Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/206

 

 

 

 

 

 

 

 

 

     2021       03          25                                      2021/ШЦТ/206

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Э.Цогбаяр;

улсын яллагч: С.Эрдэнэтуяа;

шүүгдэгч: Б.О (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, “Даян хүү” цэцэрлэгт эрхлэгч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.О.

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.О нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 06-ны шөнө  гэртээ нярай хүүхдээ алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О мэдүүлэхдээ: “Миний том охин одоо 1 нас 2 сартай юм. Хүүхдээ төрүүлсний дараа жирэмсэн болсноо мэдээгүй байсан. Тэгээд 5 сартай болсон үедээ мэдсэн. Төрүүлэх эсхүл аборт хийлгэх эсэхээ мэдэхгүй байсан. Манай охин тархины цус харвалтаас болж хөдөлгөөний саажилттай болсон тул хүүхдээ авч эмнэлэгт 15 хоног хэвтсэн. Одоо эмчилгээнд байгаа. Нөхөр маань Япон Улс руу гэрээгээр явж тэндээ амьдрахаар болсон. Тэгээд надаас сална гэж хэлсэн учир маш их цочирдож хямарсан. Эцэг, эхдээ хэлж чадаагүй. Тэсэж явсаар байгаад хүүхдээ гаргасан. 1 удаа найзуудтайгаа уулзаж яваад тохиолдлын бэлгийн харилцаанд ороод жирэмсэн болсон байсан. Эмчийн хяналтад ороогүй. Эцэггүй хүүхэд гаргах хэцүү байсан. Яахаа мэдэхгүй байсан. Абортод орох эмнэлэг хайж байсан. Маш их харамсаж байна...” гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд:  

гэрч Я.Дунхоролын /хх-ийн 39-40/: “...хогийн цэг буюу бункер рүү орсон. Гэтэл ногоон өнгийн гялгар тортой, гаднаасаа улаан хүрэн өнгөтэй, мах, цусны зүйл шиг юм байсан. Би “цувдай байна” гэж бодоод барьж явсан хугархай таягаараа торыг цоолоод задлаад, тэнд байсан бор өнгийн хайрцаг руу асгах маягтай хийтэл хүүхдийн цогцос байсан. Тэгээд би цочоод эхнэр бункерийн гадаа байсан тул “цаашаа” гэж хэлээд тэндээс гараад 44 дүгээр байрны гадна очоод цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

гэрч Г.Шүрэнсувдын /хх-ийн 42-44/: “...Манай нөхөр хог ухаж байгаад “энд тохойн чинээ үхсэн хүүхэд байна” гээд толгойгоороо зааж харуулсан... Манай нөхөр “ямар новш нь энд хүүхэд хаячив” гээд  цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амарзаяагийн /хх-ийн 29-30/: “...Б.О нь “нярай хүүхдээ алсан” гэх хэрэгт “хууль ёсны төлөөлөгч, хохирогчоор тогтоож өгнө үү” гэсэн албан тоот ирүүлсний дагуу Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс намайг томилж, хууль ёсны төлөөлөгч, хохирогчоор энэ хэрэгт оролцож байна. Хуулийн дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг, 

 

“...44, 45 дугаар байрны дунд байрлах хогийн цэгийн зориулалттай контейнерт ...”Номин” хүнсний дэлгүүрийн гялгар уутыг давхарлаж, хажуу талаас нь урж онгойлгосон байх бөгөөд уг уутны доод талд 2 хөл нугалж, гэдэсний орчим ирсэн, 2 гар энгэрийн хэсэгт зөрүүлэн, баруун талаараа хэвтэж буй хүй болон эхэс залгаатай нярайн цогцос байлаа...” гэсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5, 16-19/, 

 

“...  саарал өнгийн хаалга байх бөгөөд дотогш ороход ертөнцийн зүгээр баруун тийш эргэхэд ногоон өнгийн хаалга, хаалган дээр ариун цэврийн өрөө гэсэн бичигтэй хаалгыг онгойлгож дотогш ороход ОО-ын суултуур, саарал өнгийн угаалтуур, шаргал өнгийн саванд байсан ОО-ын цаас цус мэт зүйлээр бохирлогдсон байв. Номер дугааргүй гадагш онгойдог бор хаалга онгорхой байв. Уг хаалгаар ороход 3,5x6 хэмжээтэй хүн амьдрах зориулалттай, .... цагаан өнгийн эмэгтэй футболк 1 ширхэг, хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон ягаан өнгийн эмэгтэй хүний дотуур хувцас хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байв...” гэсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-9, 20-26/,

 

“...14 цагийн байдлаар нас бараад 5-7 цаг болсон байна. Нярайн цогцос 50 см урт, 4450 гр жинтэй, биеийн галбир зөв гүйцэт байна” гэх цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-15/,

 

“...Нярайн цогцост гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх нярай нь амьд төрсөн ба нярайн уушги усны хөвөгч сорилд эерэг байна. Нярай нь нам хэмийн ерөнхий үйлчлэлийн улмаас осгож нас барсан байна. ...Уг нярай эрэгтэй хүйсийн, эхийн хэвлийд 10 cap, хугацаа бүрэн тээгдсэн, хөгжил гүйцэт, 51 см, 4450 гр, 1 хоногтой нярай байна. Нярай эмнэлгийн бус нөхцөлд төрсөн байх боломжтой...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2474 дугаартай дүгнэлт / хх-ийн 50-51/,

 

дээрх дүгнэлтийг гаргасан шинжээч эмч Н.Энхцолмонгийн /хх-ийн 84-85/: “...Нярайг төрсөн даруйд хуурайшуулж хуурай даавуу, өлгийгөөр өлгийдөж яаралтай дулаан алдалтаас сэргийлдэг. Дөнгөж төрсөн нярай нь арьсны өөхөн давхарга багатай тул маш хурдан дулаан алддаг. Өөрөөр хэлбэл тасалгааны хэмд ч гэсэн осгож нас барах боломжтой байдаг...” гэх мэдүүлэг,

 

гэрч Ч.Пунцагдашийн /хх-ийн 36-37/: “...манай охин Б.О нь 1 охинтой бөгөөд 1 нас 2 сартай, албан ёсоор гэр бүл болоогүй байхдаа жирэмсэн болсон. Одоо хүүхдийн эцэг нь Япон Улсад ажиллаж амьдарч байгаа. Б.О нь надад бие давхар болсон талаар хэлээгүй. Би энэ талаар огт мэдээгүй. Манай охин махлаг бөгөөд хэвлий хэсгээрээ махлаг учир ажиглаагүй...” гэх мэдүүлэг,

 

Б.Огийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 34-35, 95/: “...охин Амингоо нь дутуу тээлттэй төрсөн болохоор нэг хэсэг хугацаанд эмнэлгийн байгууллагаар эмчилгээ сувилгаа хийлгэж явсан. Би гэрээрээ хүүхдээ асраад найз нөхөдтэйгөө уулзалдаж чадаагүй байсан. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр ...өмнө цуг ажиллаж байсан туслах багш Болортуяа, Нямдорж нартай Сансарын тунелын орчимд байрлах караоке бааранд уулзсан. ...тухайн үед Нямдоржийн найзууд гээд 3 залуу ирж бид хэдтэй нийлж ...архи, пиво ууж ...тэндээсээ Баянцээлийн орчимд буудалд орцгоосон. ...Нямдоржийн найз Амраа гэх залуу ...надад маш их таалагдсан тул бид хоёр тэр шөнө 2 удаа бэлгийн харилцаанд орсон. 2020 оны 08 дугаар сарын 10-ны орчимд жирэмсэн гэдгээ мэдсэн. Амраагаас хүүхэдтэй болсон гэдгээ мэдсэн. Энэ талаар Амраад хэлээгүй тул намайг жирэмсэн болсныг огт мэдээгүй. ...манай гэр бүлийнхэн буюу ээж Пунцагдаш огт мэдээгүй. ...Би жирэмсэн гэдгээ мэдсэн цагаас хойш хүүхдээ авхуулъя гэж бодоод эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхэд “аборт хийлгэх хугацаа өнгөрсөн болохоор хүүхдээ гарга” гэж хэлсэн. Би хэсэг хугацаанд ямар ч шийдэлд хүрч чадахгүй байсаар хүүхэд томорсон. ...2020 оны 12 дугаар сарын 05-ны орой Цагаан-Уул эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчтэй утсаар ярихад “цаг авах шаардлагагүй, шууд ирээд үзүүлж болно” гэж хэлсэн. Тухайн орой миний гэдэс рүү хатгаад байсан. 2020 оны 12 дугаар сарын 06-ны шөнийн 02 цагийн орчимд орон дотроо хэвтэж байтал миний гэдэс базлаад дүлэлт өгөөд болохгүй болохоор нь 00-н өрөө ороод хувин дээр суугаад дүлтэл хүүхдийн толгой хэсэг нь гарч ирсэн. Дахин дүлтэл хүүхэд бүтнээрээ гараад ирсэн. Хартал хөх өнгөтэй ямар ч дуу чимээ байхгүй байсан. Тухайн үед айж сандраад толгой эргээд байхаар нь 00-н суултуур дээр суусан. Эхэс нь гараагүй байсан. ...Би гэрийнхэндээ хэлээгүй байсан. Хүүхэд амьгүй байна гэж бодоод айсандаа дээрээс нь алчуур тавиад хогийн уутанд хийсэн. ...Би эмнэлгийн хяналтад огт ороогүй байсан. Тэр үед шоконд орсон, маш их айдастай, бие маань маш их сульдсан байсан учраас эмнэлэг дуудах сөхөө байгаагүй...” гэх мэдүүлэг,

 

“....Б.О нь ...сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. Б.О нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Гэмт үйлдлээ хариуцах чадвартай байна...” гэх Шүүх сэтгэц эмгэг судлалын 1232 дугаартай дүгнэлт /хх-ийн 78-79/ болон биологийн шинжилгээний хариу /хх-ийн 52/, химийн шинжилгээний хариу /хх-ийн 53/, шүүх эд эсийн шинжилгээ /хх-ийн 54-57/, Б.О нь жирэмсний хяналтад ороогүй гэх Сүхбаатар дүүргийн “Тэгш Мэнд” өрхийн эрүүл мэндийн төвийн албан бичиг /хх-ийн 87/, Б.Огийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 98-100/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Амарзаяагийн хүсэлт /хх-ийн 118/, “Цагаан Уул” эмнэлгийн Б.О нь үзүүлсэн бүртгэл бүртгэгдээгүй гэх албан бичиг /хх-ийн 114/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн бөгөөд дараах дүгнэлтэд хүрсэн болно.

Энэ хэргийн шүүгдэгч Б.О нь бусадтай тохиолдлын бэлгийн харилцаанд орсны улмаас жирэмсэн болсон нь түүнд хүсээгүй жирэмслэлт, эцэггүй хүүхэд төрүүлэх нь гэсэн санаа зовнил, ёс суртахууны хэм хэмжээнд харшилж байна гэх бодол төрүүлж, үүний улмаас гэр бүл, ойр дотны хүмүүсээсээ айж, ичих зэрэг сэтгэл санааны гүнзгий хямралд орсон байжээ.

Нийгмээс өгөх гадаад болон хувь хүний хувьд өөрийгөө үнэлэх дотоод үнэлэмжүүдийг нь бууруулсан, сэтгэл санааг нь зовоож гүнзгий хямруулсан энэ үйл ажиллагааны улмаас Б.О нь эмнэлэгт жирэмсний хяналтад ороогүй, жирэмсэн гэдгээ бусдаас нуух, ерөөс хүүхэд төрүүлэхгүй гэсэн сэдэл зорилготой байсан байх бөгөөд зориуд эмнэлгийн бус нөхцөлд буюу ... 2020 оны 12 дугаар сарын 06-ны шөнө хүүхэд төрүүлж, төрүүлсэн нярай хүүхдээ осгоож амь насыг хөнөөсөн байна.

Ийнхүү үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу сэтгэл санааны гүнзгий хямралын улмаас нярай хүүхдээ алсан Б.Огийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн бүрэн үндэстэй.

Мөн шүүгдэгч  Б.О дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээж, прокуророос танилцуулсан ялын төрөл, хэмжээг зөвшөөрснийг дурдаж байна.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Д.Амарзаяа нь “хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй” гэсэн, хохирол, гэм хорын нөхөн төлбөр нэхэмжлээгүй тул Б.Ог бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй.

Хэдийгээр энэ хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдөж, гэм хор арилж хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол гэмт хэрэг гарахаас өмнөх байдлын хэмжээнд сэргэх боломжгүй боловч гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын онцлог, шүүгдэгчийн хувийн байдал, сэтгэл санааны гүнзгий хямралын улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан шаардлагын хүрээнд шүүгдэгч Б.Од холбогдох хэргийг хянан шийдвэрлэснийг дурдаж байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Б.Ог “эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

Шүүгдэгч  Б.О нь хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж байна.

        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ