Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2022/0798

 

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2022/0798

Улаанбаатар хот

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч О.Оюунгэрэл

           Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа  

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагч УА-ийн НДХДГШЗ

Нэхэмжлэгч: Б.Б

Хариуцагч: УА-ийн НДХДГШЗ

     Нэхэмжлэлийн шаардлага: “УА-ийн НДХДГШЗ-ийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, Б.Б  надад хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг даалгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 124/ШШ2022/0041 дүгээр шийдвэр;

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.У,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, Ч.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 124/2022/0020/3

 

                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

     1. Нэхэмжлэгч Б.Б гаас УА-ийн НДХДГШЗ-д холбогдуулан “УА-ийн НДХДГШЗ-ийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаар тогтоолыг хүчингүй болгуулж, Б.Б  надад хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг даалгуулах”-аар маргасан байна.

    

 2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13, 109 дүгээр зүйлийн 109.2, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, УА-ийн НДХДГШЗ-ийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын Б.Б надад хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг даалгуулах тухай үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

    3. Хариуцагч УА-ийн НДХДГШЗ-өөс давж заалдах гомдолдоо:

 

3.1. Увс аймгийн Улаангом сумын иргэн Б овогтой Б нь УАНДХ-ийн дэргэдэх “Ажил олгогч даатгуулагч болон Нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрөөг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл”-д 2022 оны 03 сарын 15-ны өдөр Ус цаг уур орчны шинжилгээний төвд техникчээр ажиллаж байсан хугацаагаа хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцуулан өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ ирүүлсэн. Тус зөвлөл нь дээрх хүсэлтийг судлан хэлэлцэж, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 77-р тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын 2-р бүлгийн 19, 4-р бүлгийн 31 дэх зүйлд хамааруулан хөдөлмөрийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүйг тогтоож шийдвэрлэсэн билээ.

 

3.2. Иргэн Б.Б нь тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн НДЕГ-ын ГШЗ-д хандсан боловч дээрх зөвлөлийн шийдвэрийг хэвээр үлдээж байгааг мэдэгдсэн НДЕГ-ын ГШЗ-ийн 32/20 тоот хариуг 2022 оны 5 сарын 02-ны өдөр ирүүлсэн байна. Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтны ажил мэргэжлийн нэрийг дээрх жагсаалттай нийцүүлэн бичих үүргийг ажил олгогч хариуцах үүрэгтэй бөгөөд Цаг уур орчны шинжилгээний салбар тус жагсаалтад байхгүй ба энэхүү жагсаалттай зөрчилдсөний улмаас тэтгэвэр тогтоолгох асуудлаас гарч буй гомдол маргааныг “Ажил олгогч даатгуулагч болон Нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрөөг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл”-өөр хэлэлцэн шийдвэрлэж байхыг Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 77 тушаалаар үүрэг болгосны дагуу шийдвэр гаргасан болно. Тухайн шийдвэрийг иргэн Б.Б нь хүлээн зөвшөөрөөгүйн улмаас Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан УА-ийн НДХДГШЗ-ийн 2022 оны 3 сарын 16-ны өдрийн 43 тоот тогтоолыг хүчингүй болгуулсан 124/ШШ2022/0041 дугаартай шийдвэрийг 2022 оны 10 сарын 03-ны өдрийн хуралдаанаар гаргуулсан байна.

 

3.3. Дээрх шийдвэрийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хариуцагч болох УАНДХ-т гардуулсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дэх зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 124/ШШ2022/0041 дугаартай шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа тул дээрх шийдвэрийг хянан хэлэлцэж хүчингүй болгон шийдвэрлүүлэх гомдол гаргаж байна” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаж үзэхэд мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

  1. Увс аймгийн Улаангом сумын харьяат, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, эмэгтэй, нас 50, Увс аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвд техникчээр ажил, үүрэг гүйцэтгэж буй гэх Б овогтой Б-аас “...Ус цаг уурын орчны шинжилгээний төвд техникчээр ажиллаж байсан хугацаагаа хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамааруулан тооцуулж өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай” хүсэлтийг хариуцагчид гаргажээ. /хх-89 тал/

 

  1. Уг хүсэлтийг хариуцагч УА-ийн НДХДГШЗ хуралдаанаар хэлэлцээд 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох тухай” 43 дугаар тогтоолоор “...Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын 2-р бүлгийн 19, 4-р бүлгийн 31 дэх зүйлд хамааруулан хөдөлмөрийн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүйг тогтоосугай” гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал,
    1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль /1994 оны/-ийн 4 дүгээр зүйл. “Өндөр насны тэтгэвэр авах эрх” гэсэн хэсгийн “3.Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж,

“2/ ... хөдөлмөрийн хортой... нөхцөлд ажиллаж, түүнчлэн нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол ...,

 3/ ...хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж,... түүнчлэн нийтдээ 20-оос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол ...”  гэж тус тус хуульд заасан болзлыг хангасан эмэгтэй өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр авах эрхтэй байна.

     3.2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 6-д “Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хөдөлмөрийн болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална” гэж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 77 дугаар тушаалын хавсралтаар “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ын Хоёр. Хөдөлмөрийн хортой нөхцөл 19-д “Олон төрлийн химийн бодисыг ашиглан өргөн хүрээтэй шинжилгээ судалгаа хийдэг...туслах ажилтан...”, Дөрөв.Хөдөлмөрийн хүнд нөхцөл 31-д “Өдөр бүр тогтмол химийн материалаар гардан ажиллаж ус, хөрс, агаар, ...шинжилгээ хийдэг ...лаборант, техникч,...” гэж хөдөлмөрийн хортой болон хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалтыг баталжээ.

         3.3. Дээрх хуулийн зохицуулалт болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 77 дугаар тушаалаар батлагдсан ажил, мэргэжилд нэхэмжлэгч Б.Б-ийн 2003 оноос хойш Увс аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лабораторийн техникчийн гүйцэтгэж буй ажил, үүрэг нь хамаарч байна.

       3.4. Тэрээр өдөр тутам ус, агаар, хөрс /орчны/ шинжилгээнд химийн урвалж бодис ашигладаг хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажил гүйцэтгэдэг болох нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үйлчилгээний баримт, хөдөлмөрийн гэрээ, байгаль орчны шинжилгээний лабораторийн техникчийн ажил, албан тушаалын тодорхойлолт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

       3.5. Мөн хөдөлмөрийн гэрээнд “ажлын байрны нөхцөл хэвийн бус /хортой/” гэж тодорхойлсон байх бөгөөд нэхэмжлэгчээс хөдөлмөрийн хэвийн бус хүнд нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг хүссэн байна.

       3.6. Нэхэмжлэгч Б.Б-ийн хувьд 1990 оноос хойш улсад тасралтгүй 32 жил хөдөлмөрлөсөн, үүнээс хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд 19 жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, ажилласан хугацаагаар нь тооцоход Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2, 3-д заасан хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлд ажилласан болзлын аль алийг нь хангасан тэрээр өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүссэн байна.

       3.7. Засгийн газрын 1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 171 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Ажил олгогч даатгуулагч болон Нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрүүг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм”-ийн “Дөрвийн 17-д “Зөвлөл нь дор дурдсан эрх эдэлнэ:”

д/ тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг нөхөн олгох, түдгэлзүүлэх, зогсоох, ажил олгогч, даатгуулагчийн буруутай үйл ажиллагаанаас болон хуурамч бичиг баримт бүрдүүлснээс шалтгаалан буруу тогтоогдсон тэтгэвэр, тэтгэмжийг өөрчлөн тогтоож олгох, суутгал хийх;

е/хөдөлмөрийн болон даатгалын дэвтэр нь зохих журмын дагуу хөтлөгдөөгүй тохиолдолд нотлох баримтыг хянаж түүний ажилласан хугацаа, төлсөн шимтгэлийн хэмжээг тогтоох” гэж зөвлөлийн эрх, үүргийг тодорхойлжээ.

       3.8. Гэтэл хариуцагч шийдвэрлэх гэж буй асуудалтай огт хамааралгүй дүрмийн “...4 дүгээр зүйлийн 17-Д, Е” гэсэн зохицуулалтыг баримтлан Б.Б-ийн “...техникчээр ажиллаж байсан хугацаагаа хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамааруулан тооцуулж өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай” хүсэлтийг хуралдаанаар хэлэлцэн гаргасан УА-ийн НДХДГШЗ-ийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн “Хөдөлмөрийн нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох тухай” 43 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж, Ажил олгогч даатгуулагч болон Нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрүүг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлийн дүрмийн 1-д “Нийгмийн даатгалын байгууллагын дэргэдэх ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрүүг хянаж шийдвэрлэх Гомдлын шаардлагын зөвлөлийн үндсэн зорилго нь нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрүүг хууль тогтоомжид нийцүүлэн хянан шийдвэрлэж ажил олгогч, даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад оршино” гэж заасантай нийцээгүй байна.

       3.9. Өөрөөр хэлбэл, даатгуулагч Б.Б-аас гаргасан хүсэлтийг хариуцагч шийдвэрлэхдээ Ажил олгогч даатгуулагч болон Нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан зөрүүг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлийн дүрмийн 4 дүгээр зүйлийн 17-Д, Е гэсэн зохицуулалтыг баримталж тогтоол гаргасан нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, дүрмийн зорилготой нийцэхгүй байна.

      3.10. Мөн анхан шатны шүүхээс нэхэмжлэгч Б.Б-ийн 2 дахь нэхэмжлэлийн шаардлагыг “...хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг даалгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг “УА-ийн НДХДГШЗ нь зөвхөн маргаан хянан шийдвэрлэдэг байнгын бус ажиллагаатай байгууллага учир тус зөвлөлд холбогдуулан хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоохыг даалгаж шийдвэрлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасантай нийцэж байна.

 

   4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах шатны шүүх хуралдаан дээр Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 142 тогтоолоор батлагдсан Жагсаалт батлах тухай /Үйлдвэрлэлийн ослын даатгалын шимтгэлийн/, 2017 оны 17 дугаар тогтоолоор шимтгэлийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулсан талаар зохицуулалтыг баримтлан гаргаж буй тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

    5. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлд хариуцагч бичгээр гаргасан тайлбар зэрэгт дээрх тогтоол тусгагдаагүй, анхан шатны шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогчдоос маргалдаж мэтгэлцээгүй, мөн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн ГШЗ-ийн хуралдаанаар ч хянан хэлэлцэгдээгүй /хх-88-89 тал/ бөгөөд маргаан бүхий акт болох тогтоолын үндэслэл хэсэгт ч огт тусгагдаагүй атал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг тогтоосон Засгийн газрын тогтоолын талаар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлгүй.

 

6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн маргаан бүхий актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй асуудлаар хариуцагч тайлбар гаргасан төдийгүй нөгөөтэйгүүр ажил олгогч хууль тогтоомжийн дагуу үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг зохих хувиар төлөх үүрэг хүлээсэн бөгөөд үүнд ажилтан буюу даатгуулагчийг буруутгаж болохгүй юм.

 

7. Иймд дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл, анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул уг шийдвэрийг хэвээр үлдээн, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 124/ШШ2022/0041 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Б.ТУНГАЛАГСАЙХАН

           ШҮҮГЧ                                                                           О.ОЮУНГЭРЭЛ

           ШҮҮГЧ                                                                              Т.ЭНХМАА