| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2021/0199/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/231 |
| Огноо | 2021-04-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ж.Энхжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2021/ШЦТ/231
2021 04 06 2021/ШЦТ/231
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
улсын яллагч Ж.Энхжаргал,
шүүгдэгч В.Н /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн В.Н-д холбогдох эрүүгийн 2103 00044 0062 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1959 оны 11 дүгээр сарын 22-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн 61 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
В.Н /регистрийн дугаар /.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч В.Н нь 2021 оны оны 02 дугаар сарын 08-ны орой 18 цаг 45 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын хойд талын замд Хюндай Соната-7 маркийн 08-93 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Цэвэлмааг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч В.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургууд /хавтаст хэргийн 4-13-р хуудас/,
Хохирогч Б.Цэвэлмаагийн “...гэрлүүгээ алхаад явж байгаад явган хүний гарцан дээр ирээд зогссон, тэгтэл 2 машин зогсоод зам тавьж өгөхөөр нь би урдаасаа хойшоо чиглэлтэй гарч явтал ертөнцийн зүгээр баруун талаас гуравдугаар эгнээгээр явж байсан суудлын жижиг машин миний зүүн талаас ирж мөргөөд баруун талаараа газар унасан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 1440 дугаартай “...Б.Цэвэлмаагийн биед баруун атгаал ясны толгой, баруун тойгны бяцарсан хугарал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалт нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 49-50-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд хийсэн техникийн шинжилгээний дүгнэлт: “...Автомашины ерөнхий байдал иж бүрдлийн хувьд үүссэн дээрх гэмтлүүд ашиглалтын явцад үүссэн ослоос өмнөх гэмтлүүд тул осолд нөлөөлөхгүй...” /хавтаст хэргийн 56-62-р хуудас/,
Шүүгдэгч В.Н-гийн “...Би өөрийн эзэмшлийн Хюндай Соната-7 маркийн 08-93 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаад гэрээсээ 15 цаг болж гараад Тэди төв орж гар утсаа янзлуулсан. Тэди төвөөс 18 цаг өнгөрч байхад гараад гэр лүүгээ харих гээд явж байсан. Тэгтэл гэнэт миний баруун талын машины урдуур хүн гарч ирсэн. Тэгэхээр нь би сандарсандаа тоормос гишгэтэл нөгөө хүнтэй нилээн ойртсон байсан учир зогсож амжилгүй машиныхаа баруун урд хэсгээр мөргөөд газар унагаасан. Машинаас бууж ирээд хартал эмэгтэй хөгшин хүн байсан. Би өргөж босгох үед нөгөө эмэгтэй гар өвдөөд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би түргэн дуудах уу гэхэд би гэр лүү залгах хэрэгтэй байна гэж хэлсэн. Би тэр үед өөрийнхөө гар утсаар гэр лүү нь залгаад нөгөө хүний машиндаа суулгаад Гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгсөн. Би эмнэлэг дээр ирээд тэнд байдаг цагдаад тэмдэглүүлээд бичиг баримтаа өгөөд ослын газар луу явж үзлэг хийлгэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 85/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 79/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 83/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх 80/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 81/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 82/, Тээврийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоол /хх 96/, хохирогч, шүүгдэгч нарын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 92-94/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч В.Н нь 2021 оны оны 02 дугаар сарын 08-ны орой 18 цаг 45 минутын үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын хойд талын замд Хюндай Соната-7 маркийн 08-93 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Цэвэлмааг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Цэвэлмаагийн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 1440 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 49-50-р хуудас/, тээврийн хэрэгсэлд хийсэн техникийн шинжилгээний дүгнэлт /хавтаст хэргийн 56-62-р хуудас/, шүүгдэгч В.Нгийн мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял, тэнсэх, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.
Иймд шүүх шүүгдэгч В.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж, шүүгдэгч В.Н-д Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Н нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарлав.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Хохирогч Б.Цэвэлмаа нь “...В.Н 3.500.000 төгрөгийг төлсөн болно...нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч В.Н-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч Б.Цэвэлмаа нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч В.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Хэрэгт шүүгдэгч В.Н-гийн №5203 дугаартай жолооны үнэмлэх ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч В.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч В.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар жолоодох эрхийг хасаж, 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, шүүгдэгч В.Н-д Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах”, Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Н нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Н нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
6. Хохирогч Б.Цэвэлмаа нь гэм буруутай этгээдээс цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч В.Н нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт шүүгдэгч В.Н-гийн №5203 дугаартай жолооны үнэмлэх ирүүлснийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
10. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ