Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/95

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга, 

Улсын яллагч П.Отгонбаатар,

Шүүгдэгч ***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********холбогдох эрүүгийн 2138000510137 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***********нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 09-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг “Улаандаваа” гэх газарт ***********архи өгсөнгүй гэх шалтгаанаар биед халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ***********нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 09-ний орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг “Улаандаваа” гэх газарт ***********архи өгсөнгүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000510137 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***********мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би *********** очоод архи ууя гэж хэлэхэд Хүчээ архи байхгүй гэж хэлсэн. Тэгээд би цагаан сар болж байна. Найздаа ганц юм өгөөч гэж хэлсэн. Тэгэхэд Хүчээ байхгүй архи аваагүй гэж хэлсэн. Тэгж байснаа *********** намайг барьж аваад миний зүүн талын шанаа руу 2, 3 удаа цохисон юм. Тэгээд Алтанхуяг бид хоёрыг тухайн үед салгасан юм. Би салсныхаа дараа *********** гараад мотоцикл дээрээ очоод явах гэж байхад миний араас Хүчээ гараад ирсэн. Хүчээ миний араас гараад ирэхээр нь би ***********ыг газар унагааж байгаад нүүрэн тус газар нь гараа атгаж байгаад 2-3 удаа цохисон юм...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ***********мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн орой 21 цагийн үед хониндоо явчхаад гэртээ орж ирээд амрах гээд байж байхад манай нутгийн Болдоо, Алтанхуяг гэх хоёр залуу манай гэрт ирсэн. Болдоо, Алтанхуяг хоёр манай гэрт орж ирээд цай уучхаад учир зүггүй надаас архи нэхсэн. Би тухайн үед манайд огт архи байхгүй гэж хэлэхэд ***********намайг барьж аваад газарт унагаснаа нүүр, толгой руу маань 2 удаа өшиглөж, 4-5 удаа гараараа цохисон. ***********намайг зодчихоод Алтанхуягийг дагуулаад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-р хуудас),

Гэрч ***********мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Болдоо, Алтанхуяг хоёр идээ идчихээд надаас архи нэхсэн. Би тухайн үед архи байхгүй гэж хэлэхэд энэнээс ч юугаа нэхэв гэж хэлсэн. Тэгснээ нөхөр ***********аас маань архи нэхсэн...***********нөхрийг маань шууд барьж толгой руу нь гараараа цохиж эхэлсэн. Нөхөр *********** маань Болдоод зодуулсны дараа хөмсөгнөөс цус гараад дух нь домбойчихсон байсан... ***********л нөхөр ***********ыг маань зодсон. Алтанхуяг бол зодоонд оролцоогүй. ***********нөхөр ***********ыг маань дарж унагаагаад дээрээс гараараа 4-5 удаа цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-р хуудас),

Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...***********ах ***********т хандаж битүүнийхээ ганц шил архийг задлаач гэж хэлсэн. Тэгэхэд *********** битүүнийхээ ганц шил архийг аваагүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь ***********ах битүүнийхээ архийг яагаад авдаггүй юм бэ, одоо ганц шил юм ууя маргааш битүүний өдөр гэж хэлсэн. Тэгэхэд *********** босож ирээд ***********ахыг хацар луу алгадсан. Үүнээс болж ***********ах, *********** хоёр барилцаж авсан...***********ах тухайн үед ***********тай ноцолдож байгаад гэрээс нь авч гарсан. Гэрийн гадаа гарсан байхад ***********ах ***********ын нүүр лүү 2 удаа, мөр лүү нэг удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 103 дугаартай:

  1. ***********биед хүзүү, зүүн дээд зовхи, баруун шуунд цус хуралт, нуруу, баруун шуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
  3. ***********биед үүссэн гэмтлүүд нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 27-р хуудас),

Хохирогч Ж.*********** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 42-43-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 40-41, 45-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138000510137 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ***********нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 02 дугаар сарын 09-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн нутаг “Улаандаваа” гэх газарт ***********архи өгсөнгүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ***********мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ***********(хх-ийн 15-р хуудас), гэрч ***********(хх-ийн 19-р хуудас), гэрч *********** (хх-ийн 22-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 103 дугаартай дүгнэлт (хх-ийн 27-р хуудас),

Хохирогч Ж.*********** нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ (хх-ийн 42-43-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ***********нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ***********нь хохирогч ***********эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 11,100 төгрөгийн бичиг хэргийн зардал гарсан гэж Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгчээс нэхэмжилж байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.7-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардалд хэргийн газар, орон байр, хүний бие, цогцост үзлэг, нэгжлэг, шинжилгээ хийх...болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсны үр дүнд үүссэн ажил гүйцэтгэсний хөлс, зардал багтана” гэж заасан байх тул төсвийн байгууллагын бичиг хэрэгтэй холбоотой гарсан зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан зардалд хамаарахгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бичиг хэргийн зардал 11,100 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ***********нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 45-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ***********нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ***********нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялаас чөлөөлөх прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулж, уг торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138000510137 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1.  Шүүгдэгч ***********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********************оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

      4. Эрүүгийн 2138000510137 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.ХҮРЭЛБААТАР