| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2021/0015/Э |
| Дугаар | 19 |
| Огноо | 2021-03-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Г.М |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э,
Улсын яллагч Г.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э,
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Г.Г-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, нас ..., эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, малчин, ам бүл 2, ээжийн хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Г овогт Г.Г,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... улсын дугаартай “Хаожи” маркийн мотоцикл жолоодон Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 54 километрт буюу Замын-Үүд-Улаанбаатар хот хоорондын хатуу хучилттай засмал замд хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...хоёр дугуйт мотоциклийн жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно...” гэх заалтуудыг зөрчсөний улмаас Х.Л-н жолоодож явсан ... улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, мотоциклын зорчигч Г.А-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр би гэртээ байж байтал А над руу утсаар хоёулаа Замын-Үүд орчхоод ирье гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд би мотоциклоо асаагаад А-н гэрт очоод тэндээсээ А-г аваад Замын-Үүд сум руу явсан юм. Тэгээд тэндээ хоночхоод маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр А бид 2 Б ахын гэрт очоод 0,5 литрийн “Е” гэдэг архийг бас тэнд байсан үл таних 2 хүн нийлээд тавуулаа хувааж уусан. Тэгээд тэндээсээ шууд гэр рүүгээ харихаар А бид 2 миний мотоциклтой явсан. Тэгээд явж байгаад “Ш” гэх газарт ачааны том оврын автомашинтай шүргэлцэж унасан юм. Тэгээд миний зүүн хөл шилбээрээ хугарсан ба А-н бас зүүн талын хөл шилбээрээ хугарч зүүн гарын шуу нь хугарсан байсан. Тэгтэл нөгөө ачааны машины жолооч ирээд эмнэлэг дуудаж өгсөн. Тэгээд байж байтал эхлээд цагдаа ирсэн дараа нь түргэний машин ирээд А бид хоёрыг аваад Замын-Үүд сум руу явсан юм... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ хэргээс болж хүнд гэмтэл учруулаад өөрөө ч эмнэлгээр яваад 6 хагалгаанд орсон... Надад мотоцикл барих А ангилал байхгүй, харин жижиг тэрэг барих В ангилалтай... Иргэний нэхэмжлэгч Х.Л нь надаас мөнгө авахгүй гэсэн. Мөн иргэний нэхэмжлэгч Г.Х нь манай төрсөн дүү юм надаас мөнгө авахгүй гэсэн. Намайг уг мотоциклыг унаж бай гэж өгсөн юм... Хохирогч Г.А надаас мөнгө нэхэмжлээгүй гэхдээ би өөрийнхөө биеийг гайгүй болгочихоор түүнд эмчилгээний зардал өгнө гэж бодож байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 154/,
- Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр болсон зам тээврийн ослын талаар надад мэдэж байгаа зүйл байхгүй. Г.Г бид хоёр Замын-Үүд суманд Б хочтой Б-н гэрт очиж 0,5 хэмжээтэй “Е” нэртэй архи 1 шилийг Б, Г бас үл таних 2 залуу бид тав хувааж уугаад өдөр 12 цаг өнгөрөөгөөд Замын-Үүдээс Сайншанд руу Г.Г-н мотоциклоор хамт явсан. Г.Г өөрийнхөө мотоциклыг өөрөө барьж явсан ба бид хоёр хамгаалалтын малгай өмсөөгүй байсан. Би Г.Г-н ард сууж явсан болохоор хэдэн цагийн километрийн хурдтай явж байсныг анзаараагүй. Тэр өдөр нартай сайхан өдөр байсан болохоор зам болон үзэгдэх орчин хэвийн байсан. Би Г.Г-н ар талд сууж явж байгаад хөдөө гэртээ ойрхон ирээд осолд орчихсон байсан. Тэгээд юу болсон бүү мэд эмнэлэгт ирчихсэн байсан. Миний зүүн хөл дунд чөмөг, шилбэ, тавхай хэсгээрээ 3 хугарсан, баруун хөл хурууныхаа ард талаар 1 хугарсан, зүүн гар шуу хэсгээрээ нэг хугарсан. Өөр бэртэл гэмтэл аваагүй. Би одоо хэвтрийн байдалтай босож чадахгүй хэцүү байна...Г.Г миний хохирлыг бүрэн барагдуулсан, надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39, 186/,
- Иргэний нэхэмжлэгч Г.Х мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Замын-Үүд суманд байхад нэг танихгүй залуу миний гар утас руу залгаад танай ах чинь зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд би зам тээврийн осол гарсан газрыг нь заалгаж аваад тухайн газар ирэхэд Замын-Үүд сумаас Улаанбаатар хот явах чиглэлд манай төрсөн ах зүүн талын хөлдөө гэмтэл авсан байдалтай засмал зам дээр хэвтэж байсан, мөн засмал замын хөвөөний доод талд хамт явж байсан гэх манай хөдөө гэрийн хажуу талд нутагладаг Г.А ах зүүн талын хөлдөө гэмтэл авсан байдалтай хэвтэж байсан, ахын хажуу тал буюу засмал зам, засмал замын хөвөө хоёрын голд миний эзэмшлийн улаан өнгийн “Хаожи” маркийн мотоцикл зүүн талаараа унасан байсан. Эсрэг талын урсгал буюу Улаанбаатар хотоос Замын-Үүд явах чиглэлд цагаан өнгийн толгойтой “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэл засмал замын хажуу тал руу шахаж зогссон байсан. Тэгээд манай ахыг эмнэлгийн эмч нар ирээд Замын-Үүд сум руу аваад явсан. ... улсын дугаартай улаан өнгийн “Хаожи” маркийн мотоцикл нь миний эзэмшлийн эд хөрөнгө би 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас 2,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Миний мотоциклын эвдрэл гэмтлийн шинжээчийн дүгнэлтээр 684,000 төгрөгийн хохирол учирсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй гэв...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/,
- Иргэний нэхэмжлэгч Х.Л мөрдөн шалгах ажиллагаанд: “...2020 оны 10 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд чиглэлд өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг унаад гарсан. Маргааш нь буюу шөнө 1 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэр буюу Улаанбаатар хотоос 180 километрт унтаж амарсан. Өглөө 07 цаг 30 минутад Замын-Үүд сум руу хөдөлсөн. Тэгээд явж байгаад Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт явж байхад эсрэг талын эгнээнд явж байсан мотоциклтой хоёр хүн өөрийн эгнээнд явж байхдаа эсрэг талын эгнээнд орж гараад явж байхаар нь би хурдаа хасаад зогсоох арга хэмжээ аваад явж байхад миний талын эгнээ рүү орж ирээд чигээрээ явж байгаад миний тээврийн хэрэгслийн зүүн талын урд хэсэг рүү мөргөх үед их чимээ гарч нөгөө мотоциклтой хүмүүс газар унах шиг болсон би тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авч засмал замын баруун талын эгнээ рүү шахаж зогсох гэсэн боловч миний хойд талаас ирж явж байсан том оврын ачааны тээврийн хэрэгсэл миний хойд талаас мөргөж магадгүй байсан тул цааш тээврийн хэрэгслийг хөдөлгөөд засмал замын баруун талын эгнээнд замаа чөлөөлж зогсоосон. Тэгээд би тээврийн хэрэгслээс буугаад гүйгээд засмал зам дээр хэвтэж байсан цэнхэр өнгийн дээлтэй эрэгтэй хүн дээр очоод чи юу болж байна, юу болсон талаар мэдэж байна уу зүгээр үү гэж асуухад харанхуй болоод сэрлээ зүгээр яасан хөгшөөн гэж хэлсэн. Тухайн хүний зүүн талын хөлөөс их хэмжээний цус гарч байхаар нь тухайн хүний бүсийг тайлж зүүн талын хөлийн гуяны дээд хэсгээр боосон. Мөн засмал замын зүүн талын хөвөөний доод талд бор өнгийн дээлтэй эрэгтэй хүн байсан хэвтэж байхаар нь очоод татсан чинь ухаантай байхаар нь та зүгээр үү гэж асуухад хариу хэлж байсан. Тэгээд би нөгөө засмал зам дээр хэвтэж байсан эрэгтэй хүн дээр очиж байж байгаад буцаад нөгөө эрэгтэй хүн дээр ирсэн чинь мөн зүүн талын хөлөөс нь цус гарч байхаар нь өөрийн өмсөж явж байсан подволкоор зүүн талын хөлийн гуяны дээд хэсгээр боож өгсөн. Тэгээд засмал дээр явж байсан хүмүүс ирж байсан. Тэгээд би цагдаагийн болон эмнэлгийн байгууллагад зам тээврийн осол гарсан талаар ярьж мэдэгдсэн. Миний тээврийн хэрэгслийн зүүн тал руу мөргөж, урд талын буферийн зүүн талын хэсэг хагарч бутарсан, зүүн талын доод туслах гэрэл хагарч бутарч, суурь хэсгээр салсан, зүүн талын дээд, доод гишгүүр хугарч салсан, зүүн талын карилон хойд хэсгээр хагарсан байсан. Миний тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн шинжээчийн дүгнэлтээр 215,000 төгрөгийн хохирол учирсан. Надад ямар нэг санал байхгүй. Би гэм буруутай этгээдээс нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн тээврийн хэрэгслээ янзалж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28/,
- Иргэний нэхэмжлэгч Х.Л шүүхэд: “...Миний бие ... Норд бенз маркийн машинтай явж байгаад зам тээврийн осолд холбогдож Г.Г гэх залуугаас нэхэмжлэх зүйл байхгүй, хохирол гомдол байхгүй болно. Иймд хэргийг хөнгөрүүлж шийдэж өгнө үү...” гэсэн хүсэлт,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-13/,
- Зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14/,
- Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 15-16/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-22/,
- “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Замын-Үүд салбар техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2020/29 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
1. ... мотоциклд ерөнхий байдлын үзлэг хийхэд тээврийн хэрэгсэл асах боломжгүй кропны арьс хагарсан, баруун талын арыг харах толь хагарсан, зүүн болон баруун өвдөгний хамгаалалт эвдэрсэн, зүүн талын ачааны суурь эвдэрсэн, жолооны зүүн гар зүүн тал руу гулзайсан байна.
2. ... мотоцикл нь асах боломжгүй байгаа нь тоормозны идэвхжилтийг шалгахад хүндрэлтэй байна. Мотоцикл нь хөшүүргийн аргаар тоормослодог бөгөөд холбоос тиаг нь бүрэн бүтэн байна, дуут дохио хэвийн дугуй хэвийн байна.
3. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал нь зам тээврийн осол болох нөхцөлийг бүрдүүлдэг болно.
4. ... мотоцикл 2020 оны 10 дугаар сард импортоор орж ирсэн 2020 онд БНХАУ-д үйлдвэрлэсэн шинэ тээврийн хэрэгсэл байна. Дээрх эвдрэл нь ослын үеийн гэмтэл болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 60-67/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 04/131 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Г.А-н биед зүүн дунд чөмгөний далд хугарал, зүүн шууны далд хугарал, гадна хэсгийн ил шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Г.А-н биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
4. Учирсан гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно.
5. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 75-76/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 04/130 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. Г.Г-н биед зүүн хөлийн шилбэ ясны бяцарсан ил хугарал, булчингуудын урагдал, орчны эдийн гэмтэл, шилбэний урд хэсгийн шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Г.Г-н биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
4. Учирсан гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно.
5. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 99-100/,
- “А” ХХК-ний үнэлгээний дүгнэлт /хх-ийн 123, 128/,
- Дотоод хэргийн их сургуулийн 2021 оны 01 сарын 04-ний өдрийн 2020/01 дугаар шинжээчийн дүгнэлтэд:
1. “... улсын дугаартай улаан өнгийн “Хаожи” маркийн мотоциклын жолооч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ автомашин жолоодсон болох нь согтуурал хэмжих багаж болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн жолооч Г.Г нь тухайн зорчих хэсгийн зүүн захаар явж байсан, эсрэг урсгалд орсныг нотлох баримт үзлэгийн тэмдэглэл болон фото зургаар баримтжуулсан байна. Жолооч Г.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 заалт “Жолоочид дараах зүйлийг хориглоно:
а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгслийн жолоодох”, 11.2 заалт “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно” гэсэн заалтуудыг зөрчсөн.
2. ... улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч Х.Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх нотлох баримт ирүүлсэн материалд байхгүй байна гэж үзэж байна.
3. Согтуугаар мотоцикл жолоодон явсан нь осол гарах үндсэн шалтгаан болсон. Мотоциклын жолооч, зорчигч хамгаалах малгай хэрэглээгүй байсан нь ослын хохирлын үр дагаварт нөлөөлсөн” гэсэн дүгнэлт /хх-ийн 136-137 /,
- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 171-172/,
- Г.Г-г иргэний үнэмлэхийн хуулбар, Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн мэдээлэл /хх-ийн 165, 167, 169, 229/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Г-г гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г, хохирогч Г.А нар нь 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр иргэн Б-н гэрт архи ууж улмаар тэд гэрлүүгээ харихаар ... улсын дугаартай “Хаожи” маркийн мотоциклын ард Г.А сууж, Г.Г нь жолоодон явж байгаад Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 54 километрт буюу Замын-Үүд-Улаанбаатар хот хоорондын хатуу хучилттай засмал замд өөдөөс ирж явсан ... улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, шүүгдэгч Г.Г-н биед зүүн хөлийн шилбэ ясны бяцарсан ил хугарал, булчингуудын урагдал буюу хүндэвтэр гэмтэл, хохирогч Г.А-н бие зүүн дунд чөмгөний далд хугарал, зүүн шууны далд хугарал буюу хүндэвтэр гэмтэл учирсан зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.
Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Г.Г-г 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... улсын дугаартай “Хаожи” маркийн мотоцикл жолоодон Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 54 киллометрт буюу Замын-Үүд-Улаанбаатар хот хоорондын хатуу хучилттай засмал замд хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д“...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна...хоёр дугуйт мотоциклийн жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно...” гэх заалтуудыг зөрчсөний улмаас Х.Л-н жолоодож явсан ... улсын дугаартай “Норд бенз” маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, мотоциклын зорчигч Г.А-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г-н хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.А-н “...Би 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр болсон зам тээврийн ослын талаар надад мэдэж байгаа зүйл байхгүй. Г бид хоёр Замын-Үүд суманд Б хочтой Б-н гэрт очиж 0,5 хэмжээтэй “Е” нэртэй архи 1 шилийг Б, Г бас үл таних 2 залуу бид тав хувааж уугаад өдөр 12 цаг өнгөрөөгөөд Замын-Үүдээс Сайншанд руу Г-н мотоциклоор хамт явсан. Г өөрийнхөө мотоциклийг өөрөө барьж явсан ба бид хоёр хамгаалалтын малгай өмсөөгүй байсан... Би Г-н ар талд сууж явж байгаад хөдөө гэртээ ойрхон ирээд осолд орчихсон байсан. Тэгээд юу болсон бүү мэд эмнэлэгт ирчихсэн байсан...” гэсэн, иргэний нэхэмжлэгч Г.Х “...2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Замын-Үүд суманд байхад нэг танихгүй залуу миний гар утас руу залгаад танай ах чинь зам тээврийн осолд орсон байна гэж хэлсэн. Тэгээд би зам тээврийн осол гарсан газрыг нь заалгаж аваад тухайн газар ирэхэд Замын-Үүд сумаас Улаанбаатар хот явах чиглэлд манай төрсөн ах зүүн талын хөлдөө гэмтэл авсан байдалтай засмал зам дээр хэвтэж байсан, мөн засмал замын хөвөөний доод талд хамт явж байсан гэх манай хөдөө гэрийн хажуу талд нутагладаг Г.А ах зүүн талын хөлдөө гэмтэл авсан байдалтай хэвтэж байсан...” гэсэн, иргэний нэхэмжлэгч Х.Л “...Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт явж байхад эсрэг талын эгнээнд явж байсан мотоциклтой хоёр хүн өөрийн эгнээнд явж байхдаа эсрэг талын эгнээнд орж гараад явж байхаар нь би хурдаа хасаад зогсоох арга хэмжээ аваад явж байхад миний талын эгнээ рүү орж ирээд чигээрээ явж байгаад миний тээврийн хэрэгслийн зүүн талын урд хэсэг рүү мөргөх үед их чимээ гарч нөгөө мотоциклтой хүмүүс газар унах шиг болсон... Тэгээд би тээврийн хэрэгслээс буугаад гүйгээд засмал зам дээр хэвтэж байсан цэнхэр өнгийн дээлтэй эрэгтэй хүн дээр очоод чи юу болж байсан юу болсон талаар мэдэж байна уу зүгээр үү гэж асуухад харанхуй болоод сэрлээ зүгээр яасан хөгшөөн гэж хэлсэн. Тухайн хүний зүүн талын хөлөөс их хэмжээний цус гарч байхаар нь тухайн хүний бүсийг тайлж зүүн талын хөлийн гуяны дээд хэсгээр боосон. Мөн засмал замын зүүн талын хөвөөний доод талд бор өнгийн дээлтэй эрэгтэй хүн байсан хэвтэж байхаар нь очоод татсан чинь ухаантай байхаар нь та зүгээр үү гэж асуухад хариу хэлж байсан... зүүн талын хөлөөс нь цус гарч байхаар нь өөрийн өмсөж явж байсан подволкоор зүүн талын хөлийн гуяны дээд хэсгээр боож өгсөн...” гэсэн мэдүүлгүүд болон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 11 сарын 06-ны өдрийн 04/130, 04/131 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, Дотоод хэргийн их сургуулийн 2021 оны 01 сарын 04-ний өдрийн 2020/01 дугаартай шинжээчийн дүгнэлт, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Г.Г-г замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон уг гэмт хэргийн улмаас өөрт нь зүүн хөлийн шилбэ ясны бяцарсан ил хугарал, булчингуудын урагдтал буюу хүндэвтэр гэмтэл учирсан бөгөөд хөлний гэмтэл бүрэн эдгэрээгүй, хоёр суга таяг хэрэглэж алхдаг, эмчийн хяналтад байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тухайн гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-т заасан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг уг тэнссэн хугацаагаар авах нь зүйтэй гэж үзэв. Мөн шүүгдэгч Г.Г нь В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байх тул уг эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Г нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Хохирогч Г.А нь “...хохирлыг бүрэн барагдуулсан, ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн байх бөгөөд хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирлын талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргаагүй, мөн иргэний нэхэмжлэгч Г.Х, Х.Л нар нь “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн учир шүүгдэгчийн хувьд хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас нэхэмжилсэн хохирол төлбөргүй байна гэж үзэж бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Хохирогч Г.А нь шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй боловч хавтаст хэрэгт авагдсан түүний мэдүүлгээр биеийн байдал нь бүрэн эдгэрээгүй байх тул уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг арилаагүй гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд хохирогч Г.А нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Г-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогтой Г.Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т заасан согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Г овогт Г.Г-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн дээрх хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээг зөрчвөл уг тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Г.А нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.Г-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н