Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,                  

Улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,

Хохирогч Т.Ө, түүний өмгөөлөгч Л.Энх-Амгалан,

            Шүүгдэгчийн Д.Х, түүний өмгөөлөгч Э.Намжилцэрэн /онлайнаар/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  шүүгдэгч ******* овогт Д.Хт холбогдох эрүүгийн 2007001930262 дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 Монгол улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймагт төрсөн. Эрэгтэй. 25 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, график дизайнер мэргэжилтэй, "........................" ХХК-д ******* ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт .................................................................. тоотод бүртгэлтэй боловч .................................................. тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл үгүй,  ******* овогт Д.Х РД: /

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/        

 

Шүүгдэгч Д.Х нь 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Өтай тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж биед нь баруун дээд 2, зүүн дээд 3-р шүдний хугарал мултрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ би шилэн хүзүү рүү нь цохисон. Өмнө нь би цохисон гэж хэргээ хүлээн мэдүүлсэн гэв.

 

Хохирогч Т.Ө нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ миний бие 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн машинаар нэг эмэгтэй Налайх дүүрэг рүү 20 000 төгрөгөөр хүргэж өгсөн. Миний утсаар яриад тэрэлж хүргээд өгөөч гэж хэлэхээр нь би хүргэж өгөөд Мэлхий хадны орчим буусан. Цаанаас нь маяктай машинаас нэг залуу бууж ирээд шууд нэг үг ч дуугараагүй намайг цохиод ална шүү гэж хэлээд машинд суугаад явсан. намайг цохисны улмаас миний өвчингүй 2 шүд унасан. Унасан 2 шүдийг Монсэй эмнэлгээр хийлгэж эмчлүүлэхэд 11.240.000 төгрөгийн тооцоо гарсан. Мөн өмгөөлөгч хөлсөлсөн 500.000 төгрөг, эмчид үзүүлсэн 90.000 төгрөгийг нэхэмжилж байна. надад 1.500.000 төгрөг өгсөн. 2 шүдээ авхуулаагүй байгаа хөдөлгөөн орчихсон. Шүд авхуулах гэхэд мөнгө байхгүй. Шүдний байрлал нь өөр өөр байгааг Монсэй эмнэлгийн эмчээс тодруулахад эмнэлгийн нэршлээр нэрлэгдсэн гэсэн. Баруун дээд шүд, зүүн талын дээд шүднүүд гэмтсэн  ” гэв.

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

            Хохирогч Т.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "2020 оны 04 сарын 11-ний өдөр буюу амралтын өдөр "АПУ" ХХК-ны дэргэд явж байхад 1 эмэгтэй гар өргөхөөр нь машиндаа суулгахад Налайх дүүрэгт хүргээд өгөөч 20.000 төгрөг өгье гэхээр нь Налайх дүүрэгт хүргээд өгөхөд нэг айлд орох гэж байснаа болиод та намайг Тэрэлж рүү хүргээд өгөөч гэхдээ нойллоод явчих гэхээр нь зөвшөөрөөд тэрэлж рүү явсан. Тэгээд мэлхий хадны ойролцоо очингуут нөгөө эмэгтэй машинаас буугаад нэг машин дээр очоод уулзаж байснаа буцаад нэг эрэгтэйн хамтаар над руу ирж байхаар нь тооцоо хийх гэж байгаа юм байх гэж бодоод машиныхаа дэргэд зогсож байхад хамт ирж байсан залуу нь миний дэргэд хүрч ирэнгүүтээ надад ямар нэг зүйл хэлэлгүйгээр шууд баруун гараараа миний амны хэсэгт нэг удаа цохиж хөлөөрөө зүүн гуяны хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд би Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан. Тухайн залуугийн цохилтоос шалтгаалаад миний баруун зүүн талын хоёр шүд хугарч мултарсан бэртэл авсан. Буруутай хүнээс эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг авсан. Эмнэлгийн байгууллагад үзүүлж шинжилгээ хийлгэхэд баруун дээд соёо шүд 3-р зэргийн хөдөлгөөнтэй, зүүн дээд соёо шүд 3-р зэргийн хөдөлгөөнтэй. гэсэн онош тавигдсан. Энэ талаар шинжээч эмчийн дүгнэлт гарсантай танилцсан. /Ингээд эмчилгээ хийлгэх гэхэд хоншоор эрүү хэсэгт хиймэл цөгцийн эмчилгээ, баруун дээд Хажуугийн үүдэн шүдэнд имплант эмчилгээ, зүүн дээд соёо шүдэнд имплакт эмчилгээ, баруун дээд төвийн үүдэн шүд, зүүн дээд төвийн үүдэн шүд, зүүн дээд хажуугийн үүдэн шүд зэрэгт зиркониа бүрээсээр бүрэх эмчилгээ хийгдэхээр байгаа бөгөөд эдгээр эмчилгээний төлбөрт 11.240.000 төгрөгийн зардал гарах тооцоо гарсан. Тэгэхээр буруутай хүнээс хүлээж авсан 1.500.000 төгрөгийг хасаад үлдэгдэл 9.740.000 төгрөгийг нэхэмжилж байна  гэсэн мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

            Гэрчээр Л.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Налайх чиглэлд явж байхад мэлхий хадны дэргэдээс нэг залуу гар өргөхөөр нь суулгахад тэр залуу эхнэр өөдөөс машинтай ирж  байгаа, тосож авах гэсэн юм" гэхээр нь түүнийг суулгаад доошоо уруудаад 200 метр орчим явахад утас нь дугараад "урдаас ирж байгаа машин гэнээ" гээд машинаас буусан. Тэр залуу өөдөөс ирж яваа машины дэргэд очоод тухайн машинаас бууж ирсэн эмэгтэйтэй уулзаж байсан нь харагдсан ба намайг утсаар ярьж байхад манай жолооч Г нь нөгөө залуу чинь өөдөөс ирсэн машины жолоочтой зодолдоод байна гэхээр нь очоод салга даа гэхэд хоорондоо салчихлаа гэсэн ба нөгөө залуу эмэгтэйгээ дагуулаад өөр машинд суугаад буцаад мэлхий хадны зүг яваад өгсөн. Тэгтэл нөгөө өөдөөс ирсэн машины жолооч болох настайвтар эрэгтэй хүн хүрч ирээд цагдаагийн ахмад ажилтан гэсэн бичиг баримт үзүүлээд энэ залууг таних уу гэхээр нь танихгүй гэхэд намайг цохичхоод явлаа гэж байсан. Тэр хүний баруун шанаа бага зэргийн халцарсан байдалтай харагдаж байсан. Тэр хүн надад ярихдаа нэг удаа цохисон гэж байсан" гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуудас/,

            Гэрч Т.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...Налайх чиглэлд явж байхад мэлхий хадны дэргэдээс нэг залуу гар өргөхөөр нь зогсоход доошоо уруудаж хүн тосож авах гэсэн юм дайгдаад бууя гэсэн. Тэгээд тэр залууг машинд суулгаад хөдлөөд 200 метр орчим явахад нөгөө залуугийн гар утас нь дугараад ярингуут өөдөөс ирж явна гэнээ зогсоорой гэсэн газарт нь зогссон. Ингээд тэр залуу өөдөөс ирсэн жижиг суудлын машины дэргэд очоод нэг эмэгтэйтэй уулзсан. Тэгж байснаа нөгөө залуу чинь тухайн эмэгтэйг хүргэж ирсэн авто машины жолоочийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэнгүүтээ харсан зүйлийнхээ талаар даргадаа хэлэхэд буугаад салгаарай гэсэн. Буух гэхэд нөгөө хоёр чинь салсан. Тэгээд машинд дайгдаж явсан залуу эмэгтэйгээ дагуулаад өөр машинд суугаад буцаад явсан. Харин нөгөө машины жолооч ах дарга бид хоёрын машины дэргэд ирээд би цагдаагийн ахмад ажилтан байна. Энэ залууг таних уу намайг цохиод авлаа гэж байсан" . гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуудас/,

 

            Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 08 ШЭ/242 тоот шинжээчийн

1. Т.Өын биед баруун дээд 2, зүүн дээд 3-р шүдний хугарал, мултрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой" гэх дүгнэлт /хх-ийн 17-18 хуудас/,

 

Шинжээч эмч С.Төгсбуяны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Т.Өын биед баруун дээд 2, зүүн 3 дугаар шүдний хугарал, мултрал гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл толгойн дагзны хэсэгт цохих, доргих үед үүсэх боломжгүй. Тухайн шүдний мултрал гэмтэл нь ам эрүүний харалдаа мохоо зүйлийн цохих, доргих хүчний үйлчлэлээр үүсэх ба зовуурь нь гэмтэл авсан даруйд үүснэ..../ хх-ийн 38 хуудас/ гэх мэдүүлэг,

 

Хохирогчийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Эрүү нүүрний мэс заслын эмчид үзүүлсэн эмчийн гэмтлийн гаралтай дээд 2 үүдэн шүднүүдийн хугарал, мултрал , зөөлөн эдийн бэртэл гэмтэл  учирсан талаар тэмдэглэл, шүд хийх тухай эмчийн магадалгаа /хх-ийн 12-13 хуудас/ ,

 

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн эмнэлгээс өвчтөн илгээх хуудас /хх-49 хуудас/,

 

 Шүүгдэгчийн хувийн байдал, ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа, бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Х нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Өтай таксины хөлснөөс болж маргалдан улмаар нүүр хэсэгт нь гараараа нэг удаа цохиж биед нь үүдэн дээд 2 шүдний хугарал, мултрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Д.Хын нь өгсөн: “ би шилэн хүзүү рүү нь цохисон. Өмнө нь би цохисон гэж хэргээ хүлээн мэдүүлсэн ” гэсэн мэдүүлэг, Хохирогч Т.Өын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ Миний утсаар яриад тэрэлж хүргээд өгөөч гэж хэлэхээр нь би хүргэж өгөөд Мэлхий хадны орчим буусан. Цаанаас нь маяктай машинаас нэг залуу бууж ирээд шууд нэг үг ч дуугараагүй намайг цохиод ална шүү гэж хэлээд машинд суугаад явсан. намайг цохисны улмаас миний өвчингүй 2 шүд унасан   ” гэсэн мэдүүлэг, Гэрч Л.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ Тэр залуу өөдөөс ирж яваа машины дэргэд очоод тухайн машинаас бууж ирсэн эмэгтэйтэй уулзаж байсан нь харагдсан ба намайг утсаар ярьж байхад манай жолооч Г нь нөгөө залуу чинь өөдөөс ирсэн машины жолоочтой зодолдоод байна гэхээр нь очоод салгадаа гэхэд хоорондоо салчихлаа гэсэн ба нөгөө залуу эмэгтэйгээ дагуулаад өөр машинд суугаад буцаад мэлхий хадны зүг яваад өгсөн” гэх, Гэрч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “нөгөө залуу чинь тухайн эмэгтэйг хүргэж ирсэн авто машины жолоочийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиод авсан” гэх мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 08 шэ/ 242 дугаар дүгнэлт, Шинжээч эмч С.Төгсбуяны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : Т.Өын биед баруун дээд 2, зүүн 3 дугаар шүдний хугарал, мултрал гэмтэл тогтоогдсон ба дээрх гэмтэл толгойн дагзны хэсэгт цохих, доргих үед үүсэх боломжгүй. Тухайн шүдний мултрал гэмтэл нь ам эрүүний харалдаа мохоо зүйлийн цохих, доргих хүчний үйлчлэлээр үүсэх ба зовуурь нь гэмтэл авсан даруйд үүснэ гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогчийн эрүүл мэндэд учирсан шүдний хугарал, мултрал гэх гэмтлийг баруун дээд 2 р шүд, зүүн дээд 3 р шүд гэж тогтоосон шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн мэдүүлгээс зөрүүтэйгээр тодорхойлсон буюу  Хохирогчийн 2020 оны 04 сарын 13-ны өдрийн Эрүү нүүрний мэс заслын эмчид үзүүлсэн эмчийн гэмтлийн гаралтай дээд 2 үүдэн шүднүүдийн хугарал, мултрал , зөөлөн эдийн бэртэл гэмтэл  учирсан, 12 болон 23 р шүднүүд буцаж тогтох найдваргүй тул авхуулж шүд нөхөн хийлгэж гэсэн эмчийн магадалгаа, 23, 33 р шүдийг солих гэж  тодорхойлсон Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн эмнэлгээс өвчтөн илгээх хуудас зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлаад шүдний байрлалыг дугаарласан байдал зөрүүтэй ч  уг гэмтлийг учирсан гэх нөхцөлийг үгүйсгэхгүй талаар мэдүүлсэн хэргийн оролцогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүхээс хохирогчид учирсан гэмтлийг үүдэн баруун дээд, зүүн дээд 2 шүдний хугарал, мултрал гэмтэл учирсан гэж тогтоож шийдвэрлэлээ.

 

            Иймд шүүгдэгч Д.Хт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Д.Хт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай, хохирогчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөлийг харгалзан түүнд 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бодит хохирлыг нөхөн төлсөн байдлыг харгалзан торгох ялын доод хэмжээгээр оногдуулах тухай санал дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтүүдийг хянан үзээд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөлийг харгалзан түүнд тухайн зүйлд заасан торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол үзлэгийн төлбөр 90.000 төгрөг, 2 шүдийг Монсей эмнэлгээр хийлгэх зардал 11.240.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг нийт 11.830.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснээс шүүгдэгчээс хохирогчид 1.500.000 төгрөгийг нөхөн төлсөн байна. Хохирогч нь шүүгдэгчийн нөхөн төлсөн 1.500.000 төгрөгийг шүд эмчлүүлэхтэй холбоотой зардалд тооцуулан цаашид шүд эмчлүүлэх нэхэмжлэлийн үлдэгдэл 9.740.000 төгрөг, өмгөөллийн хөлс 500.000 төгрөг, эмчид үзүүлсэн 90.000 төгрөг бүгд  10.330.000 төгрөгийг нэхэмжилжээ.

 

            Шүүхээс хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагыг хянан үзээд өмгөөлөгчийн зардал нь иргэд хоорондын сайн дурын гэрээ, хэлцлийн үндсэн дээр тохиролцдог зардлыг гэмт хэргийн улмаас учирсан шууд оруулж тооцуулах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, эмчид үзүүлсэн үзлэгийн төлбөр 90.000 төгрөгийн шаардлага нь үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчээс хохирогчид өгсөн 1.500.000 төгрөгөөс нөхөн төлөгдсөн гэж шүүх дүгнэлээ.

 

            Харин шүүгдэгчийн 1.410.000 төгрөгийн өгсөн төлбөрөөс гадна хохирогчийн эмчийн магадлалаар шүд хийлгэхээр шүүгдэгчээс урьдчилан шаардсан 9.830.000 төгрөгийн шаардлагыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасныг баримтлан шүд хийлгэх зардлаа зайлшгүй зардал гэж хохирогч талаас нотлоогүй байх тул хохирогч нь уг зардлыг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нөхөн гаргуулахаар нэхэмжлэх эрхтэйгээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

           

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Д.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоосугай

 

4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь шийтгэх тогтоолд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Х нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Т.Өын шүүгдэгчээс нэхэмжилсэн 500.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

7. Шүүгдэгч Д.Х нь хохирогчид 1.410.000 төгрөгийн нөхөн төлсөн болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Ө нь эмчилгээ хийлгэх 9.830.000 төгрөгийн шаардлагыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Хт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Х.ГАНБОЛД