МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1959 онд төрсөн, 58 настай, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Өнөр хотхон 101-1-30 тоотод оршин суух Заан Булагт овогтой Дагийнсүрэнгийн Эрдэнийн /регистрийн дугаар ФМ59031074/ нэхэмжлэлтэй
Миний ном Ухаан далай номын дэлгүүрүүдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөрхүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2005 онд тууж өгүүллэгийн Эдлээгүй Хайр номоо 1000 ширхэг хэвлэн худалдаанд гаргасан бөгөөд дууссан тул дахин засварлан хэд хэдэн шинэ өгүүллэг, жүжиг нэмэн 2012 онд дахин хэвлүүлэн Улаанбаатар хотын бүх номын сүлжээ дэлгүүртэй гэрээ байгуулан заруулахаар тавьсан билээ. 2 дахь хэвлэл маань 1800 ширхэг байсан бөгөөд бүх номын дэлгүүрүүдтэй тооцоо хийж мөнгөө авсан болно. Гэвч байршилаа сольж нүүсэн 2дэлгүүрээс тооцоо хийж чадалгүй өдий хүрлээ. Үүнд:
1.Сүхбаатар дүүрэг, Циркийн хажууд Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн дотор байрлах Ухаан далай номын дэлгүүрт 46 ном
2.Баянгол дүүрэг, 3,4-р хороолол, Минж плаза их дэлгүүрийн дотор байрлах Миний ном дэлгүүрт 33 ном бүгд 79 ширхэг номыг нэг бүрийг нь 15 000 төгрөгөөр заруулахаар орлогын баримтаар хүлээлгэж өгсөн юм. Энэ бол 2012.08.30-ны өдөр байлаа. Энэ хугацаанд дээрхи 2 дэлгүүрээс тус бүр 1-2 удаа ирж тооцоо хий. Манайх засварт орж байгаа гэж хэлсэн. Гэвч би ажлаасаа болоод очиж чадаагүй нь үнэн. Би сүүлийн 2015 оноос хойш үед Улаанбаатар орох бүрдээ уулзах гэж олон удаа очсон боловч нүүгээд явчихсан тул олоогүй. Орлогын баримт дээрх утсаар нь ярьсан боловч тийм дэлгүүр биш гээд утсаар ч ярьж чадалгүй явна. Цагдаа прокурорт хандсан боловч хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн, шүүхэд ханд гэж зөвлөсөн тул ийнхүү хандаж байна. Хуулийн зөвлөх хэлэхдээ толгой компанийхаа нэрээр номын дэлгүүрүүд нэрлэгдэхгүй байж болно. Иймд анх дэлгүүрээ нээхдээ том байгууллагуудтай заавал түрээсийн гэрээ байгуулсан байх ёстой. Орлогын баримт дээр бичигдсэн утасны дугаарууд шалгаад олчих боломжтой гэсэн гурван боломж хэлсэн юм. Дээрх номууд бүгд зарагдсан гэж үзэж байна. Миний номын бодит үнэ 1 185 000 төгрөг болно. Иймд Миний ном Ухаан далай номын дэлгүүрүүдийн байршил, эзэнийг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Эрдэнэ нь Миний ном Ухаан далай номын дэлгүүрүүдийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Л.Эрдэнэ нь Миний ном номын дэлгүүрт 33 ширхэг ном, Ухаан далай номын дэлгүүрт 46 ширхэг номыг заруулахаар 2012 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээлгэж өгсөн боловч уг номын дэлгүүрүүд нь байршилаа өөрчилж төлбөрөө төлөхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх ба хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин байгаа газар, хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Миний ном Ухаан далай номын дэлгүүрүүдийг эрэн сурвалжилж, оршин байгаа газар, хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар Миний ном , Ухаан далай номын дэлгүүрүүдийг эрэн сурвалжилж оршин байгаа газар, хаягийг тогтоон нэхэмжлэгч Д.Эрдэнэд мэдэгдэхийг Орхонаймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
2. Миний ном номын дэлгүүр нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3,4-р хороолол, Минж плаза их дэлгүүрийн дотор /утас: 96017018/, Ухаан далай номын дэлгүүр нь Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Циркийн хажууд Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн дотор /утас:88201563, 98890457/ байрлаж байсан болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА