Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 00413

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 10 өдөр                       Дугаар 142/ШШ2017/00413                                      Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1986 онд төрсөн, 31 настай, Орхон аймаг, Баян-Өндөр сум, 18-р баг, Баянбулаг, Баян-Өндөр, 1-1 тоотод оршин суух Хээр адуут овгийн Дамдинжавын Баярмаагийн /регистрийн дугаар ФБ86020923/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1985 онд төрсөн, 32 настай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол Тээвэрчдийн гудамж, 51-р байр, 46 тоотод оршин суух, Чимэд овгийн Баярсайханы Ганбаярт /регистрийн дугаар ЧЗ85082013/ холбогдох эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 11-ны өдөр хүлээн авч, 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мядагбадам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие төрөлхийн хэлгүй дүлий бөгөөд Б.Ганбаяр гэх хэлгүй дүлий залуутай 2007 оны 5 сард танилцаад хоорондоо мессежээр харьцдаг болсон. Ганбаяр нь Улаанбаатараас Эрдэнэтэд ирэн очин надтай уулздаг болсон. Ингээд 2007 оны 12 сард Ганбаяр ирж намайг аваад тэдний гэрт очиж аав, ээжтэй нь танилцаж тэднийд хэсэг байх хугацаанд жирэмсэн болж бидний дундаас хүү Батсүх 2008-08-26-нд төрсөн. Б.Ганбаяр нь жирэмсэн байхаас нь л очно очно гээд ирдэггүй төрсөний дараа ч ирээгүй алга болсон. Намайг төрөх гээд өвдөж байхад гэрээсээ Эрдэнэт явлаа гэж хэлээд гарсан мөртлөө Эрдэнэтэд ирээгүй өөр тийшээ явсан байсан.Ээж аав нь очоогүй юу танайх руу явсан гэж асууж байсан. Ингээд хүүгээ 7 сартай байхад нь нэг удаа Эрдэнэтэд ирж хүүгээ тэвэрч хамт зургаа авахуулчихаад яваад дахиж ирээгүй. Одоо хүү маань 7 настай эрүүл энх өсөж бойжиж байна. Иймд хүүхдийн эцгээр Б.Ганбаярыг тогтоож хүү Батсүхэд тэтгэлэг тогтоож өгнө үү” гэв.

Хариуцагч Б.Ганбаяр шүүхэд гаргасан тайлбартаа “Д.Баярмаагийн гаргасан нэхэмжлзлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Б.Ганбаяр нь төрөлхийн хэлгүй дүлий ба хөгжлийн бэрхшээлтэй ямар нэгэн хөдөлмөр эрхлэх боломжгүй. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2007 оны 7 сард Баярмаа гэх бүсгүйтэй танилцаад мэссежээр харьцдаг байсан. Удалгүй Д.Баярмаа жирэмсэн болсон гэдгийг сонссон. Тэд хамт амьдарч байгаагүй бөгөөд гэрлэлтийн баталгаа байхгүй. Удаан дотны харьцаатай байгаагүй. Олон жилийн дараа хүүхдийн тэтгэлэг нэхэж байгаад гайхаж байна. Д.Баярмаагийн гэр орноор олон хэлгүй дүлий хүүхдүүд орж гардаг байсан. Д.Баярмаа нь надаас өөр хүнтэй найзалдаг болсон тухай би эс сонссон. Д.Баярмаагаас төрсөн хүү миний хүүхэд мөн эсэхэд би эргэлзээ төрж байна. Энэ эргэлзээг арилгах тодруулах шаардлага гарч байгаа учир эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д.Баярмаа нь хариуцагч Б.Ганбаярт холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Д.Баярмаа Б.Ганбаяртай 2007 оны 5 сард танилцаад үерхэж байгаад жирэмсэн болж 2008 оны 08 дугаар сарын 26-нд хүү Д.Батсүхийг төрүүлсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр Д.Батсүхийг хариуцагч Б.Ганбаярын хүүхэд мөн болохыг тогтоосон.Иймд хүүхдийн эцгээр Б.Ганбаярыг тогтоож хүү Д.Батсүхэд хуулийн дагуу тэтгэлэг тогтоож өгнө үү” гэсэн тайлбар гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Оюунчулуун шүүх хуралдаанд “...Миний хүү Б.Ганбаяр төрөлхийн хэлгүй, дүлий юм. 2007 онд Эрдэнэтэд ирж байгаад Д.Баярмаатай танилцсан. Манай хүү 2 ч удаа Эрдэнэт рүү ирж байсан. Яагаад наашаа явж байгааг би ойлгоогүй. 2007 оны сүүлчээр шинэ жилээр манайд Д.Баярмааг дагуулж ирээд манайд 4-5 хоноод явсан. Хамтран амьдраагүй, гэрлэлтээ батлуулаагүй. ...Хүү маань гэнэт Эрдэнэт явахаа больсон. Яагаад Эрдэнэт явахгүй байгаа юм бэ? найз охин яасан бэ? гэхэд явахгүй гэсэн. Тэгсэн чинь жирэмсэн болсон гэсэн. Төрөх гэж байна, төрсөн байна гэсэн. Одоо яах вэ гэж хүүгээсээ асуухад би явахгүй, очихгүй тэр миний хүүхэд биш гэсэн. Д.Баярмааг Эрдэнэтэд өөр найз залуутай гэж сонссон гэсэн. Д.Баярмааг төрсөнийх нь дараа хүү маань нэг удаа Эрдэнэт орсон. Мөнгө аваад бэлэг сэлт аваад очсон. Түүнээс хойш холбоо тасарсан. Хүүхэд нь 7-8 нас хүрсэний дараа нэхэмжлэл ирсэн. Бид нар нэг их хэлтэй хүмүүс шиг яриад байдаггүй. Хаяа дохиогоор л ярьдаг байсан. Нэхэмжлэл ирсэн гэж байна гэхэд цусны шинжилгээ өгнө гээд хүсэлт өгсөн. Яах аргагүй хуулийн байгуулагаар гарцаагүй дүгнэлт гарсан байна. Манай хүү бол биш гэсэн тодорхойлолтыг өгч байсан. Үүнийг баримталж болмоор ч юм шиг, баримталж бас болмооргүй ч юм шиг байна. Б.Ганбаярынх одоо 3-5 насны 3 нялх хүүхэдтэй. Яг үнэнийг хэлэхэд миний дэмжлэгээр л явдаг. 11 нас хүртэл 50%-иар төлнө гэж байна. Үүнийг жаахан доошлуулж болох уу. Амьдралын нөхцөл байдал хүнд байна” гэсэн тайлбар гаргасан.

Зохигчид 2007 онд танилцан тэдний дундаас 2008 оны 08 сарын 26-нд хүү Б.Батсүх төрсөн, гэрлэлтийн баталгаагүй учир хүүг нэхэмжлэгч өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ авсан, хүү эхийн асрамжинд эрүүл бойжиж сурч хүмүүжиж байгаа зэрэг нь нэхэмжлэгчийн тайлбар, Б.Батсүхийн төрсний гэрчилгээний хуулбар, Баянбулаг багийн засаг даргын тодорхойлолт, Маргад сургуулийн 1/96 тоот тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Б.Ганбаяр Б.Батсүхийг өөрийн хүүхэд мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилж өгөхийг хүссэн хүсэлт гаргасныг дагуу шүүх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон ба шинжээчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 929 дүгээр дүгнэлтээр Б.Ганбаяр нь Б.Батсүхийн биологийн эцэг байх магадлал 99,99% гэж тодорхойлогдсон.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-д гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн ...хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно, 26 дугаар зүйлийн 26.2.2-д эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан.

Хариуцагч “...төрөлхийн хэлгүй дүлий ба хөгжлийн бэрхшээлтэй ямар нэгэн хөдөлмөр эрхлэх боломжгүй учраас хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй” гэсэн үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг төлөхөөс татгалзаж байгаа боловч хариуцагчийн энэ тайлбар нь түүнийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2008 оны 08 сарын 26-нд төрсөн хүү Б.Батсүхийн эцэг нь Б.Ганбаяр мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан Б.Ганбаяраас хүүхдийн тэтгэлэг гаргуулах нь үндэслэлтэй.

Гэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д Тэтгэлэг төлөгч өөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно гэж заасан.

Хариуцагч Б.Ганбаяр төрөлхийн хэлгүй дүлий, хөдөлмөрийн чадвар алдалт 100 хувиар, хугацаагүй тогтоогдсон, эрхэлсэн ажилгүй нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг болох нь Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шийдвэр, нийгмийн халамжийн тэтгэврийн 800806 тоот дэвтэр, 

тэрээр эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, эхнэр Э.Цэлмүүн нь мөн хөдөлмөрийн чадвар алдалт 50 хувиар, 1 жилийн хугацаатай тогтоолгосон зэрэг нь Г.Анусувд, Г.Билгүүн, Г.Анугэрэл нарын төрсний гэрчилгээний хуулбар, Г-425 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн шийдвэр, БГД 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул дээрхи нөхцөл байдлуудыг харгалзан үзэж хариуцагчийн төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7-д заасныг баримтлан хариуцагчийн сар бүр төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг тодорхой хувиар буюу хүү Б.Батсүхийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 30 хувиар 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн 70 хувиар тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Б.Ганбаяраас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2008 оны 08 дугаар сарын 26-нд төрсөн хүү Б.Батсүхийн эцэг нь Б.Ганбаяр мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2008 оны 08 дугаар сарын 26-нд төрсөн хүү Б.Батсүхийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 30 хувиар 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн 70 хувиар тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Б.Ганбаяраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА