Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2021/ШЦТ/0058

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2021/0052/Э/

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч Ц.О,

Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт О.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2118000000055 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн. Эрэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, “Бугантнандин” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүгийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 4-р баг, .......... тоотод оршин суух хаягтай, Б овогт О.Б,

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Б нь согтуурсан үедээ 2021 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах "Монгол банк-ны урд талын зам дээр үл ялих зүйлээр шалтаглан гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.О зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.О “...Парк тауны урд талын зам дээр такси хүлээгээд зогссон чинь такси ирэхгүй байсан чинь уурлаад миний толгой руу цохисон. Тэгээд би айгаад зугтаагаад Монгол банкны тэр хавьд очсон чинь араас ирээд миний хамар тус газар цохисон, удалгүй цагдаа ирээд манай нөхрийг аваад явсан. Тухайн үед манай нөхөр найзтайгаа том пиво уусан, согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22/

 

 

Гэрч О.Б “...Дараа нь ***** эхнэрээ зодоод цагдаад шалгагдаж байгаа талаар хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

 

Гэрч Н.Т “...Монгол банкны урд талын төв зам дээр эмэгтэй хүний орилох чимээ гарсан. Тэгээд би юу болоод байгааг цонхоор харсан чинь махлаг бүдүүн шар залуу нэг эмэгтэйн нүүр рүү хоёр удаа гараараа цохисон чинь ар тал руугаа саваад унасан чинь татаж босгоод би чамд аятайхан бай гэж хэлээ биздээ гээд орилж чарлаад байсан. Мөн бас тэр залуу тэр эмэгтэйн бөгс руу 1 удаа өшиглөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,   

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 89 дугаартай “...Ц.О биед тархи доргилт, хамар ясны хугарал, нүүр болон цээжний зөөлөн эдийн цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хх-ийн 16-17/,

 

Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээ бага түвшинд байна” гэх дүгнэлт /хх-ийн 12/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх” нөхцөл хангагдсан байна.

 

О.Б хохирогч Ц.О нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах этгээд болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 60/ зэргээр тогтоогдож байх ба шүүгдэгч О.Б нь хохирогч Ц.О үл ялих зүйлээр шалтаглан зодож биед нь тархи доргилт, хамар ясны хугарал, нүүр болон цээжний зөөлөн эдийн цус хуралт үүсгэсэн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байна.

 

Иймд шүүгдэгч О.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжтэй үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын санал болгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналыг хүлээн авч, саналын хэмжээнд торгох ял шийтгэж, торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг шүүгдэгчийн байнга оршин сууж буй нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж шийдвэрлэв.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч шүүгдэгч нар эвлэрсэн /хохирогч, шүүгдэгч нарын гаргасан баталгаа, хэргийн 109-110/ байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт О.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овогт О.Б-т 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ГЭРЭЛТ-ОД