Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 00382

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1959 онд төрсөн, 58 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-17-08 тоотод оршин суух Боржигон овгийн Мантааны Оюунцэцэгийн /регистрийн дугаар ФМ59030206/ нэхэмжлэлтэй

Д.Батбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2015 оны 02-р сарын 27-ны өдөр иргэн Д.Батбаярыг “...хувийн үйлдвэр байгуулахад барьцаа хөрөнгө дутчихлаа, та надад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ өгч туслаач” гэхэд нь би итгэлцлийн гэрээ байгуулж гэрчилгээгээ өгсөн. Гэтэл Д.Батбаяр нь зээлийн эргэн төлөлтөө төлөөгүй сураггүй алга болсон тул миний эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаанд  оруулж гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэж байгаа тул Д.Батбаярыг эрэн сурвалжилж өгнө үү ” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Оюунцэцэг Д.Батбаярыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.

Учир нь нэхэмжлэгч М.Оюунцэцэг нь 2015 оны 02 сарын 27-ны өдөр Д.Батбаярт зээлийн болон барьцааны гэрээний барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах 6 сарын хугацаатай итгэмжлэл өгч, уг итгэмжлэлийн дагуу Д.Батбаяр нь Сум хөгжүүлэх сангаас зээлийн гэрээ байгуулан М.Оюунцэцэгийн хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаанд тавьж зээл авсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул М.Оюунцэцэгийн нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс Д.Батбаярыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Д.Батбаяр нь Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн Жаргалант барилгын 36-6 дугаар гудамж 04 тоотод оршин суудаг боловч тухайн хаягт оршин суудаггүй, одоо хаана оршин сууж буй нь тодорхойгүй зэрэг нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэлийг хангаж Д.Батбаярыг эрэн сурвалжилж, оршин байгаа газар, хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар Д.Батбаярыг эрэн сурвалжилж оршин байгаа газар, хаягийг тогтоон нэхэмжлэгч М.Оюунцэцэгт мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

2. Д.Батбаяр /ФА8507043/ нь Булган сумын, 5-р баг, Б36-6-4 тоотод /утас 94367000/ оршин сууж байсан болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА