| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2017/00314/И |
| Дугаар | 00326 |
| Огноо | 2017-03-20 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 00326
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1980 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Бүрэнбүст баг, 5-15-20 тоотод оршин суух Сонгоол овгийн Гонгорын Ган-Очирын /регистрийн дугаар ФВ80053019/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1990 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг, 1-4-113 тоотод оршин суух Хонинхотгойд овгийн Батбаярын Саруулд /регистрийн дугаар ФМ90101169/ холбогдох хүүхдийн асрамж өөрчлүүлэхийг хүссэн иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Ган-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Ган-Очир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014.07.16-ны өдрийн 1287 дугаартай шийдвэрээр охин Г.Анударийг эх Б.Саруулын асрамжинд үлдээсэн шийдвэр гаргасан ба уг шийдвэрт эцэг Г.Ган-Очир би давж заалдах болон хяналтын гомдол гаргасан боловч МУ-ын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2014-11-27 ны өдрийн 774 дугаартай тогтоолоор “ ...Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. 26.5-д зааснаар охин Г.Анударийг эцэг Г.Ган-Очиртой нь уулзуулж байхыг эх Б.Саруулд үүрэг болгосугай...” гэсэн заалт оруулж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн юм. Энэ үеэс хойш Г.Анударь охинтойгоо уулзах, хамт байх боломжоор эх Б.Саруул нь байнга хангаж, бид ирэн очин хамт байсан. Охин маань эрүүл саруул сайхан өсч торниж байна. Тэрээр Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн 4 дүгээр бүлэгт суралцаж байгаа. Эх Б.Саруул нь удаан хугацаагаар гадагшаа явж, сурч, ажиллах болсон ба бид ярилцан охин Г.Анударийг эцэг Г.Ган-Очир миний асрамжинд үлдээхээр тохиролцсон тул хүүхдийн асрамжийг өөрчлүүлэхээр тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Хүүхдийн тэтгэлэг эх Б.Саруулаас авахгүй болно. Энэ асуудлыг шүүх хүлээн авч, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Эх Б.Саруул нь удаан хугацаанд гадагшаа явах болсон байдлыг харгалзан үзэж, хурдан шуурхай шийдвэрлэнэ үү” гэжээ.
Хариуцагч Б.Саруул шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014.07.16-ны өдрийн 1287 дугаартай шийдвэрээр охин Г.Анударийг миний асрамжинд үлдээсэн шийдвэр гарсан. Охин Г.Анударь нь одоо 5 настай. Орхон аймгийн 4-р цэцэрлэгт хүмүүжиж байна. Миний бие удаан хугацаагаар гадагшаа явж сурч, ажиллах болсон тул 2012.03.16-нд төрсөн охин Г.Анударийг эцэг Г.Ган-Очирын асрамжинд үлдэхийг зөвшөөрч байна. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.5-д заасны дагуу хүүхдийн асрамжийг өөрчлөн охин Г.Анударийг эцэг Г.Ган-Очирын асрамжинд үлдээж энэ асуудлыг шуурхай шийдвэрлэх өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ган-Очир нь хариуцагч Б.Саруулд холбогдуулж хүүхдийн асрамж өөрчлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 1287 дугаартай шийдвэрээр Г.Ган-Очир, Б.Саруул нарын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 03 сарын 16-нд төрсөн охин Г.Анударийг эх Б.Саруулын асрамжинд үлдээж, эцэг Г.Ган-Очироор сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.
Дээрхи шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан гомдлын дагуу хэргийг хянаад Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 110 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтны шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 774 дугаар тогтоол гарч 1287 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шүүхийн шийдвэрийн дагуу охин Г.Анударийг эх Б.Саруул асрамжиндаа авсан боловч охиныг эцэг Г.Ган-Очир нь мөн өсгөж, асран хамгаалж байсан, одоо охин эцгийн асрамжид байж Орхон аймгийн 4 дүгээр цэцэрлэгт хүмүүжиж, эрүүл бойжиж байгаа нь Мэндцэцэн өрхийн эмнэлэгийн болон 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Хариуцагч Б.Саруул нь удаан хугацаагаар гадагшаа сурч, ажиллахаар явах болсон тул охин Г.Анударийг эцэг Г.Ган-Очирын асрамжинд үлдээхээр зохигчид тохиролцсон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26-д зааснаар эцэг, эх хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй. Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд дээрхи үүрэг хэвээр үлддэг.
Охин Г.Анударийг эх Б.Саруул удаан хугацаанд гадаад улсад ажиллаж, суралцахаар явж байгаа тул охиныг эцгийнх нь асрамжинд үлдээж шийдвэрлэх нь үндэстэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.Ган-Очир нь шүүх хуралдаанд “охиноо өөрийн асрамжинд авна, Б.Саруулаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй” гэж тайлбарласан.
Хариуцагч шүүхэд өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан, нэхэмжлэгч мөн хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг гаргуулахгүй гэснийг дурьдав.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2012 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Г.Анударийг эцэг Г.Ган-Очирын асрамжид үлдээсүгэй.
2. Нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг гаргуулахгүй гэснийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА