Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/241

 

 

 

 

 

 

  2021        04          13                                   2021/ШЦТ/241

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нэргүй, 

улсын яллагч Г.Анармөнх,

хохирогч М.Ганбаатар,

  шүүгдэгч Г.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Анармөнхөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Г.Ө /РД:УП94103031/-т холбогдох эрүүгийн 2011 0000 01114 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч-авто засварчин мэргэжилтэй гэх, ам бүл 3, өвөө, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хорооллын 346 байрны 129 тоотод оршин суух албан ёсны хаягтай боловч одоогоор Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, карьер 2 дугаар байрны 70 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, М овогт Г.Ө

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Ө нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 33-53 тоот хашаанд өөрийн төрсөн эцэг М.Ганбаатартай урьд үүссэн гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт нь цохих, боох зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би М.Ганбаатарыг газарт унагааж, хоолойг боож, зодсон зүйл байхгүй. Би түүнийг түрүүлж цохиогүй. М.Ганбаатар урьд нь намайг зоддог байсан. Миний хамрын далийг М.Ганбаатар үүсгэж байсан. Тухайн өдөр би М.Ганбаатарыг уурлахаар нь багажаа хураагаад, машинаа асааж, гэртээ харих гэж байсан. Гэтэл тэрээр намайг харааж, хэд хэдэн удаа цохисон. Энэ миний биеэ хамгаалах арга байсан юм...” гэв.

Хохирогч М.Ганбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг болдог өдөр би өглөө би эрт боссон. Гэтэл миний хүү над руу хувцас угаах гэж байна. Машин засах гэж байна хэмээн утасдсан тул би миний хүү хүрээд ир, хувцсаа дүүгээр угаалга, хоол хийсэн байна гэж хэлсэн. Г.Ө тусдаа амьдардаг бөгөөд тэрээр гэрт ирж дүүгээрээ хувцсаа угаалгаж, миний багаж хэрэгслээр манай хашаанд машинаа янзалсан.  Түүний машины гуприйг тасдхад бага зэргийн хэмжээ алдсан байсан. Гэтэл Г.Ө уурлаж угаалгах гэж байсан хувцсаа хамж, уурлаж хэн нэгэнтэй утсаар яриад явахаар завдаж, намайг гэртээ зурагтаа үзээд сууж байхад “Та нар яагаад над руу дайраад байгаа юм бэ” гээд гэрийн хаалга өшиглөсөн. Чи яагаад байна гэж би гэрээс гарсан.  Гэтэл тэрээр утсаар ярьж байгаад “Ээж гэж ээж, дүү гэж дүү, та нар надаар яаж тоглох гээд байгаа юм бэ” гээд гар утсаа хашааны хаалга руу шидсэн. Би юу болсон бэ гэж асуухад тэрээр би та нарын төлөө бүхнийг хийсэн. Та нар надаар яаж тоглох гэж байгаа юм бэ” гэж хашхирч ганц юм хийгээд өгч чадахгүй гээд намайг заамдаж авсан тул би ”Чи намайг чи гэдэг нь хэн юм бэ” гээд нэг алгадтал тэрээр намайг учиргүй цохиж, зодож эхэлсэн. Би түүний цохилтоос бултаж 1-2 удаа үүрч шидсэн. Гэтэл Г.Ө миний дээр гарч хоолой боож, цохисон. Намайг боссоны дараа Г.Ө надад “Чи миний эхнэрийг бэр гуйгаагүй, надад хуучин гэр авч өгсөн, яаж дарамтлах гэж байгаа юм бэ. Чи миний ээжийг дарамталж зоддог байсан” гэж намайг загнасан. Би хоёр хүүхдээ хүний дайтай өсгөж, хүндийн өргөлтийн өсвөрийн аварга болгож, Г.Өыг тусад нь гаргаж, гэр барьж өгсөн. Би Г.Өын ээжийг огт зодож байгаагүй бөгөөд Г.Өт гутал авч өгөхгүй, Г.Өыг зодсон тул би эхнэрээ нэг удаа алгадаж байсан. Намайг яагаад ийнхүү сэгэл санаагаар дарамталж, зодсонд гомдож байна. Миний том хүү хүндийн өргөлтийн өсвөрийн улсын аварга, бага хүү спортын мастер болсон. Би муу хүн байсан бол миний хоёр хүүхэд ингэж явахгүй байсан. Миний хамт олон миний хоёр хүүхдээр бахархдаг байсан. Миний хоёр хүүхдийн эх нь багад нь орхиж Унгар улс руу явсан бөгөөд хоёр хүүхдээ огт захиа бичдэггүй байсан. Хоёр хүүгийн эмээ нь утсаар ярьж, дүүг нь орхиод, Г.Өыг дагуулж явдаг байсан. Би хоёр хүүхдээ цэцэрлэгт сургуульд хүргэж, бэлтгэлээ хийж, ажлаа хийдэг байсан. Бага хүүхдийн гар гэмтэхэд би мэс засалд оруулж, эмчлүүлж байсан. Мөн дүүгийнх нь хөл хугарахад Г.Ө эмээ дэрээ байсан. Би хөлийг нь хөдөө явж эдгээж байсан. Би ийм л эцэг хүн. Би хүүхдүүдээ өдий болтол өсгөчхөөд хүүхдээсээ ийм үг сонсоно гэж төсөөлж байсангүй. Маш гомдолтой байна. Намайг Алдар нийгэмлэгт ажилд дөнгөж орж байхад хүүхдүүдийн эх Унгар улсаас ирж, хоёр хүүхдээ дууддаг байсан. Би тухайн үед архи жаахан багадаг байсан боловч хэзээ ч хэтрүүлж архи ууж байгаагүй юм. Гэтэл Г.Ө намайг архичин гэж хэлж заамдсан тул би түүнийг мөргөсөн юм. Түүнээс шалтгаалж Г..Г.Өын хамар далий болсон юм. Энэ шалтгааны улмаас Г.Ө ээж рүүгээ явсан. Хорь гаран жил сураггүй байж байгаад гэнэтхэн Монгол улсад ирж зүгээр амьдарч байсан бидний амьдралд орж ирсэн. Энэ явдлаас хойш байнга гэр бүлийн хэрүүл болдог болсон...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч М.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:  ...2020 оны 10 дугаар сарын 19-ны өглөө 10 цагийн үед манай том хүү Г.Ө машиныхаа гүпрээ засаж байсан тэгээд 14 цагийн үед дуустал Г.Ө хэмжээ нь буруу болчихсон байна шдээ гээд надад уурлахаар нь багажаа хураагаад эхлэхээр нь болчихсон юм байна гэж бодоол 5и гэр лүүгээ ороод сууж байтал гадна Г.Ө утсаар яриад уурлаад хаалга үүд өшиглөөд эхэлсэн тэгэхээр нь би гараад чи одоо яагаад уурлаад хэнд уурлаад хаалга өшиглөөд байгаа юм хийж өгсөн нь гай болоо юу гэтэл “чи гүйцэт юм хийгээд өгчихгүй шинэ гэр аваад өгчихгүй” гэхээр нь би уурлаад чи намайг чи гэж дууддаг хэн болчхоод ингээд байгаан гэтэл “чи ямар олигтой юм хийж өгдөг биш чи миний авгайг гуйсан юм уу гэхээр нь би уурлаад алагдаад автал миний нүүр лүү цохиж унгаагаад хоолойг минь боогоод зодсон тэгээд би ухаа алдчихсан байсан юм шиг байсан тэгээд босож ирээд заамдаад автал миний дахиад нүүр лүү цохисон миний нэг шүд уначихсан тэгэхээр нь би шүдээ узүүлтэл тоохгүй уурлаад машинаа асаагаад яваад өгсөн би тэгэхээр нь гэртээ ороод бага хүү Өнөболд руу залгаад хэлтэл Өнөболд Отгон-Эрдэнэ хоёр хамт ирсэн тэгээд бид гурав ЧД 16 дугаар Согоот 83-2001 тоотод очтол Г.Ө гэртээ ганцаараа хаалга нь онгорхой байсан тэгээд Өнөболд та яаж байгаан гээд Г.Өыг заамдаад автал Г.Ө дүүтэйгээ зодолдоод эхэлсэн тэгэхээр нь би Г.Ө араас очоод толгойноос нь татаж аваад чи хэн болчхоод хэний өөдөөс эцэг дүүгээ зоддог юм гээд нүүр лүү нь цохисон тэгээд салаад би чи бүх юмаа өөрөө хийгээрээ өөрөө машинаа зас, миний өгсөн бүх юмыг үлдээ гэж хэлчихээд багажаа аваад Өнөболдыг аваад Отгон-Эрдэнэ бид гурав явсан. ...Г.Ө, Өнөболд хоёр миний төрсөн хүүхэд” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,

Гэрч Г.Өнөболд мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...аав Ганбаатар над руу залгаад Г.Ө ах чинь дөнгөж сая намайг зодоод явчихлаа гэхээр нь би аав дээр очсон чинь зүүн тал, хамар хэсэгээр нь хавдсан байсан. Тэгээд би ааваас юу болсон талаар асуухад эцэг нь эцэг шиг байхгүй гээд зодоод эхэлсэн гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14-р хуудас/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 23- ны өдрийн 12088 дугаартай “1. М.Ганбаатарын нэг шүдний булгарал, хамар, зүүн хөмсөг, зүүн хацарт зулгаралт, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Нэг шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “...2020 оны 10 дугаар сарын 19-ны өглөө 10 цагийн үед өөрийн аав Ганбаатарын Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайт 33-53 тоотод гэрт машиныхаа гүперээ засаж байтал аав гүперний хэмжээ авч байгаад алдаа гаргаад тэрнээсээ болоод надад уурлаад байхаар нь би багажаа машиндаа ачаад явах гэж байтал аав намайг хуц пизда минь гээд хэрүүл хийгээд миний нүүр лүү 2-3 удаа цохиод авахаар нь миний уур хүрээд та яагаад байгаан гээд түлхтэл намайг 2-3 удаа үүрч авч шидсэн тэгэхээр нь хоёр гараараа цээжнээс нь барьж байгаад толгойгоороо нүүр лүү нь мөргөчихсөн тэгтэл танай ээж дээр чинь очно гээд гэр лүүгээ орохоор нь би машинаа унаад гэр лүүгээ яваад өсгөн юм тэгээд ЧД 16 дугаар хороо согоот 83-2001 тоотод гэртээ ирээд байж байтал 16 цагийн үед аав Ганбаатар, дүү Өнөболд Отгон-Эрдэнэтэй хамт ирсэн Өнөболд ирээд шууд миний нүүр лүү 2-3 удаа цохиж байсан тэгээд би өөдөөс нь зодолдож байтал аав араас ирээд миний гарыг хөшиж бариад зодож эхэлсэн би газар унатал дээрээс хөлөөрөө өшиглөж зодчихоод яваад өгсөн би тэгээд цагдаад хандсан.” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 37-38-р хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 6-р хуудас/

Шүүгдэгч Г.Ө-н урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 26-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа / хавтаст хэргийн 34-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 52-р хуудас/, зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Г.Ө нь 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 14 цагийн үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 33-53 тоот хашаанд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, өөрийн төрсөн эцэг М.Ганбаатартай маргалдаж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж, хүний биед нэг шүдний булгарал, хамар, зүүн хөмсөг, зүүн хацарт зулгаралт, зүүн зовхи, зүүн хацарт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч М.Ганбаатар, гэрч Г.Өнөболд нарын мэдүүлэг,  Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 12088 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Г.Ө-н мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Прокуророос шүүгдэгч Г.Ө-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол гэж хуулийн зүйлийн дотор алгасуулан иш татаж хэрэглэх зохицуулалтыг оруулсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж дээрх гэмт хэргийг үйлдсэн нь хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарахаар заасан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлана гэж заажээ. 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэл гэх ойлголт, нэр томъёо, ухагдахууныг тайлбарласан бие даасан хуулийг баталсан, энэхүү хууль нь хүчин төгөлдөр дагаж мөрдөж, үйлчилж байх тул гэр бүлийн хүчирхийлэл, хамаарах этгээд, хүчирхийллийн төрөл, хүчирхийлэлд тооцох үйлдэл зэрэг ойлголтуудыг тайлбарлахад дээрх хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Ө нь хохирогч М.Ганбаатарын төрсөн хүү бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтанд зааснаар хохирогч М.Ганбаатар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчилэлд хамаарах этгээд байна.

Шүүгдэгч Г.Ө нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, нотлох баримтын хүрээнд маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүх шүүгдэгч Г.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Хохирогч М.Ганбаатар нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хиймэл шүд хийлгэх төлбөрийг нэхэмжилнэ гэсэн бөгөөд энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт эмчилгээ хийлгэсэн талаар баримт авагдаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд заасан үндэслэлээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Г.Ө-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Г.Ө нь урьд ял шийтгэл эдэлж, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хохирогч М.Ганбаатарын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Г.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Г.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий анийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ө-т оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч Г.Ө-т сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлд заасан үндэслэлээр хохирогч М.Ганбаатар нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хиймэл шүд хийлгэх төлбөрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Шүүгдэгч Г.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ө-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Л.ГАЛБАДАР