Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Г.М,

Хохирогч С.М,

Шүүгдэгч Ш.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Ш.Н-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, ... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдүүдийн хамт Дорноговь аймаг Замын-Үүд сум 5 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт Ш.Н

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт С.М гэрт хэрүүл маргаан үүсгэж улмаар хохирогч С.М эрх чөлөөнд халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ш.Н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр найзынхаа төрсөн өдөрт очиж 2 лааз пиво уучхаад орой 19:30 цагийн орчим гэртээ харьсан. Тухайн үед гэрт манай том хүү Г.Ө, бага хүү Г.Т нар байсан. Гэртээ очоод хоол хийчхээд унтахаар болсон ба том хүү Г.Ө-г өвөртөлж унтахаар хүзүүгээр нь тэвэртэл Г.Ө үгүй ээ гээд босоод ирсэн. Тэгэхээр нь би чиний чинь ааш авир яачихаад байгаа юм, ингэж болохгүй гэж хэлээд 1 удаа зөөлөн алгадсан. Тэгтэл Г.Ө гэрээс гараад гүйчихсэн. Тэгэхээр нь би харанхуй шөнө гараад явчихлаа гээд хүүдээ санаа зовоод хамаатны дүү Т-г утсаар дуудсан. Т удалгүй машинтайгаа хүрээд ирэхээр нь хамтдаа нөхрийн төрсөн эгч Г-нд очсон. Тэнд Г.Ө байгаагүй. Тэгэхээр нь нөхрийн төрсөн дүү С.М-д очтол Ө гэрт нь байж байсан. Т-г гадаа үлдээчхээд С.М-д хүүгээ авахаар ороод Г.Ө-г гэртээ харъя гэтэл Г.Ө явахгүй гэсэн. Тэгтэл хажуугаас С.М бузар булай ирлээ гээд миний өөдөөс давс цацсан. Тэгэхээр нь би С.М хажуугаар нь яваад орон дээр нь сууж чамтай юм ирээгүй, би хүүхдээ авах гэж ирлээ гэтэл бузар булай яв, зайл гээд үргэлжлүүлээд давсаа цацаад байсан. Намайг орж ирэхээр танайх яагаад бузартдаг юм бэ, тэгвэл ингэчихье. Тэгэхээр бузартах уу гээд гуталтай хөлөө би орон дээр нь тавьсан. Тэгтэл С.М шууд гүйж ирээд намайг үсдээд үүд рүүгээ чирсэн ба ингэж байхдаа чи араа даадаггүй шүү, намайг шүүхэд өгөөд байдаг шүү гэж хэлж байсан. Чи яагаад намайг үсдээд байгаа юм бэ гээд би зөрүүлээд үснээс нь зулгаасан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Надад ямар хариуцлага хүлээлгэнэ би зөвшөөрч дагаж биелүүлэх болно...” гэсэн  мэдүүлэг,

- Хохирогч С.М мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2021 оны 03 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчимд миний төрсөн ах Г-н хүү Ө манай гэрт ирсэн. Ирэхдээ ээж согтуу намайг зодоод байна гэж хэлсэн. Ингээд Г.Ө манай гэрт байж байхад 22 цагийн орчимд Г.Ө-н ээж, миний төрсөн ах Г-н эхнэр Ш.Н гаднаас гэрт ирсэн. Ш.Н согтуу байсан ба Г.Ө-г гэр лүүгээ явъя гэсэн. Г.Ө гэр лүүгээ явахгүй, эндээ хононо гэсэн чинь Ш.Н уурлаад Г.Ө-г авч явахаар зассан ор дэрэн дээгүүр гуталтайгаа гишгээд явсан. Би орон дээр гуталтайгаа явлаа, холд гэсэн чинь Ш.Н зөрж байгаа юм шиг орон дээр гуталтайгаа жийгээд суучихсан. Энэ үед манай ах Г гэрт орж ирээд буцаад цагдаа дуудна гээд гарсан. Би Ш.Н-г бос гээд гараас нь таттал Ш.Н намайг үсдээд, баруун чихнээс зулгааж миний гэдэс рүү 3-4 удаа тийрч өшиглөсөн. Хажуугаас манай охин Д.Б Ш.Н-г болиоч гэж хориглон үсдсэн гарыг нь тавиулсан. Ийм л зүйл болсон. Тухайн үед би эрүүл саруул байсан. Зодуулсныхаа дараа баруун чихний араар өвдөөд байхаар нь тэмтэртэл цус гарсан байсан. Охиндоо харуулсан чинь охин гар утсаар зургийг нь аваад үзүүлсэн. Оёдол тавиулахгүй бол болохооргүй урчихсан байсан болохоор нь эмнэлэг рүү очиж 2 ширхэг оёдол тавиулсан... Ш.Н-д маш их гомдолтой байгаа, гэртээ 2 хүүхэдтэй байсан гэтэл айл гэр доромжилж байгаа юм шиг гутал хувцастайгаа ор дэрэн дээгүүр яваад амгалан тайван байдал алдагдуулж хэрүүл маргаан хийж миний эрүүл мэндэд халдсан. Маш их гомдолтой байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9/,

-Насанд хүрээгүй гэрч Г.Ө мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн орчим намайг гэртээ байхад миний төрсөн ээж Ш.Н гаднаас бага зэргийн согтуу орж ирсэн. Ингээд унтах болоход ээж миний хажууд ирж хэвтээд хүүтэйгээ цуг унтана гэсэн. Тэгэхээр нь би хүү нь том болчихсон ш дээ, хамт унтахгүй ээ ээжээ гэсэн. Ээж хүүгээ өвөртлөөд унтана гээд намайг хүзүүгээр тэврээд дээгүүр хөлөө ачиж тэвэрчхээд босгохгүй байсан. Босох гэхээр ээж хүзүүгээр тэвэрчхээд татаад босгохгүй байсан ба би сүүлдээ хүчээр боссон. Ээж араас босож ирээд унт гээд 1 удаа намайг алгадсан. Тэгэхээр нь би ээждээ жаахан гомдож уйлаад С.М эгчийнд очиж хоноё гээд гэрээсээ гарсан. Би 21 цагийн орчимд С.М эгчийнд алхаж очсон ба гэрт нь С.М эгчээс гадна түүний 2 хүүхэд болох Д.Б, Д.Ш 2 байсан. Би С.М эгчид ээж согтуу намайг зодоод байна, тэгээд ирлээ гэж хэлсэн. Тэндээ хоноё гэж бодоод очсон л доо. Тэгээд 30 орчим минутын дараа манай ээж Ш.Н, С.М эгчийнд хүрээд ирсэн ба намайг гэр лүүгээ явъя гэхээр нь би явахгүй, энд хононо гэсэн. Тэгтэл ээж би тэгвэл хажууд чинь хамт хононо гээд унтахаар засчихсан байсан орон дээр хувцастайгаа суусан. Энэ үед С.М эгч ээжийг хөөж, бузар бузар гэрээс гар гэж хэлсэн чинь ээж уурлаад гуталтай хөлөө орон дээр нь тавьчихсан. С.М эгч ээжийн хөлийг буулгахаар очоод, тэгээд тэр 2 бие биенийгээ үсдэлцээд босоод ирсэн ба хажуугаас нь С.М эгчийн охин Д.Б орж салгасан. Зодоон болохоос өмнө С.М эгчийн төрсөн ах Г гэрт орж ирсэн, бузар юм гэрт ирчихлээ, цагдаа дуудаадах гэж хэлсэн ба Г ах цагдаа дуудахаар гарсан. Үүний дараа зодоон болсон. Зодоон болоод дууссаны дараа бөөндөө цагдаа явъя гээд хашаанаас гартал Г ах цагдаа дагуулаад ирчихсэн байсан. Ингээд цагдаа руу очсон. Цагдаа дээр очоод ээжийг эрүүлжүүлэхэд оруулаад намайг С.М эгч аваад гэртээ ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/,

-Насанд хүрээгүй гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд: “...2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 20 цагийн орчим намайг гэртээ ээж, дүүгийн хамт байж байхад манай авга ах С.Г-н хүү Г.Ө гэрт уйлчихсан ирсэн. Г.Ө ээж нь зодоод байхаар нь манайд хонохоор ирсэн гэж хэлсэн. Тэгээд бид нар унтах гээд байж байтал 21 цагийн орчимд Г.Ө-н ээж Ш.Н эгч согтуу манайд хүрээд ирсэн. Гэрт орж ирээд Г.Ө-н гар луу алгадаад гэртээ харъя, чи одоо яах гээд энд байгаад байгаа юм бэ гэсэн ба Г.Ө ээжийнхээ өөдөөс би явахгүй, гэрт харвал та намайг ахиад зодно шүү дээ гэж хэлсэн. Ш.Н эгч тэгэхэд нь тэгвэл 2-уулаа энд хамт хоночихъё л доо гээд орон дээр суусан. Ээж Ш.Н эгчийг чи одоо яв, орон дээр гаднын хувцас гуталтай суулаа гээд татсан чинь Ш.Н эгч чамд ямар хамаатай юм бэ, тэгвэл ингэчихье л дээ гээд гуталтай хөлөө орон дээр гаргаад жийгээд суучихсан. Ээж уурлаад Ш.Н эгчийг татаж орон дээрээс буулгах гэхэд Ш.Н эгч босож ирээд ээжийг үсдээд гэдэс рүү нь 2 удаа жийсэн. Ээж зөрүүлээд Ш.Н эгчийг үсэдсэн. Энэ үед нь би дундуур нь орж салгасан. Ингээд хамтдаа цагдаа руу явж шийдүүлье гээд Ш.Н эгч, ээж, Г.Ө нар гэрээс гарсан. Удалгүй ээж Г.Ө-г дагуулаад гэртээ ороод ирсэн ба баруун чихнийх нь араас цус гарчихсан харагдсан. Би ээжид чих чинь цус гарчихсан байна гэхэд алив зургийг нь дараадах, харья гэсэн. Зургийг нь хараад ээж эмнэлэг явахгүй бол болохгүй юм байна гээд эмнэлэг рүү явсан. Ирэхдээ баруун чихнийхээ ард 2 ширхэг оёдол тавиулчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/,

-Насанд хүрээгүй гэрч Д.Ш мөрдөн шалгах ажиллагаанд: “...Намайг 2021 оны 03 дугаар сарын 04-ний орой гэртээ ээж, эгчийн хамт байж байхад Г.Ө ах гэрт ирсэн. Г.Ө ах болохоор манай ээж С.М төрсөн ах Г-н хүүхэд байгаа юм. Г.Ө ах намайг ээж зодоод байхаар нь гэрээсээ танайд хонохоор ирлээ гэж байсан. Тэр үедээ Г.Ө ах манай гэрт ирэхдээ уйлчихсан, хүзүү нь улайчихсан байсан. Цамцаар нь ээж нь боож татсан гэсэн. Тэгээд ээж гэрээ цэвэрлэж дуусаад бид нар унтах гээд байж байтал гаднаас Ш.Н эгч согтуу ороод ирсэн. Орж ирэнгүүтээ гуталтайгаа хивсэн дээгүүр алхаж Г.Ө ахын гараас татаад явъя гэсэн ба Г.Ө ах үгүй ээ, би явахгүй гээд орны булан рүү шигдсэн. Ш.Н эгч орон дээр суучихаар нь ээж Ш.Н эгчийг бос, яв, заваарсан юм бэ гэж хэлсэн. Тэгтэл Ш.Н эгч гуталтай хөлөө орон дээр тавьчихсан. Тэгэхээр нь ээж очоод бос, яв гэсэн чинь Ш.Н эгч гуталтай хөлөөрөө ээжийн гэдэс рүү хүчтэй жийсэн. Ээж ахиад бос, яв гээд уурлатал Ш.Н эгч босож ирээд ээжийг үсэдсэн. Ээж бас зөрүүлээд үсэдсэн. Ш.Н эгч ээжийг үсдээд зулгааж байхдаа ээжийн баруун чихнээс базаж зулгаасан. Тэрийг нь би харсан. Ш.Н эгчийн гарснаас улаан нэг зүйл газар унахыг нь хараад би хумс нь уначихлаа гэж бодсон. Энэ үед нь Д.Б эгч ээж, Ш.Н эгч 2-ын голоор орж салгасан. Энэ 2 зодолдохоос өмнө Г ах гэрт орж ирээд Ш.Н эгчийг загнаад цагдаа дуудна гээд гарсан. Цагдаа ирэхгүй болохоор нь ээж, Ш.Н эгч, Г.Ө ах нарыг дагуулаад цагдаа дээр өөрсдөө очиж шалгуулна гээд гэрээс гарсан. Би гэртээ эгчтэйгээ үлдсэн. Нэг их удалгүй ээж Г.Ө-г дагуулаад гэртээ хүрээд ирсэн. Тэгээд гэрт ирээд баруун чихнийх нь ард урагдчихсаныг хараад эмнэлэг рүү явж оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 04/62 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. С.М биед баруун чихний ар талд шарх, духны хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдийн баруун чихний ар талын шарх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба дух хэсгийн зөөлөн эдийн няцрал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Шинээр илэрсэн зүйлгүй болно...” гэсэн дүгнэлт /хх-ийн 28-29/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-63/,

- Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн ажлын албаны тодорхойлолт, иргэний дэлгэрэнгүй лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар  /хх-ийн 52, 55-56, 58-61/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар Ш.Н нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 22 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг С.М гэрт хүү Г.Ө-г авахаар очсон ба улмаар хохирогч С.М-тай маргалдаж бие биенийхээ үснээс зулгааж, С.М баруун чихний ар талд зүсэгдсэн шарх үүсэж оёдол тавиулсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ш.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Ш.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч С.М “.... 2021 оны 03 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчимд миний төрсөн ах Г-н хүү Ө манай гэрт ирсэн. Ирэхдээ ээж согтуу намайг зодоод байна гэж хэлсэн. Ингээд Г.Ө манай гэрт байж байхад 22 цагийн орчимд Г.Ө-н ээж, миний төрсөн ах Г-н эхнэр Ш.Н гаднаас гэрт ирсэн. Ш.Н согтуу байсан ба Г.Ө-г гэр лүүгээ явъя гэсэн. Г.Ө гэр лүүгээ явахгүй, эндээ хононо гэсэн чинь Ш.Н уурлаад Г.Ө-г авч явахаар зассан ор дэрэн дээгүүр гуталтайгаа гишгээд явсан. Би орон дээр гуталтайгаа явлаа, холд гэсэн чинь Ш.Н зөрж байгаа юм шиг орон дээр гуталтайгаа жийгээд суучихсан... Би Н-г бос гээд гараас нь таттал Ш.Н намайг үсдээд, баруун чихнээс зулгааж миний гэдэс рүү 3-4 удаа тийрч өшиглөсөн. Хажуугаас манай охин Д.Б Ш.Н-г болиоч гэж хориглон үсэдсэн гарыг нь тавиулсан... Зодуулсныхаа дараа баруун чихний араар өвдөөд байхаар нь тэмтэртэл цус гарсан байсан... Оёдол тавиулахгүй бол болохооргүй урчихсан байсан болохоор нь эмнэлэг рүү очиж 2 ширхэг оёдол тавиулсан...” гэсэн, насанд хүрээгүй хохирогч Г.Ө-н “...2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн орчим намайг гэртээ байхад миний төрсөн ээж Ш.Н гаднаас бага зэргийн согтуу орж ирсэн. Ингээд унтах болоход ээж миний хажууд ирж хэвтээд хүүтэйгээ цуг унтана гэсэн. Тэгэхээр нь би хүү нь том болчихсон ш дээ, хамт унтахгүй ээ ээжээ гэсэн. Ээж хүүгээ өвөртлөөд унтана гээд намайг хүзүүгээр тэврээд дээгүүр хөлөө ачиж тэвэрчхээд босгохгүй байсан. Босох гэхээр ээж хүзүүгээр тэвэрчхээд татаад босгохгүй байсан ба би сүүлдээ хүчээр боссон. Ээж араас босож ирээд унт гээд 1 удаа намайг алгадсан. Тэгэхээр нь би ээждээ жаахан гомдож уйлаад С.М эгчийнд очиж хоноё гээд гэрээсээ гарсан... Тэгээд 30 орчим минутын дараа манай ээж Ш.Н С.М эгчийнд хүрээд ирсэн ба намайг гэр лүүгээ явъя гэхээр нь би явахгүй, энд хононо гэсэн. Тэгтэл ээж би тэгвэл хажууд чинь хамт хононо гээд унтахаар засчихсан байсан орон дээр хувцастайгаа суусан. Энэ үед С.М эгч ээжийг хөөж, бузар бузар гэрээс гар гэж хэлсэн чинь ээж уурлаад гуталтай хөлөө орон дээр нь тавьчихсан. С.М эгч ээжийн хөлийг буулгахаар очоод, тэгээд тэр 2 бие биенийгээ үсдэлцээд босоод ирсэн ба хажуугаас нь С.М эгчийн охин Б орж салгасан...” гэсэн,   насанд хүрээгүй хохирогч Д.Б-н “...2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 20 цагийн орчим намайг гэртээ ээж, дүүгийн хамт байж байхад манай авга ах С.Г-н хүү Г.Ө гэрт уйлчихсан ирсэн. Г.Ө ээж нь зодоод байхаар нь манайд хонохоор ирсэн гэж хэлсэн. Тэгээд бид нар унтах гээд байж байтал 21 цагийн орчимд Г.Ө-н ээж Ш.Н эгч согтуу манайд хүрээд ирсэн. Гэрт орж ирээд Г.Ө-н гар луу алгадаад гэртээ харъя, чи одоо яах гээд энд байгаад байгаа юм бэ гэсэн ба Г.Ө ээжийнхээ өөдөөс би явахгүй, гэрт харвал та намайг ахиад зодно шүү дээ гэж хэлсэн. Ш.Н эгч тэгэхэд нь тэгвэл 2-уулаа энд хамт хоночихъё л доо гээд орон дээр суусан. Ээж Ш.Н эгчийг чи одоо яв, орон дээр гаднын хувцас гуталтай суулаа гээд татсан чинь Ш.Н эгч чамд ямар хамаатай юм бэ, тэгвэл ингэчихье л дээ гээд гуталтай хөлөө орон дээр гаргаад жийгээд суучихсан. Ээж уурлаад Ш.Н эгчийг татаж орон дээрээс буулгах гэхэд Ш.Н эгч босож ирээд ээжийг үсдээд гэдэс рүү нь 2 удаа жийсэн. Ээж зөрүүлээд Ш.Н эгчийг үсэдсэн. Энэ үед нь би дундуур нь орж салгасан....” гэсэн,   насанд хүрээгүй хохирогч Д.Ш “...Намайг 2021 оны 03 дугаар сарын 01-ний орой гэртээ ээж, эгчийн хамт байж байхад Г.Ө ах гэрт ирсэн... Г.Ө ах намайг ээж зодоод байхаар нь гэрээсээ танайд хонохоор ирлээ гэж байсан... Тэгээд ээж гэрээ цэвэрлэж дуусаад бид нар унтах гээд байж байтал гаднаас Ш.Н эгч согтуу ороод ирсэн. Орж ирэнгүүтээ гуталтайгаа хивсэн дээгүүр алхаж Г.Ө ахын гараас татаад явъя гэсэн ба Г.Ө ах үгүй ээ, би явахгүй гээд орны булан рүү шигдсэн. Ш.Н эгч орон дээр суучихаар нь ээж Ш.Н эгчийг бос, яв, заваарсан юм бэ гэж хэлсэн. Тэгтэл Ш.Н эгч гуталтай хөлөө орон дээр тавьчихсан. Тэгэхээр нь ээж очоод бос, яв гэсэн чинь Ш.Н эгч гуталтай хөлөөрөө ээжийн гэдэс рүү хүчтэй жийсэн. Ээж ахиад бос, яв гээд уурлатал Ш.Н эгч босож ирээд ээжийг үсэдсэн. Ээж бас зөрүүлээд үсэдсэн. Ш.Н эгч ээжийг үсдээд зулгааж байхдаа ээжийн баруун чихнээс базаж зулгаасан...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 04/62, 04/63, 04-64 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Ш.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Н-с хохирогч С.М нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд хавтаст хэрэгт хохирлын талаарх нотлох баримт авагдаагүй тул бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ж овогт Ш.Н-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж овогт Ш.Н-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н нь 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ш.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.Н