Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 00423

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 04 сарын 12 өдөр                        Дугаар 142/ШШ2017/00423                                     Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: 1969 онд төрсөн, 48 настай, эмэгтэй, Орхон аймаг, Жаргалант сум, 2-р баг, Жаргалант булаг, 6-р гудамж, 2 тоотод оршин суух Шинэчүүд овгийн Гүржавын Алтанцэцэгийн /регистрийн дугаар ГА69041365/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярхүү, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2003 оны 05 сараас эхлэн тус сумын ЗДТГ-т үйлчлэгчээр ирж 2015 оны 05 сарын 08-ны өдөр хүртэл 12 жил тасралтгүй ажиллаж байгаад 2015 оны 05 сарын 08-ны өдрөөс эхлэн харуулын ажилд шилжин ажилласан. Засаг даргын тамгын газартай 2017 оны 01 дүгээр 05-наас эхлэн хөдөлмөрийн гэрээгээ 1 жилийн хугацаатай сунган ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/26 тоот тушаалаар намайг ямар нэг үндэслэлгүйгээр ажлаас халсан. Би ямар нэгэн ажлын зөрчил гаргаагүй халагдах үндэслэл байхгүй учир намайг ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Миний ажлаас халагдсан тушаал гарсан 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх ажлын 26 хоногийн цалин хөлс болох 627 250 мянган төгрөгийг тооцон гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...би нэхэмжлэл гаргахдаа цалингаа гаргуулахаар нэхэмжилсэн ба намайг ажлаас чөлөөлсөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл тооцоход 627 250 төгрөг болж байсан.Үүн дээр өнөөдрийг хүртэлх хугацааны цалинг нэмж гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярхүү шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн Г.Алтанцэцэг нь Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын харуулын ажлыг хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Г.Алтанцэцэг нь Орхон аймгийн Жаргалант сумын Засаг Даргын Тамгын газрын үйл ажиллагаа явуулж буй объект болох нутгийн удирдлагын ордонг хамгаалж харуулын үүрэг гүйцэтгэдэг. Тус сумын Засаг даргын дэргэд төрийн үйл ажиллагааны нууцыг хадгалах, Төрийн болон байгууллагын нууцад хамаарах албан тушаалтнууд, тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдох баримтууд нь тухайн байгууллагад байгаатай холбоотой харуул хамгаалалтын ажилтануудад тавигдах шаардлага, ур чадвар өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажилтан Г.Алтанцэцэг нь тухайн ажлын байранд тэнцэхгүй болсон. Энэ талаар мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс хуралдаж шийдвэр гарсаны дагуу холбогдох мэдэгдэлийг ажилтанд хүргүүлсэн. Ажилтан Г.Алтанцэцэгийн ажлын байранд цэргийн алба хаасан, байгууллагын нууцад хамаарах баримтыг хамгаалах чадвартай, аливаа аюул бий болоход өөрийгөө болон байгууллагын нууцад хамаарах объектыг хамгаалах ур чадвартай байх шаардлага тавигдсан. Энэ ажлын байранд тавигдах шаардлагад ажилтан Г.Алтанцэцэг тэнцэхгүй байна гэж дүгнэсэн. Ажилтан Г.Алтанцэцэгт хөдөлмөрийн гэрээг цуцлах мэдэгдэлийг хүргүүлж, 2017 оны 03 сарын 03-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Иймд Орхон аймгийн Жаргалант сумын Засаг Даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 сарын 03-ны өдрийн 5/20 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Алтанцэцэг нь Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Би ямар нэгэн ажлын зөрчил гаргаагүй халагдах үндэслэл байхгүй учир намайг ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж өгнө үү.2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүртэл тооцоход 627 250 төгрөг болж байгаа.Үүн дээр өнөөдрийг хүртэлх хугацааны цалинг нэмж гаргуулж өгнө үү. Мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү” гэж тайлбарлаж байгаа.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...Г.Алтанцэцэг нь Орхон аймгийн Жаргалант сумын Засаг Даргын Тамгын газрын үйл ажиллагаа явуулж буй объект болох нутгийн удирдлагын ордонг хамгаалж харуулын үүрэг гүйцэтгэдэг. Тус сумын Засаг даргын дэргэд төрийн үйл ажиллагааны нууцыг хадгалах, Төрийн болон байгууллагын нууцад хамаарах албан тушаалтнууд, тэдгээрийн үйл ажиллагаатай холбогдох баримтууд нь тухайн байгууллагад байгаатай холбоотой харуул хамгаалалтын ажилтануудад тавигдах шаардлага, ур чадвар өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажилтан Г.Алтанцэцэг нь тухайн ажлын байранд тэнцэхгүй болсон тул түүнийг ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарлаж байгаа.

Г.Алтанцэцэг нь 2003 оны 05 сараас эхлэн тус сумын Засаг даргын тамгын газарт үйлчлэгчээр ажиллаж байгаад 2015 оны 05 сарын 08-ны өдрөөс эхлэн харуулын ажилд шилжин ажилласан, ажил олгогч түүнтэй 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан зэрэг нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Ажил олгогч 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/26 тоот тушаалаар Г.Алтанцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...харуул хамгаалалтын ажилтануудад тавигдах шаардлага, ур чадвар өөрчлөгдсөнтэй холбогдуулан ажилтан Г.Алтанцэцэг нь эмэгтэй хүн учраас тухайн ажлын байранд тэнцэхгүй болсон тул түүнийг ажлаас чөлөөлсөн” гэж тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-д Хөдөлмөрийн харилцаанд үндэс, угсаа, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэй, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, боловсрол шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно гэж заасан.

Гэтэл ажил олгогч Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар юуг үндэслэн нэхэмжлэгч Г.Алтанцэцэгийг харуулын ажил албан тушаалд тэнцэхгүй болсон гэж үзэж түүнийг ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй, нэхэмжлэгчийг ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэдгийг тогтоосон эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэр гараагүй байна.

Хариуцагч шүүхэд “...ажилтан Г.Алтанцэцэг нь тухайн ажлын байранд тэнцэхгүй болсон. Энэ талаар мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс хуралдаж шийдвэр гарсан” гэсэн тайлбар гаргасан боловч энэ тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иймд ажил олгогчийн Г.Алтанцэцэгийг ажлаас чөлөөлсөн 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/26 тоот тушаал үндэслэлгүй гэж үзэж Г.Алтанцэцэгийг Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын харуулын ажилд эгүүлэн тогтоож хариуцагчаас түүний ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 668 740 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сард авсан цалингийн нийлбэр 1 487 370 төгрөгнөөс тооцоход 1 сарын дундаж цалин хөлс 495 790 төгрөг болсон ба ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш шүүх хуралдаан болох хүртэл ажилгүй байсан 29 хоногийн олговор 668 740 төгрөг гэж тооцсон болно. / 1 487 370:3=495 790:21,5=23 060 1 өдрийн цалин, 23 060х29 хоног=668 740 /

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Г.Алтанцэцэгийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн цалин хөлс болох 668 740 төгрөгнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 20 600 төгрөг гаргуулж төрийн санд оруулах нь зүйтэй гэж үзсэн.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Алтанцэцэгийг Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газрын харуулын ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас 668 740 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Алтанцэцэгт олгосугай.

3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар Г.Алтанцэцэгийн цалинтай тэнцэх олговор 668 740 төгрөгнөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган авч зохих байгууллагад шилжүүлэн, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт даалгасугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Алтанцэцэгийн гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Орхон аймгийн Жаргалант сумын Засаг даргын тамгын газраас 20 600 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

         5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.Шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА