Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 127/2021/0026/З |
Дугаар | 221/МА2022/0786 |
Огноо | 2022-12-14 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2022/0786
Б.Н...ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 127/ШШ2022/0016 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч С.Мөнхжаргал
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Г...,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж...,
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Н...,
Хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/298 дугаартай, газар эзэмшүүлэх тухай захирамжийн 13 дахь хэсгийг буюу Н.Ж...д Өвөр хөв хэмээх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулж, Ц.Х... олгосон Ар хөв хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худгийг албадан нүүлгэх шийдвэр гаргахыг Хэрлэн сумын Засаг даргад даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 127/ШШ2022/0016 дугаар,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г...,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б...,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Т...,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У...,
Хэргийн индекс: 127/2021/0026/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 127/ШШ2022/0016 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн А/298 дугаартай, газар эзэмшүүлэх тухай захирамжийн 13 дахь хэсгийг буюу Н.Ж...д Өвөр хөв хэмээх газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Х.Г...ы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, Ар хөв хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худгийг албадан нүүлгэх тухай захирамж гаргахыг хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргад даалгах тухай нэхэмжлэгч Б.Н...ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г..., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Жавхлан нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Миний бие шүүхэд хандаж өөрийн ээж Б.Н...ийг төлөөлөн “Ар хөв” хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худгийг албадан нүүлгэх захирамж гаргахыг Хэрлэн сумын Засаг даргад даалгах, Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчийн хувьд 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаартай газар эзэмшүүлэх тухай захирамжийн 13 дахь хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. А/298 дугаартай захирамжийн 13 дахь хэсэг нь тус асуудлыг Багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэлгүй Н.Ж...ы нэрийг нэмж оруулсан. Үүнийг тухайн үед ажиллаж байсан газрын даамал н.Б.... хэлдэг. Багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцсэн тэмдэглэл байхгүй. Би уг асуудлыг өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. “Ар хөв” хэмээх газар баригдсан худаг, саравч ямар ч зөвшөөрөлгүй зохих журмын дагуу баригдаагүй нь нотлогдсон гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзсан нь зөв боловч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж нэхэмжлэл гаргаагүй этгээдийг нэхэмжлэгч гэж үзэж, харин нэхэмжлэл гаргасан этгээдийн нэхэмжлэлийг хүлээн авах эсэхэд дүгнэлт өгөлгүй орхигдуулсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-д заасны дагуу шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.
1. Анхан шатны шүүх Х.Б...ы нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн, урьд нь 2021 оны 20 дугаар шийдвэрээр хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Х.Г...ы нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс буцаасны дараа хэргийг дахин шийдвэрлэхдээ нэхэмжлэгч Б.Н...ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэлийн өргөдөлд Х.Б... гарын үсэг зурж, нэхэмжлэлдээ Х.Г...ы нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байгааг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг “... Н.Ж...д “Өвөр хөв” гэх газрыг үндэслэлгүй эзэмшүүлсэн Хэрлэн сумын Засаг даргын А/298 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, эцэг Ц.Х...гийн “Ар хөв” хэмээх газар дээр зөвшөөрөлгүй барьсан саравч, худгийг нүүлгэхийг мөн Засаг даргад даалгах” гэж тодорхойлж гаргасан байхад Х.Б...ы нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэсэн нь буруу байна.
3. Тэрээр анхан шатны шүүх уг алдааг засаж, нэхэмжлэгч нь Х.Г... гэж үзэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн боловч Х.Г...ыг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд мөн эсэхийг анхаараагүй байна. Энэ талаар тодруулахыг давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан боловч анхан шатны шүүх “хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд зөв дүгнэлт хийсэн атлаа “...даалгах” нэхэмжлэлийг Б.Н...ийн нэхэмжлэл гэж шууд үзэж, түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.
4. Х.Г... нь нэхэмжлэлийг тодруулахдаа “... Засаг даргын А/298 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгч болохынхоо хувьд гаргасан, харин “Н.Ж...ы саравч, худгийг нүүлгэхийг даалгах” шаардлагаа аав Ц.Х...гийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг хамгаалж гаргасан талаар тайлбарласан байна.
5. Анхан шатны шүүх Х.Г...ы гаргасан “Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч болохынхоо хувьд гаргасан гэх Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/298 дугаар захирамжийн Н.Ж...д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д зааснаар хүлээн авахаас татгалзсан нь үндэслэл бүхий болжээ.
5.1.Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан тухайн орон нутгийн эдийн засаг, нийгмийн шинжтэй асуудлыг шийдвэрлэх чиг үүрэг бүхий Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон этгээд бөгөөд захиргааны хэргийн шүүхэд иргэдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд биш юм. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан “аймгийн Хурлын төлөөлөгч болохынхоо хувьд Номгон багийн иргэдийн эрхийг хамгаалж гаргасан” гэж маргасныг хүлээн авч, хангах үндэслэлгүй байна.
6. Харин анхан шатны шүүх “Н.Ж...ы саравч, худгийг нүүлгэхийг сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн тухайд маргаж буй захиргааны үйл ажиллагааны улмаас эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж, уг эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан этгээд буюу нэхэмжлэгч болон түүний төлөөлөгчийг буруу тодорхойлсноос нэхэмжлэл гаргаагүй этгээдийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.
6.1. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “"нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл”-ийг ойлгохоор; 17 дугаар зүйлийн 17.3-д “Энэ хуулийн 3.1.3-т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ” гэж тус тус заасанд нийцээгүй байна.
7. Анх Х.Г...ыг итгэмжлэгдсэн төлөөлөгч дүү Х.Б...аар дамжуулан 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд гаргасан “...Ц.Х...гийн эзэмших эрхийн гэрчилгээтэй “Ар хөв” гэх газар дээр зөвшөөрөлгүй барьсан саравч, худгийг нүүлгэхийг Хэрлэн сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэл гаргах үед эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх түүний аав Ц.Х... /агсан/ нас бараагүй байсан нь Х.Г...ы тайлбараар тогтоогдож байна.
7.1. Гэтэл энэхүү “даалгах” нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч Х.Г...ы өөрийнх нь ямар нэгэн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байхад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэл гаргах эрхгүй буюу нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд” нэхэмжлэл гаргасан бол хүлээн авахаас татгалзахаар заасныг анхан шатны шүүх хэрэглээгүй байна.
7.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.Г...ы эцэг Ц.Х... /агсан/ нас барсан байх бөгөөд нэхэмжлэгч Х.Г... нь “ээж Б.Н... нь аав Ц.Х...гийн “Ар хөв” хэмээх газрын эзэмших эрхийг өв залгамжлалаар шилжүүлэн гэрчилгээ нь гарсан тул нэхэмжлэгч Х.Г...ыг Б.Н...ээр сольж, Х.Г...ыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцуулж өгнө үү гэх хүсэлтийг Б.Н...ийн итгэмжлэлийн хамт 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ирүүлжээ.
7.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгчийг солих талаар зохицуулаагүй, учир нь захиргааны үйл ажиллагааны улмаас эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн, эрх зүйн бүрэн чадамжтай хүн, хуулийн этгээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эсэхээ өөрөө шийдвэрлэж, нэхэмжлэл гаргах эрхтэй байдаг. Гэтэл Ц.Х... /агсан/ шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй, түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх залгамжлах асуудал байхгүй, мөн Б.Н... нь шүүхэд нэхэмжлэл бичгээр гаргаагүй тул түүнийг мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 17.1, 17.3-д заасан нэхэмжлэгч, эсвэл хэргийн оролцогчийн эрх залгамжлагч гэж үзэх үндэслэлгүй.
7.4. Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлсэн Х.Г...ы хүсэлт болон хэргийн оролцогч биш Б.Н...ийн итгэмжлэлийг үндэслэн нэхэмжлэгчийг Б.Н... гэж үзэж, нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтуудад нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчжээ.
8. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 2 дахь заалтад “Х.Г...ы гаргасан “даалгах” шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.5-д зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өөрчлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдааг зөвтгөж, нэхэмжлэгч Х.Г..., түүний төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 127/ШШ2022/0016 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан ““Ар хөв” хэмээх газар дээр зохих зөвшөөрөлгүй барьсан өвөлжөөний саравч, худгийг албадан нүүлгэх тухай захирамж гаргахыг хариуцагч Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий Х.Г...ы нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Х.Г..., түүний төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ А