Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 414

 

                                                                                                                                                                                                                                                                             

                                                                    

 

 

 

 

 

 

 

           Т.А, Х.Л нарт холбогдох

          эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Н.Батсайхан, Д.Мягмаржав нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор С.Солонго,

Шүүгдэгч Т.Аийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Т.А даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Ц.Батболдын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 41 дугаартай прокурорын эсэргүүцлээр Т.А, Х.Л нарт холбогдох эрүүгийн 201625011859 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мягмаржавын илтгэснээр хянан хэлэлцэв.

Сартуул овогт Төмөрсүхийн Т.А, 1960 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... тоотод оршин суудаг,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр эдлээгүй үлдсэн 6 сар 9 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан, /РД: 0000062/,

 

Нарт овогт Хорлоогийн Х.Л, 1981 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД: 00000404/.  

           

            Т.А нь Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ачит сайхан” өрхийн эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд хохирогч Г.Гын биед эмнэлгийн бус нөхцөлд хууль бусаар үр хөндөлт хийсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт,

            Х.Л нь Т.Аийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ачит сайхан” өрхийн эмнэлэгт эмэгтэйчүүдийн их эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хооронд хохирогч Г.Гын биед эмнэлгийн бус нөхцөлд хууль бусаар үр хөндөлт хийсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Т.Ат холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Х.Лд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сартуул овогт Төмөрсүхийн Т.Аийг эмнэлгийн бус нөхцөлд үр хөндсөний улмаас хохирогчид хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг, Нарт овогт Хорлоогийн Х.Лг гэрчээр зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дуаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийи 1 дэх хэсэгт зааснаар Хорлоогийн Х.Лд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Төмөрсүхийн Т.Аийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Т.Ат оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Т.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.А нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг дурдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Т.Аийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Т.А нь оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Г.Г нь цаашид гарах зардлын талаарх нотлох баримтууд бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Т.А, Х.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ...шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.А, Х.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Ц.Батболд бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичих үндэслэлтэй гэж үзлээ. Үүнд: 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус заасан байна. Гэтэл шүүх шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулсан атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан уг ялыг тэнсэж шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн…” гэжээ.

Прокурор С.Солонго тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.  

Шүүгдэгч Т.Аийн өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь манай үйлчлүүлэгч хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, баримтаар нэхэмжлээгүй ч гэсэн 2.000.000 гаруй төгрөгийн төлбөр төлж, хохирогч гомдол саналгүй гэж тухайн үед хохирогчоор мөрдөн байцаалтын шатанд өгсөн байцаалтад “энэ хүнд гомдол байхгүй, миний буруутай үйл ажиллагаа байгаа, өөрийн эх шиг хүнийг энэ хэрэгт татан оролцуулсан зүйл байгаа” гэж мэдүүлдэг. Хувийн байдалд шүүх хуралдаанд энэ хүн тэтгэвэрт гарсан, сахарын өвчинтэй, булчирхайн мэс засалд орох гэж байгаа тул хувийн байдлыг шүүх харгалзан үзэж, шүүх тэнсэж үүрэг хүлээлгэсэн. Өмгөөлөгчийн хувьд эсэргүүцлийг тодорхой хэмжээгээр эрх зүйн байдлыг дээрдүүлсэн эсэргүүцэл гэж үзэж, ял оногдуулахгүйгээр тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү” гэв.

                                                           ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдсан гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх”, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 1.3-т заасан “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.” гэх үндэслэлүүд тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Т.Ат холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэснийг зөрчсөн байна.

Мөн шүүх Т.Ат ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримталсан нь үндэслэлгүй байх бөгөөд шүүгдэгч Т.Аийн хувийн байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, хохирогчид учирсан хохирлын шинж чанар зэргийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай дээд шатны прокурор Ц.Батболдын бичсэн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 41 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Т.А, Х.Л нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Т.А, Х.Л нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

            2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Т.А, Х.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл тэдэнд давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргаж, эсэргүүцэл бичиж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

Д.МЯГМАРЖАВ