Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 2021/ШЦТ/31

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Батзаяа,

Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З овогт М-н Б-д холбогдох 2116000280026 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч М.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт дэвсгэрт байрлах Мон-Алтайн хажуу талын 2 давхар нийтийн байранд 2021 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө 23 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хажуу айлын хүн болох иргэн Д.А-ийн үснээс нь үстэж, гулдарч чирч, хөлөөрөө баруун талын ташааны толгой хавьцаа жийж хоол хийж байсан халуун тогоо руу хөхөөр нь унагааж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. / Яллах дүгнэлтэд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: О над руу утсаар яриад пиво ууя гэсэн. Тэр өдөр би хоёр дүүгээ харж байсан. Тэгээд бид хоёр пиво ууж байхад О гэрээс гарч яваад А-ийн нөхөртэй нь коридорт муудалцаад байх шиг байсан. Би гараад О юм уусан учир гэр рүүгээ яв гэж хэлэх гэхэд А гарч ирсэн. Уг нь О очиж хаалгыг нь өшиглөөгүй. Тухайн үед миний нүд, толгой хөхөрсөн байсан. Тэр үед цагаан сар байсан учир би эмчид үзүүлээгүй. Тэгээд цагдаа ирээд эрүүлжүүлэхэд оруулсан гэв.

Хохирогч Д.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би гэртээ найз залуу А, манай эгч Б, манай дүү Б нарын хамт байж байсан. Манайх Мон-Алтайн хажуу талын 2 давхар нийтийн байранд байдаг. Оройн 23 цагийн үед бид нар унтах гээд байж байсан. Тэгсэн чинь манай хаалгыг маш хүчтэй цохиод байсан. Би босоод хаалгаа тайлтал О байсан. Намайг хаалга тайлахад манай найз залуу А миний хажууд зогсож байсан. О манай найз залуутай муудалцаад, барьцалдаад гэрээс коридор руу гарсан. Тэр үед манай эгч, дүү хоёр унтаж байсан. Тэгээд би тэр хоёрыг голоор нь ороод салгах гэтэл цаанаас нь Б гэрээсээ гарч ирээд намайг үстээд гулдарч чирсэн, бид хоёр Б-ийн гэрийн босгонд бүдрээд гэр лүү нь унасан. Намайг хөлөөрөө баруун талын ташаан толгой хавьцаа жийхэд би хоол хийж байсан халуун тогоо руу баруун хөхөөрөө унасан. Тэгээд Б ахиж босож ирээд намайг үстэх гэтэл манай дүү орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгээд цагдаа дуудсан...манай найз залуу О 2 маргалдаад барьцалдахаар нь би голоор нь ороод салгах гэтэл намайг шууд ирээд үстээд авсан. Би Б-д хандаж ямар нэгэн үг хэлээгүй. Намайг яагаад ямар шалтгаанаар үстсэнийг нь би мэдэхгүй...сүүлд манай дүү Б орж ирээд бид хоёрыг салгасан...би Б-г ерөөсөө цохиогүй, миний үснээс татсан байсан. Би зөрүүлээд үснээс нь барьсан бусдаар цохиж зодсон зүйл байхгүй, хэл амаар доромжлоогүй...О, Б нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, үнэртэж байсан, хэр их хэмжээнд уусныг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8-рт/

 

Гэрч Д.А-ны мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр манайд манай найз охины эгч нь хүүхэдтэйгээ ирчихсэн байсан. Манай найз охины төрсөн дүү нь байсан. Манайх Мон-Алтайн хажуу талын нийтийн байранд байдаг. Тэгээд гэртээ байж байгаад оройн 23 цагийн үед унтах гээд байж байтал манай хаалгыг нэг хүн хүчтэй цохиод байсан. Тэгэхээр нь манай эхнэр хаалга нээгээд хэн бэ, яах гээд байгаа юм гэсэн чинь О байсан. Би эхнэрийнхээ ард очоод Оыг яах гээд хаалга нүдээд байгаа юм гэсэн чинь О намайг барьж аваад бид хоёр барьцалдаад коридор луу гарсан. Манай найз охин бид хоёрыг салгах гээд байж байтал Б гэрээсээ гарч ирээд манай найз охиныг шууд үстэж аваад чирээд байсан. Б манай найз охин хоёр Бийн гэр лүү орсон байсан. Би гадаа коридорт О-ыг дараад байж байсан. Манай найз охины дүү Б, Бийнх руу ороод тэр хоёрыг салгасан. Тэгээд цагдаа дуудсан...манай найз охин А, манай найз охины эгч Б, дүү Б, манай хүү бид хэд байсан...Оыг ерөөсөө танихгүй. Б манай хажуу өрөөнд байр түрээсэлдэг болохоор зүс танина...намайг аль аль нь цохиж, зодож хэл амаар доромжлоогүй...би аль алийг нь цохиж, зодож хэл амаар доромжлоогүй... ’ гэх мэдүүлэг /хх-ийн 41-43-рт/

 

Насанд хүрээгүй гэрч Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “...тэгсэн чинь хаалга хүчтэй цохих чимээ гарсан А ах, А эгч хоёр хаалга тайлахаар явсан. Тэгээд гэрээс гараад коридор руу гарсан. Би А эгчийн хүүхдийг хараад байж байсан ойролцоогоор 10 минутын дараа би араас нь гартал коридорт А ах нэг ахтай барьцалдсан байдалтай байсан. Тэгээд би цаашаа яваад Б гэдэг хүний гэр лүү ортол Б эгч манай эгч А-тай үсдэлцсэн байдалтай байж байсан, газраар тогоотой хоол асгарсан байсан. Тэгээд би Б гэдэг эгч А эгчтэй хоорондоо үсдэлцсэн байсныг нь тавиулаад А эгчийг дагуулаад гэртээ орсон. А эгч цагдаа дуудсан удалгүй цагдаа ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 57-58-рт/

 

Гэрч С.Оын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр би гэртээ байж байгаад оройн 21 цагийн үед Бтай утсаар яриад гэрт нь очсон. Оччихоод байж байгаад тэднийхээс гараад дэлгүүр ороод 2 литрийн савлагаатай боргио пиво 3 ширхгийг авсан. Тэгээд буцаж ороод Б бид 2 хуваагаад уусан. Б-нд 2 дүү нь хамт байсан. Пиво уугаад нэлээн согтсон байсан. Би тэндээс гараад хажуу өрөөний Аийн хаалгыг цохисон. А гараад ирэхээр нь бид 2 барьцалдаад коридор руу гарсан. Тэгээд намайг А унагаагаад дарсан. Удалгүй цагдаа хүрээд ирсэн...хүмүүс муудалцаад байх шиг байсан. Тэгэхээр нь юу болж байгаа юм бол гээд очоод хаалгыг нь цохисон...А бид 2 хоорондоо зодолдоогүй, зүгээр барьцалдсан. Намайг шөнө орой болчихсон байхад айлын хаалга цохилоо гээд маргалдсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 50-51-рт/

 

Насанд хүрээгүй гэрч Г.Дын мөрдөн байцаалтад өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 30- ны өдөр орой 21 цагийн орчимд манай эгч О манай эгчийн хүүхэд О бид хоёрыг Б эгчийндээ байж бай эгч нь айлын банш хийлцээд ирье гээд явсан. О бид хоёрыг Б эгчийнд ортол Б эгч, О гээд хүн бас байсан. Б эгч О гэдэг хүнтэй пиво уугаад байж байсан. Орой болоод унтах гээд байж байсан чинь О гэдэг хүн гараад явсан араас нь Б эгч гараад явсан. Тэгсэн чинь Б эгч хажуу айлын эгчтэй үстэлцсэн байдалтай Б эгчийн гэрийн босгонд бүдрээд унасан. Б эгч доор нь орчихсон, хажуу өрөөний эгч дээр нь гарчихсан байсан. Б эгч тэр эгчийг хажуу тал руу нь хөлөөрөө жийсэн чинь тэр эгч тогтоотой хоол руу унасан. Хажуу өрөөний эгчийн дүү нь орж ирээд тэр хоёрыг салгасан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн...надтай хамт манай эгчийн дүү О хамт байсан. Манай дүү О 5 настай. Манай дүү унтаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 52-54-рт/

 

Шүүгдэгч М.Бийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...тэгээд бид 2 Оын авч ирсэн пивыг хуваагаад уусан, 2 ширхгийг нь уугаад дуусаж байтал О манай гэрээс гараад явсан, тэгээд би удалгүй араас нь гартал О хажуу өрөөний Аийн нөхөртэй барьцалдаад муудалцаад байж байсан. Би очоод тэр хоёрыг салгах гэтэл А гараад ирсэн. Тэгээд А бид 2 муудалцсан тэгээд юу болсноо санахгүй байна. Тэгээд байж байсан чинь цагдаа ирээд О бид хоёрыг аваад явсан...бид 2 хоорондоо үсдэлцсэн, тэгээд манай гэрийн босгонд А бид 2 бүдрээд унасан. Би доор нь А миний дээр унасан, би А-г хажуу тийш нь хөлөөрөө жийсэн, А хажуу тийшээ унасан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй...О-тай 2 литрийн савлагаатай пиво 2 ширхгийг уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 87-89-рт/

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 54 дугаартай “...Д.Аийн биед зүүн хөхний зөөлөн эдийн няцрал, цээж, баруун бугалга, баруун тохой, баруун шуу, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2 болон түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Уг гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Зүүн хөхний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт,

Хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-30-рт/

М.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96рт/,

 

Говь-Алтай аймгийн Алтай сумын 3-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 110-рт/,

 

Хохирогч Д.Аийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65-68-рт/

       

М.Бийн урьд нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан ял шалгах хуудас /хх-ийн 115-рт/

 

М.Бийн өмгөөлөгч авахгүй гэх хүсэлт /хх-ийн 123-рт/, М.Б-н эрүүлжүүлэгдсэн тухай тэмдэглэл /хх-ийн 70-73-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт дэвсгэрт байрлах Мон-Алтайн хажуу талын 2 давхар нийтийн байранд 2021 оны 01 дүгээр сарын 30-аас 31-нд шилжих шөнө 23 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хажуу айлын хүн болох иргэн Д.Аийн үснээс нь үстэж, гулдарч чирч, хөлөөрөө баруун талын ташааны толгой хавьцаа жийж хоол хийж байсан халуун тогоо руу хөхөөр нь унагааж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Дээрх үйл баримт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн бөгөөд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.  

 

Уг гэмт хэргийг шүүгдэгч М.Б үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр шинжлэн судлагдсан хохирогч Д.Аийн мэдүүлэг, гэрч Д.А, С.Ор, насанд хүрээгүй гэрч Д.Б, Г.Д нарын мэдүүлэг, М.Бийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг, 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч М.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг  нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогч Д.А нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

Хохирогч Д.А нь мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтдээ “...М.Б нь надад 200.000 төгрөг өгсөн. Иймд би цаашид М.Бд гомдолгүй”  гэсэн байх тул шүүгдэгч М.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч М.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч М.Б хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяа нь 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай “хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх  тухай” тогтоол гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Улсын яллагч Ц.Батзаяа “шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч М.Б нь тохиолдлын шинжтэй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Ам бүл 7, ээж дүү нарын хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу, урд нь ял шийтгүүлж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялаас чөлөөлөх” саналыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шүүгдэгч М.Бг ялаас чөлөөлөх үндэслэлгүй байна гэж үзлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1-д “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй”  гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй гэж үзлээ. 

 

Иймд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч М.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, цалин хөлс зэргийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

 Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 200.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Мөн улсын яллагч нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тогтоол гаргаж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт холбогдох хуулийн заалтыг буруу бичсэн байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч З овогт Мийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай  болохыг тогтоосугай.

 

2. Шүүгдэгч М.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Бд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь хохирогчид 200.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА