| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2021/0058/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/65 |
| Огноо | 2021-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/65
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
Улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
Хохирогч Б.Б,
Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Э.Тт холбогдох эрүүгийн 2107 00000 0045 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1986 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, эрэгтэй, 35 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, э*******,******* мэргэжилтэй, .............. ХХК-ийн ерөнхий менежерийн ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, .................................................. тоотод бүртгэлтэй боловч .............................................. тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
******* овогт Э.Т, /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Шүүгдэгч Э.Т нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр .............. тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Бтай маргалдаж улмаар нүүр хэсэгт нь гараараа цохих, нуруу, бүсэлхий хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “ 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед би ээжийн гэрт очиход Б.Б согтуу хүүхдийн дэргэд эвгүй үг хэлж хэрүүл хийгээд байсан. Орой 20 цагийн үед дэлгүүр орох гээд Б.Бд хэлэлгүйгээр гарах гэтэл үүдний хаалган дээр түлхүүр булаалцалдаад түлхэлцсэн. Намайг чихний арын чамархай болон үснээс татсан. Би гарыг нь тавиулах гэхэд бүдэрч унаж байсан. Тэгээд болихгүй болохоор цааш нь харж байхад нь өгзөг гуяа руу нь өшиглөсөн. Буцаж явах замдаа машинтайгаа замын хажуу руу унасан учраас буцаж очиж чадаагүй” гэв.
Хохирогч Б.Бы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ 2021 оны 02 дугаар сарын 9-ний өдөр 2 хүүхдээ аваад Городокт очсон. Очиход тоглоомоо тоглоод сууж байсан. Орой нь би явахаар шийдсэн . болж бүтэхгүй юм байна гэснээс болж бид маргалдсан. Намайг хүүхдүүдээ аваад яв гэж байсан. би 2 хүүхдээ эцэгтэй нь цагаан сараар байлгана гэснээс болж хэрүүл хийсэн. Маргааш нь Э.Т ажилтай гээд хот руу явахад нь хүнс аваад ирээрэй гэсэн. Өдөр ирэхэд хүнсгүй ирсэн. Би хорионд хүнсгүй яаж байх юм гэснээс болж маргалдсан. Орой 09 цагийн үед сэрээд Э.Т жижиг өрөөнд байхдаа гэнэт босоод хувцсаа өмсөөд гарах гэхээр нь би “чи хаачих гэж байгаа юм” гэхэд чамд хамаагүй гэсэн. Би хаалга түгжих гээд явуулахгүй гээд зууралдсан. Би тэвчээр алдаад муухай үг хэлсэн. Намайг тэр хооронд зөндөө цохисон. Гутлаараа өшиглөөд унагасан хойно “чамайг алчхаад явчихна” гэж хэлэхэд нь би айсан. Шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтлүүдийг хаалга түгжих үед Э.Т намайг шууд нүүр лүү цохиж дараа нь өшиглөснөөс болж үүссэн. Нэхэмжлэх зүйл байхгүй ” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Бы мөрдөн шалган ажиллагаанд өгсөн "...2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр би 2 хүүхэдтэйгээ Городок-д ирээд нэг хоносон. Орой Э.Т “би маргааш явна” гэхээр нь “чи хорио дуустал тэсчих цагаан сарын дараа би 2 хүүхдээ аваад явчихна” гэж хэлээд жаахан маргалдсан. Маргааш өглөө нь хот руу ажилтай гэж яваад хүнсний зүйл авчирна гэж байснаа авчраагүй болохоор нь би “цагаан сараар хоосон сууж байх уу” гэж хэлээд жаахан хэрэлдсэн. ...Орой 21 цаг өнгөрч байхад жижиг өрөө рүү харахад Э.Т өөдөөс яасан гээд босож ирснээ шууд явах гээд хувцсаа өмсөхөөр нь “чи хаачих гэж байгаа юм бэ” гээд үүд рүү очоод хаалга цоожлох гэхэд холд наанаасаа гээд баруун нүдний орчим цохиж авсан. Тэгэхээр нь чи яаж байгаа юм гээд цээж рүү нь цохиод автал гуталтай хөлөөрөө нуруу ууц руу өшиглөж урагшаа шалан дээр унахад биеийн хөл, гуя бөгсөн бие рүү нэлээд хэдэн удаа өшиглөж дээрээс дэвсэж байснаа гараад явчихсан. ...Манай том хүү 11 настай Т.А, 4 настай хүү Шихи-Очир нар байсан. Том хүү маань муудалцахыг харж байсан." /хх-7-10, 11-13/ гэх мэдүүлэг,
Гэрч Б.Сы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 12-ны орой 23 цаг өнгөрч байхад манай дүү Б.Б над руу утсаар залгаж “би Налайхын эмнэлэг дээр байна бие өвдөөд байна ирж аваач” гэхээр нь би сандраад нөхрийн хамт машинтай ирсэн. Тэр үед хөл хорио тогтоосон байсан болохоор Налайх руу учраа хэлээд ирж дүү Б.Быг авч хотод гэртээ аваачсан. Налайхад авахаар ирэхэд уйлсан шоконд орсон байдалтай байсан. Замдаа Б.Б Э.Т намайг зодсон гэж ярьж байсан. Гэрт очоод биеийг нь үзэхэд нүүр нүд, хөл гар, нуруу нь хөхөрсөн байсан. ...Э.Т намайг зодоодоо гэж хэлснээс тэгж зодоод ингээд гэж хэлсэн зүйлгүй. ...Нэг нүдний зовхи хөхөрсөн, 2 хөл нь хөхөрсөн, нуруу нь бас хөхөрсөн харагдсан."/хх-20-21/ гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй гэрч Т.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдрийг би хэдний өдөр байсныг санахгүй байна Орой манай эмээгийн байшинд байхад манай аав, ээж 2 гэрийн үүдэнд муудалцаад байсан. Ээж гүйж очоод муудалцаад байсан. Тэгснээ аав гэрээс гараад явчихсан. ...Аав гарах гэхэд ээж байн байн гүйж очоод зуураад муудалцаад газар ойчоод босож ирээд аавыг цохиод байхаар нь би “ээжээ та болиочээ ингээд байвал би таныг дахиж ээж гэж дуудахгүй шүү” гэж хашхирч гэж хэлсэн" /хх-22-23 / гэх мэдүүлэг,
Гэрч Ш.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 12-ны өглөө буюу цагаан сарын шинийн нэгний өглөө Б.Б над руу залгаад аав ээжтэйгээ cap шинийн мэнд мэдчихээд утсаа тасалсан. Тухайн үедээ жаахан дуу муутай байгаа нь мэдэгдээд байсан. Орой нь манай зээ хүү Т.А над руу залгаад уйлаад байхаар нь би сандраад яав аа эмээдээ тайвшраад хэлчих гэхэд ээжийн бие нь өвдөөд эмнэлэг дуудсан аав ээж 2 муудалцсан гэж хэлсэн. Тэгээд би өвгөнтэйгөө Баянзүрхийн товчоо ороод Налайхаас хүүхэд хөгжпийн төвийн 2 хүн ирж манай 2 зээг хүлээлгэж өгсөн" /хх-25/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн Шинжилгээний Газрын шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Чимэд-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Зүүн гуяны арын дээд хэсгийн 19х13 см цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний зовхины гадна булан хэсгийг хамарсан гэмтэл цус хуралт, тархи доргилт зэрэг гэмтлүүд дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." /хх-31/ гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Э.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...2021 оны 02 дугаар сарын 10-ны орой Гордокт байрандаа ирэхэд манай эхнэр Б.Б согту..............н байдалтай 2 хүүхдийн хамт байсан. Орой 20 цагийн үед би явах гэхэд хэрүүл хийгээд байсан, Гэрээс хувцсаа өмсөөд гарах гэхэд чи хаачих гэж байгаа юм янхан хүүхэн дээрээ очих гэж байгаа юм уу, хүүхдүүдийн хажууд чи янхны алыг долоож хэвтэх байгаа юм уу гээд эрээ цээргүй орилоод хаалга цоожлох гэхээр нь чи холдоо би явъя гээд гарын шуу мөрнөөс нь татахад намайг зуурчхаад холдохгүй байсан. Би арай хийж холдуулаад гарах гэхэд, араас намайг цохиж, өшиглөж, үснээс 1 зулгааж, хувцаснаас татаж би түлхэж холдуулсан үйлдэл 3-4 удаа давтагдсан. ... Б араас цохиод зууралдаад байхаар нь гуя өгзөг рүү нь өшиглөж холдуулсан. Тэгээд ч холдохгүй зууралдаад байхаар нь би зугтаад гарч явсан. Намайг зу..............н гарыг нь тавиулаад өөрөөсөө холдуулж түлхэхэд 2 удаа газар унасан ч, юм мөргөсөн зүйлгүй, бэртэж гэмтэхээр унаагүй." /хх-52/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1551 дугаартай дүгнэлтэд:
Яаралтай түргэн тусламжийн хуудас /хх-33-37/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх76-80/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-81-82/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон бусад баримтууд зэрэг бичгийн баримтууд зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Т нь 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр .............. тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Б.Быг явуулсангүй гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа цохих, нуруу, бүсэлхий хэсэгт нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Э.Тын өгсөн: “ 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед би ээжийн гэрт очиход Б.Б согтуу хүүхдийн дэргэд эвгүй үг хэлж хэрүүл хийгээд байсан. Орой 20 цагийн үед дэлгүүр орох гээд Б.Бд хэлэлгүйгээр гарах гэтэл үүдний хаалган дээр түлхүүр булаалцалдаад түлхэлцсэн. Намайг чихний арын чамархай болон үснээс татсан. Би гарыг нь тавиулах гэхэд бүдэрч унаж байсан. Тэгээд болихгүй болохоор цааш нь харж байхад нь өгзөг гуяа руу нь өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Бы өгсөн: “ ... Орой 09 цагийн үед сэрээд Э.Т жижиг өрөөнд байхдаа гэнэт босоод хувцсаа өмсөөд гарах гэхээр нь би чи хаачих гэж байгаа юм гэхэд чамд хамаагүй гэсэн. Би хаалга түгжих гээд явуулахгүй гээд зууралдсан. би тэвчээр алдаад муухай үг хэлсэн. намайг тэр хооронд зөндөө цохисон. Гутлаараа өшиглөөд унагасан хойно чамайг алчхаад явчихна гэж хэлэхэд нь би айсан.” гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Бы мөрдөн шалган ажиллагаанд өгсөн "...Орой 21 цаг өнгөрч байхад жижиг өрөө рүү харахад Э.Т өөдөөс яасан гээд босож ирснээ шууд явах гээд хувцсаа өмсөхөөр нь чи хаачих гэж байгаа юм бэ гээд үүд рүү очоод хаалга цоожлох гэхэд холд наанаасаа гээд баруун нүдний орчим цохиж авсан. Тэгэхээр нь чи яаж байгаа юм гээд цээж рүү нь цохиод автал гуталтай хөлөөрөө нуруу ууц руу өшиглөж урагшаа шалан дээр унахад биеийн хөл, гуя бөгсөн бие рүү нэлээд хэдэн удаа өшиглөж дээрээс дэвсэж байснаа гараад явчихсан. ” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Сы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Замдаа Б.Б Э.Т намайг зодсон гэж ярьж байсан. Гэрт очоод биеийг нь үзэхэд нүүр нүд, хөл гар, нуруу нь хөхөрсөн байсан. ...Э.Т намайг зодоодоо гэж хэлснээс тэгж зодоод ингээд гэж хэлсэн зүйлгүй. ...Нэг нүдний зовхи хөхөрсөн, 2 хөл нь хөхөрсөн, нуруу нь бас нөхөрсөн харагдсан” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Т.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр өдрийг би хэдний өдөр байсныг санахгүй байна Орой манай эмээгийн байшинд байхад манай аав, ээж 2 гэрийн үүдэнд муудалцаад байсан. Ээж гүйж очоод муудалцаад байсан. Тэгснээ аав гэрээс гараад явчихсан гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой нь манай зээ хүү Т.А над руу залгаад уйлаад байхаар нь би сандраад яав аа эмээдээ тайвшраад хэлчих гэхэд ээжийн бие нь өвдөөд эмнэлэг дуудсан аав ээж 2 муудалцсан гэж хэлсэн. Тэгээд би өвгөнтэйгөө Баянзүрхийн товчоо ороод Налайхаас хүүхэд хөгжпийн төвийн 2 хүн ирж манай 2 зээг хүлээлгэж өгсөн" гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх Эмнэлгийн Шинжилгээний Газрын шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Чимэд-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Зүүн гуяны арын дээд хэсгийн 19х13 см цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний зовхины гадна булан хэсгийг хамарсан гэмтэл цус хуралт, тархи доргилт зэрэг гэмтлүүд дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 1551 дугаартай дүгнэлт, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэрэг нотлох баримт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Тын гэрээс явуулсангүй, хаалга түгжлээ гэх шалтгаанаар эхнэр Б.Быг зодсон үйлдэл нь гэр бүлийн хүрээнд гэр бүлийн хамаарал бүхий эхнэрийн эрүүл мэндийн эсрэг хүчирхийлэл шинжтэй үйлдэл байна гэж үзлээ.
Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон гэж үзлээ.
Иймд шүүхээс Э.Тыг хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Тт холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргажээ.
Шүүх талуудын дүгнэлтүүдийг хянан үзээд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцон шүүгдэгчид тухайн гэмт хэрэгт заасан ял шийтгэлүүдээс торгох ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.
Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид холбогдуулан гэмт хэргийн улмаас учирсан хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Э.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хүний эрүүл мэндэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч ******* овогт Э.Тыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Шүүгдэгч Э.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь
бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД