Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 2021/ШЦТ/236

 

 

 

 

 

 

 

 

  2021        04          09                                  2021/ШЦТ/236

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лувсаншарав, 

улсын яллагч А.Азжаргал,

шүүгдэгч Г.Т /өмгөөлөгчгүй/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Г.Т-д холбогдох эрүүгийн 2011 00104 0330 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжээний инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Нийслэлийн            тоотод оршин суух хаягтай, урьд

-Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 513 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэгдсэн,

-Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн,

-Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий өнгийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар 5 жил, 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр 4 сарын хугацаагаар оногдуулсан баривчлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 5 жил, 5 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэгдсэн,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ялаар шийтгэгдсэн,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 9 сарын хорих ял дээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 500 нэгжээр торгох ялын биелэгдээгүй арван таван нэгжийг нэг хоногоор тооцож, 33 хоногийг нэмж нэгтгэн нийт 10 сар, 3 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийтгэгдэн 2019 оны 6 дугаар сарын 6-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

  Г.Т /рд: /.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо. 1-1 a тоот хашааны гадаа өөрийгөө уг тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг авто кузов засварын газрын ажилтан гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Х.М-ын өмчлөлийн 69-79 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн кузовийг 1.200.000 төгрөгөөр засварлаж өгнө гэж хуурч урьдчилгаа 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би энэ алга болсон хугацаанд самарт явсан. Хохирлоо барагдуулах гэсэн боловч боломж олдсонгүй. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүх гэм буруутайд тооцсон шийдвэрийн дараа хохирол төлбөр барагдуулах 1 хоногийн хугацаатай завсарлагын дараа мэдүүлэхдээ:

Манай эхнэр уул руу самарт явчихсан байна. Холбогдож чадсангүй. Найзуудаас гуйсан боловч яг баттай суллагдана гэвэл өгнө гэсэн.Өөр боломж байсангүй гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Х.М-ын “...Би Увс аймгийн Улаангом суманд оршин суудаг бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгаас 69-79 УВХ улсын дугаартай Мицубуши монтёроо маркийн саарал өнгийн авто машиныг засуулах гэж ирсэн. Уг машин бол манай ах Хүлтээгийн Батбуянгийн нэр дээр байдаг боловч би эзэмшигч нь байгаа юм. Тэгээд тухайн өдөр 15 цагийн орчим байх засварын газар хайж явж байгаад Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутагт “Хүчит шонхор” захын руу эргэдэг гэрлэн дохионы баруун талд байх Кузов засвар гэсэн хаягтай засварын газрын үүдэнд зогсож машин засварлах эсэх талаар асуух гэсэн. Гэтэл миний урдаас бор царайтай 170-175см орчим өндөр нуруутай залуу ирж юу хийлгэх гэж байгаа талаар асуусан. Тэр үед нь энэ машиныг бүтэн будуулах гэсэн гэж байгаа хэдэн төгрөг болох вэ гэж асуусан чинь уг залуу 1.200.000 төгрөг болно, 7 хоногийн дотор гаргаж өгнө, одоо нэг машин будаад дуусаж байна. Уг машиныг дуусах юм бол шууд таны машиныг оруулна гэж хэлсэн. Тэгээд би хурдан хугацаанд гарах юм байна гэж бодоод өгөх болсон. Гэтэл уг хүн урьдчилгаа 50% буюу түүнээс дээш мөнгө өгч байж засварын ажил эхлэх ёстой шүү гэж хэлсэн. Би тэр үед нь бэлэн байгаа 400.000 төгрөг байна, талыг нь 2-3 хоногоос өгье гэж хэлсэн чинь тэр залуу тэг тэг гэж хэлсэн. Би 400.000 төгрөг бэлэн өгөөд, үлдсэн 800.000 төгрөгийг машин засварлаж байх хугацаанд өгөх болоод машиныг засварын газрын үүдэнд байрлуулж үлдээгээд, түлхүүрээ үлдээгээд явсан. Тэгсэн чинь миний машиныг өгсний маргааш буюу 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орой Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн газраас ярьж байна гэж нэг цагдаа ярьж, миний машиныг хүн унаж яваад осол гаргасан талаар хэлсэн юм. Би тэгээд цагдаагийн газарт ирж уулзсан чинь миний машиныг жолоодож яваад машин мөргөөд, миний машиныг үлдээгээд зугтаасан байсан. Миний машиныг засаж өгнө гэж надаас 400.000 төгрөг авсан хүн намайг залилсан байна. Би тэр хүнийг уг засварын газрын эзэн нь юм бодсон чинь засварын газрын эзэн нь өөр хүн байсан байна лээ. Харин намайг Ганзоригтын Г.Т гэх хүн залилан авч явсан байна лээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч У.Сувд-Эрдэнийн “...Тухайн өдөр манай нөхөр 13 цагт ажилтай байсан болохоор би 12 цагийн орчим нөхөр Батчулууныг ажил руу нь хүргэж өгөх гэж очсон. Тэгээд манай нөхөр хувцсаа солиод, би гражийн гадна байх үед гражийн гадна жижиг жийп загварын машин ирсэн, Г.Т жолоочтой нь очиж уулзаж, үзэж хараад байгаа харагдсан. Би Г.Т-гээс ямар учиртай машин юм бэ гэж асуусан чинь Г.Т хэлэхдээ хэдээр засах уу гэж үнэ асууж байна, засварт өгөхгүй гэж байна гэж хэлсэн. Тэгээд би 17 цагийн орчим граж дээр ирсэн Г.Т, Нараа хоёр ажил байхгүй байна гэж хэлээд байж байсан. Харин би гражаа хаагаад, түгжээд гэртээ харьсан. Түүний маргааш 10-11 цагийн орчим байх граж дээрээ ирсэн чинь манай гражийн гадаа нэг залуу зогсож байсан. Тухайн хүнээс юун хүн болох талаар би асуусан чинь уг хүн өчигдөр танай гражид машинаа засуулах гэж өгсөн чинь миний машиныг машинтай мөргөлдүүлээд, зам дээр хаясан байна гэж цагдаагийн газраас утсаар ярьсан гэж хэлсэн. Тэгсэн чинь Нараа надад Г.Т өчигдөр та хоёрыг явах гэж байхад ирсэн машиныг засах гэж аваад, та хоёроос нуугаад гудамжинд тавьсан байсан. Гэхдээ урьдчилгаа мөнгө гэж хэлж аваад надад 40.000 төгрөг авч өгөөд усанд ороорой гэж хэлээд явсан, би тэр мөнгөөр нь усанд ороод ирсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Гэрч М.Батчулууны “...Би өөрөө ажилтай болохоор Паламын Нармандах гэж залууг ажилдаа туслуулдаг байсан. Харин урьд нь манай багын найз Ганзоригтын Г.Т манай засварын газар хаяа ирж ажилд тусалж байгаад архи уугаад байхаар нь хөөгөөд явуулсан боловч ганц, нэг удаа манай граж дээр ирээд ажил байна уу гэж гуйгаад байдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,

Гэрч П.Нармандахын “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Г.Т манай ажил дээр ирсэн явж байсан. Тухайн өдөр Батчулуун ажилтай гээд яваад өгсөн. Би ганцаараа байсан бөгөөд тухайн өдөр ажилгүй граж дотор байж байхад Г.Т гаржийн үүдэн дээр байж байгаад хүний машин засварлаж өгнө гэж хэлээд мөнгө авсан юм шиг байна лээ. Харин тэр өдөр мэдээгүй, харин маргааш нь нэг хүн ирээд машин засуулах гэж мөнгө өгсөн чинь унаж яваад авто осол гаргаад хаяад явсан байна гэж байсан. Г.Т-г хэдэн төгрөг авсан талаар мэдээгүй, харин тэрний урд өдөр надад 40.000 төгрөг өгч усанд ороорой гэж хэлж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Т-гийн “...Би 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр найз М.Батчулууны авто граж дээр засвар хийж, 69-79 УВХ улсын дугаартай авто машины жолооч машин бүтэн будуулах гэж ирсэн. Уг машины жолоочтой машиныг нь 1.200.000 төгрөгөөр бүтэн будаж өгөх болоод урьдчилгаа болгож 400.000 төгрөг авсан. Би уг машиныг засах гэж авсан талаар Батчулуунд хэлээгүй. Учирсан хохирлыг төлнө. Би тэр хүний машиныг засах гэж авсан боловч надад засах боломж олдоогүй, авсан мөнгөө хувийн хэрэгцээнд зарцуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 47/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 42/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Т нь 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо. 1-1 a тоот хашааны гадаа өөрийгөө уг тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг авто кузов засварын газрын ажилтан гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Х.Мын өмчлөлийн 69-79 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн кузовийг 1.200.000 төгрөгөөр засварлаж өгнө гэж хуурч урьдчилгаа 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Х.М-ын мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/, гэрч У.Сувд-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, гэрч М.Батчулууны мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч П.Нармандахын мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/, шүүгдэгч Г.Т-гийн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас нотлох баримтын талаар хасуулах, шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх талаар санал гараагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

  1. Гэм буруугийн талаар

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо. 1-1 a тоот хашааны гадаа өөрийгөө уг тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг авто кузов засварын газрын ажилтан гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Х.Мын өмчлөлийн 69-79 УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн кузовийг 1.200.000 төгрөгөөр засварлаж өгнө гэж хуурч урьдчилгаа 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

 Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлт бичгээр гаргасан, шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцохоо илэрхийлсэн ба, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Тд холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Г.Т нь хохирогч Х.М-ыг “авто кузов засварын газрын ажилтан ” гэж  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 400 000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь

Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэг болон хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан ...Гэрч М.Батчулууны ...Г.Т манай засварын газар хаяа ирж ажилд тусалж байгаад архи уугаад байхаар нь хөөгөөд явуулсан боловч ганц, нэг удаа манай граж дээр ирээд ажил байна уу гэж гуйгаад байдаг байсан...,

Гэрч П.Нармандахын “...2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Г.Т манай ажил дээр ирсэн явж байсан. Тухайн өдөр Батчулуун ажилтай гээд яваад өгсөн. Би ганцаараа байсан бөгөөд тухайн өдөр ажилгүй граж дотор байж байхад Г.Т гаржийн үүдэн дээр байж байгаад хүний машин засварлаж өгнө гэж хэлээд мөнгө авсан юм шиг байна лээ. Харин тэр өдөр мэдээгүй, харин маргааш нь нэг хүн ирээд машин засуулах гэж мөнгө өгсөн чинь унаж яваад авто осол гаргаад хаяад явсан байна гэж байсан...,

Гэрч У.Сувд-Эрдэнийн “...Тухайн өдөр манай нөхөр 13 цагт ажилтай байсан болохоор би 12 цагийн орчим нөхөр Батчулууныг ажил руу нь хүргэж өгөх гэж очсон. Тэгээд манай нөхөр хувцсаа солиод, би гражийн гадна байх үед гражийн гадна жижиг жийп загварын машин ирсэн, Г.Т жолоочтой нь очиж уулзаж, үзэж хараад байгаа харагдсан. Би Г.Т-гээс ямар учиртай машин юм бэ гэж асуусан чинь Г.Т хэлэхдээ хэдээр засах уу гэж үнэ асууж байна, засварт өгөхгүй гэж байна гэж хэлсэн. Тэгээд би 17 цагийн орчим граж дээр ирсэн Г.Т, Нараа хоёр ажил байхгүй байна гэж хэлээд байж байсан... гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Г.Т нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо. 1-1 a тоот хашаанд үйл ажиллагаа явуулдаг авто кузов засварын газрын ажилтан биш болох нь, өөрийгөө ажилтан мэтээр итгүүлсэн нь энэ гэмт хэргийг шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Г.Т нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогч Х.М-ын автокузов засварын ажилтан мэтээр  бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, 400.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч 2 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлт гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Г.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал, Эрүүгийн хуулийн зорилгын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн цээрлүүлэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Г.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Г.Т нь хохирлын 400 000 төгрөгийг хохирогч Ц.Мөнхжаргалд төлөхөөр ажлын нэг хоногийн хугацаагаар шүүх хуралдааныг завсарлуулсан боловч хохирлыг төлж барагдуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.Тгээс 400 000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М /регистрийн дугаар  /-д олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Т-гийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл нийт 35 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Г.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 35.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Т-гийн нийт 35 хоног цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.Т-гээс 400 000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.М /регистрийн дугаар  /-д олгосугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.РЕНЧЕНХОРОЛ