Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2021/ШЦТ/88

 

2021          03            19                                            2021/ШЦТ/88

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энэбиш,

Улсын яллагч Д.Батзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг,

Шүүгдэгч О.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.О-д холбогдох эрүүгийн 2038000000418 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О.О.

Шүүгдэгч О.О- нь Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн Д.Ц-ы өмчлөлийн халтар, бор зүсмийн 2 тооны адууг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг “Хөнжлийн Навтан” гэх газраас олоод Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Шанаат” гэх газарт оршин суух Б.Б- гэх хүнд зарж алдуул мал завших гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.О- нь шунахайн сэдэлтээр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын иргэн Д.Ц-ы өмчлөлийн халтар, бор зүсмийн 2 тооны адууг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын нутаг “Хөнжлийн Навтан” гэх газраас олоод Архангай аймгийн Тариат сумын Хорго багийн “Шанаат” гэх газарт оршин суух Б.Б- гэх хүнд зарж, хохирогч Б.Б-ийн эд хөрөнгөд 2.200.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулан “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5-р хуудас/,
  • Хохирогч Д.Ц-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр адуундаа ирэхэд манай адуунаас 3 тооны адуу байхгүй байсан. ..2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр миний алдсан 3 адуунаас 1 тооны улаан хээр морь толгойдоо ногттой адуундаа ирсэн. ..Тариат сумын П.Б-а гэх хүнээс адуугаа сураглахад манай адуунд нэг халтар морь байгаа гэж хэлсэн... адуунд нь очиж үзсэн чинь миний халтар морь мөн байсан. Энэ адуу танай адуутай яагаад нийлсэн талаар асуухад П.Б-а манай малчин залуу малаа хужирлаж байгаад ирэхдээ нэг халтар морь аваад ирсэн юун адуу юм гэхэд миний морь гэж хэлсэн. ..Би алга болсон морио бүрэн олж авсан тул гомдол, санал, хүсэлт байхгүй. Одоо мал төллөөд ам бүл цөөнтэй нааш цааш явж чадахгүй. Шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12, 74 дүгээр хуудас/,
  • Гэрч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 17-20-ны үед би адуугаа хураагаад явж байсан чинь манай адуунд нэг халтар морь байсан. Би энэ хэний адуу юм бэ гэж асуухад манай малчин Б.Б- миний морь байгаа юм гэж хэлж байсан... манай малыг харах хугацаандаа энэ морийг унаж ирж байгаагүй. Анх би харж байна. Өөрийн морь мөн бишийг нь би мэдэхгүй байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
  • Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх Архангай аймгийн Тариат сумын төвд байдаг. Би П.Б-а ахын малыг хардаг юм. Би 2020 оны 07 дугаар сарын үед мал харж байхад О.О- над руу утсаар залгаад морь авах уу гэсэн. Би хямдхан морь юм бол авна гэсэн. Над дээр аваад очих уу гэсэн. Би тэр үед Бөөрөлжүүт багт отор хийж байхад аваад ирсэн байсан. Тухайн үед би Мөрөн багийн төв яваад орой ирэхэд халтар морь уясан байсан. Тэгээд би адуундаа тавиад... П.Б-а ахаас мал харсан хөлс мөнгөө аваад О.О-ийн дансанд 500.000 мянган төгрөг хийсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
  • Хөрөнгийн үнэлгээчний 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 114/230 дугаартай: “..иргэн Д.Ц-ы хулгайд алдсан 1 толгой морины үнэлгээг 1.200.000 төгрөгөөр тогтоож саналыг хүргүүлж байна” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
  • Хөрөнгийн үнэлгээчний 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 2145617200253 дугаартай: “..иргэн Д.Ц-ы хулгайд алдсан 1 толгой морины үнэлгээг 1.000.000 төгрөгөөр тогтоож саналыг хүргүүлж байна” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 76-77 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч О.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөнжил багийн нутаг Улаан чулуутын эх Намтангийн эх гэх газраас адуугаа олж аваад цааш давах гээд адуугаа туугаад явж байхад тэртээ талын модны хаяанаас адуу унгалдсан юм. Би адуугаа орхиод адуу унгалдсан чигт явж очиход модон дотор орооцолдсон халтар зүсмийн морь, хажууд нь сул бор үрээ байсан. Би халтар зүсмийн морины орооцолдоог гаргаад орхисон. Тэгээд тэр хоёр морийг модноос гаргаад уулын энгэрт гаргаж орхисон. Тэгээд цааш явсан чинь миний тууж явсан адуунд араас ирээд нийлсэн. Би ойролцоох ууланд адуугаа орхисон.  Манай нутгийн ойролцоо байх Б.Б- гэх залууд халтар зүсмийн морийг 500.000 төгрөгөөр зарсан. Үлдсэн бор үрээ манай адуутай байсан. Өвөл идэшний үеэр эзэн нь олдохгүй болохоор нь идшиндээ идсэн. ..би гаргасан үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 84-85 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч О.О-ийн иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 33, 57-р хуудас/,
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 34-р хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35-р хуудас/ зэрэг баримт бичиг болно.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

    Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан “өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх” хуулийн дагуу шүүх үнэлээгүй болно.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, амар хялбар аргаар эд хөрөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогч нь өөрийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нь дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч О.О- нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч О.О-ийн үйлдэлд бусдын мал өөрийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа буюу өөрийн адуунд нийлсэн байхад нь өр төлбөртөө оролцуулан бусдад өгөх, завших сэдэл төрж, захиран зарцуулж, алдуул мал завших гэмт хэргийг бага хэмжээнээс дээш хохирол учруулан үйлдэж, бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч О.О- нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн малыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөртөө ашиг хонжоо олох зорилгоор, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг “...алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж, “...Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн байна гэж шүүх үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч О.О-ийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөнд 2.700.000 төгрөгийн хохирол учирсан байна.

Шүүгдэгч О.О- нь хохирогч Д.Ц-, иргэний нэхэмжлэгч Б.Б- нарт учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч Б.Б-ийн “О.О-д морио буцаан өгч мөнгөн төлбөрөө эгүүлэн авсан тул одоо гомдолгүй..” гэх нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт /хх-ийн 63/, хохирогч Д.Ц-ы: “..2020 оны 8 дугаар сард 3 морь хулгайд алдаад ..2 морийг нь 2020 оны 9 дүгээр сард олж авсан. 1 морио 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 1-р багийн О.О- өөрийн биеэр авчирч өгсөн. Иймд бидний зүгээс гомдол саналгүй..” гэх нотариатаар гэрчлүүлсэн бичвэр /хх-ийн 82/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хавтаст хэргийн 72, 82 дугаар хуудаст баримтжуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 28.410 /хорин найман мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт оруулах нь зүйтэй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирогчоос уучлалт гуйж эвлэрсэн байдал зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч О.О- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

Шүүх шүүгдэгч О.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан /хх-ийн 94/, прокуророос сонсгосон 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялыг яллагдагч хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д оногдуулсан торгох ялыг түүний орлого олох боломжийг харгалзан 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдуул малыг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-д оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч О.О-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-ээс 28.410 /хорин найман мянга дөрвөн зуун арав/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                М.ЭРДЭНЭ-ОЧИР