Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 455

 

 

   2021      04           02                                    2021/ШЦТ/455

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******атаа,

улсын яллагч С.Чимэдцэеэ,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0529 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Монгол улсын иргэн *******, 1993 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер программист мэргэжилтэй, ДиДиЭйЭм ХХК-д программист ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 97-2-65 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбэ хотхоны 97-2-66 тоотод Б.Мөнхтогтохын баруун гарын шуу хэсгийг хутгаар зүссэний улмаас түүний биед баруун шуунд шарх бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч Б.Мөнхтогтох мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбэ хотхоны 97-2-66 тоотод гэртээ байж байтал том өрөөний хана нүдээд түүний дараа хаалга нүдээд байхаар нь би хаалга нээтэл манай хажуу 65 тоотын залуу хаалга онгойлгочихсон толгой дээрээ заазуур барьчихсан зогсч байсан. Тухайн үед үгийн зөрүүгүй заазуураар миний баруун гарыг зүсээд салтаа руу өшиглөөд тэр залуу хаалга хаагаад яваад өгсөн...манайх дуу чимээ гаргаж зурагт үзсэн, хүүхдүүд хоорондоо тоглож шуугилдсан байна гэх шалтгаанаар миний биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,

Гэрч Б.Бөхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...найз бүсгүй Б.Мөнхтогтох, найз Лхагва, 2-9 насны 3 хүүхэд тоглоод байж байтал том өрөөний хана аймаар хүчтэй нүдээд байхаар нь бид нар юу болсон талаар мэдээгүй тул сууж байтал хаалга хаалга чанга чанга нүдээд байхаар нь найз бүсгүй Б.Мөнхтогтох нь хаалга тайлж өгөөд ирье гээд хаалга руу явтал удалгүй найз бүсгүй Б.Мөнхтогтох баруун гарын шуу хэсгээс их хэмжээний цус гарч байсан. Тэгээд юу болсон бэ гэтэл хажуу айлын 65 тоотын залуу заазуураар гар руу зүсчихлээ мөн салтаа руу хөлөөрөө жийгээд унагачихлаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тэр эмэгтэй гарыг зүсэж, гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ухамсарлаж байна. Хутга барих ямар ч шаардлагагүй байсан бөгөөд хутга барьсан мөртлөө тэр хүнтэй ноцолдож түлхэлцсэн асуудал миний буруу. Миний хувьд тэр эмэгтэйд учирсан хохирлыг бүрэн барагдуулна. Тэр эмэгтэйгээс уучлалт гуйж байна. хохирлыг бүрэн барагдуулах тул энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №2093 дугаар шинжээчийн дүгнэлт:

1. Б.Мөнхтогтохын биед баруун шуунд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир, ирмэг бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 39/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 00 цагийн үед Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сэлбэ хотхоны 97-2-66 тоотод Б.Мөнхтогтохын баруун гарын шуу хэсгийг хутгаар зүссэний улмаас түүний биед баруун шуунд шарх бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Б.Мөнхтогтохын: “...гэртээ байж байтал том өрөөний хана нүдээд түүний дараа хаалга нүдээд байхаар нь би хаалга нээтэл манай хажуу 65 тоотын залуу хаалга онгойлгочихсон толгой дээрээ заазуур барьчихсан зогсч байсан. Тухайн үед үгийн зөрүүгүй заазуураар миний баруун гарыг зүсээд салтаа руу өшиглөөд тэр залуу хаалга хаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Б.Бөхбатын: “...найз бүсгүй Б.Мөнхтогтох, найз Лхагва, 2-9 насны 3 хүүхэд тоглоод байж байтал том өрөөний хана аймаар хүчтэй нүдээд байхаар нь бид нар юу болсон талаар мэдээгүй тул сууж байтал хаалга хаалга чанга чанга нүдээд байхаар нь найз бүсгүй Б.Мөнхтогтох нь хаалга тайлж өгөөд ирье гээд хаалга руу явтал удалгүй найз бүсгүй Б.Мөнхтогтох баруун гарын шуу хэсгээс их хэмжээний цус гарч байсан. Тэгээд юу болсон бэ гэтэл хажуу айлын 65 тоотын залуу заазуураар гар руу зүсчихлээ мөн салтаа руу хөлөөрөө жийгээд унагачихлаа гэж хэлсэн...”  гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхтогтох нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч *******д хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар *******д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар   ******* нь  600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох  ялыг шийтгэх тогтоол  хуулийн  хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын хэлтсийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, уг хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР