| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2017/00490/И |
| Дугаар | 00464 |
| Огноо | 2017-04-24 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 00464
2017 оны 04 сарын 24 өдөр Дугаар 142/ШШ2017/00464 Орхон аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1979 онд төрсөн, 38 настай эмэгтэй, Улаанбатаар хот Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 14а-34 тоотод оршин суух, Боржигон овгийн Намдагийн Тунгалагтуулын /регистрийн дугаар ФЖ80062901/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1952 онд төрсөн, 65 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 21 дүгээр гудамжны 08 тоотод оршин суух Боржгон овгийн Ичинноровын Цэцэгмаад /регистрийн дугаар ФЖ52122402/ холбогдох үрчлэлт хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Тунгалагтуул, хариуцагч И.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Тунгалагтуул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Н.Тунгалагтуул хүү Тэмүүлэнг 2002 онд төрүүлж, Н.Батболдтой гэр бүл болсон ба миний бие элэгний өвчний учир Н.Батболдоос тусдаа амьдарч, хүү Тэмүүлэнгээ ээж Цэцэгмаадаа үрчлүүлсэн. Одоо бие эдгэрч Х.Ганбаатартай гэрлэж 2 хүү төрүүлсэн. Хүү Тэмүүлэнгээ Х.Ганбаатарын нэр дээр болгох хүсэлтэй байна. Хүү минь бидний асрамжинд амьдарч байгаа тул хүү Тэмүүлэнг ээж Цэцэгмаад үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.
Хариуцагч И.Цэцэгмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...охин Тунгалагтуулын гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Тунгалагтуул нь хариуцагч И.Цэцэгмаад холбогдуулж 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Тэмүүлэнг И.Цэцэгмаад үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Тунгалагтуул 2000 онд Н.Батболдтой гэрлэж гэрлэлтээ батлуулан тэдний дундаас 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүү Тэмүүлэн төрсөн, Н.Тунгалагтуул, Н.Батболд нар хүсэлт гаргаж 2007 онд хүү Тэмүүлэнг эмээ И.Цэцэгмаа, өвөө Ж.Намдаг нарт нь үрчлүүлсэн, үрчлэсний дараа Тэмүүлэнг Цэцэгмаа өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ авсан, Н.Тунгалагтуул, Н.Батболд нар хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэсэн үндэслэлээр 2010 онд гэрлэлтээ захиргааны журмаар цуцлуулсан зэрэг нь зохигчдын тайлбар, Г/825/43 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 43 тоот үрчлэлтийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, 60-с дээш настай этгээдэд үрчлүүлсэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээдэд хүүхэд үрчлүүлсэн зэрэг нь үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэл болдог.
Н.Тунгалагтуул хүү Ц.Тэмүүлэнг үрчлэлтийг хүчингүйд тооцуулах гэж буй үндэслэл нь дээрхи нөхцөлд хамаарахгүй байгаа боловч Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан.
Хүсэлт гаргагч Н.Тунгалагтуул нь Н.Батболдоос гэрлэлтээ цуцлуулж, Х.Ганбаатартай гэр бүл болсон нь гэрлэлт цуцлалтын бүртгэлийн 014/003951 дугаар лавлагаа, Г-176 дугаар гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. Тэмүүлэнгийн төрсөн эцэг Н.Батболд “хүү Тэмүүлэнгээ Тунгалагтуулын нөхөр Ганбаатарын нэр дээр болгон үрчлүүлэхийг зөвшөөрч байна” гэсэн тайлбар ирүүлсэн.
Хүүхэд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д заасны дагуу эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг, эх нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдийг эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг үүрэгтэй учраас дээрхи үндэслэлээр хүү Тэмүүлэнг үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тул хүү Ц.Тэмүүлэнг асран хүмүүжүүлэх эрхийг эх Н.Тунгалагтуулд шилжүүлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагч нараас 70 200 төгрөг гаргуулахгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХнь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.4, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан 2002 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү Ц.Тэмүүлэнг И.Цэцэгмаад үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д зааснаар Ц.Тэмүүлэнг төрүүлсэн эх Н.Тунгалагтуулын асрамжинд байлгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж гаргуулахгүй гэснийг дурьдсугай.
4.Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА