| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2021/0178/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/219 |
| Огноо | 2021-04-01 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 2021/ШЦТ/219
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав,
Улсын яллагч М.Энхбаатар,
Шүүгдэгч Н.Н /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж нар овогт Нэмэхбаярын Нямсайханд холбогдох эрүүгийн 2109000000242 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 2001 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, эмнэлгийн ажилчдын байрны 6-30 тоотод, хэрэг хариуцах чадвартай, 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 195 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан гэх, регистрийн дугаар УК01252928
Шүүгдэгч Н.Н нь /яллах дүгнэлтэд дурьдсанаар/ бусадтай бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 01- 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өнө” зочид буудалд хоноод өглөө гарахдаа хамт буудалд хоносон Э.Номин-Эрдэнийг унтаж байхад нь түүний 2 ширхэг гар утсыг нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 580.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Н.Наас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн шийтгэж өгнө үү..” гэв.
Шүүгдэгч Н.Наас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..Би 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн орой өөрийн найз Ц.Туяагийн хамтаар интернэт писи тоглоомны газар сууж байхад Ц.Туяа нь өөрийн үерхэж байсан залуутай чатаар харилцаж байгаад уулзахаар болсон юм. Улмаар Туяа бид хоёр 21 дүгээр хорооллоос такси бариад 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр хүрээд ир гэсний дагуу уг газарт ирэхэд Туяагийн үерхэж байсан найз Анхбаяр нь автобусны буудал машинтай хоёр залуугийн хамт явж байсан. Туяа бид хоёр машинд нь суугаад явж байгаад гэр хорооллын дунд байх дэлгүүр орчмоор явж байгаад тэр залуучууд пиво авсан. Тэгээд шөнийн 03-04 цагийн орчимд бид нар зочид буудалд орж хоносон. Тэгээд тэнд хоносон залуучууд Туяа нар хоорондоо хөзөр тоглосон, би нэг залуугийн утсаар фэйсбүүк орж байсан. Тэгээд тэндээ тоглож байгаад хэсэг зуур унтаад сэрэхэд уг залуучууд унтаж байсан. Харин би өглөө 09-10 цагийн орчимд сэрээд цэнэглэж байсан нэг гар утсыг би авсан, харин Туяагийн унтаж байсан орны дэрэн доогуур байсан гар утсыг Туяа аваад бид хоёр тус бүрдээ нэг нэг гар утас хулгайлж аваад буудлаас гарсан юм. Тухайн газраас гараад төв рүү явах автобусанд суугаад, нэг газар буугаад сансар луу такси бариад явсан. Туяа миний хулгайлж авсан гар утсыг явуулын хүнд зарж борлуулсан, харин би тэр үед нь машинд сууж байсан. Дараагийн утсыг нь сансарын тунел дээр байх гар утасны засварчин залууд 140.000-150.000 орчим төгрөгөөр зарж борлуулсан юм. Тэгээд уг мөнгийг нь Нарантуул зах орж өөртэй өмд цамц, гутал аваад ойр зуурын хэрэглээд дууссан юм. Гар утас хулгайлж авахын өмнө би нэг залуугийн утсаар нь нэг найзынхаа фэйсбүүк рүү орсон, улмаар уг хүүхэдтэй чатласан байсан бөгөөд тухайн хүүхдийн утсан дээр манай найзын фэйсбүүк хадгалагдсан байсан. Тэр фэйсбүүк хаягаараа надтай холбогдож, улмаар надтай уулзъя гэж яриад 39-ийн юнион пс-н дээр яваад очиход хохирогч залуучууд цагдаа нартай хамт байж байсан. Тэгээд цагдаагийн газарт анх баригдаж ирсэн юм..” гэсэн мэдүүлэг /хх-135-136/,
Хохирогч Э. мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2019 оны 01 дүгээр сарын 01-02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өнө” караоке, зочид буудалд 03-05 цагийн орчимд очиход манай найз Анхбаяр, Мөнхдөлгөөн нар үл таних 2 охины хамт байсан юм.. Зочид буудалд найзуудтайгаа хөзөр тоглоод унтаад өгсөн юм. Өглөө сэрэхэд миний Самсунг эс 7 эджи гар утас, эс 7 загварын гар утас алга болсон байсан. Тухайн үед хамт хоносон манай хоёр найз унтаж байсан. Харин хамт буудалд хөзөр тоглож байсан үл таних 2 охин алга болсон байсан. Улмаар Анхбаярыг сэрээгээд тухайн хоёр охины талаар асуухад урьд нь үерхэж байсан, өчигдөр орой очих газаргүй болчихлоо гэхээр нь буудалд авч ирээд хамт хоносон гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /хх-51-52/,
Гэрч Б.Анхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр би найз Мөнхдөлгөөний гэрт байсан юм. Шөнө 01 цагийн орчимд Фэйсбүүкд байж байгаад урьд үерхдэг байсан Анхтуяа гэх охин руу чат бичиж мэнд усаа мэдээд байж байтал “хонох газаргүй болчихлоо” гэхээр нь найзындаа юм уу зочид буудалд оруулаад хонуулъя гэж бодсон юм. Тэгээд би найз Мөнхдөлгөөний гэрээс нь гараад шөнийн 02-03 цагийн орчимд тухайн 2 охинтой 17 дугаар сургуулийн автобусны буудал дээр уулзаад “Өнө” гэх баар, зочид буудлын өрөөнд өөрийн найз Номин-Эрдэний нэрээр орсон юм. Тэгээд уг өрөөнд ороод бид нар тавуулаа хөзөр тоглоод 06-07 цагийн орчимд ядраад унтацгаасан. Бид нар унтаж байгаад 11 цаг гээд сэрэхэд Номин-Эрдэнэ босчихсон Мөнхдөлгөөн бид хоёроос гар утсаа асуусан...би Анхтуяа гэх охин луу хүсэлт илгээхэд хүсэлтийг аваад “би утсыг аваагүй, манай найз авсан байсан. Оруулаад өгье” гэж чат бичсэн. Нэгэнт утсыг авчихсан болохоор оруулж өгөлгүй явчихсан юм. ..гэсэн мэдүүлэг /хх-54/,
Насанд хүрээгүй гэрч Ц.Туяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..утас авах санааг Нямсайхан анх гаргасан, намайг сэрээгээд нэг гар утсаа надад өгсөн. Бид нар гар утас авах талаар урьдчилан ярьж тохиролцоогүй байсан. Би Нямсайханыг болиулж чадаагүй учраас хамт тухайн утсыг авч зарж борлуулсан..” гэсэн мэдүүлэг /хх-57-58/ болон Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-49/, Хулгайд алдагдсан гэх гар утасны үнэлгээ тогтоосон “Дамно” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлан /2 утас 580.000 төгрөг/ хх- 63-64/, шүүгдэгч Н.Ны төрсний бүртгэлийн лавлагаа /хх-82/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-85/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 01- 02-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өнө” зочид буудалд Ц.Туяа, Э.Номин-Эрдэнэ, Б.Анхбаяр, Мөнхдөлгөөн нарын хамт хоноод өглөө нь буудлаас гарахдаа яллагдагч Ц.Туяатай бүлэглэн хохирогч Э.Номин-Эрдэний цэнэглэж байсан болон орны дэрэн доогуур байсан Самсунг эс 7 эджи гар утас, эс 7 загварын 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, Баянзүрх дүүргийн Сансарын тунель орчимд бусдад зарж борлуулсан болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдож байна. Хохирогч Э.Номин-Эрдэний хулгайлагдсан Самсунг эс 7 эджи гар утас, эс 7 загварын гар утсыг хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ний үнэлгээний тайлангаар нийт 580.000 төгрөгөөр үнэлэгджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газар Ц.Туяад А.Тэмүүжин, З.Хатанбаатар, Спиряпов Григорий Александрович, Т.Отгондорж нарт холбогдох эрүүгийн 2109000000242 дугаартай хэргээс Н.Нд холбогдох эрүүгийн 2109000000242 дугаартай хэргийг тусгаарласан хэргийг хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгч Н.Ны зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруу, гэмт хэрэг үйлсэн үйлдэл оролцооны талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Н.Н нь Ц.Туяатай урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдэж хохирогчийн утсыг авч, түүнийг зарж борлуулсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангид заасан гэмт хэрэгт хамтран оролцох хэлбэрт хамаарч байна.
Иймд шүүгдэгч Н.Ны дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Ны үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах, хорих ялаас сонгон оногдуулахгүйгээр шүүгдэгч Н.Ныг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Н нь Баянзүрх дүүргийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 195 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон боловч шүүгдэгч Н.Н нь шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдлээгүй болох нь нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 720 цагаар тогтоов.
Шүүгдэгч Н.Н нь хохирогч Э.Номин-Эрдэнэд хохиролыг төлж барагдуулаагүй тул гэмт хэрэг хамтран үйлдсэн этгээдэд хувь тэнцүүлэн хувааж шүүгдэгч Н.Наас 290.000 төгрөгийг гаргуулан хохирогч Рэнцэндорж овогт Энх-Амгалангийн Номин-Эрдэнэд /РД:УХ99092617/ олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Нд өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсанаас эдлээгүй үлдсэн 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг өдөрт наймаас дээшгүй цагаар нийт 720 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Наас 290.000 төгрөгийг гаргуулан хохирогч Рэнцэндорж овогт Энх-Амгалангийн Номин-Эрдэнэд /РД:УХ99092617 олгосугай.
6. Шүүгдэгч Н.Ны бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР