Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2021/ШЦТ/34

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Сарантуяа би даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн

Улсын яллагч Ц.Батзаяа

Шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.О-д холбогдох 2116000000037 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овгийн Н-н О.  

Шүүгдэгч Н.О Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн нутаг дэвсгэрт малын бэлчээрт 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэн Д.Ж-г малын бэлчээрээс болж маргалдаж улмаар түүний баруун хөлийн зузаан гуя хэсэгт нэг удаа өшиглөж, гараа атгаж байгаад түүний толгойны дагз хэсэгт 2 удаа цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Н.О-н Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Тээл багийн нутаг дэвсгэрт малын бэлчээрт 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр иргэн Д.Ж-г малын бэлчээрээс болж маргалдаж улмаар түүний баруун хөлийн зузаан гуя хэсэгт нэг удаа өшиглөж, гараа атгаж байгаад түүний толгойны дагз хэсэгт 2 удаа цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хүний халдашгүй байх эрхэд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Н.О гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Н.О-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “... Тэр өдөр малаа бэлчээгээд малаа хараад байж байхад Д.Ж ах малаараа мал шахаж байсан. Би тэжээлийн малаа буцаачхаад уулзах гээд очиход өөдөөс чулуу бариад дайрахаар нь та яаж байгаа вэ? гэхэд чам шиг гуйланчныг яасан ч яах вэ гэсэн. Тэгэхээр нь би цохивол цохь гэсэн чинь чам шиг хэлгүй, дальтан хулгайчийг цохвол лай болно гэхээр нь би уур хүрээд толгой хэсэг рүү 2 цохиж гуя хэсэг рүү 1 өшиглөсөн .... хохиролд 250.000 төгрөг өгсөн ... Орой нь ээжтэй хамт очиж хохирогчийг эмнэлэгт аваачиж үзүүлсэн ... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний ялыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү ... гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэл/,  

Хохирогч Д.Ж-н мөрдөн байцаалтад өгсөн “... Н.О гэх залуу  мотоцикльтой гэрээсээ ирээд манай хонь малыг мотоциклиор хөөсөн юм. Тэгээд манай хонь малыг мотоциклиороо доошоо над руу буцааж хөөчихөөд над руу мотоцикльтойгоо ирээд дайрах гэж байгаа аятай ирээд миний зүүн өвдгөнд мотоциклийнхоо урд дугуйг тулгаад зогссон юм. Тэгж ирсэний шууд мотоцилио данхраадалгүй унагаачихаад намайг заамдаад бариад авсан юм ... Тэгээд бид хоёр барьцалдаж авсан юм. Тэгсэн чинь О миний шууд толгойн ар дагз хэсэг рүү гараа атгаж байгаад 2 шууд цохичихоод намайг түлхээд миний баруун хөлийн зузаан гуя руу нэг удаа өшгилсөн юм... Эмнэлэгт ирээд их эмч Баасандоржид биеэ үзүүлсэн. Эмч таны даралт 150 хүрсэн байна гэж хэлээд Хүдэрчулуун эмчийг дуудаад тархиа бариулсан юм. Эмч хөдөлж болохгүй гэж зөвлөгөө өгөөд, намайг сумын эмнэлэгт хонуулаад маргааш өглөө нь аймаг руу явсан юм ... Тэгээд 03 дугаар сарын 15-ны өдөр аймаг дээр эмнэлэгт шинжилгээ өгөөд тархины зураг авахуулаад эмч хэвтэж эмчлүүл гэхээр нь гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн юм ... Оаас 250000 төгрөг авсан юм. Тухайн мөнгө төгрөгөөр нь эмчилгээний зардал, эм тариагаа авч эмчилгээ хийлгэсэн юм ... гэсэн мэдүүлэг /ХХ2021/,

Гэрч Д.Э-н мөрдөн байцаалтад өгсөн “ ... 2021 оны 03 дугаар сарын 12-ны өглөө намайг сум дээр гэртээ байж байхад Жаргалсайхан ах эмнэлэг дээр байна гэж ярьсан юм. Тэгээд би яасан юм бол гэж бодоод эмнэлэг дээр ирж уулзтал О намайг өчигдөр хонины бэлчээрт явж байхад миний толгой тархи руу цохиод намайг зодчихлоо гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /ХХ3-4/,

Шинжээч Т.Алтайбаатарын 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 103 дугаартай “... 1. Д.Ж-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Тархи доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /ХХ24-25/,

Хохирогч Д.Ж-н өвчний түүхийн хуулбар /ХХ57-67  зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.О-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчид 250000 төгрөгийн хохирлыг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйл байхгүй талаараа хүсэлт /ХХ71/ гаргасан байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Н.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Д.Ж хэрэгт хохиролтой холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд шүүгдэгч Н.О хохиролд 250000 төгрөг төлсөн талаар шүүгдэгч, хохирогч нар зөрүүгүй мэдүүлсэн, хохирогч Д.Жаргалсайхан Цагдаагийн газарт “ ... Н.О-с нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй ...” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Н.О-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын шүүгдэгч Н.О-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг нь тал бүрээс нь харгалзан үзсний үндсэн дээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Н.О нь хохирогчид 250000 төгрөг  төлсөн, хохирогч нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүд, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Б овгийн Н-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.

4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.О-д танилцуулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Н.О нь хохирогчид 250000 төгрөг  төлсөн, хохирогч нотлох баримтаар хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА