Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/54

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,

Улсын яллагч С.Цэрэндалай,

Гэрч Ц.О,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Н.Н,

Хохирогч Б.Б,

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Цэрэндалайгийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 19 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Ц.Эд холбогдох эрүүгийн 2107000000025 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Налайх дүүрэгт төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн   …………………………… тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял авч тэнссэн, ******* овгийн Ц.Э /РД:  /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.Э нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн үед ............................................................................. тоотод Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч ажилтай Б.Б нь иргэн Ц.Оээс гаргасан гомдол, мэдээллийг шалгах албан үүргээ биелүүлж байхдаа тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлэн түүний зүүн шанаа тус газарт гараараа 2 удаа цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Ц.Э нь  шүүхийн  хэлэлцүүлэгт өгсөн:  “Тэр өдөр Ц.О гээд хүний тавилга хийдэг хүргэн ахынд нь гутлын шүүгээ хийлгэж байгаад найздаа мөнгийг нь өгөх гэсэн чинь яахын бэ найздаа ганц шил архи өгчихөө мөнгө төгрөг хэрэггүй гэсэн. Хүргэн ахынд нь найзтайгаа нэг шил архи уучхаад тэгээд хоёулаа согтуу юм чинь машин барьж яах юм бэ гээд Ц.Оээр бариулаад Шинэ Налайхад хүргүүлэх гээд явж байхдаа манай найз Ц.Отэй маргалдаад байхаар нь би хэрэлдээд буучихсан. Төд удалгүй Б.Б цагдааг дагуулж орж ирэхээр нь зүгээр байсан гээд явахгүй гэж маргалдаад хаалганаасаа зуураад 2 цохисон.” гэв.

Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би жижүүрт хэрэг бүртгэгчээр 24 цагаар ажиллаж байсан. Орой дуудлага ирсэн, хохирогч гээд байгаа хүүхэд өөрөө гүйгээд ирсэн. Яасан юу болсон гээд асуусан чинь ахыгаа найзтай нь хүргэж өгөх гэж явж байхад замд Шинэ Налайхын Цагаан хаалганы тэнд найз нь намайг архи аваад ир гээд надтай маргалдаад зодох гээд хөөгөөд байна. Тэгээд би машинаа тэнд хаячхаад наашаа хүрээд ирлээ гээд ирсэн. Тэгээд би найзынхаа машинтай дуудлага өгсөн дүүг суулгаад хаяг нь дээр нь очсон. Очсон чинь 2 эрэгтэй хүн байгаа гэсэн чинь 1 хүн байсан. Шүүгдэгч 1 эмэгтэйтэй байсан. Эмэгтэй нь эрүүл байсан хоорондоо уулзаад байхаар нь учраа олчих юм болов уу гээд хүлээгээд зогссон. Сүүлдээ учраа олох шинжгүй болохоор нь хохирогч гээд байгаа хүүхэд гомдолтой байна гэсэн. Машины купер цохиод хагалчихсан, миний куртикийг урсан гомдолтой байна гэсэн. Тэгээд холбогдогчийг авч явах гээд шаардлага тавьсан. Гутал хувцсаа өмсчих дагаад яваа гээд шаардлага тавьсан. Холбогдогч согтуу байсан би явахгүй гээд байхаар нь таныг явахгүй бол би аваад явъя гээд хувцсыг нь өмсүүлээд аваад гарах гэтэл хаалга чагталчхаад гарахгүй байсан. Тэгэхээр нь цаад нь талд гараад хаалга чагталсан гараас нь шувтраад татсан чинь тэр чигээрээ намайг цохиод орцонд гараад ирсэн. Араас нөгөө эмэгтэй ч гараад ирсэн. Тэгээд яаж байгаа юм гээд тэгсэн чинь тэр эмэгтэй голоор ороод ирсэн тэгэхээр нь та холдооч зүгээр байгаач гэсэн чинь холбогдогч дахиад нүүр лүү нэг цохисон. Тэгэхээр нь хавсарч унагаагаад гавлаад, нэмэлт хүч дуудаад эрүүлжүүлэхэд аваачиж өгсөн өөр юм болоогүй гэв.

Гэрч Ц.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай хүргэн ах дуудаад манай найзыг гэрт нь хүргээд өгье гээд явж байсан чинь над руу агсам тавьсан. Машины ардаас машинаа зогсоо гээд намайг суудлын бүсээр боосон. Биеэр очсон. Цагдаагийн байгууллагаас хохирогч гэх цагдааг томилсон. Тэгээд Шинэ Налайхад очсон. Шүүгдэгч согтуу байсан. Очоод шаардлага тавихад шүүгдэгч эсэргүүцээд цагдааг 2-3 удаа цохисон тэгээд цагдаа нэмэлт хүч дуудаад хүч хэрэглээд аваад гарсан.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Мөрдөн байцаалтад гэрчээр Ц.Эгийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: Би 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр *******ын Налайх дүүрэг 3 дугаар хороо Дэнжийн 16 дугаар гудамжинд байрлах гэрт нь гутлын тавиур хийлгэж байгаад *******ын хамт 2 шил хараа гэдэг архи хувааж уусан. Тэгээд нэлээд орой болсон байсан болохоор ******* машинаа хадам дүүгээрээ бариулаад намайг хүргэж өгөхөөр явж байтал нэг мэдсэн чинь *******ын хадам дүүтэй маргалдаж байсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг хартал цагдаагийн эрүүлжүүлэх байранд байсан. Би хэнийг цохиж зодсоноо санахгүй байна. Намайг хэн нэгэн цохиж зодсон зүйл байхгүй. Намайг цагдаа хаанаас баривчилсныг мэдэхгүй байна. Би нэлээд хурдан согтдог болохоор яг юу болсон талаар мэдэхгүй байна. гэх мэдүүлэг,

            /хх-ийн 13 дугаар тал/

 

            Мөрдөн байцаалтад яллагдагчаар Ц.Эгийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: 2021 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 23 цагийн үед ............................................................................. тоотод найз *******той хамт 0.5 литрийн Хараа нэртэй архи 2 шилийг хувааж уугаад сууж байтал *******ын дүү Ц.О гаднаас орж ирээд намайг ахтай нь цуг нийлж уруу татан архи уулаа гэх шалтгаанаар уурлан надтай хэрүүл хийж байснаа цагдаад дуудлага өгсөн юм. Удалгүй нэг цагдаа ирэн хаалга тогшин гэрт орж ирээд намайг Та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай хэрүүл маргаан хийж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулаад байна. Таныг хэлтэс рүү авч явж шалгах хэрэгтэй байна. гээд надаас бариад авахаар нь би нэлээн согтчихсон байсан учир өөдөөс нь согтуурхаад үгүй, би явахгүй, та нар намайг яасан гэж авч явах гээд байгаа юм бэ?” гээд тэр цагдаагийн гарыг тавиулах гээд зууралдаад авсан. Тэгээд би зууралдаж байх явцдаа надад шаардлага тавьсан цагдаагийн нүүрэн тус газарт нь 2 удаа гараараа цохисон. Тухайн үед нэлээн согтчихсон байсан учир өөр бусад зүйлсийг сайн санахгүй байна. гэх мэдүүлэг,

            /хх-ийн 27 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад хохирогчоор Б.Бы 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: “Би Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэст 2008 онд эргүүлийн цагдаагаар анх томилогдон ирээд одоог хүртэл тасралтгүй 13 жил ажиллаж байна. Би 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт Налайх дүүргийн 7 дугаар хороог хариуцсан хэсгийн байцаагчаар томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Одоо цагдаагийн дэслэгч цолтой. 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст томилгоот зөрчлийн хэрэг бүртгэгчээр үүрэг гүйцэтгэх хугацаанд 19 цагийн орчимд “Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ Налайх явах замд согтуу хүн намайг цохисон” гэх зөрчлийн шинжтэй дуудлага мэдээллийн дагуу зөрчил гаргасан гэх Ц.Э гэх иргэний гэрийг дуудлага өгсөн иргэн Ц.Оээр заалгуулан Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ-Налайх 1-45 тоотод очиход тус тоотод Ц.Э нь гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан тул цагдаагийн хэлтэсрүү авч явахаар шаардлага тавихад өөдөөс тавьсан шаардлага биелүүлэхгүй, явахгүй гэсэн тул Ц.Эг гэрээс нь авч гарах үед Ц.Э гэрээсээ гарахгүй гэж надтай зууралдаад баруун гараараа гэрийнхээ хаалганаасаа зуурч байгаад баруун гараа тавьсанаа шууд миний зүүн шанааруу нэг удаа гараа атгаж байгаад цохихоор нь би "чи ямар учраас цагдаагийн алба хаагчийн биед гар хүрч байгаа юм бэ би хуулийн дагуу хүч хэрэглэнэ шүү" гэхэд дахиад үгийн зөрүүгүй баруун гараа атгаж байгаад зүүн шанаанд дахин нэг удаа цохисон тул өчиг мэх хэрэглэж Ц.Эгээс биеэ хамгаалж станцаар хөдөлгөөн эргүүл дуудаж авч явж эрүүлжүүлсэн юм. Тухайн үед намайг цохиж зодсон болохыг тэнд байсан дуудлага өгсөн Ц.О сайн харсан. Ц.Эгийн эхнэр ч хажууд нь хараад зогсож байсан. Эрдэнхүү ерөөсөө ямар нэгэн шалтгаангүй үгийн зөрүүгүй явахгүй гээд л шууд намайг цохисон. Миний зүүн шанаанд баруун гараараа хоёр удаа цохисон. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй. Би хариу өчиг мэх хэрэглэж дарж авсан. Тухайн хүний биед өөрөөр халдсан зүйл байхгүй. Биед айхтар учирсан гэмтэл байхгүй. Одоо жаахан хөндүүртэй байна, хөхөрч няцарсан зүйл байхгүй.  Хувцас эд зүйлс урж гэмтээсэн зүйл байхгүй. Ар гэртээ агсам согтуу тавьсан зүйл байгаагүй. Биед нь халдсан гэх Ц.Оийн гаргасан гомдлыг зөрчлийн бүртгэлд авч материалжуулан шалгаж байгаа. Ц.Эг би харахдаа айхтар согтуу биш өөрийнхөө үйлдлийг хянахаар байсан болов уу гэж бодож байна. Ц.Эгийн амнаас архи үнэртээд илтэд согтуу байгаа нь мэдэгдэж байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 4-5 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрчээр Н.Уын 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: “******* гэх хүнийг таньж мэдэхгүй, Б.Бтай хамт Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт ажилладаг, ажил хэргийн холбоотой өөр ямар нэгэн ойр дотны харилцаа холбоо байхгүй. 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би Налайх дүүрэг Цагдаагийн хэлтэст томилгоот 4-112 чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд 19 цагийн үед хэлтсийн жижүүрээс хэсгийн байцаагч Б.Б ганцаараа дуудлаганд явсан байгаа араас нь яваад очоорой гэсний дагуу Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ-Налайх 1 дүгээр байрны 2 дугаар орцруу очиход хэсгийн байцаагч Б.Б иргэн Ц.Эг тухайн орцноос авч гарч ирж байсан. Ц.Э гэгч нь хэсгийн байцаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд явахгүй гээд биеээс нь зууралдаад байсныг гавлан авч яваад эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн юм. Ц.Э гэгч нь тухайн үед биед халдсан зүйл байгаагүй, ха намайг тухайн дуудлаганд очихоос өмнө хэсгийн байцаагч Б.Быг шанааруу цохисон гэж хэсгийн байцаагч Б.Б тухайн үед хэлсэн, яг юу болсныг нүдээр харсан зүйл байхгүй, тэгэхдээ Ц.Э гэгч нь багагүй согтолттой өөдөөс илт эсэргүүцэх байдалтай автомашинд суухгүй гээд хөлөөрөө тэгнээд автомашинд суухгүй байсан тул арга буюу гавлаж суулгасан юм. Ц.Э тухайн үед нилээдгүй согтуу байдалтай байгаа бололтой ер нь агсам согтуу тавих байдалтай байсан. Эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч согтуурлын зэргийг Драгер багажаар шалгах гэхэд илтэд эсэргүүцэж Драгер үлээхээс татгалзсан юм.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 6 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрчээр Х.Бы 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: “ ******* гэх хүнийг ерөөсөө танихгүй харин Б.Бтай Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасагт ажилладаг. 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би дэд ахлагч Н.Уын хамт Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст томилгоот 4-112 чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Үүрэг гүйцэтгэж байх явцад орой 19 цагийн үед жижүүрээс хэсгийн байцаагч Б.Б ганцаараа дуудлаганд явсан байгаа араас нь яваад очоорой гэсний дагуу Налайх дүүргийн 7 дугаар хороо 1 дүгээр байрны 2 дугаар орцруу очиход хэсгийн байцаагч Б.Б иргэн Ц.Эг тухайн орцноос авч гарч ирж байсан. Тэгэхэд Ц.Э гэгч нь цагдаагийн албан хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцээд явахгүй гээд дэслэгч Б.Батсайхны биеэс нь зууралдаад байсныг дэд ахлагч Н.У бид хоёр Ц.Эг гавлан авч яваад эрүүлжүүлэх байранд аваачсан. Ц.Э нь дэд ахлагч Н.У бид хоёрын биед халдсан зүйл байхгүй харин бид хоёрыг тухайн дуудлаганд очихоос өмнө хэсгийн байцаагч Б.Быг шанааруу нь цохисон гэж хэсгийн байцаагч Б.Б тухайн үед хэлсэн. Тэгэхдээ Ц.Э гэгч нь ер нь их согтолттой бид нарын өөдөөс илтэд эсэргүүцэх байдалтай автомашинд суухгүй гээд эсэгргүүцээд байхаар нь гавлаж суулгасан. Ц.Э тухайн үед их согтчихсон байдалтай эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгч согтуурлын зэргийг Драгер багажаар шалгах гэхэд эсэргүүцэж Драгер үлээхээс татгалзсан юм.гэх мэдүүлэг,

            /хх-ийн 7 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрчээр Ц.Оийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: Ц.Э гэх хүнийг манай хүргэн ахын найз гэдгээр нь зүс мэднэ. Ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Б.Б гэх хүнийг өчигдөр миний гаргасан гомдлын дагуу дуудлаганд очсон цагдаа гэдгийг мэдэж байна, энэ огт танихгүй. 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би 19 цагийн орчимд би Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс дээр биеэр ирж Ц.Э гэгч согтуурсан үедээ миний халдсан талаар дуудлага өгсөн, үүний дагуу Б.Б цагдаа надтай хамт тэр хүний амьдардаг Налайх дүүргийн 7 дугаар хороо Шинэ Налайх орон сууцны хороололд тэр хүний гэрийг нь би зааж өгсөн. Б.Б цагдаа тухайн үед надтай хоёулхнаа явсан, тухайн үед Ц.Э гэх хүний гэрийн хаалгыг нь тогшиход эхнэр нь гэх эмэгтэй хаалгаа тайлаад цагдаа гэрлүү нь ороод Ц.Эд цагдаагийн хэлтэсрүү хамт явах шаардлага тавихад Ц.Э "би гэр орондоо байна явахгүй" гээд шууд эсэргүүцсэн тул Б.Б цагдаа 2-3 дахин шаардлага тавьсан боловч өөдөөс нь явахгүй гээд ноцолдоод зууралдаад байхаар нь Б.Б цагдаа тэр хүнийг гэрээс нь гаргахдаа "та өөдөөс ноцолдоод шаардлага биелүүлэхгүй байвал таньд хүч хэрэглэх хуулийн заалттай байдаг шүү" гээд хуулийн заалт хэлж байсан, ямар заалт байсныг нь санахгүй байна ямартай ч шаардлага тавихад эсэргүүцвэл хүч хэрэглэдэг гэдгийг тайлбарлаж өгч байтал Ц.Э гэрээсээ гарахгүй гээд хаалганаасаа баруун гараараа зуураад зүүн гараараа цагдаатай зууралдаж байснаа баруун гараа тавингуутаа цагдааг шууд нэг удаа нүүрлүү нь цохисон, тэгтэл цагдаа "чи миний  биед халдлаа шүү" гээд сануултал Ц.Э дахиад шууд цагдаагийн нүүр лүү баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл цагдаа шууд өчиг мэх хэрэглээд Ц.Эг дарж аваад нэмж хөдөлгөөнт эргүүл дуудаад хөдөлгөөнт эргүүлийг ирэхэд байрны орцноос дагуулаад гаргаад цагдаагийн машинд суулгах гэхэд суухгүй гээд цагдаа нартай ноцолдоод байхаар нь цагдаа нар гавлаад машиндаа суулгаад аваад явсан. Ийм л зүйл болсон юм. Ц.Э өөрөө шууд санаатайгаар шаардлагыг нь биелүүлэхгүй явахгүй гээд цагдааг нүүрлүү нь гараа атгаж байгаад хоёр удаа хүчтэй цохисон. Цагдаагийн шанаа нь тэрүүхэн үедээ бол бондойгоод хавдчихсан байсан. Ц.Э гэх хүнд цагдаа хуулийн дагуу л шаардлага тавьсан, шаардлага зөндөө тавьсан боловч тоож биелүүлээгүй, хэлтэс дээр очоод таниас тодруулга авна та дагаад явна уу? гэж гуйх байдалтай хэлсэн боловч өөдөөс нь эсэргүүцээд болохгүй байсан. Харин цагдаа цохиулсныхаа дараа нэг удаа өчсөнөөс өөрөөр биед нь халдаагүй. Ямар нэгэн байдлаар цагдаа тухайн хүнийг цохиогүй. Миний хувьд тухайн үед архи дарс хэрэглээгүй цоо эрүүл байсан. Харин тэр Ц.Э гэх залуу ямартай ч бүр аймар тасартлаа согтоогүй байсан. Миний нүдээр бол өөрийнхөө үйлдэл биеэ хянах хэмжээний чадвартай байсан. Цагдааг намайг дагуулаад гэрт нь ороход таниад байсан. Намайг гэртээ байж байтал манай эгч намайг дуудаад Ц.Эг гэрт нь хүргээд өгчих гээд хүргүүлсэн юм. Тэгж явах замдаа Ц.Э надад агсам тавьж архи нэхээд миний толгой руу цохисон тул би цагдаад хандсан юм. Миний биед бол айхтар бэртэл гэмтэл учирсан, хөхөрч хавдсан зүйл бол огт байхгүй.” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 8-9 дүгээр тал/

 

Мөрдөн байцаалтад гэрчээр С.Огийн 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: Ц.Э нь миний хамтран амьдрагч байгаа юм. Би Ц.Этэй 2018 онд анх танилцаж тэрнээс хойш эхнэр нөхрийн хувиар хамт амьдарч байгаа. Бид хоёр албан ёсоор гэр бүл бүртгүүлж байгаагүй. Дундаасаа ямар нэгэн үр хүүхэдгүй. Би Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж тухайн үед болсон хэргийн талаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Харин нөхөр Ц.Эгийн зан байдлын талаар мэдүүлэг өгье. Би Ц.Эг 2 жил гаруй хугацааны өмнөөс буюу 2018 онд танилцаад хамтран амьдарч, эхнэр нөхрийн харилцаатай амьдрах болсон. Манай нөхөр Ц.Э нь Зан байдлын хувьд ямар нэгэн доголдол гээд байх зүйлгүй хэвийн найрсаг харьцаатай. Найз нөхөд олонтой, бусадтай их найрсаг харьцаатай байдаг. Архи дарс уухаараа миний мэдэхийн янз бүрийн ааш гаргаж байгаагүй. Төлөв даруу л зантай байдаг юм. Архи дарс бол хааяадаа хэрэглэдэг элдэв ааш зан, агсан согтуу тавиад байдаг зүйл бол байдаггүй. Ц.Эд өөрт нь бол эд хөрөнгө гээд байх зүйл бол байхгүй. Өөрөө бол ахуй тааруухан. Өмнөх эхнэрээсээ салснаасаа хойш иймэрхүү байдалтай байгаа юм билээ. Одоогоор бол манай гэр оронд надтай хамт амьдардаг. Очир дагинас ХХК-д ажиллаж байгаад гарчихсан одоогоор ажилгүй байгаа юм. гэх мэдүүлэг,

            /хх-ийн 10 дугаар тал/

 

Мөрдөн байцаалтад гэрчээр Н.Нын 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгсөн: Ц.Э бид хоёр багаасаа найзалж нөхөрлөсөн багийн найзууд байгаа юм. Бид хоёр нэгнийхээ зан байдлыг сайн мэднэ. Ц.Э нь миний мэдэхийн төлөв даруу зантай бусадтай хэл амаа эвтэйхэн олчихдог залуу байгаа юм. Архи дарс ч хэрэглээд байдаггүй. Хааяа нэг найз нөхөдтэйгөө уулзахаараа л архи уучихдаг. Архи уусан үедээ агсан согтуу тавиад байдаггүй мөрөөрөө байж байгаа л унтаад өгчихдөг юм. Ц.Э нь одоогоос 2 билүү 3 жилийн өмнө эхнэрээсээ салж одоо ганцаараа амьдрах болсон. Өөр надад Ц.Эгийн зан байдлын талаар мэдэх зүйл байхгүй. гэх мэдүүлэг,

/хх-ийн 11 дүгээр тал/

 

Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/83 дугаар: Б.Бы биед зүүн шанаанд цус хуралт, зүүн шанаа чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт

/хх-ийн 17 дугаар тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 36 дугаар тал/,

           

            Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 45 дугаар тал/

           

            Ц.Эгийн  хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 46-50 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүх хуралдаанд гэм буруу болон хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагчийн...Иймд шүүгдэгч Ц. Ц.Эд эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь түүний хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэм буруутай болох нь тогтоогдож байгаа учир шүүгдэгч Ц.Эд 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгож, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтээ гэдэг саналыг гаргаж байна” гэх,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Энэ хэрэг нь улсын яллагчаас эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь түүний хууль ёсны шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн үйлдсэн гэх баримт  мөн гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр гэм буруутай болох нь тогтоогдож байгаа. Иймд прокуророос ирүүлсэн дүгнэлттэй маргах зүйл байхгүй байна. Энэ зүйл ангиар шүүхээс гэм буруутайд тооцож байгаа тохиолдолд эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар сонгох төрөлтэй байдаг. Миний үйлчлүүлэгчийн хохирол төлбөрөө барагдуулна. Мөн гэм буруугаа хүлээж байгаа байдлыг харгалзан үзэж түүнд 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цалин орлоготой нь холбогдуулж нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэсэн саналтай байнагэх,

Шүүгдэгчийн зүгээс өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, Ц.Эгийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн үед ............................................................................. тоотод хохирогч Налайх дүүргийн Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, дэслэгч Б.Быг  цагдаагийн хэлтэс рүү авч явах гэлээгэх шалтгаанаар баруун гараараа зүүн шанаа тус газар нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн шанаанд цус хуралт, зүүн шанаа, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хууль сахиулагчийг эсэргүүцсэн болох нь:

Шүүгдэгч Ц.Эгийн  “...Б.Б цагдааг дагуулж орж ирэхээр нь зүгээр байсан гээд явахгүй гэж маргалдаад хаалганаасаа зуураад 2 цохисон” гэх,

Хохирогч Б.Бы “...татсан чинь тэр чигээрээ намайг цохиод орцонд гараад ирсэн... зүгээр байгаач гэсэн чинь холбогдогч дахиад нүүр лүү нэг цохисон.гэх,

Гэрч Ц.Оийн ...баруун гараа тавингуутаа цагдааг шууд нэг удаа нүүрлүү нь цохисон, тэгтэл цагдаа "чи миний  биед халдлаа шүү" гээд сануултал Ц.Э дахиад шууд цагдаагийн нүүр лүү баруун гараараа нэг удаа цохисон. гэх мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн шинжээч эмч С.Төгсбуянгийн №08 шэ/83 дугаар: Б.Бы биед зүүн шанаанд цус хуралт, зүүн шанаа чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

                                                                                                                          

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ц.Эгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бы  бие махбодод хөнгөн хохирол учирсан ба хохирогч “...гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзан үзсэн болно.

 

  Иймд Ц.Эг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн Ц.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Ц.Эг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.ЧИНЗОРИГ