Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/01806

 

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01504 дүгээр шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1513 дугаар магадлалтай

“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.Тт холбогдох

Орон сууцны захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр 74 043 600 төгрөг, 487 хоногийн алданги 10 817 769 төгрөг, хохирол 12 151 468 төгрөгийн хамт нийт 97 012 837 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч Б.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баднайсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Ц” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 14 дүгээр хороололд 2448 айлын орон сууцны цогцолбор хотхон барих төслийг хэрэгжүүлж, улмаар 2014-2015 онуудад 864 айлын орон сууцны барилгыг ашиглалтад оруулсан. Хариуцагч иргэн Б.Т нь 2015 онд ашиглалтад оруулсан 432 айлын орон сууцны барилгаас 2015 оны 10 сарын 07-ны өдөр 324/4 тоот орон сууц захиалгын гэрээг байгуулан м.кв нь 1 840 000 төгрөг, нийт 91 816 000 төгрөгийн үнэтэй, 49.9 м.кв орон сууцыг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 30 хувийн төлбөрийг тодорхой хуваарийн дагуу төлөхөөр, мөн 70 хувийн төлбөрийг ипотекийн зээлээр төлөхөөр тохиролцсон. Талуудын байгуулсан орон сууц захиалгын гэрээний 4.2, 5.1, хавсралт 1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас хойш 7 хоногийн дотор 81 хувийн төлбөр 74 043 600 төгрөг төлөхөөр тохиролцсон. Хариуцагчийн хандсан арилжааны банкны зээлийн шийдвэр гарч, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ хариуцагч нарын гаргасан хүсэлтэд үндэслэгдэж 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гарсан. Гэрээнд заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн дотор 81 хувийн төлбөр 74 043 600 төгрөг хийгдэх байсан боловч хариуцагч нь нэхэмжлэгчид үлдэгдэл 74 043 600 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй 620 хоногийн хугацаа хэтэрсэн. “Ц” ХХК нь Б.Тт утсаар болон бичгээр төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж, мөн биечлэн уулзаж мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрөөс алданги тооцох эрхтэй ч Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 тоот орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам батлах тушаалаар Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн А-67 дугаар тушаал буюу 5 хувийн ипотекийн нөхцөл хүчингүй болж, Капитал банкнаас 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 5/6076 тоот албан бичиг ирсэн хугацаанаас тооцож 487 хоногийн алданги нэхэмжилсэн.

Иймд орон сууц захиалгын гэрээний 2.1, 4.2, 5.1, 6.1 дэх заалтыг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 324/4 тоот орон сууц захиалгын гэрээний төлбөрийн үлдэгдэл болох 74 043 600 төгрөг, 487 хоногийн алданги 10 817 769 төгрөг, нэхэмжлэгчид учирсан хохирол буюу хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан хадгаламжийн хүүгийн орлого 12 151 468 төгрөг, нийт 97 012 837 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 324/4 тоот орон сууц захиалгын гэрээг “Ц” ХХК-тай байгуулсан бөгөөд уг гэрээгээр 49.9 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан авахаар, төлбөрийг гэрээний хавсралт 1-д заасны дагуу төлөхөөр тохиролцсон. Би гэрээнд зааснаар 20 хувийн урьдчилгаа төлсөн. “Ц” ХХК нь орон сууцыг борлуулахдаа ипотекийн зээлээр авах боломжтой, бид “Капитал банк" ХХК-тай хамтран ажиллаж байгаа гэснээр би орон сууцны үлдэгдэл 80 хувийн төлбөрийг ипотекийн зээлээр төлөхөөр “Капитал банк” ХХК-иас зээл хүссэн. “Капитал банк” ХХК-ийн 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2068/25 тоот мэдэгдэлд зээл хүсэгч С.Саруулын орон сууцны ипотекийн зээл батлагдсан бөгөөд санхүүжилт нь орж ирсний дараа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг харилцагчийн нэр дээр гаргаж, холбогдох зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаалбарыг байгуулан улсын бүртгэлд бүртгүүлж олголт хийгдэнэ гэсэн. Хариуцагчийн зүгээс үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхийг шаардаж байгаагүй, нэхэмжлэгч өөрийн санаачлагаар улсын бүртгэлийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр гаргасан. Капитал банкаас зээл олгохоор шийдвэрлэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл зээлийг зээлдэгчид бодитойгоор олгоогүй.

Хариуцагч нь үл хөдлөх гэрчилгээ гаргуулах хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэгч нь өөрөө хүсэлт гарган үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулж, үүнээс хойш алданги тооцсон нь үндэслэлгүй. Төлбөр төлснөөр шилжүүлнэ гэснээ зөрчсөн. Зээлийн хорооны шийдвэрээр төлбөр төлөгдсөний дараа гэрчилгээ гаргаж барьцаална гэснийг зөрчиж гэрчилгээг гаргасан. Нэхэмжлэгч нь өөрөө хамтран ажиллах гэрээтэй гээд Капитал банкыг санал болгосон. Жилийн дараа мэдэгдэл өгсөн боловч банкинд өгөх юм гэж гарын үсэг зуруулсан. Бусад мэдэгдэлд гарын үсэг зуруулаагүй тул хүлээн аваагүй гэж үзнэ. Хариуцагч гэрээгээ зөрчөөгүй. Гэрээний хугацаа дууссан байхад алданги нэхсэн нь үндэслэлгүй тул алданги төлөхгүй. Үндсэн төлбөрийг төлнө гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01504 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Тээс худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 97 012 837 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ц” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 643 014 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 643 014 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1513 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2018/01504 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Б.Тээс худалдах худалдан авах гэрээний үүрэгт 79 837 258 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 175 579 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “хариуцагчаас 643 014 төгрөг” гэснийг “хариуцагчаас 595 936 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 272 796 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч “Ц” ХХК нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1513 тоот магадлал нь “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагыг хангаагүй байх тул хяналтын журмаар гомдлыг гаргаж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ хэргийн нөхцөл байдлыг дараах байдлаар дүгнэсэн байна.

Алдангийн асуудлаар: Хариуцагч “...банкны 5 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэхээр нь итгэж гэрээ байгуулсан...” гэж татгалзалын үндэслэлээ тайлбарлан мэтгэлцжээ. (Магадлалын 4-р тал)

Нэхэмжлэгч тал хариуцагчийг орон сууцны үнэ болох 81 хувиа төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэх үндэслэлээр гэрээний 6.1-д заасны дагуу анз төлүүлэхээр шаардаж буй нь Иргэний хуулийн 232.1, 232.6 дахь заалтад нийцэж байгаа хэдий ч хэргийн үйл баримтаар мөн зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан анзын хэмжээг багасгах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. (Магадлалын 4-р тал)

“Капитал банк” ХХК-иас нэхэмжлэгч “Ц” ХХК-д 2016.11.02-ны өдрийн 5/6076 тоот албан бичгээр “тус банкинд санхүүжүүлэгч байгууллагаас зээлийн эх үүсвэрийг олгоогүйгээс батлагдсан зээлийг хариуцагчид олгох боломжгүй болсон” тухай мэдэгдэл хүргүүлжээ. /хх-46/ Нэхэмжлэгч уг албан бичгийг мөн сарын 03-ны өдөр хариуцагчид мэдэгдэж, байрны төлбөрийг төлөх талаар шаардсан гэдгээ баримтаар нотлоогүй атлаа уг өдрөөс эхлэн үүргийн хугацааг хэтрүүлсэн гэж үзэн хариуцлага тооцон анз нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Харин нэхэмжлэгч компанийн 2017.04.27-ны өдрийн 02/136 тоот орон сууцны үлдэгдэл төлбөр төлөх тухай мэдэгдлийг хариуцагч Б.Т мөн сарын 30-ны өдөр хүлээн авч, гарын үсэг зурсан байх тул энэ өдрөөс хариуцагч тал зээл төлөх үүргээ бие даан хэрэгжүүлэх шаардлага үүссэн, мөн талууд гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгэх, орон сууцны үнийг зээлээр төлөх боломжгүй болсноо мэдсэн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон байна. /хх-48/

Иймд гэрээний дагуу тооцох алдангийн хэмжээг 5 793 658 төгрөгөөр бууруулан 5 024 111 төгрөг анзад гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Давж заалдах шатны шүүхээс анзын хэмжээг бууруулахдаа хариуцагчийн орон сууцанд амьдарсан хугацаа, талуудын хооронд ипотекийн зээлээр төлбөр төлөх тухай аман тохиролцоо, ипотекийн зээлийн хүүгийн хэмжээ зэрэг нөхцөл байдлыг харгалзсан болно.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлдээ “... хариуцагч Б.Т нь 2017.04.27-ны өдрийн 02/136 дугаар мэдэгдлийг 2017.04.30-ны өдөр хүлээн авснаар зээл төлөх үүргээ бие даан хэрэгжүүлэх шаардлага үүссэн, талууд гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгэх .... боломжгүй болсноо мэдсэн нь хэргийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон.” гэж дүгнэсэн байна.

Давж заалдах шатны шүүх нь шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “Талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн гэрээгээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсч, ...худалдан авагч Б.Т нь эд хөрөнгийн үнэд төлөх 91 816 000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 17 772 400 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан ...зэргээр нотлогдож байна. Иймээс нэхэмжпэгч “Ц” ХХК нь хариуцагч Б.Тээс гэрээний үүргээ гүйцэд биелүүлэхийг шаардах эрхтэй. Анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв.” гэж дүгнэсэн.

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсний дагуу талууд Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг хүлээсэн.

Харин давж заалдах шатны шүүхийн дүгнэснээр худалдагч “Ц” ХХК нь Б.Ттэй “хамтран” гуравдагч этгээдийн өмнө ямар нэгэн зээлийг нь (магадгүй ипотекийн зээлийг нь хамтран төлөх) төлөх үүргийг огтоос хүлээгээгүй болно. Яагаад давж заалдах шатны шүүх нь “Б.Т зээл төлөх үүргээ бие даан хэрэгжүүлэх шаардлага үүссэн, талууд гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй болсноо мэдсэн байна” гэж дүгнээд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч “Ц” ХХК нь худалдагчийн хувьд Худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлсэн бөгөөд гүйцэтгээгүй үлдсэн үүрэг байхгүй болно.

Талуудын хооронд байгуулсан Худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл, тодруулбал төлбөр төлөх журам нь маш ойлгомжтой, тодорхой гэрээ болно. Уг гэрээгээр хариуцагч Б.Т нь 81 хувийн төлбөр болох 74 043 600 төгрөгийг худалдан авч байгаа орон сууц буюу үл хөдлөх хөрөнгө, түүний өмчлөх эрхийг барьцаалан ипотекийн зээлээр төлөхөөр тохиролцсон.

Учирсан хохирлын асуудлаар: Анхан шатны шүүх нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 12 151 468 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчин, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Тодруулбал, нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн “Капитал банк” ХХК болон “Худалдаа хөгжлийн банк” ХХК-тай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч компанийн хадгаламжийн дансанд хариуцагч орон сууцны үлдэгдэл төлбөрөө төлөөгүйгээс хүү тооцох боломжгүй болсон гэх шалтгаант холбоо, гэм буруу байхгүй болох нь дээрх үйл баримтаар тогтоогдсон гэж үзнэ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 219.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн. Нэхэмжлэгч “Ц” ХХК нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1513 тоот магадлалыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/Ш32018/01504 тоот шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1513 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Хариуцагч Б.Т миний бие давж заалдах шүүхийн магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах хяналтын гомдлыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх “талуудын хооронд Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Худалдах-худалдан авах гэрээний үүрэг болох 91 816 000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 17 772 400 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан байна. Иймээс гэрээний үүргээ гүйцэд биелүүлэх /үлдэгдэл 74 043 600 төгрөгийг төлөх/-ийг шаардах эрхтэй.” гэж дүгнэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүх зөвтгөсөн. Хариуцагч Б.Т миний бие дээрх гэрээний үлдэгдэл үүргээ биелүүлэхийг “Капитал банк” ХХК “Орон сууцны ипотекийн журмыг бариагүй” учир Монгол банкнаас санхүүжилтийг зогсоох шийдвэр гарч тэрхүү мэдэгдэл надад ирсэн. 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш эрмэлзсээр 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн “Хас банк” ХХК-ийн шийдвэрээр “Орон сууц худалдан авах зээл”-д хамрагдахаар болсон тул үлдэгдэл төлбөрөө төлөх боломжтой болсон.

Нэхэмжлэгчийн зүгээс “Капитал банк” ХХК болон “Ц” ХХК-ийн хооронд байгуулсан Хамтран ажиллах гэрээнд үндэслэн хариуцагчаас хадгаламжийн хүүгийн орлого буюу 12 151 468 төгрөг нэхэмжилснийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үндэслэн бүхэлд нь ханган шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх “хууль буруу тайлбарласан, шалтгаант холбоо, гэм буруу байхгүй” гэж тайлбарласан нь хуулийн үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай: Давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрөөс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6. дахь хэсэгт зааснаар алданги тооцон, хариуцагчаас 5 024 111 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тал уг анзыг төлөхөөр хуульд заагдсан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан Худалдах-худалдан авах гэрээний үүрэг буюу төлбөрөө хугацаанд нь  төлөөгүй байхыг энэ тохиолдолд зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ. Гэтэл Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” хэмээн заасан байдаг. Бодит байдал дээр нэхэмжлэгч тал 5 хувийн хүүтэй Ипотекийн зээлийн журам батлагдах гэж байгаа, манай компани “Капитал банк” ХХК-тай гэрээтэй, 5 хувийн зээлд хамруулж өгнө гэсний үндсэн дээр гэрээ байгуулсан. Тиймдээ ч үлдэгдэл төлбөрөө төлөх хугацааг 7 хоног гэж тодорхойлсон. “Капитал банк” ХХК-иас та зээлийн шаардлагыг хангаж буй тул Монголбанкнаас манай банканд санхүүжилт орж ирмэгц зээл олгогдоно гэж мэдэгдэж байсан. Гэтэл “Капитал банк” ХХК “орон сууцны ипотекийн зээлийн журмыг барьж ажиллаагүй” учир зээлийн эх үүсвэрийг олгохгүй тухай Монголбанкнаас мэдэгдсэн. Үүнтэй би 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр танилцсан. Үүнийг мэдсэн даруйдаа үлдэгдэл төлбөрөө барагдуулах нь боломжгүй зүйл учир хэдийгээр миний буруугаас болж зээл төлөгдөх хугацаа хэтрээгүй, “Капитал банк” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас санхүүжилт орж ирээгүй, анх 5 хувь гэж тооцоолж байрны зээл хөөцөлдөж байснаас 8 хувийн хүүтэй зээлд хамрагдвал даруй 30 сая төгрөгийн зөрүү гарах хэдий ч зээлээ төлөхийг эрмэлзсээр байсан. Давж заалдах шатны шүүх энэ хугацаанд хариуцагч зээлээ төлөхийг эрмэлзэх ёстой ч зээлээ төлөөгүй байна гэж үзэн алданги тооцсон. Гэтэл Б.Т миний энэ хугацаанд “Капитал банк” ХХК-ийг шүүхэд өгсөн ба өмгөөлөгч минь шүүх хуралдаандаа очоогүйн улмаас хэрэг хэрэгсэхгүй болсон. Зээлээ төлөхийн тулд “Капитал банк” ХХК-иас зээл хүсэхэд зээл олгогдох боломжгүй тухай шийдвэр гарсан. Улмаар “Хас банк” ХХК-иас зээл хүссэн. “Хас банк” ХХК-иас 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр “Орон сууцны зээл олгох”-оор шийдвэрлэсэн тул Худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 74 043 600 төгрөгийг барагдуулж чадахаар болоод байна. Иймд гэрээний үүргээ биелүүлэх хугацаа хэтэрсэн нь хариуцагч Б.Т миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй ч үүнийг мэдсэн үеэсээ хойш энэ асуудлыг шийдвэрлэхийг эрмэлзэж ирснийг минь харгалзаж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн магадлалын хариуцагчаас анз гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын заримыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь Б.Тт холбогдуулан орон сууцны захиалгын гэрээний үлдэгдэл төлбөр 74 043 600 төгрөгийг 487 хоногийн алданги 10 817 769 төгрөг, хохирол 12 151 468 төгрөгийн хамт нийт 97 012 837 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, үндсэн төлбөрийг төлнө, бусдыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 79 837 258 төгрөгийг гаргуулж, үлдэх 17 175 579 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Зохигчид 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээ байгуулж, тус гэрээгээр гүйцэтгэгч “Ц” ХХК Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах Цагаан хуаран хотхоны В3 блокны 1 дүгээр орцонд 49.9 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 2015 оны 03 дугаар улиралд ашиглалтад оруулах, захиалагч Б.Т гэрээний үнэ 91 816 000 төгрөгийг хавсралтад заасан шатлал, графикийн дагуу төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.

Гэрээний дагуу гүйцэтгэгч “Ц” ХХК орон сууцыг 2015 онд ашиглалтад оруулсан, захиалагч урьдчилгаа төлбөрөөс 17 772 400 төгрөгийг төлсөн, үлдэх 74 043 600 төгрөгийг төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

Талуудын хооронд “Орон сууц захиалгын гэрээ” нэртэй гэрээ байгуулагдсан боловч худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1. дэх заалтад нийцсэн байна.

Худалдан авагч хугацаандаа төлбөрийг төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.03%-тай тэнцэх хэмжээний алданги төлөх үүрэг гэрээгээр хүлээсэн тул нэхэмжлэгч нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь гэрээний үүргийн хариуцлагад алдангийг хохирлын хамт нэхэмжилсэн байхад шүүх хариуцлагыг давхардуулан тооцсон, үйл баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй, нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1. дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг засч шийдвэрт өөрчлөлт оруулсан нь зөв байх боловч магадлал бүхэлдээ үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хариуцагч нь худалдан авсан орон сууцыг хүлээн авч, эзэмшиж байгаа, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тул тэрээр орон сууцны үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт төлөх үүрэгтэй. Ипотекийн зээл бүтээгүй нь хариуцагчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д “Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасгаж болно” гэж зохицуулсан байх ба давж заалдах шатны шүүх анзын хэмжээг “илт их” гэж үзсэн үндэслэлээ нотлоогүй тул анзыг багасгаж шийдвэрлэсэн нь хуулийн дээрх заалтад нийцээгүй байна.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, харин анзыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1513 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “79 837 258” гэснийг “84 861 369” гэж, “17 175 579” гэснийг “12 151 468” гэж, “595 936” гэснийг “582 257” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн гомдлын заримыг хангаж, хариуцагч Б.Тийн гомдлыг хангахгүй орхисугай.
  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Ц” ХХК-иас төлсөн 244 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч Б.Тээс төлсөн 95 336 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Ц.АМАРСАЙХАН

ШҮҮГЧ                                        Х.ЭРДЭНЭСУВД