Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 00369

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1953 онд төрсөн, 64 настай, эрэгтэй, Булган аймгийн Хангал сум, 2-р баг, Цуврай гэх газар оршин суух Арнайхан овгийн Дашжамцын Пүрвээгийн /регистрийн дугаар ФД53071017/ хүсэлттэй ажиллаж байсан байдлаа сэргээн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Пүрвээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Пүрвээ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Д.Пүрвээ нь 1993 оны 08 сард Эрдэнэт дулааны цахилгаан станцад түрээсийн малчнаар орж ажилласан бөгөөд 1993-1994 оны ажилд орсон тушаалууд нь олдохгүй байгаа тул гэрчийн тодорхойлолт болон нягтлангийн тодорхойлолт бусад нотлох баримтуудыг үндэслэн 1993-1994 онуудад тус байгууллагад малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Пүрвээ Эрдэнэт дулааны цахилгаан станцад 1993,1994 онуудад түрээсийн малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хавтаст хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

1.Гэрч Н.Батсайхан шүүхэд ирүүлсэн тодорхойлолтондоо: Д.Пүрвээ нь 1993 онд ДЦС-д малчнаар ажилласан нь үнэн болно” гэжээ.

2.Гэрч Н.Батсайханы 145400 дугаартай 1986 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт “1993.08.28-ны өдөр өөрийн хүсэлтээр дамжлагын малчнаас чөлөөлж мөн өдрөөс станцын малчнаар томилов, 1995.01.01-ны өдөр Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэн тул хөдөлмөрийн дэвтэрийг хаав” гэжээ.

3. Гэрч С.Дэмидноров шүүхэд ирүүлсэн тодорхойлолтондоо: “Д.Пүрвээтэй 1993 оны 08 сараас 200.11.25-н хүртэл ДЦС-ын малчинаар хамт ажиллаж байсныг тодорхойлов. Би тухайн үед туслах аж ахуйд малчнаар ажиллаж байсан” гэжээ.

4. Гэрч С.Дэмидноровын хөдөлмөрийн дэвтэрт “1994 оны 10 сарын 01-ний өдрөөс Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцад малчнаар авч ажиллуулав, 1994.12.31-ний өдөр Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхэлсэн тул хөдөлмөрийн дэвтэрийг хаав, 2005.04.14-ны өдөр ажилласан хугацааг 19 жил 04 сар 05 хоногоор тооцож баталгаажуулав” гэжээ.

5. 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/142 дугаар Эрчим хүчний удирдах газрын харъяа Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын “ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” даргын тушаалын “2-т Дашжамц овогтой Пүрэвийг 2000.11.25-наар тасалбар болгон малчнаас чөлөөлж ачигч буулгагчаар томилон ажилуулсугай” гэжээ.

6.Д.Пүрвээгийн 1974 оны 05-р сарын 04-ны өдрийн 284960 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт “.....1989.04.25-ны өдөр барилга байгууламж механик цехэд мужаан малчнаар авч ажиллуулав, 1991.10.01-ний өдөр мужаан, малчины ажлаас чөлөөлж мөн өдрөөс зуухан цехэд НОВ-ын машинчаар ажилууллав, 1992.07.20-ны өдөр өөрийн хүсэлтээр зуухны засварчны ажлаас чөлөөлөв, 2002.12.31-ний өдөр улсын үзлэгээр ажилласан хугацааг 18 жил 02 сар 19 хоногоор тооцож баталгаажуулав” гэжээ.

7. Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын нягтлан Б.Цэцэгмаагийн тодорхойлолтонд “Пүрэвийн хүсэлтийн дагуу цалинг шүүж үзэхэд нийгмийн даатгалын дэвтэрт 1986 оны 09 сарын 09-нд тус станцад ороод 1992 оны 07 сарын 20-нд ажлаас халагдсан. Дараагийн ажилд орсон тушаал архиваас олдоогүй боловч 1995 оны цалингийн баримтанд 11 сард 30 000 төгрөгийн цалин авч бусад малчдаас 6420-9520 төгрөгөөр илүү өндөр байгаа нь 4-5 сарын цалинг авсан байдалтай байгааг тодорхойлов” гэжээ.

9. Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 1995 оны 11-р сарын тооцоололтын 9-д Д.Пүрэв, малчин, 30 000” гэж бичигдсэн байна.

10. Видео / дүрс / бичлэг зэрэг баримтууд болно.

Нэхэмжлэгч Д.Пүрвээ Эрдэнэт дулааны цахилгаан станцад 1993,1994 онуудад түрээсийн малчнаар ажиллаж байсан болох нь гэрч Н.Батсайхан, гэрч С.Дэмидноров нарын шүүхэд ирүүлсэн тодорхойлолт, 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/142 дугаар Эрчим хүчний удирдах газрын харъяа Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцын “ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” даргын тушаал, Д.Пүрвээгийн 1974 оны 05-р сарын 04-ны өдрийн 284960 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын нягтлан Б.Цэцэгмаагийн тодорхойлолт, малчнаар ажиллаж байсан ажилчдын 1995 оны 1-р сарын цалингийн тооцоолол, видео бичлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Эрдэнэт дулааны цахилгаан станцын ойн баярт тохиолдуулан 1999 онд хийсэн дүрс бичлэгийг нотлох баримтаар судалсан ба уг дүрс бичлэгт хүсэлт гаргагч Д.Пүрвээ “...би 1992 оноос дулааны цахилгаан станцад малчнаар ажиллаж байна” гэж дурьдсан байна. Тиймээс нэхэмжлэгчийн 1992 оноос эхлэн Эрдэнэт дулааны цахилгаан станцын малчнаар ажиллаж байсан нь уг дүрс бичлэгээр нотлогдож байна гэж үзлээ.

Гэрч Н.Батсайхан, С.Дэмидноров нарын шүүхэд гаргасан тодорхойлолтод дурьдагдсан үйл баримт нь 1999 оны дүрс бичлэг, 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/142 дугаар тушаалаар давхар нотлогдсон.

Гэрчүүд 1993-2000 оны хооронд Эрдэнэт дулааны цахилгаан станцын туслах аж ахуйд малчнаар ажиллаж байсан нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилтээр тогтоогдож байх тул гэрчүүдийн нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдлын талаар өгсөн мэдүүлгийг үнэн зөв гэж үзэж нотлох баримтаар үнэлсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг няцаасан баримт хэрэгт авагдаагүй тул дээрх баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Д.Пүрвээгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.

   Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Арнайхан овгийн Дашжамцын Пүрвээг 1993,1994 онуудад Эрдэнэт дулааны цахилгаан станцад малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Д.Пүрвээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-д заасныг баримтлан хэрэгт нотлох баримтаар авагдсан дүрс бичлэг бүхий CD-г хэрэгт хавсаргасугай.

4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Р.ҮҮРИЙНТУЯА