Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЗТ/03

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

 Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Хохирогч Б.У,

Шүүгдэгч Ч.Ц, түүний өмгөөлөгч А.Баттөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* овгийн Чансангийн Цэрэнпагамд холбогдох 1926000600169 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овгийн Ч.Ц

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Ц нь “2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багийн 42 дугаар гудамжны 09 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдаргч эрэгтэй Б.У-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний толгой хэсэгт галын төмөр хайчаар цохиж, тархи доргилт гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ч.Ц шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч Б.У шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эхнэр гарч яваад нэг утас аваад ирсэн байсан. Би ажлын байрандаа ажлаа хийж байсан. Би өөрийн гэсэн малгүй болохоороо гутал зараад 2 хонь авсан байсан. Тэгсэн чинь манай эхнэр тэр махны өрөөлийг нь зараад гар утас авсан байхаар нь би уурласан. Тэгээд бид 2 маргалдсан. Ч.Ц намайг галын хайчаар цохьсон. Би дүүг дуудаад аав ээж хоёр дээр орсон. Одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

 

Хохирогч Б.У-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эхнэр Ч.Ц нь захын Баку худалдааны төвийн “Хаан банк” орж хүүхдийн мөнгө авахаар ганцаараа явсан юм. Ч.Ц захаас ирэхдээ “Самсунг” маркийн цагаан өнгийн гар утас авчихсан ирсэн. Би Ч.Ц-с гар утас хаанаас, ямар мөнгөөр авсан гэхэд идэшний хонины тал мах зараад гар утас авсан гэхээр нь би яах гэж идэшний махаа зарж байгаа юм гэж уурлаад бид хоёр маргалдсан. Ч.Ц эхлээд миний баруун гарын шуу хэсгийг гараараа самардаад, галын хайчаар толгойны баруун тал орчимд 2 удаа цохихоор нь гэрээсээ гарч зугтаагаад манай хашаанд байдаг төрсөн дүү Б.С-н гэрт орсон. Б.С-т болсон зүйлийн талаар хэлэхэд ******* аав *******, ээж ******* нарыг дуудаад бид нар манай гэрт орсон. Тэгсэн манай эхнэр төрсөн ах *******г дуудсан. Тэгээд ******* ирээд Ч.Ц-г хоёр хүүхэдтэй нь хамт аваад явсан. Түүнээс хойш эхнэр, хүүхэдтэйгээ уулзаагүй байгаа. Тухайн үед миний толгой хэсэг галын хайчаар цохиулснаас болж хавдсан, баруун гарын шуу хэсэгт хумсны шархтай байсан. Өөр гэмтэл учраагүй. Намайг галын хайчаар цохиход манай хоёр хүүхэд л байсан. Өөр хүн байгаагүй. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-47 хуудас/,

Гэрч Б.С-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчимд гэртээ унтаж байтал Б.У орж ирээд “цаадах чинь намайг алах гэж байна. Галын хайчаар цохиод толгой хавдчихлаа” гэсэн. Баруун гарын шуу хэсэгт самардуулсан бололтой улаан эрээн болсон байсан. Тэгээд бид хоёр Б.У-н гэрт ортол Ч.Ц хоёр хүүхдийнхээ хувцсыг өмсгөж байсан. Би “юу болов” гэж асуухад Ч.Ц “би зайллаа” гээд байсан. ...Ер нь бол байнга л хэрүүл маргаан хийгээд байдаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 хуудас/,

Гэрч С.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ нөхөр *******ийн хамт унтаж байтал манай бага хүү Б.С орж ирээд “Б.У-г эхнэр Ч.Ц нь галын хайчаар цохьсон гээд  Б.У манай гэрт орж ирээд уйлаад байна” гэсэн. ...Б.У-н толгойд ил харагдах шарх байхгүй, баруун гарын шуу хэсэгт хумсаар маажсан сорвитой байсан. Эмнэлэгт үзүүлэхэд толгойдоо гэмтэлтэй гарсан гэж Б.У сүүлд нь надад хэлсэн. Тухайн үед Б.У архи уугаагүй эрүүл байсан. Тэр өдөр гэртээ гутал хийгээд л өнжсөн. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ч.Ц 40000 төгрөгөөр гар утас авсан байсан. Маргааш нь Б.У хонины мах зараад гар утас авсан гэж мэдээд маргалдсан. Манай хүү Б.У огцом ууртай. Хүнд тусархуу хүүхэд байгаа юм. Архи хааяа нэг уудаг. Нэг архи уухаараа 2-3 өдөр дараалан уучихдаг. Ч.Ц хүнтэй нийтэч биш 2 хүүхэддээ ширүүн зан гаргаад байдаг. Ч.Ц манай хүүг байнга харддаг тул хоорондоо маргалддаг.”гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49 хуудас/,

Гэрч Ч.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн ”...2018 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Намайг гэртээ байж байтал манай дүү Ч.Ц залгаад уйлчихсан намайг ирээд аваадах гэхээр нь яасан юм гэхэд Б.У согтуу намайг дээрэлхээд байна гэхээр нь цагдаад дуудлага өг гэсэн. ...Би Ч.Ц-г гарч ирэхгүй байхаар нь Б.Уын гэрт ороход Ч.Ц намайг хараад уйлаад цүнхтэй хувцасаа барьчихсан намайг явъя гээд байсан. Б.У нь надад Ч.Цтай таарч тохирохгүй юм байна салъя гэсэн. ...Ч.Ц, Б.У нарын биед ил харагдах шарх сорви байгаагүй. ...Тэр хоёр хороондоо байнга хэрэлдээд байдаг. Бие биенээ зоддог талаар нь би мэдэхгүй байна. Ч.Ц нь Өвөрхангай аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургуульд 4 дүгээр анги төссөн. Зан байдлын хувьд төлөв даруу үг дуу цөөтэй хүн байгаа юм. Архи уудаггүй, тамхи татдаггүй, эд хөрөнгө гээд байх зүйл байхгүй.”гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52 хуудас/,

 

Гэрч Н.Ү-н мөрдөн байцаалтанд өгсөн ”...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ нөхөр, хүүхдийн хамт унтах гэж байтал манай гэрт Б.У нь халамцуу орж ирээд Ч.Ц намайг зодсон гээд хоёр гараа үзүүлэхэд хоёр гар нь нэлэнхүйдээ хумсаар урчихсан юм шиг сорвиудтай байсан. Өөр ил харагдах шарх харагдаагүй. Ч.Цын биед ил харагдах шарх байгаагүй. ...Ч.Ц-г Б.У нь зодож цохиж байсан талаар харж байгаагүй. ...Б.У нь ааш зангийн хувьд даруухан, архи их уудаг, нэг архи уухаараа 2-3 хоног дараалан уудаг. Ч.Ц нь ааштай, гэрээсээ гардаггүй, манай гэрээр орж ирдэггүй хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 хуудас/,

 

Гэрч Г.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн ”...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэртээ унтаж байтал манай хүү Б.С-р орж ирээд Б.У эхнэртэйгээ маргалдсан гэнэ гэж хэлсэн. Намайг Б.У-д ортол Б.У, Ч.Ц нар нь сална гээд Ч.Ц ахыгаа дуудсан байсан. Би тэгэхээр нь “салвал салсан шиг сал”, ахыгаа ирэхээр бол гэж хэлчихээд гэр рүүгээ орсон. Ч.Ц-н ахыг ирэхээр нь Б.У, Ч.Ц нарт хандаж нэгэнт салах гэж байгаа бол хүүхдүүдийн хувцас, бүх юмыг нь өгөөд явуул гэсэн. Ууганбаатарын баруун гарын шуу хэсэг нь улаан эрээн болсон байсан. 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ч.Ц өвлийн идэшний мах, гэдсийг зараад гар утас авснаас болж маргалдсан гэсэн. Ч.Ц-г Б.У зодож цохиж байхыг харж байгаагүй. Хоорондоо хэл амаараа маргалдаад байдаг.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59 хуудас/,

 

Гэрч Д.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн ”...2019 оны 01 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна Б.У манайд ирээд толгой өвдөөд байна гэхээр нь толгойг нь барьж үзэхэд тархи нь хөдөлсөн байхаар нь толгойг нь 2 удаа барьж өгсөн. Дахиж нэг удаа бариулаарай гэсэн боловч Б.У ирээгүй. Б.У-н биед ил харагдах шарх байсан эсэхийг анзаарч хараагүй. Б.У нь юунаас болж гэмтсэн талаараа яриагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 хуудас/,

 

Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн ”...Би Б.Уын багийн эмч байгаа юм. Б.Уын нэг нүд нь хараагүй, протезтой гэсэн оноштой, группид байдаг. Б.У байнга үзүүлдэг, хөдөлмөрийн чадвар алдалтын 5.1 дэх заалтаар нэг нүд хараагүй гээд хөдөлмөрийн чадвар 50 хувь алдалттай. Б.У үзүүлэхдээ бөөр, нуруу өвдөөд байна гэдэг. Мөн нэг хараагүй нүд нь нулимс гоождог. Б.У хүнд зодуулсан гэж үзүүлж байгаагүй.”гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 хуудас/,

 

Шинжээч Э.Хүрэлсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Б.Уын биед хийгдсэн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох үзлэгээр нүдний алимны чичирхийлэл хөндлөн чиглэлд илэрч, дагзны булчингийн хөшингө 1 хуруу илэрсэн ромбергийн сорилд тэнцвэр алдалт гэмтлүүд тогтоогдсон бөгөөд дээрх гэмтлүүдийг биеийн бодит үзлэгээр тогтоосон. Тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Үзүүлэгч Б.У-н баруун, зүүн гарт бусдад самардуулсан байж болохуйц шинэ зулгаралт гэмтлүүд тогтоогдоогүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 63-64 хуудас/,

 

Шинжээч Ц.ын мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б.У-н биед тогтоогдсон тархи доргилт гэмтэлтэй баруун нүд хараагүй, хиймэл нүдтэй, хөдөлмөрийн чадвар 50 хувиар алдсан зэрэг нь шалтгаант холбоогүй, хуучин эмгэг өөрчлөлт байна. Тархи доргилт гэмтэл нь дангаараа мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр толгой руу цохих, цохигдох, хүзүү самардах гэх мэт доргилтын үед үүсгэгдэх боломжтой. Баруун нүдний хараагүй болсонтой шалтгаантай холбоогүй. Б.Уын биед учирсан тархи доргилт гэмтэл нь  галын хайчаар цохигдох үед үүсэх боломжтой хөнгөн зэргийн гэмтэл юм.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-86 хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Ц-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 93 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №258 дугаартай шинжээчийн:

 

1.Үзүүлэгч Б.Уын биед 2015 оны 11 дүгээр сарын сүүлээр доод уруулыг хэгзлүүлж байсан, 2016 оны 05 дугаар сард нурууны ар хэсэг рүү 2 удаа өшиглүүлж гэмтсэн, 2018 оны 11 дүгээр сарын дундуур зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохьсон, зүүн гуя руу нэг удаа өшиглөсөн гэх үйлдлүүдэд гэмтэл тогтоогдоогүй болно.” гэсэн дүгнэлт /хх-ийн 69 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №273 дугаартай шинжээчийн:

 

1.Үзүүлэгч Ч.Ц-н биед 2015 оны өвөл, 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бусдад зодуулснаас үүссэн гэх гэмтэл тогтоогдоогүй болно.” гэсэн дүгнэлт /хх-ийн 73 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №54 дугаартай шинжээчийн:

 

  1. Үзүүлэг Б.У-н биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

 

  1. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 

  1. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

 

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 34 хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №697 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн:

 

1.Урьд гаргасан хүний биед үзлэг хийсэн №54 дугаартай дүгнэлт  үндэслэлтэй байна.

 

2. Б.Уын биед тархи доргилт гэмтэл учирчээ.

 

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

 

4.5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байхыг үгүйсгэхгүй.

 

6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

7. Шинжээч эмч нь үзүүлэгчийг өөрийн биеэр нь үзэж дүгнэлт гаргаж болно.

 

8. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хх-ийн 79-80 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 1926000600169 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 90 хуудас/,

 

Мөрдөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 298 дугаартай “нийт 34 см урт, бариулын урт 9 см, бариулнаас их бие хүртэл 25 см урт, галын төмөр хайч 1 ширхгийг” эд мөрийн баримтаар тооцох тухай  тогтоол /хх-ийн 142 хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Ц-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №52 дугаартай тодорхойлолт /хх-105/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-107/, хүү Б.*******гийн 6201000810 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, охин Ц.*******гийн 6201000469 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-108-109/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-110/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч  Ч.Ц-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж хуульчилсан бөгөөд хохирогч Б.У, шүүгдэгч Ч.Ц нар нь 2014 оноос хойш хамт амьдарсан, 2 хүүхэдтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу хамтран амьдрагч нар болох нь хавтаст хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 117 дугаартай тодорхойлолт, хүү Б.*******гийн 6201000810 дугаартай, охин Ц.А-н 6201000469 дугаартай /хх-108-109/ төрсний гэрчилгээний хуулбарууд, хохирогч Б.У, шүүгдэгч Ч.Ц нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багийн 42 дугаар гудамжны 09 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.У-н толгой руу нь галын төмөр хайчаар цохьсоны улмаас эрүүл мэндэд нь  тархи доргилт бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч Б.Уын “...2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ч.Ц захаас гар утас авч ирсэн. Би Ч.Ц-с гар утас хаанаас ямар мөнгөөр авсан гэхэд идэшний хонины тал мах зараад гар утас авсан гэхээр нь би яах гэж идэшний махаа зарж байгаан гэж уурлаад бид хоёр маргалдсан. Ч.Ц эхлээд миний баруун гарын шуу хэсгийг гараараа самардаад, галын хайчаар толгойны баруун тал орчимд 2 удаа цохьсон. Тухайн үед миний толгой хэсэг галын хайчаар цохиулснаас болж хавдсан, баруун гарын шуу хэсэгт хумсны шархтай байсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.”/хх-43-47/,

 

Гэрч *******ын “...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчимд гэртээ унтаж байтал Б.У орж ирээд “цаадах чинь намайг алах гэж байна. Галын хайчаар цохиод толгой хавдчихлаа” гэсэн. Баруун гарын шуу хэсэгт самардуулсан бололтой улаан эрээн болсон байсан. Ер нь бол байнга л хэрүүл маргаан хийгээд байдаг.” /хх-23/,

 

Гэрч С.Г-н “...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ нөхөр Б-н хамт унтаж байтал манай бага хүү Б.С “Б.Уыг эхнэр Ч.Ц нь галын хайчаар цохьсон гээд Б.У орж ирээд уйлаад байна” гэсэн. Б.Уын толгойд ил харагдах шарх байхгүй, баруун гарын шуу хэсэгт хумсаар маажсан сорвитой байсан. Эмнэлэгт үзүүлэхэд толгойдоо гэмтэлтэй гарсан гэж Б.У сүүлд нь надад хэлсэн.”/хх-48-49/,

 

Гэрч Ч.Д-н “...2018 оны 12 дугаар сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Намайг гэртээ байж байтал манай дүү Ч.Ц залгаад уйлаад намайг ирээд аваадах гэхээр нь яасан юм гэхэд Б.У согтуу намайг дээрэлхээд байна гэсэн. Тэр хоёрт ил харагдах шарх сорви байгаагүй.” /хх-51-52/,

 

Гэрч Н.Ү-н “...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ нөхөр, хүүхдийн хамт унтах гэж байтал манай гэрт Б.У нь халамцуу орж ирээд Ч.Ц намайг зодсон гээд хоёр гараа үзүүлэхэд хоёр гар нь нэлэнхүйдээ хумсны сорви болсон байсан.” /хх-56-57/,

 

Гэрч Г.Б-н “...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэртээ унтаж байтал манай хүү Б.С орж ирээд Б.У эхнэртэйгээ маргалдсан гэнэ гэж хэлсэн. ...Б.У галын хайчаар цохиулсан гэж байсан. Баруун гарын шуу хэсэг нь улаан эрээн болсон байсан.” /хх-58-59/,

 

Гэрч Д.Д-н “...2019 оны 01 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна. Б.У манайд ирээд толгой өвдөөд байна гэхээр нь толгойг нь барьж үзэхэд тархи нь хөдөлсөн байсан. Толгойг нь 2 удаа барьж өгсөн. Б.Уын биед ил харагдах шарх байсан эсэхийг анзаарч хараагүй.” /хх-60/,

 

Гэрч Б.Б-н ”...Би Б.Уын багийн эмч байгаа юм. Б.Уын нэг нүд нь хараагүй, протезтой гэсэн оноштой, группид байдаг. Жилд 2-3 удаа өрхийн эмчийн хяналтанд орох ёстой. Б.У байнга үзүүлдэг, хөдөлмөрийн чадвар алдалтын 5.1 дэх заалтаар нэг нүд хараагүй гээд хөдөлмөрийн чадвар алдалтын 50 хувь алдалттай.” /хх-61-62/,

 

Шинжээч Э.Хүрэлсүхийн “...Б.Уын биед хийгдсэн шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох үзлэгээр нүдний алимны чичирхийлэл хөндлөн чиглэлд илэрч, дагзны булчингийн хөшинг 1 хуруу илэрсэн ромбергийн сорилд тэнцвэр алдалт гэмтлүүд тогтоогдсон бөгөөд дээрх гэмтлүүдийг биеийн бодит үзлэгээр тогтоосон. Тархи доргилт гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-63-64/,

 

Шинжээч Ц.ын “...2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б.Уын биед тогтоогдсон тархи доргилт гэмтэлтэй баруун нүд хараагүй, хиймэл нүдтэй, хөдөлмөрийн чадвар 50 хувиар алдсан зэрэг нь шалтгаант холбоогүй, хуучин эмгэг өөрчлөлт байна. Тархи доргилт гэмтэл нь дангаараа мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр толгой руу цохих, цохигдох, хүзүү самардах гэх мэт доргилтын үед үүсгэгдэх боломжтой. Баруун нүдний хараагүй болсонтой шалтгаант холбоогүй. Б.Уын биед учирсан тархи доргилт гэмтэл нь  галын хайчаар цохигдох үед үүсэх боломжтой хөнгөн зэргийн гэмтэл юм.” /хх-85-86/ гэсэн мэдүүлгүүд,

 

Хохирогч Б.Уын эрүүл мэндэд “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн №54 дугаартай шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №697 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Уын өгсөн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч Ч.Цд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч Ч.Цыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж,

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “гэмт хэрэг үйлдсэнээс хойш энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол яллагдагчаар татаж болохгүй” гэж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ч.Цын үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн  гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Шүүгдэгч Ч.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр баг 42-09 тоотод байх  гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Б.Уыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн түүний толгой руу нь галын төмөр хайчаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнээс хойш 1 жил өнгөрсөн байх тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

 Шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариулын урт 9 см, бариулнаас их бие хүртэл 25 см урт, нийт 34 см урттай галын төмөр хайч 1 ширхгийг устгаж,

 

Шүүгдэгч Ч.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биедлэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 2.5, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч ******* овгийн Чансангийн Цэрэнпагамыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ц-д Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч Ч.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Б.У нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бариулын урт 9см, бариулнаас их бие хүртэл 25 см урт, нийт 34 см урттай галын төмөр хайч 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэвээр үргэлжлүүлсүгэй.