Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01445

 

О.О, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00274 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1152 дугаар магадлалтай,

О.О, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“М” ХХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д холбогдох,

1.М ХХК болон О.О нарын хооронд байгуулсан 2008 оны 9 сарын 04-ний өдрийн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээнд заасан шугам, тоног төхөөрөмжөөс түүний зөвшөөрөлгүйгээр холбогдсон гуравдагч этгээдтэй байгуулсан дулаанаар хангах гэрээнүүдийг цуцлахыг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д даалгах, О.О нь дулааны төвийн шугамнаас ЦТП буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамын 50 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоолгох,

2. А ХХК-аас М ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны дулаан дамжуулах төвд суурилуулсан дулаан солилцуурын иж бүрдэл, дагалдах тоног төхөөрөмж, дулаан дамжуулах төвийн насос, ЦПТ-ээс Хөх тэнгэр хороолол хүртэлх дулааны ирэх буцах хос шугам, худгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

“М” ХХК-ийн 2008 оны 9 сарын 04-ний өдрийн 01 тоот хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 4.5, 4.12 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 2008 оны 9 сарын 04-ний өдрийн 01 тоот хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг цуцлах тухай хариуцагч М ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээд “Жинхэнэ-Уянга” ХХК-ийн Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн талын дулааны төв шугамаас салбарлан Зайсан толгойг тойруулан татсан дулааны шугам, дулаан дамжуулах төвийг барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, Дулаан дамжуулах төв буюу ЦТП-д өөрийн хөрөнгөөр суурилуулсан дулааны ялтсан бойлерийг ашиглах, хамгаалах эрхэд саад учруулж буй О.Огийн үйлдлийг таслан зогсоож, уг хөрөнгийг эзэмших, ашиглах, өмчлөхөд саад учруулахгүй байхыг даалгуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, гуравдагч этгээд “Собт трейд” ХХК-ийн төлөөлөгч С.Ганбат, “Номин констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Огийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гүндалай, өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, нэхэмжлэгч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, хариуцагч Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Галбаатар, гуравдагч этгээд “Собт трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мандахсайхан, Ч.Отгонжаргал, М-Си-Эс проперти ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Банзрагч, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

1.Нэхэмжлэгч О.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.О, М ХХК-ийн хооронд 2008.09.04-ний өдөр Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээ байгуулагдаж, үүний дагуу манайх газраа өгч, М ХХК нь дулааны шугам татах асуудлыг шийдэж,  Зайсанд ЦТП буюу дулаан дамжуулах төвийг барьсан. Гэтэл хариуцагч М ХХК гэрээний 4.3, 4.7 дахь заалтуудыг зөрчиж бидний зөвшөөрөлгүй гуравдагч этгээдээс хөрөнгө оруулалт авч, дулаан дамжуулсан. О.О, М ХХК-ийн 2 талын зөвшөөрлийг авсан Жинхэнэ-Уянга ХХК, Эс девелопмент ХХК, Сипоко ХХК, Инэл ХХК, Америк сургууль зэрэг компаниуд байгаа, бусад нь зөвшөөрөл аваагүй. Хоёр тал ЦТП-г өөрсдийн эрэлт хэрэгцээндээ ашиглахаар барьж байгуулсан бөгөөд гуравдагч этгээд, бусдад дулаан дамжуулах гэж хийгээгүй.

Иймд М ХХК болон О.О нарын хооронд байгуулсан 2008.09.04-ний өдрийн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээнд заасан шугам, тоног төхөөрөмжөөс О.Огийн зөвшөөрөлгүйгээр холбогдсон гуравдагч этгээдтэй байгуулсан дулаанаар хангах гэрээнүүдийг цуцлахыг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д даалгаж, О.О нь дулааны төвийн шугамаас ЦТП хүрэх, буцах 2 шугамын 50 хувийг эзэмших эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: О.О гэрээний 3.1-д заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, 178 тоот техникийн нөхцөл хүчингүй болсон, гэрээний 3.2-т заасан ЦТП-ийн барилгын зургийг хийлгээгүй, гэрээний 3.3-т заасан ЦТП-ийн барилгыг өөрийн хөрөнгөөр барьж байгуулах үүргээ огт биелүүлээгүй. Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээний 2 дугаар зүйлд зааснаар дулааны шугам сүлжээ, ЦТП-гийн тоног төхөөрөмжийг суурилуулах үүрэг нь манай компанид байсан бөгөөд бид энэ үүргээ давуулан биелүүлсэн тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны 01 тоот гэрээний 4.5, 4.12-т маргаан үүсгэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй байхаар заасан нь Үндсэн хууль, Иргэний хуульд нийцэхгүй тул эдгээр заалтыг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож өгнө үү. Мөн 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээний 3.1, 3.2, 3.3-т үүргийг О.О биелүүлээгүй, гэрээ бодитоор хэрэгжээгүй тул гэрээг цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК шүүхэд гаргасан тайлбартаа: Эрчим хүчний газрын Техникийн нөхцөл олгох комиссын 2009 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 07/2009 тоот техникийн нөхцөл, зургийн дагуу гадна дулаан шугам, тоног төхөөрөмжийн монтаж угсралтын үеийн техник ашиглалт, аюулгүй ажиллагааны дүрэм, барилгын норм дүрмийн дагуу хийж байгаа эсэхэд манай байгууллагын инженер, техникийн ажилчид ажил үүргийнхээ дагуу хяналт тавьж ажилладаг. Гуравдагч этгээдүүдийг дулааны эрчим хүчний төвлөрсөн дулаан хангамжид холбосон нь хууль зөрчөөгүй тул компани, иргэнтэй байгуулсан дулааны эрчим хүчээр хангах гэрээгээ цуцлах, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хөндөх, зөрчих эрх байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэжээ.

Гуравдагч этгээд “Жинхэнэ-Уянга” ХХК шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Нэхэмжлэгч шаардлагадаа дурдаад байгаа дулааны шугам, дулаан дамжуулах төвийг барьж байгуулахад манай компани хөрөнгө оруулсан болох нь гэрээгээр нотлогдож байгаа. Түүнчлэн уг дулаан дамжуулах төвийн барилгын 1 дүгээр давхар нь М ХХК-ийн эзэмшил, өмчлөлийн барилга бөгөөд бид энэхүү барилгад өөрийн хөрөнгөөр дулааны ялтсан бойлер суурилуулан дулаанаар хангахад ашиглаж байна. Техникийн нөхцөлийн дагуу 7 Гкал/ц бүхий дулааны хэрэглээг зөвшөөрсөн, үүнээс хариуцагч болон гуравдагч этгээд болох компаниуд салбарлан авсан. Гэтэл О.О нь 2010 онд авсан 35/2010 тоот Гкал/ц дулааны хэрэглээ зөвшөөрсөн техникийн нөхцөлийг үндэслэн дулаан авахаар зүтгэж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн талын дулааны төв шугамаас салбарлан Зайсан толгойг тойруулан татсан дулааны шугам, дулаан дамжуулах төвийг барьж байгуулахад манай компани хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, Дулаан дамжуулах төв буюу ЦТП-д манай компанийн өөрийн хөрөнгөөр суурилуулсан дулааны ялтсан бойлерийг ашиглах, хамгаалах эрхэд саад учруулж буй О.Огийн үйлдлийг таслан зогсоож, уг хөрөнгийг эзэмших ашиглах өмчлөхөд саад учруулахгүй байхыг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.О сөрөг нэхэмжлэл болон бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Бид хүчин төгөлдөр гэрээний дагуу шаардлага гаргаж байгаа учир сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Харин бие даасан шаардлага нь нэхэмжлэлд хамаагүй. Жинхэнэ Уянга ХХК нь манайхаас зөвшөөрөл аваагүй байж байгаад сүүлд бид тохиролцож, манайд 100.000.000 төгрөг төлж, манайхаас дулаан авах зөвшөөрлийг өгсөн гэжээ.

2. Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус клмпани М ХХК-тай 2008, 2009 онд 4 гэрээ байгуулсан. Манайх гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, дулааны шугам сүлжээ, ЦТП-гийн тоног төхөөрөмжийг угсарч бүрэн хүлээлгэн өгсөн. Иймд Хөх тэнгэр хотхоны дулаан дамжуулах төвд суурилуулсан Systherm фирмийн 11630 kW ялтаст дулаан солилцуурын иж бүрдэл, дагалдах тоног төхөөрөмж, дулаан дамжуулах төвийн насос, ЦТП-гээс Хөх тэнгэр хороолол хүртэлх дулааны хос шугам, худгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М ХХК бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул нэхэмжлэлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: тус компани А ХХК-тай гэрээ байгуулж, тоног төхөөрөмж, туслах материалын хамт нийлүүлэх ажлыг тус тус хийж гүйцэтгүүлсэн. Ажил 1.734.442.700 төгрөгийн өртөгтэй байсан. Манайх 516.398.210 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 1.218.044.490 төгрөгийг төлөөгүй, төлж чадахгүй байгаа учир дээрх тоног төхөөрөмж, угсрагдсан зүйлийг А ХХК-ийн өмч болохыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйл байхгүй тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзахгүй гэжээ.

Гуравдагч этгээд “Собт трейд” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: О.О болон А ХХК, М ХХК-иуд нь маргаан бүхий 114.2 метр дулаан шугам, тоног төхөөрөмжийг анх барихдаа манай компанийн эзэмшлийн газар дээгүүр дур мэдэн үйл ажиллагаа явуулж, хөндлөн байрлалаар хос 2 шугам явуулж хааснаас бид өөрийн газартаа бүтээн байгуулалт хийх боломжгүй болсон ч тохиролцсон. Манай компанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Маргаан бүхий шугам явсан газар нь манай компанийн эзэмшилд байгаа тул дулаанаар хангах гэрээг цуцалсан тохиолдолд зөвшөөрөлгүй явсан шугам хоолойн тухай асуудал сөхөгдөх болно. Анх дулаан дамжуулах төв нийтийн эрх ашгийн төлөө барьж байгаа гэхээр нь манай компани зөвшөөрсөн. Гэтэл одоо хувийн эрх ашгаа бодож өмчийн маргаан үүсгэж байна. Гуравдагч этгээдүүдийн эрх ашгийг харгалзан үзэж хэргийг шийдвэрлэхийг хүсэж байна гэжээ.

Гуравдагч этгээд “М-Си-Эс проперти” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: М ХХК нь шаардлагатай дулаанаар хангах үүрэгтэй, бид хөрөнгө оруулалт хийж, Эрчим хүчний яамнаас техникийн нөхцөлөө гаргуулсан. Манай компани Америк сургуулийн эсрэг талд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хууль зөрчсөн зүйл байхгүй. Эрчим хүчний яамнаас зохих баримт бичгийг бүрдүүлэн хуулийн дагуу техникийн нөхцөлөө аваад төслөө хэрэгжүүлэхээр бэлтгэж байна гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00274 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2, 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.1-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан дахь Аялал жуучлалын цогцолборын дулааны төвийн шугамаас ЦПТ буюу дулаан дамжуулах төв хүртэлх 2 шугамын 50 хувийг О.О эзэмших эрхтэй болохыг тогтоож, М ХХК болон О.О нарын хооронд байгуулсан 2008 оны 9 сарын 04-ний өдрийн 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-нд заасан шугам, тоног төхөөрөмжөөс О.Огийн зөвшөөрөлгүйгээр холбогдсон гуравдагч этгээдтэй байгуулсан дулаанаар хангах гэрээнүүдийг цуцлахыг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар М ХХК болон О.О нарын хооронд байгуулагдсан 2008 оны 09 дүгээр 04-ний өдрийн 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-ний 4.5, 4.12 дахь заалтуудыг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.1-т зааснаар М ХХК болон О.О нарын хооронд 2008 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан 01 тоот Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ-г цуцлах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 9.4.2-т зааснаар О.Од холбогдох Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн талын дулааны төв шугамаас салбарлан Зайсан толгойг тойруулан татсан дулааны шугам, дулаан дамжуулах төвийг барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, Дулаан дамжуулах төв буюу ЦТП-д манай компани өөрийн хөрөнгөөр дулааны ялтсан бойлер худалдан авч суурилуулан ашиглаж байхад уг дулаан дамжуулах төвийг хамтран эзэмшдэг болсон гэх иргэн О.О нь харуул хамгаалалт тавьж дулааны төв рүү оруулж гаргахгүй, өөрийн өмч хөрөнгөө ашиглаж, хамгаалах эрхэд саад учруулсан үйлдлийг таслан зогсоож, цаашид манай компани өөрийн өмч хөрөнгөө эзэмших, ашиглах, өмчлөхөд саад учруулахгүй байхыг даалгуулах тухай Жинхэнэ-Уянга ХХК-ийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т зааснаар М ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны дулаан дамжуулах төвд суурилуулсан Швед улсад үйлдвэрлэгдсэн Systherm фирмийн 11630 кW ялтаст дулаан солилцуурын иж бүрдэл, дагалдах тоног төхөөрөмж, дулаан дамжуулах насос, ЦТП-ээс Хөх тэнгэр хороолол хүртэлх дулааны ирэх буцах хос шугам, худгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох А ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О.Огээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.533.352 төгрөг, нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 8.830.163,50 төгрөг, Жинхэнэ-Уянга ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагч М ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 1.533.352 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Од олгож, нэхэмжлэгч О.Огээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж М ХХК-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл түүнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1152 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00274 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч А ХХК, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А ХХК-ийн төлсөн 8 830 165 төгрөгийг, хариуцагч М ХХК-ийн төлсөн 1.603.552 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1152 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2048 дугаар магадлалд заасан ажиллагааг хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. 2008 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний 3.1, 3.2, 3.3-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь ЦТП-ын барилга барих газрыг эзэмших, ашиглах эрхийг өөрийн нэр дээр байлгах өөрөөр хэлбэл өөрийн эзэмших, ашиглах эрх бүхий газар дээр гэрээнд заасан ЦТП-ын барилгыг бариулах, ЦТП барих техникийн нөхцөлөөр хангах үүргийг хүлээсэн байдаг ба үүний хариуд хариуцагч “МФикс капитал” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн ЦТП-ын барилга, дулааны шугамны тоног төхөөрөмжийн 50 хувийг эзэмших эрхтэй байхаар гэрээг байгуулсан. Гэвч хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч О.О нь хариуцагч Мфикс капитал ХХК-тай байгуулсан “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдсоор байхад давж заалдах шүүх энэхүү нөхцөл байдлыг тодруулалгүйгээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд ханган шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй юм. Учир нь О.О болон Мфикс капитал ХХК-ийн байгуулсан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь 1-р хавтаст хэргийн \53-р тал\-д авагдсан 07\2009 дугаар техникийн нөхцөл, \108-р тал\-д авагдсан “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2\1687 тоот албан бичиг, 8-р хавтаст хэргийн \30-р тал\-д авагдсан газар чөлөөлүүлэх мэдэгдэл, \216-р тал\-д авагдсан “Geo master” ХХК-ийн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 17\т\122 дугаар тодорхойлолт, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1504 дугаар захирамж зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Анхан болон давж заалдах шатны шүүх “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны 01 тоот гэрээ”-ний 4.5, 4.12 дах заалтууд шүүхээр эрхээ хамгаалуулах хуульд заасан эрхийг хязгаарласан, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүй хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах Иргэний хуульд заасан зарчимд нийцээгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосон боловч Талуудын хооронд хийгдсэн хамтран ажиллах гэрээг хэрэгжиж дууссан, энэ талаар хүчин төгөлдөр шийдвэрүүд гарсан, нэхэмжлэгч О.О нь гэрээний үүрэг зөрчсөний улмаас гэрээ цуцлах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх уг гэрээг цуцлах хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна ... ” гэж дүгнэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэслэлгүй юм. Дээрх маргаан бүхий хэргийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 2048 дугаар магадлалын агуулгаас үзвэл гуравдагч этгээд нарт тэдгээрийн эрх, үүргийг тайлбарлаж өгөх, тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулах асуудлыг шийдвэрлэсэн боловч анхан шатны шүүх магадлалд заасан ажлыг хийлгүйгээр 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр маргаан бүхий хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн нь гуравдагч этгээд нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд зогсохгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн болно. Түүнчлэн гуравдагч этгээд нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь мэтгэлцэх зарчим зөрчигдсөн үйлдэл болсон.

Иймд энэхүү нөхцөл байдлын харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн иргэний. хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын. 3.0-ны өдрийн 181/ШШ2018/00274 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1152 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Собт трейд” ХХК-ийн ерөнхий захирал С.Ганбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 1б-ны өдрийн 1152 дугаартай магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд хандан гомдол гаргаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад “ ...иргэн О.О-“Мфикс капитал” ХХК-ийн хооронд 2008.09.04-ний өдөр “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны № 01 тоот гэрээ байгуулсан гэх ба гэрээний 4.3, 4.7 дахь заалтыг зөрчиж бидний зөвшөөрөлгүй гуравдагч этгээдээс хөрөнгө оруулалт авч, дулаан дамжуулсан үйлдлийг таслан зогоолгох тухай байсан. “Мфикс капитал” ХХК болон О.Одсурэн нарын хооронд байгуулсан 2008 оны 09-р сарын 04-ний өдрийн 01 тоот “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ ”-нд Нэхэмжлэгчийн тусдаа байгаа шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэсэн анхан болон давах шатны шүүх нэгтгэж шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэсгүй. Нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд эд хөрөнгийн өмчлөлийн маргаан үүсэхийг үгүйсгэхгүй. Өмчлөлтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдэхдээ давхар гуравдагч этгээдүүдийн эрх ашгийг зөрчсөнд гомдолтой байна. Учир нь Эрчим хүчний тухай хуулиар Цахилгаан, дулаан түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Монгол Улсын хэмжээнд “Улаанбаатар дулааны сүлжээ’ ТӨХК юм. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 16.2, 16.3.1, 29.1.1-д “...тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хэрэглэгчийг цахилгаан, дулаан, түгээх сүлжээнд холбох үүрэгтэй гэж заасан байдаг. Хуулийн 30.1.1-д Хэрэглэгч стандартад нийцсэн эрчим хүчээр хангагдах эрхтэйг заасан байдаг. Иймд төрийн байгууллага /УБДС ТӨХК/-аас найдвартай дулааны эх үүсвэрээр хангагдах эрхээ эдэлж гэрээ байгуулан хуулийн хүрээнд төрийн үйлчилгээ авч байгаа олон арван гуравдагч этгээдүүдийн эрх ашгийг үл хүндэтгэсэн явдал юм. Мөн нэхэмжлэгч “Ану сервис” ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэл нь үндсэн нэхэмжлэлтэй хамааралгүй байх ба ашиг сонирхлын 2 өөр байр суурьтайгаар нэхэмжлэлийн шаардлагыг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл “Ану сервис” ХХК-нь “Мфикс капитал” ХХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлснийхээ үр дүнд буюу өр төлбөрт гэрээний дагуу өөрийн өмчлөлийн зүйлийн эзэмшигчээр тогтоолгох сонирхолтойгоор иргэний хэрэгт оролцдог. Гэвч шүүх үүнийг О.Огийн нэхэмжлэлийн шаардлагатай нийцүүлэн хэргийг хамтад нь шийдвэрлэхээр “нэгтгэж шийдвэрлэсэн” нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Гэвч Ану сервис ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг түүний хариуцагч болох “Мфикс капитал” ХХК хэрэг хянан шийдвэрлэх явцад хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд үүнийг хэргээс тусгаарлан шийдвэрлээгүй нь хууль хэрэглээний алдаа гаргасан ба хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэжээ гэж үзэх үндэслэлтэй байна. Маргаан бүхий хэргийг хянан шийдвэрлэхдээ эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй “Хан бэлчир”, “Эх газрын эрдэнэс”, “Америк сургууль”, “Инэл , “Койнвол”, “Далай омбо”, “Гантулга бор”, “Рома инвестмент”, “Бөхбат”, “Эс деволопмент , “Номин констракшн”, “Сипоко”, “Зайсан максим”, “Фуошин”, “Жинхэнэ Уянга”, “Эм Си Эс Проперти”, “Собт трейд” гэсэн 17 аж ахуйн нэгжийг гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдсэн байдаг. Үүнийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.09.13-ны өдрийн 2048 дугаартай магадлалд эрх ашиг нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээдүүд тэдгээрийн эрх, үүргийг тайлбарлаж өгөх, шүүх хуралдаанд оролцуулах асуудлыг шийдвэрлэсэн боловч анхан шатны шүүх тов мэдэгдэх хуудас явуулсан гэдэг ганцхан шалтгаанаар хэргийг тэдний эзгүйд хянан шийдвэрлэж байгаа нь хэргийг үнэн зөв бодитой шийдэх эсэх нь эргэлзээ төрүүлэхүйц байгаа бөгөөд тэдгээрийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулан хэргийн шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг маш ноцтойгоор зөрчиж хууль буруу тайлбарласан байна гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1152 дугаартай магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцүүлэхээр буцааж, эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийн эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Номин констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн Иргэний Хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 00274 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1152 дугаар магадлал нь:

а\ эрх ашиг нь илэрхий хөндөгдсөн гуравдагч этгээдүүдийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хийгдсэнээрээ,

б\ гуравдагч этгээдүүдийн дулааныг нь хаалган шахалт дарамт үзүүлж өөрсдөө хууль бус нэмэгдэл орлого олох боломжийг “Мфикс Капитал” ХХК болон Иргэн О. Одсүрэн нарт олгож байгаагаараа,

в\ хууль эрх зүйн үндэслэлгүй гарснаараа болон хууль буруу хэрэглэснээрээ,

г\ анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан зөрчлүүдийг анхааралдаа аваагүйгээрээ

д\ Дулааны түгээх төв болон шугам тавихад нь “Мфикс Капитал” ХХК-нд гэрээнд заасны дагуу хөрөнгө оруулсан гуравдагч этгээдүүд, тэр дундах “Номин Констракшн” ХХК- ийг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчиж байна. Энэ харилцаа нь тусгай зөвшөөрөлтэй харилцаа төдийгүй гэрээний харилцаа учраас ерөнхий зохицуулалт нь Иргэний хуулиар, нарийвчилсан зохицуулалт нь Эрчим хүчний тухай хууль.түүнд үндэслэсэн Дулааны эрчим хүчээр хангах журам, Дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журмаар зохицуулагддаг. Гэтэл шүүх маргааныг дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх харилцаа гэж үзэж хууль тогтоомжийн нарийвчилсан зохицуулалтуудыг хэрэглэлгүй зөвхөн 2 талын Хамтран ажиллах гэрээ гэсэн баримтыг нэг талаас нь харж тайлбарлаж шийдвэрээ гаргасан нь буруу байна. Учир нь эрх бүхий байгууллагаас баталсан Дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл олгох журам гэж бий. Энэ журмын 5.3-т техникийн нөхцлийн дагуу холбоход шугам өргөтгөх, холбох төв байгуулах зэрэг шаардлага гарвал зардлыг холбуулагч хариуцахаар заасан байдаг. Энэ хүрээнд О.О дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл, дулааны холбох төв барьж болох газраа гаргаж М ХХК дулаан холбох төвийн тоног төхөөрөмжийг нийлүүлж дулаан холбох төвийн барилгыг барьж эхэлсэн байдаг. Харин энэ гэрээний явцад иргэн О.Огийн нэр дээрх дулааны эрчим хүчээр хангах техникийн нөхцөл нь сунгуулаагүйгээс хүчингүй болж М ХХК нь техникийн нөхцөл бүхий гуравдагч этгээдүүдээс хөрөнгө төвлөрүүлж дулааны холбох төвийг гол түгээх шугамын хамтаар барьж дулааны эрчим хүчинд холбосон байдаг. Дулааны эрчим хүчээр хангах, хангагдах харилцаа, тэр дундаа дулаан хангамжийг зогсоох, түдгэлзүүлэх харилцааг хууль тогтоомжоор зохицуулагддагийг шүүх анхааралгүй зөвхөн хувь этгээдүүдийн хооронд байгуулсан гэрээний заалтыг үндэслэж дулаан хангамжийг таслахаар тогтоож байгаа нь буруу байна. Харин УБДС ТӨХК нь дулаан дамжуулах, дулаан түгээх тусгай зөвшөөрөлтэй, дулаан хангамжийг Улаанбаатар хотын хэмжээнд дамжуулах түгээх үүрэгтэй, дулааны эрчим хүчний хууль тогтоомжид зааснаар дулаан хангамжийг зогсоох, түдгэлзүүлэх эрхтэй субьект нь юм. Одсүрэн түүний авга ах Гүндалай нь гэрээгээ зөрчсөн М ХХК-тайгаа учраа хоорондоо олж хэрвээ орлого олсон байвал түүнийгээ хуваалцалгүй зарим гуравдагч этгээдийн дулааныг тасална гэж сүрдүүлж дарамталж байгаад их хэмжээний мөнгө авсан, тэгээд тэдэнд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан нь өмнөх олон удаагийн шүүхийн шийдвэрүүдэд ч тодорхой байгаа. Номин Констракшн ХХК-иас л гэхэд Гүндалай 300,0 сая төгрөг нэхсэнийг л гэхэд би Гүндалайтай уулзсаны хувьд гэрчилнэ. Шүүх тэр дулааны узель, шугам хэний, ямар хэмжээний хөрөнгөөр боссон болох талаар, 3-дагч этгээдүүдээс хир хөрөнгө цугларсан болох талаар, Хамтрагч хоёр тал ямар ашиг олсон болох талаар, түүнийгээ хуваагаагүй бол Одсүрэнд ямар ашиг ногдох байсан болох талаар зэрэг олон асуудлыг огт тогтоогоогүй нь ийм хийсвэр шийдвэр гаргаж хөндлөнгийн 3-дагч этгээдүүдийг дулааныг нь тасалж хохироох гэж байна.

Иймээс эдгээр хууль бус шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогджээ. Үүнд:

1.О.О болон “Мфикс капитал” ХХК-ийн хооронд 2008 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр байгуулагдсан Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээгээр талууд Зайсан дах аялал жуулчлалын цогцолборын барилгыг дулаанаар хангах, дулааны төв магистрал шугам татах, түүнд зориулагдсан тоног төхөөрөмж болон ЦТП-ийн барилга барих зэрэг ажлуудыг харилцан тохиролцсоны үндсэн дээр хамтран гүйцэтгэж, хамтран эзэмшихээр тохиролцсон ба уг ажлуудыг хийж гүйцэтгэхэд 2 талын хөрөнгө оруулалт, үүрэг хариуцлага нь 50:50 хувь байна гэжээ. Талууд гэрээнд заасны дагуу Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан аялал жуулчлалын төвийн дулаан дамжуулах төвийг барьж ашиглалтад оруулсан боловч гэрээний зарим заалтын талаар маргаан үүсчээ.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 28-ний өдрийн 978 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн 609 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 8-ний өдрийн 674 дүгээр тогтоолоор Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан аялал жуулчлалын цогцолборын дулаан дамжуулах төв /ЦТП/ болон түүнд суурилагдсан тоног төхөөрөмжийг “Мфикс капитал” ХХК 50 хувь,  О.О 50 хувийг өмчлөх, эзэмших эрхтэй болохыг тогтоож, Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу О.О ЦТП-ийн барилгад нэвтрэх, түүнийг ашиглах үйл ажиллагаанд оролцоход саад болохгүй байхыг “Мфикс капитал” ХХК-д үүрэг болгожээ.

Түүнчлэн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 13-ний өдрийн 793 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 8-ний өдрийн 614 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 13-ний өдрийн 523 дугаар тогтоолоор “Мфикс капитал” ХХК нь О.Отэй байгуулсан 2008 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн гэрээний 4.3, 4.7 дах заалтуудыг зөрчиж, О.Огийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдүүдтэй гэрээ байгуулж дулаан өгсөн болохыг тогтоож, гэрээний заалтыг биелүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн  ба  дээрх шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй ба О.О болон “Мфикс капитал” ХХК нь ЦТП, түүнд суурилагдсан тоног төхөөрөмжийг адил хэмжээгээр  өмчлөх, эзэмших эрхтэй болох нь, мөн “Мфикс капитал” ХХК нь О.Огийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдүүдтэй гэрээ байгуулах эрхгүй болох нь шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогджээ.

2. О.О нь дулаан дамжуулах төвийн шугамаас ЦТП хүрэх /буцах/ 2 шугамын  50 хувийг эзэмших эрхтэйг тогтоолгох шаардлагыг  “Мфикс капитал” ХХК-д, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр дулааны шугам, тоног төхөөрөмжид холбож дулаан хангах гэрээ байгуулсан гуравдагч этгээдүүдтэй байгуулсан гэрээг цуцлахыг даалгах шаардлагыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д тус тус холбогдуулан гаргажээ.

2.1.Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний 4.1.-т “...дулааны төвийн шугамаас ЦТП хүрэх /буцах/ шугам,... 2 талын нийт хөрөнгө оруулалтын 50 хувь гэж хүлээн зөвшөөрнө” гэжээ. Дээр дурдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт нэхэмжлэлд дурдсан шугамын эзэмшлийн асуудал тусгагдаагүй тул энэхүү шаардлагыг шүүх шийдвэрлэх шаардлагатай. 

Устгах буюу зориулалтыг нь алдагдуулахгүйгээр салгаж үл болох бүрдэл хэсэг нь хуульд заасан тохиолдолд иргэний эрх зүйн харилцааны бие даасан объект болохоор Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.1.-т тодорхойлсон. Маргааны зүйл болж буй дулааны төвийн шугамаас ЦТП хүрэх, буцах шугам нь дулаан дамжуулах төвийн бүрдэл хэсэг тул талууд гэрээнд зааснаар адил тэнцүү хэмжээгээр эзэмших эрхтэй.

2.2. Хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь нэхэмжлэгч О.Ог тухайн ЦТП-ийн өмчлөгч болохыг үгүйсгээгүй боловч нэхэмжлэлээс татгалзахдаа өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэй гэсэн тайлбар гаргажээ. 

Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9.-д зааснаар О.О болон “Мфикс капитал” ХХК-ийн өмчлөлийн ЦТП нь эрчим хүчний барилга байгууламжид хамаарах тул хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т заасан “түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах” гэсэн зохицуулалт өмчлөгч нарт нэгэн адил хамаарна.

Иймд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь тухайн шугамд бусад  хэрэглэгчийг холбохдоо Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.7-д зааснаар “Мфикс капитал” ХХК-с гадна ЦТП-ийн 50 хувийн өмчлөгч О.Огээс  олгосон зөвшөөрлөөр гүйцэтгэх үүрэгтэй. 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны зүүн хэсэгт байрлах дулаан дамжуулах төвд нийт 18 иргэн,  хуулийн этгээд  холбогдож, дулаанаар хангагддаг болох нь “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 7-ний өдрийн 13/2422 дугаар албан бичигт дурдсан /хэргийн 9 дүгээр хавтас 59 дүгээр тал/ байх ба нэхэмжлэгч нь Жинхэнэ-Уянга ХХК, Эс девелопмент ХХК, Сипоко ХХК, Инэл ХХК, Америк сургуулиас бусад хэрэглэгчдэд зөвшөөрөл өгөөгүй талаар тайлбар гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Тухайн ЦТП-д холбогдож дулаанаар хангагддаг бусад гуравдагч этгээдүүд өмчлөгч О.Огээс зөвшөөрөл авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ тохиолдолд хариуцагч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК нь татгалзлаа нотолж чадаагүй гэж үзнэ. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т зааснаар өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах  эрхтэй бөгөөд нэхэмжлэгч О.Огийн нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ. 

3. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр хотхоны дулаан дамжуулах төвд суурилуулсан дулаан солилцуурын иж бүрдэл, дагалдах тоног төхөөрөмж, дулаан дамжуулах төвийн насос, ЦПТ-ээс Хөх тэнгэр хороолол хүртэлх дулааны ирэх буцах хос шугам, худгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан ба хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх хүсэлт гаргажээ.

Дээрх нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан 2008 оны 8 дугаар сарын 12-ний өдрийн Бараа бүтээгдэхүүн нийлүүлж ажил гүйцэтгэх гэрээгээр  “А” ХХК нь Хан-уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн амны Blue Sky цогцолборын 2 дугаар хэлхээний гадна дулааны шугамын материал нийлүүлэх, угсрах ажлыг хийж гүйцэтгэх,  “М” ХХК нь ажлын нийт өртөг 1.095.461.700 төгрөгийг тогтоосон хугацаанд харилцан төлөхөөр тохирчээ. Мөн талууд 2009 оны 7 дугаар сарын 6, 2009 оны 7 дугаар сарын 28-ний өдөр Тоног төхөөрөмж нийлүүлэх, 2009 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулжээ  /хэргийн 7 дугаар хавтас 124-142 дугаар тал/. 

“Ану сервис” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа “...гэрээний дагуу хариуцагч 1.734.442.700 төгрөг төлөхөөс 516.398.210 төгрөг төлсөн, үлдэх 1.218.044.490 төгрөгийг төлөөгүй, төлж чадахгүй байгаа тул тоног төхөөрөмжийн өмчлөгчөөр тогтоолгоно” гэжээ.

Гэвч тухайн ЦТП болон тоног төхөөрөмжийн өмчлөгч нь О.О болон “М” ХХК болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул нэхэмжлэлийг  хангах үндэслэлгүй.

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4.-т “дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, “М” ХХК нь хамтран өмчлөгч О.Огийн зөвшөөрөлгүйгээр ЦТП болон тоног төхөөрөмжийн өөрт ногдох хэсгийг бусдад шилжүүлэх эрхгүй тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

4. Хариуцагчийн хүсэлтээр шүүх  “Номин констракшн” ХХК, “Жинхэнэ уянга”ХХК, “Зайсан максим” ХХК, “Сипоко” ХХК, “Эс девеломент” ХХК,  “Эм Си Эс Проперти” ХХК, “Ханбэлчир” ХХК, “Фүюүшин” ХХК, “Эх газрын эрдэнэс” ХХК, “Америк сургууль”, “Инэл” ХХК, “Койнвал” ХХК, “Далай омбо” ХХК, “Гантулга бор” ХХК, “Рома инвестмент” ХХК, “Бөхбат” ХХК, “Софт трейд” ХХК болон иргэн Ганбаяр нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулжээ.

Гуравдагч этгээд “Жинхэнэ-Уянга” ХХК шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа “Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн талын дулааны төв шугамаас салбарлан Зайсан толгойг тойруулан татсан дулааны шугам, дулаан дамжуулах төвийг барьж байгуулахад хөрөнгө оруулалт хийсэн болохыг тогтоолгох, Дулаан дамжуулах төв буюу ЦТП-д өөрийн хөрөнгөөр суурилуулсан дулааны ялтсан бойлерийг ашиглах, хамгаалах эрхэд саад учруулж буй О.Огийн үйлдлийг таслан зогсоож, уг хөрөнгийг эзэмших, ашиглах, өмчлөхөд саад учруулахгүй байхыг даалгуулж өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд нь дулааны төвд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээ тодорхойлоогүй, энэ талаарх баримтгүйгээс гадна О.Огийн ямар үйлдлээс бойлерийг ашиглаж чадахгүй байгаагаа нотолж чадаагүй байна.

Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгч О.Огийн нэхэмжлэлийг хангаж, “Ану сервис” ХХК-ийн нэхэмжлэл болон “Жинхэнэ уянга” ХХК-ийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгохдоо хуулийг зөв  тайлбарлан хэрэглэжээ.

“М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж заримыг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. 

Анхан шатны шүүх гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч нарт эрх үүргийг тайлбарлан өгч, улмаар хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх боломжоор хангаж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдол үндэслэлгүй гэж үзнэ.

Харин нэхэмжлэгч О.О нь Эрчим хүчний хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10.-т  өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс  бусад  хэрэглэгчийг  холбуулах үүрэгтэй тул гуравдагч этгээдүүдэд зөвшөөрөл олгож, гэрээг шинээр байгуулахад саад болох учиргүй. 

Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Жанчив, гуравдагч этгээд “Собт трейд” ХХК-ийн төлөөлөгч С.Ганбат, “Номин констракшн” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Чинбат нарын гомдлыг хангах боломжгүй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1152 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2018/00274 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...гэрээнүүдийг цуцлахыг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-д даалгасугай” гэснийг “...гэрээнүүдийг цуцалж, өмчлөгч О.О болон “М” ХХК-ийн зөвшөөрлийн дагуу гэрээ байгуулахыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-д үүрэг болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК, гуравдагч этгээд “Собт трейд” ХХК, “Номин констракшн” ХХК-ийн гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “М” ХХК 2018 оны 6 дугаар сарын 11-ны өдөр төлсөн 1.603.552 төгрөг, гуравдагч этгээд “Собт трейд” ХХК 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70.200 төгрөг, “Номин констракшн” ХХК 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ