Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/222

 

 

 

 

 

 

 

 

           

                                   

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,

 

Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,

Улсын яллагч Г.Ууганбаатар,

Хохирогч Ж

Шүүгдэгч Ц.О, түүний өмгөөлөгч Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт холбогдох эрүүгийн 201101918 0059 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо 92-52 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар АА88121119.

Шүүгдэгч Ц.О нь /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 2020 оны 11 дүгээр сарын 4-5-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дотно” төвийн 2 дугаар давхарт байрлах караокед “Б.Амгаланг явуулсангүй” гэх шалтгааны улмаас Ж маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Шүүгдэгч Ц.Ооос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос албан ёсоор уучлалт гуйж байна..” гэв.

Шүүгдэгч Ц.Ооос мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлсэн: “..2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 23 цагийн үед өөрийн танил Намхайнямбуу, Батбаатар нарын хамт Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо “Аз” зочид буудлын Б1 давхарт байрлах биллъярдны газар билляърд тоглож байхад миний танил Амгалан гэх эмэгтэй найз Цэвээндолгор гэх хүний хамт ирсэн юм. Тэгээд бид хэд “Дотно” төвийн 2 давхарт байрлах караокед сууж байхад Амгалан гэх эмэгтэй 00-руу бие засахаар орсны дараа Цэрэндолгор нь би одоо явлаа та нартай хамт суумааргүй байна гэхээр нь Амгаланг орж ирэхээр явчих гэж хэлээд хэд хэдэн суулгах гэтэл миний гарыг түлхэж байгаад сүүлийн удаа гарыг нь бариад найзыгаа хүлээж бай гэтэл миний гарнаас өөрийнхөө гарыг татаж авах гэж байгаад арагшаа хана налаад унасан юм. Тэгэж байтал Амгалан найз нь 00-ийн өрөөнөөс гарч ирээд өрөө рүү эргээд авч ортол Амгалан, бид 2-г хэд хэдэн удаа цохиж аваад агсраад байхаар нь Амгалан түүнийг аваад түрүүлээд гараад явахаар нь араас бид 3 мөн гараад явсан юм. Тэгээр би араас нь гартал Цэвээндолгор гэх хүн гараад явчихсан байсан..” гэсэн мэдүүлэг /хх-53/,

 

Хохирогч Ж.Цоос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Хэрэг гарсан өдөр би Амгалантай уулзсан. Намайг гэр рүүгээ явах гэсэн боловч намайг явуулахгүй байсан. Тооцоон дээр Отгонболдтой маргалдсан. Намайг хана руу шахаж байгаад нүүр рүү нэг удаа цохьчихоод орсон. Намайг араас нь ороод маргалдахад ахиж миний нүүр рүү цохисон. Тэнд байсан хүмүүсийг цагдаа дуудаад өг гэхэд огт цагдаа дуудаагүй. Маргааш нь би цагдаагийн байгууллагад хандсан. Мөрдөгчөөр дамжуулж 608.000 төгрөгийг Отгонболдоос авсан. Миний нүдний давхраа, зүүн хөмсгөнд өөрчлөлт орж, мэдээгүй болсон. Гоо сайхны эмнэлэгт үзүүлэхэд ойролцоогоор 2.500.000 төгрөгийн зардал гарна гэж хэлсэн. Баримт гаргаж өгөх боломжгүй гэсэн, сүүлд баримтаа бүрдүүлж нэхэх боломжтой шийдвэрлэж өгнө үү..” гэв.

 

Хохирогч Ж.Цоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би ойрд уулзалдаагүй нэг хорооны найз болох Б.Амгалантай 16 цагийн орчимд 3, 4 дүгээр хороололд уулзаж хоолонд орж пиво ууж сууж байгаад гэр гэртээ харьж хүүхдүүдээ Амгалангийн гэрт аваачиж үлдээгээд 20 цагийн үед эргэж гараад хороололд дахин караокед орсон юм. Караокед ороод сууж байтал 22 цаг өнгөрч байхад Амгалан надад Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо 8 шарга төвийн хажууд байрлах караокед манай найз дуудаад байна 2-лаа тэд нартай хамт сууж байгаад харья гэхээр нь би хүлээн зөвшөөрөөд бид хоёр 23 цагийн орчимд 8 шарга төвийн эсрэг талын Дотно төвийн 2 давхарт байрлах караокед Амгалан бид 2 түүний найз Болд гэх залуу мөн Болдын 2 найзтай нь тавуулаа орсон юм, Тэгээд 3 цаг орчим сууж байгаад Амгалан нилээн согтчихоор нь найзыгаа аваад явъя гэтэл Болд гэх залуу нь Амгаланг явуулахгүй байсан ба намайг караокены өрөөнөөс авч гараад коридорт нь бид 2 хэрэлдэж байтал Болд нь миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохиод өрөө рүүгээ шууд яваад орохоор нь араас нь би өрөөнд явж ороод энэ залуу намайг цохьчихлоо гээд Болд бид 2 эргээд маргалдаж байтал Болд босож ирээд миний зүүн талын нүд рүү гараараа дахиад хүчтэй нэг удаа цохихоор нь хамт байсан хүмүүс болон караокены эгчийг цагдаа дуудаад өгөөч гэтэл цагдаа дуудаж өгөөгүй ба тавуулаа караокенээс гартал нөгөө 2 найз нь намайг таксинд суулгаж явуулах гээд байхаар нь би явахгүй гээд эргээд хартал Амгалан, Болд 2 намайг алга болчихсон байсан тэгээд эргэж караокед орж хайтал олдохгүй болохоор нь би гэр лүүгээ такси бариад явсан юм..” гэсэн мэдүүлэг /хх-6-7/,

 

Гэрч Ж.Намхайнямбуугаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 18 цагийн үед би Отгонболд, Батбаатар нарын хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Аз зочид буудлын 1 давхарт байрлах биллъярданд орсон юм. Тэнд 1 шил архи аваад тоглож байтал 22 цагийн үед санагдаж байна уг биллъярданд Отгонболдын найз нь гээд 2 эмэгтэй орж ирээд удалгүй Отгонболд уг 2 эмэгтэйтэй гараад явсан юм. Үүнэээс хойш 23 цагийн үед Отгонболд хажуу талын Дотно төвийн караокед байна гэхээр нь Батбаатар бид 2 цаг орчмын дараа араас нь орсон. Бид 2-ыг ороход тэр 3 нэг шил Баллентайнс, хэдэн ундаа авчихсан сууж байсан. Тэгээд хэсэг сууж байгаад Батбаатар ахиад нэг шил Баллентайнс ундаатай аваад түүнийгээ уугаад сууж байтал миний одоо санаж байгаагаар Отгонболд нөгөө 2 эмэгтэйтэй гарч яваад эргэж орж ирэхдээ нэг эмэгтэй нь явна гээд нэг нь явахгүй гээд хоорондоо хэрэлдээд орилж чарлаад байхаар нь эвлэрүүлэх гээд бостол хоорондоо орилоод эвлэрэх шинжгүй байсан юм. Тэгээд ер нь явцгаасан санагдаж байна. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоороо болсон асуудлыг сайн санахгүй байгаа юм. Гэрт очиход манай эхнэр “чам руу залгахад хүмүүс орилоод хоорондоо муудалцаад байсан” гэж хэлсэн юм..” гэсэн мэдүүлэг /хх-10/,

 

Гэрч Г.Батбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цагийн орчимд санагдаж байна 2 эмэгтэй ирээд Отгонболд, Намхайнямбуу нартай Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Аз зочид буудлын 1 давхарт байрлах биллъярданд тоглож байтал 2 эмэгтэй ирээд Отгонболдын хамт гараад явсан юм. Түүнээс хойш 2,3 цаг орчим тоглож байтал Отгонболд Намхайнямбуу руу Дотно төвийн караокед байна гэж залгахаар нь очтол Отгонболд нөгөө 2 эмэгтэйтэй караокед нэг шил Чивас нэртэй виски, ус ундаа уугаад сууж байсан юм. Бид 2-г ороход ууж байсан зүйл нь дуусах шинжтэй байсан болохоор нь би ууж байсан вискинээс нь нэг татаад гэр лүүгээ харихаар гарч байгаад үүдний текэн дээр таньдаг эгчтэйгээ таараад нилээн юм яриад зогсож байгаад би нэг “Чивас" нэртэй виски, ус ундаа аваад эргэн орж бөөндөө сууж байтал нөгөө 2 эмэгтэйгийн арай туранхай нь гэнэт босож ирээд Отгонболдыг чи намайг зоддог хэн бэ? гээд гэнэт дайрахаар нь салгаад Намхайнямбуу бид 2 гараад явтал туранхай эмэгтэй араас гараад ирчихсэн гадаа орилоод байхаар нь санаа зовоод нөгөө эмэгтэйг караоке рүү эргүүлж оруулж өгөх гэтэл Отгонболд нөгөө эмэгтэйтэй байхгүй болчихсон байсан юм. Тэгээд би нөгөө эмэгтэйг харь гэж хэлтэл над руу агсрах гээд байхаар нь би гэр лүүгээ яваад өгсөн юм..” гэсэн мэдүүлэг /хх-12/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 12842 дугаартай дүгнэлтэд: “..Ж.Цын биед зүүн нүдний зовхи, зүүн шанаа, хамрын нуруунд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэсэн дүгнэлт /хх-14/, шүүгдэгч Ц.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-28/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-40/, шүүх хуралдаанд шинээр гарган өгсөн “Сан” Их Сургуулийн бакалаврын диплом, хохирогчид, хохирогч Ж.Ц луу 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 608.000 төгрөг шилжүүлсэн банкны хуулга зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа.

 

Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.О нь 2020 оны 11 дүгээр сарын 4-5-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дотно” төвийн 2 дугаар давхарт байрлах караокед “Б.Амгаланг явуулсангүй” гэх шалтгаанаар хохирогч Ж.Цтой маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний биед зүүн нүдний зовхи, зүүн шанаа, хамрын нуруунд цус хуралт, тархи доргилт бүхий гэмтэл үүсгэжээ.

 

Энэ гэмтэл нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.О нь хохирогч Ж.Цын нүүрэн тус газар гараараа цохиж үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.

                                      

Иймд шүүгдэгч Ц.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Ц.Ооос хохирогчид 608.000 төгрөг шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байгаа бөгөөд хохирогч Ж.Цоос шүүхийн хэлэлцүүлэгт “хувийн эмнэлэг судалж үзэхэд зүүн зовхинд гоо сайхны эмчилгээ хийлгэхэд ойролцоогоор 2.500.000 төгрөг болох юм байна лээ” иймд энэ мөнгийг нэхэмжилж байна, сүүлд баримтаа бүрдүүлж нэхэмжилнэ гэсэн бөгөөд өөрт учирсан хохиролтой холбоотой холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, эмчилгээ хийлгэсэний дараа баримтаа бүрдүүлэн нэхэмжлэнэ гэсэн тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж хохирогчийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар, уг ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Оод торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.

 

Шүүгдэгч  Ц.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Оыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Оод оногдуулсан 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000  төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ж.Цоос нэхэмжилсэн 2.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ц.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Оод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.МӨНХБАЯР