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.С нь “Дархан-Ус суваг” ХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерээр ажиллаж байхдаа хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүрэг буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.8 дэх хэсэгт заасан “...Аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэх заалт, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3 дахь хэсэгт заасан “...үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт, 17.3 дугаар зүйлийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтад тэнцсэн иргэнийг ажиллуулна” гэх заалт, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт үндсэн дүрэм MNS 4969:2000 стандартын 4.16 /Аюултай ажил гүйцэтгэдэг хүмүүст ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга өгнө, ажлын байран дахь өдөр тутмын зааварчилга нь товч тодорхой байх ба ажил эхлэхийн өмнө бичгээр өгөгдөнө” гэх заалт, “Дархан-Ус суваг ХК-ийн захирлын 2018 оны 06 сарын 12-ны өдрийн А/71 тушаалаар баталсан “Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх журам”-ын 4.4 дэх хэсэгт заасан “Ажлын байр өөрчлөгдсөн ажилтнуудад зааварчилгаа өгөх” хэсгийн 4.4.1-д заасан “Ажлын байр өөрчлөгдсөн ажилтан нь ХАБЭА инженерээс урьдчилан зааварчилга авч гарын үсэг зурна”, 4.4.3 “ Хөдөлмөр аюулгүй байдал Эрүүл ахуйн сургалт, зааварчилгаанд хамрагдсаны дараа 24 цагийн дотор шалгалт өгч тэнцсэн тохиолдолд ХАБЭА инженерээс зөвшөөрөл авсны үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэх эрх үүснэ” гэх заалт, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/81 дугаар тушаалаар баталсан Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерийн ажлын байрны тодорхойлолтын 1 дэх хэсэгт заасан “Ажлын байрны зорилгын хүрээнд: Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, дүрэм, журам, зааврыг хэрэгжүүлэх, хяналт тавих, аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангуулах, компанийн ажилтнуудыг аюулгүй, эрүүл, тав тухтай орчин нөхцлөөр хангаж, осол аваараас урьдчилан сэргийлж ажиллахад оршино” гэх заалт, мөн 3 дахь хэсэгт заасан “Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд: ХАБЭА таниулах, сурталчлах, сургалт явуулах”, Ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд: Шинээр ажилд орж байгаа иргэний болон өөр ажилд шилжиж байгаа ажилтны сургалтыг батлагдсан журмын дагуу зохион байгуулж, тогтоосон журмын дагуу шалгалт авахад биечлэн оролцох, ажилтныг ажиллуулах зөвшөөрөл олгох” гэх заалтуудыг тус тус биелүүлж ажиллагаагүйн улмаас 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Дархан-Ус суваг” ХК-ийн бохирын станцад тус байгууллагын ээлжийн машинист ажилтай Л.Б нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бохирын цооногт унаж, живсний улмаас амь нас нь хохирсон болох нь:

 

Хохирогч Ц.Б “...2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Ус сувгийн станц дээр машинистын албан тушаал дээр гарахаар болсон юм. Би тэгээд ямар учраас машинистын албан тушаал дээр очихоор болсон талаар асуухад 24 цаг гараад 72 цаг амардаг ажил юм байна гэж хэлсэн юм. Миний хань Дархан-Уул аймаг дахь Ус сувгийн удирдах газарт тасралтгүй 31 жил ажиллаж байсан юм, ...Өчигдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 11-ний өглөө 07 цаг 30 минутад би эмнэлэгт бариа засал хийлгэх гээд гарахынхаа өмнө талийгаач нөхөртөө будаатай хуурга, бууз жигнэж өгөөд өндөг чанаж өгөөд за баяртай миний хөгшин гэж хэлээд гарсан юм...Тэгээд би 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 14 цаг өнгөрч байхад өөрийн....... гэсэн дугаараас талийгаач нөхрийнхөө ......... гэсэн дугаар луу нь залгахад дуудаад авахгүй байсан. ...Тэгээд би вагондоо суучхаад талийгаач нөхөр лүүгээ залгасан чинь утас нь холбогдохгүй байсан юм. Ер нь талийгаач хань маань ажлаасаа 8 цагаас 9 цагийн үед буудаг болохоор буух цаг нь болсон байсан болохоор Нэргүй гэдэг таньдаг ус сувгийн байцаагч руу залгаад нөхрөө асуусан, ...Эрхэт гэдэг газарт Н ...... гэсэн дугаараас миний ....... гэсэн дугаар луу залгаад “чи наанаа буу, эндээс бид нар машинтай очоод чамайг авъя” гэж хэлсэн. Би Нэргүйгээс юу болсон талаар асуухад очиж байгаад хэлье гэж хэлээд өөр зүйл хэлээгүй. Удалгүй Н над дээр ирээд болсон асуудлын талаар хэлсэн юм...Миний хань талийгаач Л.Б нь сүүлийн 17-18 жил архи уугаагүй, архинаас хол, архи уудаггүй хүн байсан юм” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 51-53 /,

 

Гэрч Д.Н “...Би өнөөдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 12-ны өглөө Дархан сумын 16 дугаар баг, үйлчилгээний төв орчмоос Дархан-Ус суваг ХК-ийн ажилчдын 34-01 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд суугаад Дархан сумын 13 дугаар багт байрлах өмнөдийн цэвэрлэх станц руу явсан, дээрх өмнөд станцад машинистаар 24 цагаар гарч ажиллах ёстой байсан юм, ... би 08 цаг 37 минутын үед өөрийн ажилладаг станц дээр ирэхэд өмнөх өдөр ээлжинд гарч ажилласан Б ажил дээрээ байгаагүй. Түүнийг дотогшоо худаг руу орсон юм байх гэж бодоод доошоо ороход бас байгаагүй...Тэр үед би насос ажиллуулчхаад усны гутал өмсөх гэхэд манай станцад байдаг 2 усны /хар, шар/ гутлаас шар өнгөтэй нь байхгүй байсан. Тэгээд би дахиад Ганбаяр инженер рүү залгаад “Бямбадорж шар усны гутал, ажлын бээлий өмссөн байна” гэж хэлсэн. Тэгэхэд Ганбаяр инженер “Грабилын ус хэр их доошилж байна” гэж асуухаар нь би “намайг ирэхэд байсан түвшингөөсөө 2 түвшин доошоо орчихлоо” гэж хэлсэн. Тэгэхэд аваарын хаалтуудаа хаагаад насосуудаа явуулж бай гэж хэлсэн. Тэгээд над руу диспетчер Батсайхан залгаад ус хэр байна их байна. Төвөөс ерөнхий инженер хүмүүстэй очих юм шиг байна гэж хэлсэн. Ингээд би Бямбадорж ахыг тэр хавиараа хайгаад олоогүй ба удалгүй манай албаны дарга Пүрэвдорж, инженер Ганбаяр, өмнөх ээлийн диспетчер Байгаль, машинист Элбэгзаяа нар ажил дээр ирсэн. Эдгээр хүмүүсийг ирэхэд ус дээгүүр байсан бөгөөд ус доошлох хүртэл бид нар талийгаачийг ойр орчмоор хайгаад байсан. Тэгээд грабилын ус доошлох үед усан дотроос хүний бие харагдсан. Ганбаяр инженер бид хоёр хамт харсан. Тэгээд шууд гадагшаа гараад албаны даргад хэлсэн, ...дунд шатнаас харахад бохирын усан дотор байсан хүн Бямбадорж ах мөн байсан, ...Ээлжинд гарах өдөр дарга ахлахууд болон хөдөлмөр хамгааллын инженерүүд зааварчилга өгч гаргадаггүй. Бид нар ажилдаа гэр гэрээсээ байгууллагын унаанд суугаад шууд ажлынхаа байранд очдог. Харин ээлж хүлээн авах үед өмнөх гарсан ээлжийн машинист дараагийн ээлжинд амаар болон бичгээр зааварчилга өгнө. Дарга, ахлахууд болон хөдөлмөр хамгааллын инженерүүд сард нэг удаа л зааварчилгаа өгдөг, ...Өмнөдийн станцад Дархан нэхий, Минж, Төмөрлөгийн айхтар хар ус, махны цустай ус ирнэ, хэрэглээний саарал ус ирнэ. Нэхийгийн уснаас ногоон, цэнхэр, улаан, янз бүрийн ус ирнэ. Анхан шатны цэвэрлэгдээгүй бохир уснууд ирнэ. Хөдөлмөрийн нөхцөлийн хувьд хортой гэж манай байгууллага үздэг” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 66-68, 100/,

 

Гэрч Ж.Э “...би бохирын станц руу өнгийж хальт харахад ус байхгүй, соруулаад авчихсан, Бямбадорж дарга бохирын станц дотор шатны хажууд өнгөрчихсөн байдалтай хажуу тийшээ хараад хэвтэж байсан, ...Зөвхөн оффист ирсэн хүмүүст эмчийн үзлэг хийсэн. Энэ талаар миний ажил дээр хөтөлдөг бүртгэл байгаа. Зарим ажилтнууд буюу дээрх бохирын станцад гарах хүмүүс ихэвчлэн өглөө оффис дээр ирэлгүй шууд гэрийнхээ гаднаас жижүүрийн машинд суугаад ажлын байран дээрээ оччихдог юм. 2020 оны 08 сарын 11-ний өглөө би талийгаач Л.Б биед үзлэг хийгээгүй. Талийгаач өөрөө тэр өглөө над дээр орж ирээгүй шууд замаасаа машинд суугаад явчихсан байх...Талийгаач өөрөө дугуйн спортоор байнга хичээллэдэг бие их сайтай, архи тамхи хэрэглэдэггүй, ямар нэгэн хууч өвчин хэлж байгаагүй хүн юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 69-70/,

 

Гэрч В.Ж “... Би Дархан Ус сувгийн өмнөд станцын постод 2020 оны 08 дугаар сарын 10-ны өглөө 08 цаг 40 минутад Ц ээлж хүлээн аваад 24 цагийн машинистын үүрэг гүйцэтгэсэн юм.  Маргааш өглөө нь буюу 2020 оны 08 дугаар сарын 11-ний өглөө 08 цаг 40 минутын үед талийгаач Л.Б ээлж хүлээлгэж өгсөн. Тухайн үед талийгаач жижүүрийн жолооч Г хүргүүлж ирсэн. Талийгаач надаас ээлж авахдаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан“ гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 74/,

 

Гэрч Т.Б “...Өмнөдийн станцад нийт 4 хүн ажилладаг. Өмнөдийн станц нь томоохон үйлдвэрүүдээс ирсэн бохир усыг татаж аваад 2 дугаар станц руу шахдаг чиг үүрэгтэй станц юм. Тухайн станц дээр Х, Н, Ц, Ж, М болон талийгаач Л.Б ажилладаг байсан юм. Талийгаач нь 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс албаны дарга П, Б.Г нарын санал болгосноор ариутгах татгуургын албаны машинистын ээлжийн графикт орж ажилласан юм, ...Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер буюу О.С нь бүх албан хаагчдад зааварчилгаа өгч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах чиг үүрэгтэй ажилтан. Талийгаачийн нас барсан хэрэгт хөдөлмөр аюулгүй байдлын инженер нь хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг өгөөгүй, хяналт тавиагүй учир О.Сансар буруутай гэж үзэж байна” гэх мэдүүлэг  /1 дүгээр хх-ийн 76-77,79/,

 

Гэрч Л.Г “...Тухайн өдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр би талийгаач Л.Б гэрийнх нь гаднаас машинтайгаа очиж аваад ажил дээр нь буюу өмнөдийн станц дээр нь хүргэж өгсөн. Талийгаач миний мэдэхээр архи дарс уудаггүй, архинаас хол байдаг хүн байгаа юм аа. Тухайн өдөр талийгаач архи уугаагүй эрүүл ажилдаа явсан” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн  63/,

 

Гэрч Б.Г “... 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн хооронд миний бие Ариутгах татуургын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. 31 дүгээр хорооллын ажил 2020 оны 07 дугаар сараас эхэлсэн бөгөөд тухайн цаг хугацаанаас П дарга 31 дүгээр хорооллын ажилд томилогдохоор болоод манай захирал буюу ерөнхий инженер Б намайг та ариутгах албаны даргын үүргийг түр орлоод байж бай гэж хэлсэн юм. Тушаал шийдвэрээр баталгаажсан асуудал байхгүй” гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 95/,

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч  Г.Г 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн №ХАБ-36/20 дугаартай “...Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д “ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүр байрыг, “үйлдвэрлэлийн осол” гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөх гэж томьёолсон байдаг.

Дархан сумын 13 дугаар багт байрлах “Дархан-Ус суваг” ХК-ийн өмнөдийн станц буюу дамжуулах шахах бохирын станцад байрлах бохирын усан сангийн ажлын байран дээр уг осол гарсан байна.

Иймд Л.Б нь ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байхдаа осолдсон болох нь ... тогтоогдсон тул Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно. 2.1.1/ ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед/ гэсэн заалтад хамаарах үйлдвэрлэлийн ослын акт тогтоосон.

 

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.3, 17.3 , 28 дугаар зүйлийн 28.1.8 дахь заалтууд, Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 192 дугаар тушаалаар баталсан “Ус хангамж, ариутгах татуургын системийн техник ашиглалтын дүрэм”, Дархан-Ус суваг ХК-ийн захирлын 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/71 дугаар тушаалаар баталсан “Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх журам”-ын холбогдох заалтууд зөрчигдсөн байна.

 

Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер О.С нь дээрх стандартын 4.14 /Ээлжит бус давтан зааварчилга “...хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөх үед давтан зааварчилга өгөх ээлжит хугацаанаас нь өмнө өгнө/ гэсэн шаардлагын дагуу Л.Бямбадоржид өгөөгүй байна. Хөдөлмөр, хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг Лувсандорж овогтой Бямбадоржид 2020 оны 07 сар, 08 саруудад ээлжит, давтан зааварчилгаа өгсөн гэх нэр, гарын үсэг тэмдэглэгдээгүй байна... Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер О.Сансар нь ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.2 /Ажлын байрны чиг үүрэг: Ажилтан ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргийг хийж гүйцэтгэнэ/, мөн 4.2.2 Хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн хуваарь, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам болон бусад дүрэм журам, ажлын байрны тодорхойлолтын дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх, Дархан-Ус суваг ХК-ийн захирлын 2018 оны 08 сарын 01-ний өдрийн А/81 тоот тушаалын гуравдугаар хавсралтаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерийн ажлын байрны тодорхойлолт”-ын /Ажлын байрны 2 дугаар үндсэн зорилтын хүрээнд: ХАБЭА-н таниулах, сурталчлах, сургалт явуулах, Ажлын байрны 3 дугаар үндсэн зорилтын хүрээнд: Шинээр ажилд орж байгаа иргэний болон өөр ажилд шилжиж байгаа ажилтны сургалтыг батлагдсан журмын дагуу зохион байгуулж, тогтоосон журмын дагуу шалгалт авахад биечлэн оролцох ажилтныг ажиллуулах  зөвшөөрөл олгох/ гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна. Мөн Дархан-Ус суваг ХК-ийн захирлын 2018 оны 06 сарын 12-ны өдрийн А/71 дугаар тушаалаар баталсан “Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх журам”-ын 4.4 /Ажлын байр өөрчлөгдсөн ажилтнуудад зааварчилга өгөх/ хэсэгт 4.4.1 /Ажлын байр өөрчлөгдсөн ажилтан нь ХАБ-ын инженерээс урьдчилсан зааварчилгаа авч гарын үсэг зурна. 4.4.3 /ХАБЭА-ын сургалт, зааварчилгаанд хамрагдсаны дараа 24 цагийн дотор шалгалт өгч тэнцсэн тохиолдолд ХАБ-ын инженерээс зөвшөөрөл авсны үндсэн дээр ажил үүрэг гүйцэтгэх эрх үүснэ/ гэсэн шаардлагууд хангуулаагүй байна” гэх дүгнэлт, /1 дүгээр хх-ийн 146-153/,

 

Шинжээч Г.Г мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 109-110/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 62 дугаартай “...Талийгаач Л.Б нь механик амьсгал бүтэлт: живэлтийн улмаас амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ” гэх шинжээчийн дүгнэлт,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хх-ийн 159-164/,

 

Монгол Улсын Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 20 дугаартай “...Талийгаач Л.Б цусны дээжийг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн химийн лабораторид шинжлэхэд спирт илрээгүй болно, ...Талийгаач нь механик амьсгал бүтэлт буюу живэлтийн улмаас нас баржээ. Цогцост шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн 62 дугаартай дүгнэлтийн 7 дугаар хариултаас бусад нь үндэслэлтэй, 93 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна” гэх шинжээчийн дахин дүгнэлт, /хх-ийн 181-187/,

 

Дархан-Ус суваг ХК-ийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/71 дугаартай тушаал, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх журам /2 дугаар хх-ийн 188-195/ хуулбар,

 

“Дархан Ус суваг” ХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 2/44 дугаартай албан бичиг, 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/113 дугаартай “Ажлын хуваарь батлах тухай” тушаал, Ариутгах татуургын албаны 2020 оны 08 сарын машинистын ээлжийн график, Л.Бн хөдөлмөрийн гэрээ /2дугаар хх-ийн 95, 111-113, 185-187/-ний хуулбар,

 

Бохир усны станц, сараалж тунгаагчийн машинистийн аюулгүй ажиллагааны заавар, зааварчилга / 2 дугаар хх-ийн 95-98/,

 

Дархан-Ус суваг ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/81 тоот тушаалаар батлагдсан “ Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерийн ажлын байрны тодорхойлолт / 2 дугаар хх-ийн 131-133/-ын хуулбар, 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Б/73 дугаартай “Ажил албан тушаал өөрчлөх тухай” тушаал /2 дугаар хх-ийн 151 дүгээр хуудас/, О.С хөдөлмөрийн гэрээ /2 дугаар хх-ийн 143-145/-ний хуулбар,

 

Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм, ослын акт / 2дугаар хх-ийн 168-178/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 1 дүгээр хх-ийн 12-25/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үздэг.

 

Аливаа байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтан тухайн байгууллагын үйл ажиллагааг ямар нэгэн осол гэмтэлгүй явагдахад анхаарч ажлын байранд аюул осол учруулж болзошгүй нөхцөл байдал байгаа эсэхэд хяналт тавьж, эрсдэлтэй нөхцөл байдлыг аюулгүй болгох, ажилтан албан хаагчдад аюулгүй ажиллагааны хууль дүрэм, журам, зааврыг танилцуулах, мөрдүүлэх, осол гаргахгүй байх чиг үүрэгтэй.

 

Шүүгдэгч нь хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн хуваарь, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журам болон бусад дүрэм журам, ажлын байрны тодорхойлолтын дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх, ХАБЭА таниулах, сурталчлах, сургалт явуулах, өөр ажилд шилжиж байгаа ажилтны сургалтыг батлагдсан журмын дагуу зохион байгуулж, тогтоосон журмын дагуу шалгалт авахад биечлэн оролцох, ажилтныг ажиллуулах  зөвшөөрөл олгох чиг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нь талийгаач ажлын байран дээрээ амь насаа алдсантай шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь ажил үүрэгтээ хайхрамжгүй хандсан байна.

Иймд шүүгдэгч О.С нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.

 

Хэдийгээр шүүгдэгч О.С гэм буруутай гэж шийдвэрлэсэн боловч иргэний хариуцагч “Дархан-Ус суваг” ХК нь хэрэг осол гарсан байгууламжийн шатны хийц, бүтэц нь аюулгүй ажиллагааны дүрэм журам, норм стандартад нийцэж буй эсэхэд хяналт шалгалт явуулж, дахин осол гарахаас урьдчилан сэргийлэх ажил хийх шаардлагатай нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа болохыг сануулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийн дагуу урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан, материаллаг хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн тул хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг даруй үргэлжлүүлэн явуулсныг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогчид компаний зүгээс оршуулгын зардалд 9,818,396 төгрөг, үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 34,508,851 төгрөг өгсөн, хамтын гэрээгээр олгох үлдэгдэл 8,627,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 20-ны дотор төлөхөөр хохирогч, иргэний хариуцагч Дархан-Ус суваг  ХК-тай харилцан тохиролцсон, хохирогч Ц.Б нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх” саналыг шүүгдэгч түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн ба шүүх уг саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний хариуцагч “Дархан-Ус суваг” ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 640,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-ны 2 ширхэг дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Дархан-Ус суваг” ХК-д буцаан олгож шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1.  Б овогт О.С-ыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан О.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд О.С оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний хариуцагч “Дархан-Ус суваг” ХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 640,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 20-ны дотор иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-ны 2 ширхэг дэвтрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Дархан-Ус суваг” ХК-д буцаан олгосугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД