| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2021/0017/Э |
| Дугаар | 18 |
| Огноо | 2021-03-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.М |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э,
Улсын яллагч Г.М,
Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Б-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр О аймгийн Ж суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 5, эхнэр, 2 хүүхдүүдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух, урьд Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ял, Сум дундын 9 дүгээр шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзах ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Г.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт өөрийн гэртээ эхнэр Т.Х-г үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн өглөө ажлаасаа буусан. Өглөө ажлаас буухад эхнэр ирж авдаг юм. Тэр өдөр ирээгүй, би гэртээ ирэхэд гэрт эхнэр Т.Х байгаагүй, гурван хүүхэд маань байсан. Гэрт гал түлээгүй хүүхдүүд маань хүйтэн гэрт хоол ундгүй байсан болохоор нь уур хүрсэн. Тэгээд эхнэрийг хайгаад найз Э-нд очтол эхнэр жаахан согтууруулах ундаа хэрэглэчихсэн байж байхаар нь гэр лүүгээ авч явсан. Эхнэртээ хүүхдүүдээ харсангүй, архи дарс уулаа гэж хэлэхэд эхнэр буруугаа хүлээхгүй өөдөөс тайлбар тавьж эсэргүүцсэн. Тэгэхээр нь би жаахан уурлаад эхнэртээ гар хүрсэн. Энэ бол миний буруу. Үүнээс болоод эхнэртээ хөнгөн гэмтэл учруулчихсан. Би тухайн үед эрүүл байсан. Уураа барьж дийлэлгүй эхнэрээ зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Дахин ийм үйлдэл гаргахгүй байж чадна. Буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Эхнэр Т.Х-с уучлалт гуйсан, түүний биеийн байдал одоо зүгээр болсон. Бид 2 хэвийн, урьдын энгийн харилцаандаа орсон. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52/,
- Хохирогч Т.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 02 дугаар сарын 04-ний өглөө 09 цагийн орчим найз Э-н гэрт би ганцаараа очсон. Э гэртээ 3 хүүхдийнхээ хамт байсан. Ингээд бид 2 жаахан юм ярьж суусан ба Э хөргөгчөөсөө лаазтай пиво гаргаж ирсэн. Бид 2 хүн хүний 2 лааз пиво уусан. Бид 2 согтоогүй, хэвийн байсан. 11 цагийн орчим манай нөхөр Г.Б Э-нд ирээд намайг гэр лүүгээ явъя гэсэн. Би ч босоод Г.Б-г дагаад гарсан. Э гэртээ хүүхдүүдийн хамт үлдсэн. Э-д бид 2 хэрэлдэж муудалцаагүй, зүгээр гарцгаасан. Гадаа гараад машиндаа суутал Г.Б үгийн зөрүүгүй миний 2 хөл, баруун мөр, зүүн хацар зэрэгт гараараа цохисон. Яаж байгаа юм бэ гэсэн чинь Г.Б чи гэртээ байхгүй, айлд архи дарс уулаа, энэ хүүхнийд яах гэж ирсэн юм бэ гэж хэлсэн. Тэгээд бид 2 машиндаа хэрэлдсээр гэртээ ирсэн ба гэрт ороод хэрүүл даамжирсан. Ингэж хэрүүл хийж байхдаа Г.Б миний гар, хөл, нүүр лүү гараараа нэлээн хэд цохисон. Тэгснээ Г.Б намайг хүүхдүүдтэй гэрт үлдээгээд гараад явчихсан. Машинаа үлдээгээд явсан байсан. Хаачсаныг нь мэдээгүй. Нөхөр маань намайг гэртээ байхгүй гадуур явлаа энэ тэр гэж л хэрүүл хийсэн юм. Орой 17 цагийн орчимд Г.Б такси бариад согтуу гаднаас ороод ирсэн. Ирээд бас хэрүүл хийх гээд байсан ба удалгүй гэрт цагдаа ороод ирсэн. Манай том хүү Б.Т цагдаа руу утсаар залгаад дуудлага өгсөн байсан юм билээ, тэрийг нь Г.Б бид 2 мэдээгүй. Ингээд цагдаа ирээд Г.Б-г авч яваад эрүүлжүүлэх байранд хонуулсан. Намайг өглөө ирээд уулзаарай гэж хэлсэн. Би Г.Б-тай ханилаад 14 жил болж байна. Энэ хугацаанд 3 хүүтэй болсон. Том хүү Б.Т 2006 онд төрсөн, дунд хүү Б.Т 2013 онд төрсөн, бага хүү Б.Э 2018 онд төрсөн. Амьдарч байх хугацаандаа Г.Б гэр бүлдээ халамж сайтай байсан. Одоо хэвээрээ. Сая болдог зүйл бид 2-ын үл ойлголцсоноос болчихсон. Урьд нь айл гэр л юм болохоор бага сага хэрүүл маргаан гарах нь гардаг л байсан, гэхдээ ийм байдалд хүрээд байхгүй, тэр үедээ учир зүйгээ олчихдог байсан... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, хүсэлт /хх-ийн 20, 89/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04/33 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Т.Х-н биед духанд цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацар шанаа, уруулын зүүн талаар зөөлөн эдийн няцрал, уруулын дотор талд язарсан шарх, баруун мөрөнд цус хуралт, 2 гуяны урд хажуу хэсэг цус хуралтууд, зүүн өвдөг, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Т.Х-н биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Учирсан гэмтлүүдийн нүүрэнд учирсан гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-40/,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-69/,
- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн ажлын албаны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспортын хуулбар, жолоодох эрхийн лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 59-62, 64-67/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Дээрх нотлох баримтуудаар Г.Б нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн орчим эхнэр Т.Х-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зодсон үйл баримт болсон байна.
Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Г.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Т.Х-н “...11 цагийн орчим манай нөхөр Г.Б Э-д ирээд намайг гэр лүүгээ явъя гэсэн. Би ч босоод Г.Б-г дагаад гарсан... Гадаа гараад машиндаа суутал Г.Б үгийн зөрүүгүй миний 2 хөл, баруун мөр, зүүн хацар зэрэгт гараараа цохисон. Яаж байгаа юм бэ гэсэн чинь Г.Б чи гэртээ байхгүй, айлд архи дарс уулаа, энэ хүүхнийд яах гэж ирсэн юм бэ гэж хэлсэн. Тэгээд бид 2 машиндаа хэрэлдсээр гэртээ ирсэн ба гэрт ороод хэрүүл даамжирсан. Ингэж хэрүүл хийж байхдаа Г.Б миний гар, хөл, нүүр лүү гараараа нэлээн хэд цохисон...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 04/33 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Г.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Шүүгдэгч Г.Б-т хохирогч Т.Х нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Г.Б-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б нь 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н