Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 348

 

М.Энхтуяагийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч М.Энхтуяа, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямдэлгэр нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 335 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 477 дугаар магадлалтай, М.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 335 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Энхтуяагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “М.Энхтуяаг төрийн албанаас халах тухай” Б/98 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Энхтуяаг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгал хариуцсан байцаагчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Энхтуяад 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гартал хугацаа буюу 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацаагаар тооцож, ажилгүй байсан 6 сар 22 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 6.394.586 /зургаан сая гурван зуун ерэн дөрвөн мянга таван зуун наян зургаа/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, М.Энхтуяагийн нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 477 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 335 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Нэхэмжлэгч М.Энхтуяа, түүний өмгөөлөгч Б.Батбаяр нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2.1-д заасны дагуу дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Иргэн М.Энхтуяагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гарсан бөгөөд тус шийдвэрээр “М.Энхтуяаг бусдад нийгмийн даатгалын санг ашиглуулсан, ашиглах боломж олгосон ёс зүйн зөрчил гаргасан үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна. Нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил, ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн дараах сахилгын шийтгэл ногдуулна гэснийг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна” гэж шүүхээс хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн.

Гэтэл захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 477 тоот магадлалаар “нэхэмжлэгч нь маргаж буй тушаалд заагдсан зөрчил гаргасан эсэхийг хариуцагчийн тайлбарт дурдсанаар шалган тогтоож, холбогдох этгээдээс тайлбар, мэдүүлэг авах замаар тодруулсны дараа маргаан бүхий тушаалын хууль бус эсэхэд дүгнэлт өгч шийдвэрлэх, нэхэмжлэгч М.Энхтуяатай хамааралтай эсэхийг холбогдох хүмүүсээс тодруулсны дараа ажлаас халсан шийдвэр үндэслэлтэй гарсан гэсэн хариуцагчийн гомдолд дүгнэлт өгч шийдвэрлэх боломжтой байх тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэсэн үндэслэлгүй дүгнэлт гаргасан.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмын 4.1.1, 4.1.3-д зааснаар тэтгэврийн нийгмийн даатгалын байцаагч тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн материалыг хүлээн авч, эрх зүйн дагуу бүрдсэн эсэхийг хянаж дараа нь тэтгэврийн ахлах байцаагч, тэтгэврийн албаны дарга, санхүүгийн албаны дарга, эцэст нь Нийгмийн даатгалын хэлтсийн дарга зэрэг 5 эрх бүхий албан тушаалтан хянаад гарын үсэг зурж зөвшөөрсний үндсэн дээр тэтгэврийн дэвтрийг нээж мөнгө олгох эрхийг олгодог.

Нэхэмжлэгч М.Энхтуяа нь ажлын байрны тусдаа чиг үүрэгтэй эрүүл мэндийн байцаагч бөгөөд тэтгэвэр тогтоолгоход ямар нэгэн байдлаар оролцох эрх, дүрэм, журам хуулиар олгогдоогүй тул нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглуулах боломж олгосон, нийгмийн даатгалын санд хохирол учруулахад хүргэсэн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм. Хэрэв ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан Нийгмийн даатгалын ажилтны ёс зүйн дүрмийг баримтлах бөгөөд Нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөл шалгаж дүгнэлт гаргасны үндсэн дээр хэлтсийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах ёстой байсан.

Гэтэл Нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил, ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөлөөр хэлэлцээгүй асуудлыг хэлэлцэж ёс зүйг зөрчсөн эсэх талаар шалгаж тогтоогоогүй, эрх үүрэг бүхий зөвлөлийн дүгнэлт гараагүй байхад шууд даргын зөвлөлийн хурлаар оруулж төрийн албанд 1 жилийн хугацаагаар эргэн орохгүйгээр ажлаас халсан нь хууль, дүрэм, журмын дагуу явагдаагүй хууль бус шийдвэр гарсан юм. Нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил, ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөлийн ажиллах журмын 2.2-т “аймаг, нийслэлийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийг тухайн аймаг, Нийслэлийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга томилно”, мөн хуулийн 2.3-т “зөвлөлийн дарга нь тухайн шатны Нийгмийн даатгалын даргаас бусад албан тушаалтан байж болно” гэж тус тус тодорхой заасан. Гэтэл тус зөвлөлөөр иргэн М.Энхтуяагийн асуудлыг шийдвэрлэх ёстой атал шууд даргын хурлаар оруулж ажлаас халсан байгаа нь дээрх журмыг ноцтойгоор зөрсөн.

Иргэн М.Энхтуяа нь нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглаагүй, бусдад ашиглах боломж олгоогүй, тийм төрлийн эрх нь хууль, дүрэм, ажлын байрны тодорхойлолтод зааснаар олгогдоогүй юм. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 163 тоот тушаалын 1 дүгээр хавсралт буюу Тэтгэвэр, тэтгэмж тогтооход шаардагдах баримт бичгийг бүрдүүлэх, хянах журмын 4.1.1-д “сум, хорооны нийгмийн даатгалын байцаагч нь тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн... баримт бичгийн бүрдэл, эрх үүсэх үндэслэлийг тухайн иргэнийг байлцуулан уг баримт бичгийг эрх зүйн дагуу бүрэн бүрдэж тэтгэвэр тогтоох үндэслэл хангагдсан гэж үзвэл тэтгэврийн хувийн хэрэг нээж, бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авсан байцаагч, хүлээлгэн өгсөн иргэн гарын үсэг зурна” гэж заажээ.

Тус заалтын дагуу хорооны тэтгэврийн нийгмийн даатгалын байцаагчид тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн материалыг хүлээн авч, эрх зүйн дагуу бүрдсэн эсэхийг хянаж гарын үсгээ зурж бүртгэлд оруулдаг. Гэтэл М.Энхтуяаг зөрчилтэй материалыг хүлээн авч шалгаж, хянасан тэтгэврийн байцаагч мэтээр үзэж хариуцлага тооцож байгаа нь хууль бус юм. Мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.1.3-д сум, хорооны тэтгэврийн нийгмийн даатгалын байцаагч нарын хүлээн авсан материалыг “хэлтэс, тасгийн дарга, ерөнхий нягтлан бодогч нар хянаж гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан байдаг. Үүний дагуу тэтгэвэр тогтоолгох өргөдөл түүнтэй холбогдох баримт бичгүүдийг хороо хариуцсан тэтгэврийн байцаагч, дараа нь тэтгэврийн ахлах байцаагч, тэтгэврийн албаны дарга, санхүүгийн албаны дарга хянаад эцэст нь Нийгмийн даатгалын хэлтсийн дарга зөвшөөрсний үндсэн дээр гарын үсэг зуран дуусгавар болдог.

Өөрөөр хэлбэл тэтгэвэр тогтоолгохоор ирүүлсэн материалыг тэтгэврийн байцаагч дараа нь дээр дурдсан эрх бүхий албан тушаалтай 5 хүн хянаж, гарын үсэг зурснаар иргэдэд тэтгэвэр нь олгогддог. М.Энхтуяа нь тэтгэврийн улсын байцаагч биш, хянах эрх бүхий этгээд биш, харин орлого шимтгэлийн байцаагч хожим эрүүл мэндийн байцаагч болж үүрэгт ажил нь өөр болсон байхад хэрхэн яаж нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хууль бусаар ашигласан, бусдад ашиглуулсан нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Мөн М.Энхтуяа нь тус материалуудыг ямар нэгэн шалгалтыг алгасах, өөрчлөх зэргээр хууль бус шаардлага хүсээгүй, хуурамч материалыг харж байгаагүй, хуурамч гэдгийг нь ч мэдээгүй зөвхөн төрийн үйлчилгээг хуулийн хугацаанд шуурхай явуулж байгаа нь тодорхой байна.

М.Энхтуяагийн эрхэлж байсан эрүүл мэндийн даатгал хариуцсан байцаагчийн ажил, албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан төрийн захиргааны албан тушаалд хамаарч байх бөгөөд түүний эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдах ёстой. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн бол албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна”, 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж тус тус заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, тэдгээрийн үйл ажиллагаандаа хориглох зүйлийг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах хуулийн зохицуулалттай байна.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь нэхэмжлэгч М.Энхтуяагийн гаргасан зөрчлийг Нийгмийн даатгалын ажилтнуудын мэргэжил, ёс зүйн асуудал эрхэлсэн зөвлөлөөр авч хэлэлцүүлээгүй байхад ажлын байрны тодорхойлолтод заагдсан албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тус хэлтсийн тэтгэврийн байцаагч нарын тайлбарыг үндэслэн түүнийг төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрмийн 4.2, 4.4, 5,1, 5.2-т заасныг зөрчсөн байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 477 дугаар магадлалд өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 тоот тушаалыг хүчингүй болгохыг хариуцагчид даалгаж, ажлаас хууль бусаар халагдсан болохыг тогтоон, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгуулахаар шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

Хянавал:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/98 дугаар тушаалаар эрүүл мэндийн даатгал хариуцсан байцаагч М.Энхтуяаг “бусдад нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглуулах боломж олгон, нийгмийн даатгалын санд нийт 11947531 төгрөгийн хохирол учруулахад хүргэсэн ноцтой зөрчил гаргасан” гэж дурдаж, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.1.5, Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 4.1.11, Нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын ёс зүйн дүрмийн 2.5.2-т заасныг тус тус үндэслэн төрийн албанаас халжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч М.Энхтуяагийн зөрчил гаргасныг “зохих журмын дагуу шалгаж  тогтоогоогүй” гэдэг үндэслэлээр түүний шаардлагыг хангахдаа холбогдох нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ хуульд заасан журмын дагуу гүйцэтгэсэн ба хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн Хяналт мониторингийн албанаас “тэтгэврийн хувийн хэрэг”-т шалгалт хийгээд, “хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон” 17 иргэний материал зөрчилтэй байгааг тогтоож, үүнээс 11 иргэний тэтгэврийг тогтоолгох, хянуулах, баталгаажуулахад М.Энхтуяаг “гар бие оролцсон” гэж буруутгаж, М.Энхтуяад холбогдох асуудлыг Хэлтсийн даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр болжээ.

Энэ дагуу Хэлтсийн даргын зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар “архивын лавлагаа хуурамчаар бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон” гэх 17 иргэний 11-ийнх нь тэтгэврийг тогтооход М.Энхтуяа оролцсон эсэхийг тогтоох ажиллагаа явуулж, уг 11 хүнтэй холбоотойгоор М.Энхтуяа нь “...хурдан гаргаад өгөөрэй, ...тэтгэвэр тогтоох тогтоол гарсан уу, ...тэтгэврийн дэвтэр нь гарсан уу гэх зэргээр гуйж, асууж, сураглаж байсан” болохыг тухайн иргэдэд тэтгэвэр тогтоох ажлыг хариуцан гүйцэтгэсэн нэр бүхий байцаагч нараас асууснаар тогтоож, үүнд үндэслэн “ажлаас халах” шийдвэрийг гаргасан байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд “хуурамч баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгосон” гэх 17 хүний тэтгэвэр олголтыг зогсоох, үндэслэлгүй авсан тэтгэврийн мөнгийг буцаан төлүүлэх талаар тус хэлтсийн хяналтын байцаагч эдгээр хүмүүст холбогдуулан акт тогтоосон, “хуурамч баримт бүрдүүлэхэд оролцсон” гэх З.Хорлоогийн гуйлтаар М.Энхтуяа нь дээрх байдлаар улсын байцаагч нартайгаа харилцаж байснаа өөрөө хүлээн зөвшөөрчээ.

Харин нэхэмжлэгч М.Энхтуяаг тушаалд дурдсанаар “бусдад нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зориулалтын бусаар ашиглуулах боломж олгон, нийгмийн даатгалын санд нийт 11947531 төгрөгийн хохирол учруулахад хүргэсэн ноцтой зөрчил гаргасан” болохыг буюу хуурамч баримттай 11 иргэний тэтгэврийг тогтоох асуудалд оролцсон, тогтоолгохын тулд шинэ, туршлага багатай улсын байцаагч нартаа нөлөөлсөн, тэднийг шахаж шаардсан, ийм байдлаар төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн гэдгийг хариуцагч нь хууль тогтоомжид заасны дагуу шалгаж тогтоогоогүй болох нь тогтоогдсон байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д “сахилгын шийтгэл ногдуулах, түүнд төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журмыг Засгийн газар тогтооно” гэж заасан, үүнийг зохицуулсан Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 97 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам”-ыг тухайн харилцаанд хүчин төгөлдөр мөрдөж байгаа бөгөөд уг журмын хоёрын 4-т “сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй” гэж заасан байна.

Эндээс үзэхэд, М.Энхтуяад холбогдох асуудлыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2011 оны 273 дугаар тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын байгууллагуудын ажилтнуудын ёс зүйн дүрэм”-д заасны дагуу “мэргэжил, ёс зүй эрхэлсэн зөвлөл” шалгаж тогтоох, хурлаар хэлэлцэх, авах арга хэмжээний тухай дүгнэлт гаргах ёстой байжээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх “ёс зүйн дүрэм зөрчсөн болох нь улсын байцаагчийн тайлбар, даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж тогтоогдсон, шүүх нэхэмжлэгчийг буруутгаж буй үндэслэлийг шалгаж тогтоолгүй хэргийг шийдвэрлэсэн” гэсэн дүгнэлт хийж, улсын байцаагч нараас гэрчийн мэдүүлэг авахуулах, хариуцагчийн тайлбарт дурдсаныг шалгаж тогтоолгохоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн,...” гэсэнтэй нийцэхгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид сахилгын шийтгэл хүлээлгэхдээ “ёс зүйн зөрчил гаргасныг шалгах, тогтоох ажиллагааг хууль тогтоомжид заасны дагуу явуулаагүй” болохыг анхан шатны шүүх бүрэн тогтоож, энэ үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгосон байхад давж заалдах шатны шүүх нь өөр үндэслэлээр дүгнэлт хийж, зөрчлийг шалгаж тогтоох зорилгоор нэмж нотлох баримт цуглуулах, үнэлүүлэхээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу юм.

Иймд, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож , анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 477 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 335 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчээс гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ           

ШҮҮГЧ                                                               Ч.ТУНГАЛАГ