| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2017/00324/И |
| Дугаар | 00483 |
| Огноо | 2017-04-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 00483
2017 оны 04 сарын 27 өдөр Дугаар 142/ШШ2017/00483 Орхон аймаг
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1976 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-23-185 тоотод оршин суух Боржигон овгийн Баасанжавын Гансүх /регистрийн дугаар ГЖ76031316/,
Хариуцагч: 1975 онд төрсөн, 42 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-23-185 тоотод оршин суух Боржигон овгийн Толягийн Саранцэцэг /регистрийн дугаар ФБ75011389/ нарт холбогдох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн дүн 13 274 556,74 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Пагмадулам, хариуцагч Б.Гансүх, Т.Саранцэцэг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Идэртүвшин овогтой Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Гансүх хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Саранцэцэг нар нь ХААН Банкны Орхон салбар, Оюут тооцооны төвөөс 2011 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ЗГ11/70 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 62,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 %-н хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл авсан. Мөн 2014 оны 12 сарын 03-ны өдөр ЭГ14/376 тоот зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зээлийг 24 сарын хугацаатай жилийн 20,4% хүүтэй сар бүр тогтмол төлөх нөхцөлтэйгээр авсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул 2015.12.04-ний өдрийн №ЗГ-11/70-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2014 оны 12 сарын 03-ний өдөр байгуулсан №ЗГ14/З76 тоот зээлийн гэрээний хугацаа дууссан тул зээл хүүгийн төлбөрийг барагдуулах, 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр нийт 13 274 556.74 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Гансүх, Т.Саранцэцэг нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид нэхэмжлэл гардан аваад тайлбар гаргахдаа Хаан банкны нэхэмжилсэн 13 274 556,74 төгрөгөөс нотариатын үйлчилгээний төлбөр болох 24 500 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэсэн тайлбар гаргасан. Гэхдээ одоо нийт зээлийн үлдэгдэл 13 250 056,74 төгрөг, үүн дээр нотариатын үйлчилгээний төлбөр болох 24 500 төгрөг, нийт 13 274 556, 74 төгрөгийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний дотор цувуулж боломжоороо төлж дуусгана. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг татгалзах зүйл алга” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбар 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ-11/70-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг үндэслэн хариуцагч Б.Гансүх, Т.Саранцэцэг нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 13 274 556,74 төгрөг гаргуулах, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл барьцаа хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлага гаргасан.
Шүүх хуралдааны явцад хариуцагч Б.Гансүх, Т.Саранцэцэг нар нэхэмжлэлийн шаардлага болох 13 274 556,74 төгрөгийг бүхэлд нь төлөхөөр, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг тус тус хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 224 323 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 224 323 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Гансүх, Т.Саранцэцэг нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч Б.Гансүх, Т.Саранцэцэг нар нэхэмжлэлийн шаардлага 13 274 556,74 төгрөгийг бүхэлд төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Хариуцагч Б.Гансүх, Т.Саранцэцэг нар нь нэхэмжлэгчид төлөх нийт 13 274 556,74 төгрөгийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 458 дугаар зүйлийн 458.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 40-3-03 тоотод байрлах 160 мкв талбай бүхий зочид буудлын барилга /Ү2101011880 улсын бүртгэлийн дугаартай/, Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн 40-3-03 тоот хаягт байрлах 610 мкв талбай бүхий өмчлөх эрхтэй газар /Г2101003029 улсын бүртгэлийн дугаартай/ хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
3.Иргэний Хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэлийн Тухай Хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн албадан дуудлага худалдааг эрхлэн явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанд даалгасугай.
4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 224 323 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Гансүх, Т.Саранцэцэг нараас 224 323 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Орхон салбарт олгосугай.
5.Тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 142/ШЗ2017/01968 дугаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
6.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх ТухайХуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
7.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА