Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00125

 

 

 

 

 

 

 

 

                                С.Саранчимэгийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2017/00485 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч С.Саранчимэгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Эрдэнэбулганд холбогдох

“5.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ганзориг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, нарийн бичгийн дарга Т.Эрдэнэзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч С.Саранчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Саранчимэг нь орон сууцны барилга бариулахаар Д.Эрдэнэбулгантай харилцан тохиролцож 2016 оны 5 сарын 30-ны өдөр Д.Эрдэнэбулганы гуйлтын дагуу урьдчилан түүний Худалдаа хөгжлийн банкны 5001302383 тоот дансанд 3,000,000/гурван сая/ төгрөг 2016 оны 6 сарын 7-ны өдөр, 2.000.000 /хоёр сая/ төгрөг бэлнээр нийт 5,000,000 төгрөгийг Д.Эрдэнэбулганд өгсөн байна. Гэтэл Д.Эрдэнэбулган нь барилгын ажлыг хийлгүй орхиж явсан бөгөөд түүнд өгсөн мөнгөө авахаар удаа дараа шаардсан боловч өгнө өгнө гэж явсаар өдийг хүрээд байна. Иймээс Д.Эрдэнэбулганаас 5,000,000 /таван сая/ төгрөгийг гаргуулж С.Саранчимэгт олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Эрдэнэбулган шүүхэд ирүүсэн тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. С.Саранчимэг нь орон сууцны 7x7 барилгын суурь, дүнзэн өрлөгийг хийлгүүлэх болж урьдчилгаа хөлс хүн тус бүрт 1.000.000 төгрөг өгөхөөр болж, 3.000.000 төгрөгийг миний дансруу шилжүүлсэн. Ингээд Эрдэнэтээс Улаанбаатар хотод очиж барилгын ажлыг эхлүүлэн ажиллаж эхэлсэн бөгөөд барилгын суурийг 7x7 биш 10x10 болгож цутгуулсан. Суурийг хийж дуусгаад, өрөлтийн ажлыг хийж эхлээд 6 үе өрөх бэлтгэлийг хангаж дүнзэн модыг зүлгэж ам гаргаж бэлтгээд суурь үеийг тавьж байх үед анх тохиролцсон ажлаасаа илүү ажил хийлгүүлэх асуудлаас болж талууд маргалдсан.Өөрөөх хэлбэл дахин үүдний өрөөний суурь өрлөгийг хийлгүүлэх, байшинг бүхэлд бариулах шаардлага тавьсан. Энэ талаар тохиролцоогүй гэтэл биднээр бариулахгүй татгалзаж байгаагаа хэлсэн тул бид нар буцсан. Цаашид хөлс өгөхгүй гэсэн. 2016 оны 5 сарын 23-наас 06 сарын 24-нийг хүртэл ажилласан бөгөөд барилгын суурийг босгох, өрлөг хийх гол ажлыг хийлгүүлчихээд тохиролцоогүй ажил хийсэнгүй гэж болиулсан атлаа одоо биднийг ажлаа хийгээгүй гэж худал гүтгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ганцаараа ажиллаагүй бөгөөд хамт ажиллаж байсан Пүрэвдорж, Батмөнх гэх 2 хүнийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж байна. Мөн Даваажав, Ундрах гэх хүмүүс ажиллаж байсан бөгөөд дээрх хүмүүст тус бүр 1.000.000 төгрөг өгч байсан. Бид тохиролцсон ажлынхаа дийлэнхийг хийсэн учир бид түүнд буцааж мөнгө өгөх ёсгүй гэж үзэж байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2017/00485 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2,350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Эрдэнэбулганаас 3.500.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Саранчимэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаарзүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Эрдэнэбулганаас 70,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Саранчимэгт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат давж заалдсан гомдолдоо:

Хариуцагч Д.Эрдэнэбулган болон нэхэмжлэгч С.Саранчимэг нар 2016.06.12 ны өдөр тохиролцож ажпын хөлсөө буцааж өгөх болсон байна гэсэн дүгнэлтийг хийж ажлын хөлсийг буцаан гаргуулахаар шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн тохиролцсон гэх баримтад хариуцагч маргалдаж мэтгэлццэг ба уг баримт нь маргаагүй баримт гэж шүүх үзэж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.2016.06.12 ны өдөр уг хэлцлийг хийсэн гэх өдөр ажлаа хэвийн хийгээд байж байсан цаг хугацаа болохыг Пүрэвдорж гэрчилсэн. Дээрх нотлох баримтыг шүүх анхаарч үзээгүй, нотлох баримтаар судлаагүй. Мөн дээрх баримт дахь цаг хугацаа гарын үсэг талууд зурсан гэх байдал нь талууд тохиролцжээ гэдгийг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй юм. Уг баримтын талаар хариуцагч би ийм тохиролцоо хийгээгүй гэж мэтгэлцдэг. Тохиролцоог хйисэн гэж нэхэмжлэгч нотлоогүй байхад уг баримтыг үнэн зөвд тооцож шүүх нотлох баримт гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Дээрх хэлцлийг хийгээгүй болохоо нотолсон баримт болох гэрч Пүрэвдоржийн гэрчээр асуусан баримт, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотолж байгааг шүүх анхаарч үзээгүй, судлаагүй.

Мөн шүүхээс хийсэн ажилд нь дүгнэлт хийсэн шинжээчийн дүгнэлтийг баримтлах шаардлагагүй гэж үзсэн нь хариуцагчийн ажилласан байдалд тохирсон хөлсөө авсан эсэхээ нотлох баримтыг үндэслэлгүй үгүйсгэлээ гэж үзэж байна. Хийсэн ажилдаа тохирсон хөлсийг тухайн үед авснаа нотлох зорилгоор шинжээч томилуулсан ба уг авсан ажлын хөлсөнд тохирсон ажлаа хийснийг шинжээч дүгнэсэн. Авсан хөлсөндөө тохирсон ажлаа хийснээ нотолсон баримтыг үгүйсгэж, ажлын хөлсийг буцаан олгох үндэслэлтэй гэж дүгнэхдээ Иргэний хуулийн 343 р зүйлийн 343.1, 343.2, 350 р зүйлийн 350.1.1 заалтыг баримтлан шийдвэрлэж, гэрээний үүргийг хариуцагч зөрчсөн гэж үзсэн. Үүнийг ямар нотлох баримтыг үндэслэн дүгнэж байгаа нь тодорхойгүй бөгөөд гэрээг үргэлжлүүлэх хүсэлгүй байсан нь нэхэмжлэгч өөрөө байсан талаар гэрч Пүрэвдорж гэрчилсэн. Уг нотлох баримтыг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 349 р зүйлийн 349.1,  352- р зүйлийн 352.2 заалтыг шүүх анхаарч үзээгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч С.Саранчимэг урьдчилгаа төлбөр 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Д.Эрдэнэбулган 10*10 харьцаатай байшин барих, нэхэмжлэгч С.Саранчимэг ажлын хөлс 10.000.000 төгрөг өгөхөөр харилцан тохиролцсоны үндсэн дээр нэхэмжлэгч ажлын хөлсний урьдчилгаа 5.000.000 төгрөгийг бэлэн болон бусаар шилжүүлж өгсөн, хариуцагч 10*10 харьцаатай байшингийн суурь цутгах, апалк зангидах ажлыг гүйцэт, 6 үе барих дүнзэн модыг зүлгэж ам гаргах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Хэдийгээр шүүх хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу түүний хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан ба шинжээчийн дүгнэлтэнд хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг “...зураг төсөл зохиох ажлын хөлс -500.000 төгрөг, дүнзийг харуулдах, өнгөлөх, углуурга бэлтгэхэд гарах ажлын хөлсний зардал – 3380.000 төгрөг, газрын хөрсийг тэгшлэх, суурь цутгах, апалз захнгидахад гарах ажлын хөлс –1.272.833 төгрөг нийт 5.152.833 төгрөг...” гэж гаргасан боловч хариуцагч нар ажлын хөлсийг анхнаасаа барилгын стандартанд заасан хэмжээгээр тохиролцоогүй байсныг харгалзан үзэж шүүх хэрэгт авагдсан “ажлын хөлсийг 1.500.000 төгрөгөөр тооцож үлдэгдэл 3.500.000 төгрөгийг буцааж өгөх” тухай талуудын гарын үсэг зурсан “тохиролцоо” гэсэн баримтыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч Д.Эрдэнэбулган нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотолж ирүүлсэн “...ажлын хөлсийг 1.500.000 төгрөгөөр  тохиролцсон” тухай  баримт болон ажлынхаа дийлэнхийг хийж гүйцэтгэсэн гэх тайлбар, татгалзлалаа нотолж чадаагүй  байна.

Учир нь хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг “5.152.833 төгрөг” гэж тооцсон шинжээчийн дүгнэлт нь хариуцагчийн  гаргасан “байшин барих ажлын дийлэнх хэсгийг барьж гүйцэтгэсэн”  гэх тайлбар, татгалзлалыг нотолж чадахгүй юм.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагаас 3500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, үлдэх 1500.000  төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын “...анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 р зүйлийн 343.1, 343.2, 350-р зүйлийн 350.1.1 заалтыг баримтлан шийдвэрлэж, гэрээний үүргийг хариуцагч зөрчсөн гэж үзсэн. Үүнийг ямар нотлох баримтыг үндэслэн дүгнэж байгаа нь тодорхойгүй бөгөөд гэрээг үргэлжлүүлэх хүсэлгүй байсан нь нэхэмжлэгч өөрөө байсан талаар гэрч Пүрэвдорж гэрчилсэн. Уг нотлох баримтыг шүүх анхаарч үзээгүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 349-р зүйлийн 349.1,352- р зүйлийн 352.2 заалтыг шүүх анхаарч үзээгүй...” гэж гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2017/00485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Х.Эрдэнэбулганы давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.УРАНЧИМЭГ

 

                          ШҮҮГЧИД                                                Б.БАТТӨР

                                                                                                 Б.ОЮУНЦЭЦЭГ