Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 00487

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уурхайчин багийн 3-12-114 тоотод оршин суух, Гонс овогт Сэрээнэнгийн Оюунцэцэгийн /Регистрийн дугаар: ФМ56051562/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Евро Эко Төгөл хотхон 7а хороолол 3-601 тоотод оршин суух, Цалинч овогт Цогтсайхны Болдод /Регистрийн дугаар: ФА73022675/ холбогдох

1,748,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Оюунцэцэг, хариуцагч Ц.Болд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Оюунцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Ц.Болд нь 2013 оны 11 дүгээр сарын 25-нд хүү Г.Энхбаяртай гэрээ байгуулж, Баян-Өндөр сумын Их залуу багийн 12 дугаар гудамжны 38-ны 67,67 тоот гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газруудыг худалдахаар тохирч 2,200,000 төгрөг С.Оюунцэцэг надаас авсан. Дараа нь бид наймаа буцаж миний 1 сая төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 20-нд өгсөн. Үлдэх 1,200,000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 05-наас сар бүр 200,000 төгрөг өгөхөөр тохирч 2015 оны 08 дугаар сарын 19-нд надтай гэрээ байгуулсан. Энэхүү гэрээнд тухайн сардаа мөнгөө өгөхгүй хугацаа хэтэрвэл хугацаа хэтэрсэн үнийн дүнгээс сард 8 хувиар хүү төлөхөөр, хуульд заасан алданги төлөхөөр заасан. Хүү, алдангийн мөнгө өгч дуусталх хугацаанд төлөхөөр заасан. Гэвч Ц.Болд графикаар мөнгө өгөөгүй тул 2016 оны 03 дугаар сарын 31-нд дахин гэрээ хийсэн. 2016 оны 03 дугаар сарын 31-нд 200,000 төгрөг өгсөн учир үлдэх 1 сая төгрөгийг 2016 оны 06 дугаар сард багтааж хүү, алданги хэвээр үргэлжлүүлэхээр тохирсон. Гэвч Ц.Болд огт мөнгө өгөхгүй байсаар 2016 оны 11 дүгээр сард нөхөр Ганбатад 500,000 төгрөг өгсөн. Үүнээс хойш мөнгө өгөөгүй. Иймд Ц.Болд нь надад 1,700,000 төгрөг төлсөн. 500,000 төгрөг өгөөгүй. Гэрээ байгуулж хугацааг хэтрүүлсэн тул хүү, алдангийг тооцож үндсэн төлбөр 500,000 төгрөг, хүү 1,016,000 төгрөг, алданги 232,000 төгрөг нийт 1,748,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Болд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Болд нь 2013 оны 11 дүгээр сарын 25-д Г.Энхбаярт Баян+-Өндөр сумын Их залуу багийн 12-38 тоотын 67,68 тоот 2 айлын газар худалдсан юмаа. Тухайн үедээ 2,200,000 төгрөг авсан. Гэтэл 2 жилийн дараа гарзраа буцаая, мөнгөө авъя гэсэн. 2 жилийн хугацаанд хашаа бариагүй учраас газар минь хураагдсан байсан. Гэвч би мөнгийг нь бага багаар хувааж өгье гэсэн. Эхний удаад 1,000,000 төгрөг өгсөн. Одоо 500,000 төгрөг үлдсэн байгаа. Гэтэл үлдсэн 500,000 төгрөгнөөс хүү тооцож 1,748,000 төгрөг надаас нэхэмжлэх болсон. Би хүү, алдангийг төлөхөөс дургүйцсэн юмаа. Үлдсэн 500,000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 10-ны дотор төлж барагдуулна гэжээ.

Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: 500,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт маргаангүй төлөхөөр тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Оюунцэцэг нь хариуцагч Ц.Болдод холбогдуулан 1,748,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Оюунцэцэг, хариуцагч Ц.Болд нар нэхэмжлэлийн шаардлага болох 1,748,000 төгрөгнөөс 500,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид өгөхөөр зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Талуудын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 42,918 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Ц.Болдоос 42,918 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Учир нь зохигчид эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийн хамт, 500,000 төгрөгийг гаргуулахаар тохиролцсон байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.С.Оюунцэцэгийн нэхэмжлэлтэй Ц.Болдод холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,918 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 42,918 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Оюунцэцэгт олгосугай.

3.Энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэгдэхийг заасугай.

4.Энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Б.БЯМБАСҮРЭН