Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/29

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч Ц.Батзаяа

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 2116000000022 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын  30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У овогтой Б-н Б.

Шүүгдэгч Б.Б  нь 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Улаанбаатар хот болон Говь-Алтай аймгийн *********** нутаг дэвсгэрт өөрийн гэртээ  “Ikh Hurd” гэсэн “Facebook” цахим хаягаас  ашиг олох зорилгоор өөрийн эзэмшлийн Samsung galaxy S9  маркын гар утсаар интернэт орчинд шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан урьдчилан төсөөлөх боломжгүй,   аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, нийт 3.944.000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.Б-н 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Улаанбаатар хот болон Говь-Алтай аймгийн **********  нутаг дэвсгэрт өөрийн гэртээ  “Ikh Hurd” гэсэн “Facebook” цахим хаягаас  ашиг олох зорилгоор өөрийн эзэмшлийн Samsung galaxy S9  маркын гар утсаар үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан  үйлдэл нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “... Би анх 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс өөрийнхөө фейсбүүк хаягаас “Их хурд” нэртэй page хаяг нээгээд шагайн уралдаан зохион байгуулсан. Фейсбүүк дээр зөндөө олон шагайн уралдаан явуулж байсан болохоор ийм дүрэм журам байдаг гэдгийг мэдээгүй. Явуулж болдог юм байна гэж ойлгоод явуулсан. Тухайн үед 12 дугаар сарын дундуур сургалтын төлбөрийн тал нь нэхэгддэг учир төлбөрийнхөө хагасыг хийх гээд хэдэн төгрөг олох гээд шагайн уралдаан зохион байгуулж эхэлсэн. Шагайн уралдаан 11 морь уралддаг. Тус бүр 5000 төгрөгийн бооцоотой байдаг. Нэг хүн хэдэн ч морь авч болдог. 11 морины нийт мөнгө нь 550000 төгрөг болдог. Тэгээд түрүүлсэн морь 20000, аман хүзүү нь 15000 төгрөг, айргийн гуравдугаар байрт 10000 төгрөг өгөхөөр надад 5000 төгрөгийн ашиг унадаг. Хамгийн сүүлд ирсэн шагайг дараагийн уралдаан дээр үнэгүй уралдуулах журмаар тоглоомоо зохион байгуулж явуулж байсан... Нэг хүн олон морь аваад тэр морьд нь бүгд шагналт байранд орох, заримдаа цөөхөн морь явуулаад үндсэн шагналаа өгөхөөр надаас давсан зарлага гардаг юм. Түүнээс гадна шагайн уралдаан Live хэлбэрээр явдаг. Хүмүүс live дууссаны дараа мөнгө хийдэг байсан ... Миний баримжаагаар 4.000.000 орчим төгрөгийн ашиг олсон байх ... Мөрдөн дээр байхад хамт тооцоог нь гаргасан. Тэгэхэд миний баримжаалж байсантай ойролцоо гарч байсан ... гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтад өгсөн “...5000 төгрөг шилжүүлээд 1 шагай аваад бооцоот уралдаанд орох төлбөрийн мөнгө юм. 5000 төгрөгөөр бооцоо тавиад уралдах эрх авсан гүйгээ юм... Б-н Б-г танина. Миний төрсөн дүү байгаа юм... “Ikh Hurd” facebook хаягийг манай дүү ажиллуулдаг юм ...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ33/,

Гэрч М.О-н мөрдөн байцаалтад өгсөн “... Их хурд нэртэй цахим бооцоот тоглоомд орж азаа үзэх зорилгоор мөнгө шилжүүлж, шагай авч бооцоот тоглоомд оролцсон... Тухайн өдрүүдэд болсон цахим мөрийтэй тоглоомд оролцсон. Тухайн өдрүүдэд тоглоомоос ашиг олоогүй. Харин зарлага гарсан... Б.Б гэсэн фейсбүүк хаягтай. Б.Б бид хоёр фейсбүүкийн найзууд ... Ikh Hurd” гэсэн Б.Б ажиллуулж, админыг нь хийдэг ...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ35/,

Гэрч Ж.Г-н мөрдөн байцаалтад өгсөн “...Фейсбүүк орчинд Их хурд гэсэн нэртэй шагайн уралдаан явагдаж байсан бөгөөд би сонирхоод 2 удаа оролцож тоглосон юм. Дээрх 10000 төгрөгөөр 2 удаа хийсэн гүйлгээ нь мөрий бооцооны мөнгө байсан юм. Манай ээж тухайн гүйлгээнүүдийг хийгээгүй бөгөөд би ээжийн данснаас шилжүүлж тоглосон юм... Тухайн өдрүүдэд би шагайн уралдаанд оролцож тоглосон юм. Мөн нэг удаагийн тоглолтод айрагдаж бооцооны 10000 төгрөгөө буцааж авсан юм. 10000 төгрөг зарлагадсан байна... Б live бичлэг явуулж шагайн уралдаан зохион байгуулдаг юм ... Сонирхоод тухайн тоглоомд орж тоглож үзсэн юм ...” гэсэн мэдүүлэг/1-р ХХ37/,

Гэрч У.Л-н мөрдөн байцаалтад өгсөн “... ************* дугаарын данс нь Б.Б-н данс юм. Б нь тухайн дансанд бооцооны мөнгө байршуулан шагайн морин бооцоот уралдаан зохион байгуулдаг юм. Би дээрх гүйлгээнүүдээр Б-н зохион байгуулдаг бооцоот тоглоомд оролцсон юм. Дээрх гүйлгээнүүдийг манай эхнэр шилжүүлээгүй бөгөөд би эхнэрийнхээ данснаас шилжүүлсэн юм. Би шагайн уралдаанд орж тоглох гэж мөнгө хийсэн юм... 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Их хурд гэсэн цахим фейсбүүк хаягнаас live хийж явуулсан шагайн бооцоот морин уралдаанд би оролцсон юм. Би тухайн тоглоомноос ашиг олоогүй бөгөөд 45000 төгрөгийн зарлага гаргаж бооцоо тавьж тоглосон юм ...” гэсэн мэдүүлэг /1-р ХХ39/,

Шүүгдэгч Б.Б-н эзэмшлийн Samsung S9 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р ХХ4-5/г гэрэл зургийн үзүүлэлт /1-р ХХ6-11/,  Б.Б-н эзэмшлийн Хаан банкны ************* дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р ХХ47-92/, мөрдөгч П.Б-н 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Б.Б-н ********* тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р ХХ106-108/, 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн магадлагаа /2-р ХХ110-112/,  зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч  гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,, прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Тухайн гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үеэс төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд ашиг орлого олсон эсэх, олсон ашгийн хэмжээ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв. 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус хуульчилжээ.

Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэн олж авсан хууль бус хөрөнгө, орлогыг хураан авч улсын орлого болгох, хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд тусгасан гэж ойлгоно.

Шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Б.Б-д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 3.944.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах албадлагын арга хэмжээ авах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3944000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт оруулах хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Б.Б-н Samsung Galaxy S9 загварын 360000 төгрөгийн үнэлгээ бүхий хөдөлгөөнт утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үед шүүгдэгч Б.Б нь Samsung Galaxy S9 загварын 360000 төгрөгийн үнэлгээ бүхий хөдөлгөөнт утсыг улсын төсөвт шилжүүлэх 3944000 төгрөгт тооцуулан хасуулж хураалгах, эсвэл хөдөлгөөнт утсаа өөрөө авч, 3944000 төгрөгийг бүрэн төлөх эсэхийг шүүх нээлттэйгээр үлдээж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт талуудын хэлэлцүүлсэн нотлох баримтуудын жагсаалт хавсаргагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Б-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээлэл технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б-д танилцуулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-н гэмт хэрэг үйлдэж олсон орлого 3944000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт оруулах хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Б-н хэрэгт битүүмжлэгдсэн Samsung Galaxy S9 загварын 360000 төгрөгийн үнэлгээ бүхий хөдөлгөөнт утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА