Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00123

 

 

 

 

 

 

 

 

                                О.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2017/00462 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч О.Мөнх-Эрдэнийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-нд холбогдох

“Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, Нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч О.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Мөнх-Эрдэнэ нь 2015 оны 10 дугаар сард анх тус байгууллагад сантехникчээр ажилд орсон. Гэтэл намайг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б-09 дугаартай тушаалаар ажлаас үндэслэлгүй халсанд гомдолтой байна. Энэ тушаалыг эс зөвшөөрч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-ийг үндэслэн сахилгын зөрчил давтан гаргасан гэж үзэн ажлаас халсанд гомдолтой байна. Би давтан зөрчил гаргаагүй бөгөөд ямар үндэслэлээр ажлаас халаад байгаад гайхаж байна. 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр давтан зөрчил гаргаагүй, энэ өдөр ажлаа хийгээд явж байсан үдээс хойш тушаалаа ирж ав гэхээр нь очиж авсан. Тэгээд намайг маргаашнаас ажилдаа битгий ир гэсэн. Би маш их гомдолтой байна. Иймд 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б-09 дугаартай тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байгаа тул урьд эрхэлж байсан ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мэндбаяр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: О.Мөнх-Эрдэнэ нь шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчаар Д.Бүүвэйбаатарыг тодорхойлсон байна. Энэ нь Д.Бүүвэйбаатарыг иргэн хүнийх нь хувьд бус “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн захирлын хувьд хариуцагчаар тодорхойлсон. Иймээс уг хэргийн хариуцагч нь цаашид “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК болно. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлж байна. Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-иас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, Нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах, сахилгын шийтгэлийг давхардуулан оногдуулсан тул ажилд нь эгүүлэн тогтоох бүрэн боломжтой гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй. Учир нь О.Мөнх-Эрдэнэ ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн үндэслэлээр 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр сарын цалингаа 10 хувиар нэг сарын хугацаатай хасуулсан байна.. О.Мөнх-Эрдэнэ нь 2016 оны 7 дугаар сард гаргасан зөрчилд 2017 оны 1 дүгээр сард ажлаас халсан тушаал гаргасан гэж тайлбарладаг. Энэ тайлбар үндэслэлгүй. 2016 оны 7 дугаар сард О.Мөнх-Эрдэнэ ажил таслах зөрчлийг удаа дараа гаргасан, удирдах албан тушаалтны зөвшөөрөлгүй ажлын байраа орхисон зөрчил гарган Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж сарын цалингаа нэг сар 20 хувиар хасуулж сахилгын арга хэмжээ авагдсан байна. Ажлын наръядын дэвтэрт гарын үсэг зурсныг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежер Д.Цэрэндэжид мэднэ гэж тайлбарладаг. “...Гарын үсгээ өөрийн нэрнээс доор зурсан байна...” гэж зэмлэсэн. Ийм яриа болсон байдаг гэхдээ 7 дугаар сард биш 5 дугаар сард болсон байна. Ер нь Б.Цэрэндэжид албан тушаалаар хүлээсэн үүргийнхээ хүрээнд бүх албадын наръяд өгөлт, наръяд хаасан байдалд хяналт тавьдаг бөгөөд О.Мөнх-Эрдэнэд нэг бус удаа сануулсан боловч байдал сайжраагүй учир 2016 оны 5 дугаар сард Захирлын Б-55 дугаар тушаалаар 1 сарын хугацаатай үндсэн цалинг нь 10 хувь бууруулж сахилгын арга хэмжээ авсан байна. Д.Цэрэндэжид өөрөө шүүх хуралдаанд гэрчээр орох учир энэ талаар тодорхой ярих болно. 2017 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Захирлын зөвлөлийн хурлаар зарим ажилтнуудын 2016 оны хөдөлмөрийн гэрээг дүгнэсэн. О.Мөнх-Эрдэнэ 2016 онд 2 удаа сахилгын арга хэмжээ авагдсан байсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсгийн заалт “...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан... -ыг үндэслэн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр хөдөлмөрийн гэрээ цуцлах саналтай хуралд оруулсныг захирлын зөвлөлийн гишүүд дэмжээд хөдөлмөрийн гэрээг цуцалсан юм. Энд ямар нэг байдлаар хууль зөрчсөн хууль бусаар ажилтнаа халсан зүйл байхгүй гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2017/00462 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч О.Мөнх-Эрдэнийг Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн сантехникийн засварчны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 1 653 333 төгрөгийг хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-наас гаргуулан О.Мөнх-Эрдэнэд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч О.Мөнх-Эрдэний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-д үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-наас 111 603 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ийн ажил гүйцэтгэх даалгаварын дэвтрийг хариуцагч байгууллагад буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулга давж заалдсан гомдолдоо: Сантехникийн засварчин байсан О. Мөнх-Эрдэнэтэй Компаний гүйцэтгэх захирлын 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Б-09 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь О.Мөнх-Эрдэнэд сахилгын шийтгэл нэг зөрчилд давхардуулан авсан арга хэмжээ биш юм. 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Захирлын зөвлөлийн гишүүдийн хурлаар 2016 оны ажлын үр дүн болон сахилга хариуцлагын байдалд үнэлэлт дүгнэлт өгөөд О.Мөнх-Эрдэнэтэй цаашид хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах боломжгүй гэж үзсэн учир хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Хөдөлмөриин тухай хуулийн 40 дугээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл нь 1 дүгээрт “... сахилгын зөрчил давтан гаргасан байх...” 2 дугаарт “ ...хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар ноцтой зөрчил гаргасан байх...” гэсэн заалтууд байдаг. Хуулийн энэ заалтын 2 дугаарт заасан үндэслэлийн хувьд манай зүгээс маргаагүй. Харин 1 дүгээрт заасан үндэслэлийн хувьд дараахи тайлбарыг хийж байна.

О.Мөнх-Эрдэнэ ажлын наръяд аваад дарга, мастеруудын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй, наръядын дэвтэр хаалт бичилт хийдэггүй бичилт хийхдээ нөхөн бичилт хийдэг энэ талаар ХАБЭА менежер удаа дараа сануулж хэлсээр байтал дүгнэлт хийж дутагдлаа засаагүй.

Дээрх хэлбэрийн зөрчил удаа дараа гаргаж 2016 оны 5ба 7 дугаар сард Захирлын 6-55, 6-68 тоот тушаалаар арга хэмжээ авагдсан. Удаа дараа сахилгын зөрчил гаргасан гэдэг нь эдгээр тушаалын нотлох баримтын шаардлага хангасан хуулбараар нотлогдоно.

2017 оны 01 дугээр сарын 19-ний өдрийн 6-09 тоот тушаалаар О.Мөнх-Эрдэнэтэй хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь дахин 3 дахь удаагаа сахилгын зөрчил гаргах эсхүл хөдөлмөрийн гэрээ шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан байх албагүй юм. Хуулийн ийм зохицуулалт байхгүй болно. Сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаандаа 2 удаа сахилгын арга хэмжээ авагдсан нь “...сахилгын зөрчил давтан гаргасан...” гэсэн үндэслэлийг хангасан гэж үзэж байна.

Дээрхи үндэслэлүүдийг харгалзан үзэж Орхон аймаг дахь сум дунд иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2017/00462 тоот шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч О.Мөнх-Эрдэнэ сантехникийн засварчны ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч байгууллага нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа сахилгын зөрчил давтан гаргасан учир ажлаас халсан нь хуульд нийцэж байгаа гэж  маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч О.Мөнх-Эрдэнэ тус байгууллагад сантехникийн засварчнаар ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажил тасалсан зөрчил гаргасан тул 2016 оны 5 дугаар сарын 22 -ны өдрийн Б/55 тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 10 хувиар бууруулах, 7 дугаар сарын 22 –ны өдрийн Б/68 дугаар тушаалаар үндсэн цалинг нэг сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл тус тус авагдснаас хойш хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан сахилгын ямар нэг зөрчил гаргаагүй байна.

Ажил олгогч нь 2017 оны оны 1 дүгээр сарын 10-ны өдөр ажилтнуудтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дүгнэхдээ О.Мөнх-Эрдэний гаргасан дээрх зөрчилд 2 удаа сахилгын шийтгэл авагдсан гэж үзэж 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Б/09 дугаар тушаалаар сантехникийн засварчны ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-д “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасныг зөрчсөн ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар  олгогдсон эрхийг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ хэрэглэвэл  зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан “...О.Мөнх-Эрдэнэтэй хөдөлмөрийн гэрээ цуцалсан нь дахин 3 дахь удаагаа сахилгын зөрчил гаргах эсхүл хөдөлмөрийн гэрээ шууд цуцлах ноцтой зөрчил гаргасан байх албагүй. Сахилгын шийтгэлгүйд тооцогдох хугацаандаа 2 удаа сахилгын арга хэмжээ авагдсан нь “...сахилгын зөрчил давтан гаргасан...” гэсэн үндэслэлийг хангасан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 142/ШШ2017/00462 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Баттулгын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ ОНӨХК-ны давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.603 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.УРАНЧИМЭГ

 

                          ШҮҮГЧИД                                                Б.БАТТӨР

                                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ