Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 413

 

                                                                                                                                                                                                                        

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Г.Г, М.Ш, Э.Э нарт

               холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Соёлмаа,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 310 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 13 дугаартай прокурорын эсэргүүцлээр Г.Г, М.Ш, Э.Э нарт холбогдох эрүүгийн 1710005940008 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Алиа овогт Гансүхийн Г.Г, 1900 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон их сургуулийн 2 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар аймгийн Асгат сум, 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД: 0000315/,

 

Зээрднүүд овогт Мөнхсэдэдийн М.Ш, 1997 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Эрчим хүчний сургуулийн цахилгаан хангамжийн ангийн 3 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 5, эцэг, эх, эгч нарын хамт ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй,, /РД: 00004/,

 

Зээрд нүд овогт Эрдэнэцогтын Э.Э, 1996 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн 3 дугаар дамжаанд суралцдаг, ам бүл 3, эх, дүүгийн хамт ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй,, /РД: 000010/,

 

             Г.Г, М.Ш, Э.Э нар нь 2017 оны 9 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Монгол” дээд сургуулийн орчим явж байсан иргэн Б.Золзаяад хүч хэрэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан, улмаар 177.200 төгрөгийн үнэлгээтэй цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдэн авч хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас: Г.Г, М.Ш, Э.Э нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: “...Яллагдагч М.Ш, Э.Э, Г.Г нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 10.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Тухайлбал: 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр яллагдагч М.Шээс өмгөөлөгч О.Сайнгэрэлийг байлцуулж мэдүүлэг /хх-162/ авсан боловч мөн өдөр Э.Э, Г.Г нарыг өмгөөлөгчгүй байцаасан /хх-165,   167/ байна. Улмаар хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой яллагдагч нарыг нэг өмгөөлөгч өмгөөлж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

2. Э.Э 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр гэрчээр мэдүүлэхдээ “...2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Зайсанд байрлах Xөдөө аж ахуйн их сургуулийн автобусны буудлын орчимд, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Тэмээтэй хөшөөний ойролцоо бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн” талаар мэдүүлсэн /xx-65/ байхад Э.Эгаас яллагдагчаар мэдүүлэг авснаар шалгах ажиллагааг хязгаарласан.

3. Хохирогч Б.Золзаяагийн удаа дараа өгсөн мэдүүлэгт “яллагдагч нар араас дагаж улмаар хүч хэрэглэн зодож эд зүйлийг нь авсан” талаар мэдүүлсэн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэг гэж хэргийг зүйлчилсэн нь үндэслэлтэй эсэх. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг шалгаж тогтоосноор Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үндэслэл болно. Иймд яллагдагч М.Ш, Э.Э, Г.Г нарт холбогдох эрүүгийн 1710005940008 дугаартай хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж дүгнэв. ...Яллагдагч М.Ш, Э.Э, Г.Г нарт холбогдох эрүүгийн 1710005940008 дугаартай эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч М.Ш, Э.Э, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Соёлмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх шийдвэрт заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

1. 2017 оны 9 дүгээр сарын 17-оос 28-нд шилжих шөнө Б.Золзаяа нь бусдад зодуулж эд зүйлээ алдсан гэх асуудалд 17100594 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, Г.Г, М.Ш, Э.Э нарыг гэрчээр байцаахад “хэргийг бүгдээрээ хамт үйлдсэн” талаараа харилцан эсрэг сонирхолгүйгээр мэдүүлдэг, улмаар тэдгээрийг яллагдагчаар татан, тогтоол танилцуулж мэдүүлэг авах үед “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” байх эрхийн хүрээнд өөрсдийгөө хамгаалан өөрөөр мэдүүлсэн ба мэдүүлэг авахад М.Ш нь өмгөөлөгч О.Сарангэрэлтэй мэдүүлэг өгч Г.Г, Э.Э нар нь өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө гээд мэдүүлгээ өгсөн. Яллагдагч Г.Г, Э.Э, М.Ш нар нь О.Сарангэрэл өмгөөлөгчийг өөрсдөө сонгон авсан. Иймд яллагдагч нараас хэргийн талаар анх эсрэг сонирхолгүй мэдүүлэг өгч байснаа яллагдагчаар татаж, мэдүүлэг авахад өөрөөр мэдүүлснийг бид мэдүүлэг өгөхөөс өмнө бус мэдүүлэг өгсний дараа дүгнэх юм. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 10.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Г.Г, М.Ш, Э.Э нарын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг харилцан эсрэг ашиг сонирхолтой гэж шүүхээс үзвэл өөр өөр өмгөөлөгч сонгон авах эрхээ хэрэгжүүлэх боломжийг ханган хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой юм.

2. Хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байхад Э.Э нь 2017 оны 12 дугаар сард гэрчээр мэдүүлэг өгөхдөө бусдын эд хөрөнгийг өмнө нь дээрэмдсэн талаар мэдүүлсний дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс шалгахад Э.Э дээрмийн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй тул түүнийг яллагдагчаар татаагүй бөгөөд эрүүгийн 1710005940008 дугаартай хэрэгт яллагдагчаар татаж мэдүүлэг авахдаа шалгаж, мөн цагдаагийн нэгдсэн сангийн мэдээллийг гаргуулан авах байдлаар давхар шалгаж тогтоосон байхад шүүх яллагдагч Э.Эг гэрчээр байцаахад өгсөн мэдүүлгийг шалгахаар заасан нь үндэслэлгүй юм.

3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2017 оны 9 дүгээр сарын 27-оос 28-нд шилжих шөнө Г.Г, М.Ш, Э.Э нар нь хохирогч Б.Золзаяагийн эд зүйлийг авах зорилгоор бус харин танхай сэдэлтээр зодож, улмаар цүнхтэй эд зүйлийг дээрэмдэж аван “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж улсын яллагчийн зүгээс яллаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.” гэж заасан бөгөөд яллагдагч нарын гэм бурууд шууд дүгнэлт хийж хэргийг прокурорт буцааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийг зөрчсөн байна. Иймд Г.Г, М.Ш, Э.Э нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 310 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Г.Г, М.Ш, Э.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Г, М.Ш, Э.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “...хэргийн бодит байдалтай нийцээгүй...” байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг “...Яллагдагч М.Ш, Э.Э, Г.Г нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 10.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн.

...Э.Э 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдөр гэрчээр мэдүүлэхдээ “...2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Зайсанд байрлах Xөдөө аж ахуйн их сургуулийн автобусны буудлын орчимд, 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Тэмээтэй хөшөөний ойролцоо бусадтай бүлэглэн 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн” талаар мэдүүлсэн /xx-65/ байхад Э.Эгаас яллагдагчаар мэдүүлэг авснаар шалгах ажиллагааг хязгаарласан.

...Хохирогч Б.Золзаяагийн удаа дараа өгсөн мэдүүлэгт “яллагдагч нар араас дагаж улмаар хүч хэрэглэн зодож эд зүйлийг нь авсан” талаар мэдүүлсэн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах” гэмт хэрэг гэж хэргийг зүйлчилсэн нь үндэслэлтэй эсэх. Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг шалгаж тогтоосноор Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх үндэслэлтэй...” гэсэн үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна.

 

Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгт ашиг сонирхлын зөрчилтэй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэв ашиг сонирхлын зөрчилтэй гэж шүүхээс үзвэл шүүхийн шатанд шүүгдэгч нарын өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах боломжтой байна.

 

Мөн шүүгдэгч Э.Эгийн гэрчээр өгөхдөө мэдүүлсэн хэрэгт прокуророос тодорхой ажиллагаа явуулахад гэмт хэрэг гарсан болон хохирогч этгээд тогтоогдоогүй байхад шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэснийг зөрчиж хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан нь хуулийн үндэслэлгүй болжээ.

 

Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаагаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг шалгаж тогтоосон байх ба хэргийн зүйлчлэлийн талаар анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.       

Г.Г, М.Ш, Э.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх тул шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, яллагдагчийн гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул “…шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар …дахин хэлэлцүүлэх…”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Г.Г, М.Ш, Э.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 310 дугаар захирамжийг хүчингүй болгож, прокурор Б.Соёлмаагийн бичсэн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 13 дугаартай прокурорын эсэргүүцлийг ханган Г.Г, М.Ш, Э.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл яллагдагч Г.Г, М.Ш, Э.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                                   Д.МЯГМАРЖАВ