| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2017/00351/И |
| Дугаар | 00448 |
| Огноо | 2017-04-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 00448
2017 оны 04 сарын 19 өдөр Дугаар 142/ШШ2017/00448 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1990 онд төрсөн, 27 настай эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг 3б дугаар гудамжны 04 тоотод оршин суух Халиугчин овгийн Нармандахын Гантөгсийн /регистрийн дугаар РЭ90050415/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1989 онд төрсөн, 28 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртбулаг баг, 5-04-14 тоотод оршин суух Жинсар овгийн Сайнбуянгийн Эрдэнэцэцэгт /регистрийн дугаар ФА89022004/ холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Гантөгс, хариуцагч С.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Гантөгс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Миний бие Н.Гантөгс нь эхнэр С.Эрдэнэцэцэгтэй 2008.12.24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Хүү Г.Долгион нь 2011.10.05-ны өдөр төрсөн, одоо 5 настай, цэцэрлэгт хүмүүжиж байгаа юм. С.Эрдэнэцэцэгтэй хамт амьдарч байгаагүй. С.Эрдэнэцэцэг бид 2 хоорондоо таарч тохирохгүй, үзэл бодол нийлдэггүйн улмаас цаашид хамт байх боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна ” гэжээ.
Хариуцагч С.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие С.Эрдэнэцэцэг нь 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Н.Гантөгстэй гэрлэлтээ батлуулсан ба 2011 оны 10 дугаар сарын 05-нд хүү Г.Долгион төрсөн. Уг хугацаанд хамтран амьдарч байгаагүй ба одоо гэрлэлт цуцлах тухай шүүхэд хандсан болно. Хүү Г.Долгион төрсөн цагаасаа эхлэн ээж дээрээ байсан ба одоо хүү Г.Долгионыг ээж болох С.Эрдэнэцэцэг миний бие асрамжиндаа авах хүсэлтэй байгаа ба эцэг Н.Гантөгсөөс тэтгэлэг авах хүсэлтэй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Гантөгс нь С.Эрдэнэцэцэгт холбогдуулж гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Гэрлэгчид нь 2008 онд гэр бүл болж, тэдний дундаас 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүү Г.Долгион төрсөн, зохигчид 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.
Зохигчид тусдаа амьдарч байгаа, хэн аль нь цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, бие биенээ хүндэтгэн үзэж цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй гэсэн тайлбар гаргаж байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг тэжээн тэтгэх тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан.
Гэрлэгчид 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Г.Долгионыг эх С.Эрдэнэцэцэгийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч Н.Гантөгс хүү Г.Долгионд хүүхдийн тэтгэлэг төлөхөөр тохиролцсон тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчидийг хүүхдийн асрамж болон тэтгэлэгийн тухайд тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” тооцож нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлно гэж заасан.
Нэхэмжлэгч Н.Гантөгсөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан түүний 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэгийн дүн 1 024 800 / амжиргааны доод түвшин 170 800 төгрөгийн 50 хувь 85 400 х12 сар х 1 хүүхэд= 1 024 800 / төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 29 145 төгрөг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэв.
Зохигчдын хооронд дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулахгүй гэснийг дурьдав.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Н.Гантөгс, хариуцагч С.Эрдэнэцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Г.Долгионыг эх С.Эрдэнэцэцэгийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү Г.Долгионыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Н.Гантөгсөөс гаргуулан хариуцагч С.Эрдэнэцэцэгт олгосугай.
4.Зохигчдын хооронд дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Н.Гантөгсөөс 29 145 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Б.Жадамбад даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА