Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 30

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга М.Э,

Улсын яллагч Г.М,

Хохирогч Э.М /онлайн/,

Шүүгдэгч А.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.С-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, ... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт А.С

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.С нь согтуугаар 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сум Еншөөв багийн нутаг дэвсгэрт хөдөө хээр Э.М-г “хүүхэд дээрэлхлээ” гэж шалтаглан зодож түүний биед духны өмнөд хананы цөмөрсөн хугарал, хамар ясны зүүн хажуу хананы хугарал, духны болон самалдгийн өмнөд хөндийн цус хуралт, дух орчмоор зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч А.С мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт:  “...Тухайн үед цагаан сарын шинийн хоёрны өдөр байсан. Би хөдөө гэртээ очиж золгох гээд явах гэсэн боловч унаа байхгүй олдохгүй болохоор нь танил дүү Э.М-тэй утсаар холбогдож хамт явсан. Хөдөө гэртээ очоод аав ээж дээрээ золгох гэсэн боловч манай ээж аав золголтоор өөр сум руу явсан байсан. Тэгээд эмээ Г.Ц дээр очиж золгосон эмээгийнд хоол цай идэж хэсэг суусан баярын юм гээд эмээгийнд 2-3 хундага архи уусан тухайн үед орой болсон болохоор буцаад Замын-Үүд сум руу явсан явах замд би нойр хүрээд машины урд талын сандал дээр унтсан байсан нэг сэрсэн чинь буцаад эмээгийн гадаа ирсэн байсан тэгтэл миний төрсөн ах А.Б нь намайг согтуу байсан болохоор аваад гэр лүү явсан. Маргааш нь үдээс хойно Э.М-г утсаар дуудан Замын-Үүд рүү явах уу гэсэн чинь Э.М нь за би яваад очъё гээд манайд ирэхээр нь Замын-Үүд сум орохоор Э.М, Б.Б бид 3 хамт явсан тэгээд нутгийн найз нөхдийнхөөр орж золголт хийгээд орсон айлуудаараа архи уусан, золголт дуусаад буцаад явахдаа би Э.М-н машиныг бариад ард Б.Б, Э.М хоёр суугаад явсан явж байтал Э.М Б.Б-г дээрэлхээд гараа зангидаад миний гарыг мөргө гээд байсан тэгтэл Б.Б-г Э.М нь хэд хэдэн удаа нүүрэн тус газарт нь цохиод авсан иймэрхүү байдал хэд хэдэн удаа давтагдаад байхаар нь би Э.М-т хандан чи болиоч жоохон хүүхэд дарамтлаад байхын гэсэн чинь үг авахгүй байсан. Тэгэхээр нь машинаа зогсоож арын хаалга нээж болиулах гэтэл Э.М нь миний нүүрэн тус газарт 2 удаа цохисон тэгэхээр нь би зөрүүлээд 3-4 удаа Э.М-н нүүрэн тус газарт гараараа цохисон. Машинаас буухгүй болохоор нь би Э.М-н хөлөөс татсан чинь миний өөдөөс жийсэн тэгтэл гутал нь сугарсан Б.Б намайг ахаа одоо боль гэж хэлээд миний араас тэврээд авсан тэгтэл сугарч унасан Э.М-н гутлыг би гартаа барсан байсан тэгээд гутлыг нь арын суудал руу шидсэн чинь машины арын цонхыг хагалсан тэгээд би Э.М-т дахиж гар хүрээгүй Э.М-н хамраас цус гарч байсан. Бид хоёрт ямар нэгэн өс хонзонгийн зүйл байхгүй. Урьд нь 1 удаа муудалцаж байсан шалтгаан нь гэвэл Э.М-н төрсөн эгчтэй би үерхдэг эгчийгээ надтай найзлуулахгүй гээд миний толгойг хагалж байсан, миний машины бүх цонхыг хагалж байсан удаа бий. Хэрэг болсноос хойш хохирогч Э.М-н биед учирсан хохирол эмчилгээний зардал 500,000 төгрөгийг өөрийн ... дугаарын данснаас Э.М-н ээжийн ... гэсэн данс руу 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шилжүүлсэн байгаа мөн хэрэг гарах үед хохирогч Э.М-н унаж явсан тээврийн хэрэгслийн хагарсан арын цонхийг 250,000 төгрөгөөр засаж янзалж өгсөн дээрээс нь хуучин эвдэрч муудсан байсан кундактар компьютерын хамт 200,000 төгрөгөөр янзалж өгсөн... Хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уржигдар Нэгдсэн эмнэлэгт Э.М-н хэвтэн эмчлүүлээд төлөөгүй байсан 300,000 төгрөгийг очиж төлсөн, өөрт нь 200,000 төгрөгийг өгсөн. Цаашид эмчилгээний зардал гарвал төлнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 58-59/,

- Хохирогч Э.М мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр ээж аавтайгаа золголт хийгээд тухайн өдрийнхөө 13 цагт хуурай ах болох А.С-тай Замын-Үүд сумын төвд уулзаад байж байтал А.С ах надаа хандан ах нь хөдөө явах гэсэн юм. Аав дээрээ очиж золгоод ирмээр байна гэхээр нь би зөвшөөрөөд тэгээд бид хоёр хөдөө Замын-Үүд сумаас хойш 60 км зайд байрлах Эрдэнэ сумын Еншөөв бригадад байрлах хөдөө гэрт нь очсон тэгтэл гэрт нь хүн байхгүй байсан. А.С-н хамт аавынх нь ээж болох эмээ дээр нь очсон тэгээд эмээтэйгээ золгоод ёс гээд А.С ах 3-4 удаа архи уусан анх надтай явахдаа архи үнэртүүлсэн согтуу байсан тэгтэл гэнэт эмээгийнхээ хажууд байж байснаа эд нараас би архи гуйж уухгүй гээд агсам тавьж эхэлсэн тэнд байсан хүмүүст агсам тавьсан. Тэгээд агсам тавиад болохгүй болохоор нь гэр лүү нь явъя гээд худлаа ярьж машинд суулгаад машиныхаа халаагуурыг тавьж хэсэг зуур хөдлөөд явсан тэгтэл миний машинд сууж байснаа унтсан унтаж байтал Улаанбадрах сумаас аав ээж ах нар нь ирэхээр нь би ах Б гэх хүнд А.С-г хүлээлгэн өгсөн тэгээд би М гэх эмээгийнд хоносон харин А.С нь гэртээ аав ээжтэйгээ тусдаа хоносон тухайн үед орой болсон болохоор тэндээ хоноод өглөө нь цай хоол идээд байж байтал А.С утсаар яриад ах нь өчигдөр согтоод жаахан муухай зан гаргасан байна ахыгаа уучлаарай гэсэн тэгээд яваад ир хоёулаа хамт Замын-Үүд явах уу гэхээр нь би яваад очсон тэгтэл гэрт нь А.С эгчийнхээ хамт мөн хоёр залуутай хамт дөрвүүлээ байсан тэгэхээр нь за ахаа явах уу гэсэн чинь дүү ийшээ суу ёс юм байна гээд надаа 3 хундага архи өгсөн мөн мөнгөн аягаар надаа 2 удаа монгол архи хийж өгсөн за ахаа одоо явахгүй бол ар гэрээс дуудаад байна гэсэн чинь одоо ах нь ганцхан найзынхаараа ороод гарахгүй бол болохгүй гэхээр нь би зөвшөөрч А.С мөн Б бид гурав нийт 3 айлаар орж би их согтож эхэлсэн тэгээд би Б-г тоглоод нэг удаа цохисон чинь А.С нь намайг нутгийн хүүхэд дээрэлхээд гээд намайг шууд зодсон зодохдоо гар болон хөлөөрөө зохисон мөн миний гутлыг тайлж машины цонх хагалсан би их согтсон байсан учир тэгээд намайг А.С зодчихоод гэртээ үлдээгээд миний машиныг унаад явсан байсан тэгээд би үүрээр сэрсэн тэгтэл миний нүд юм харахгүй хавдсан бас толгой их өвдөж байсан амнаас цус гарч хатсан байсан. Миний ээжийн төрсөн дүүтэй багаасаа нэг дор хамт өссөн гэхдээ ямар ч хамаатан биш миний төрсөн эгчид хайртай гээд яваад байдаг харин манай гэрийнхэн хүлээн зөвшөөрдөггүй урд нь А.С ахтай зөндөө муудалцаж байсан. Гол шалтгаан нь манай эгчтэй суух гээд араас нь их гүйдэг байсан болохоор тэгээд манай гэрийнхэн хүлээн зөвшөөрдөггүй түүнээс болсон байх. Миний ярьсан зүйлс бүгд үнэн би А.С-д зодуулж гэмтэл авсан учир эмчилгээний зардлаа нэхэмжилнэ харин А.С-д хуулийн дагуу арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна... Би тасарчихсан байсан тэгсэн наад хүн чинь намайг миний гутал болон дорцовоор намайг зодож миний нүүрийг аймар болгосон тэгчхээд хөдөө аавынхаа гадаа хаячхаад явсан. Намайг эмнэлэгт байхад уучлалт гуйгаагүй... утсаар дарамталдаг байсан... Би маш их гомдолтой, мөнгө төгрөг авахгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Одоо би тан ууж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 07-08/,

- Насанд хүрээгүй гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд “...Тухайн өдөр сар шинэ болж байсан би нутгийн ах А ахынд шинэлэхээр очсон чинь А байхгүй харин түүний хүүхэд А.С байсан би А.С ахтай золгоод жаахан сууж байсан чинь А.С ах надаа хандан ахтайгаа зүүн хойшоо айлд хамт очих уу гэхээр нь би зөвшөөрч хамт явсан нутгийн айл руу явахад А.С, Э.М ах мөн миний бие 3-лаа хамт явсан тэгээд 2, 3-н айлаар ороод А.С, Э.М хоёр согтсон байсан тухайн үед тэр хоёр өөрсдийн ухаантай байсан бид хэд хамгийн сүүлийн айлаар ороод гарсан тэр айлаас хөдлөөд жаахан явж байгаад машин дотор Э.М ах миний цээж рүү цохисон мөн намайг дарамталж чи их том болжээ гэхээр нь машин зогсоод би машинаас буусан чинь Э.М нь над руу зодох гээд дайрсан тэгтэл А.С намайг өмөөрч Э.М-г чи зүгээр бай яах гээд байгаа юм бэ хүүхэд зүгээр байлгаач гэсэн чинь Э.М нь за за ахаа гээд больсон тэгээд би машин бариад явсан А.С ах Э.М-н хажууд суусан чинь Э.М ах гайгүй болсон тэгээд хэсэг зуур явж байгаад машинаа зогсоогоод буцаад А.С ах машин бариад цаашаа явсан тэгтэл Э.М ах за за дүү ах нь одоо зүгээр гэж хэлж байсан тэгтэл гэнэт Э.М ах миний шанаа руу гараараа нэг удаа цохисон тэгсэн чинь А.С ах чи муу яах гээд байгаа юм бэ? Э.М гэж хэлээд машинаа зогсоогоод бууж ирээд Э.М-г А.С ах цохисон. Тэгэхээр нь би А.С ахаа боль гэж хэлсэн чинь А.С ах болихгүй Э.М ахыг машинаас буулгах гээд дайраад байсан тэгтэл Э.М ах машинаас буухгүй байхаар нь А.С ах Э.М-г буулгах гээд зодоод байсан тэгтэл Э.М-н гутал сугараад газарт унахаар нь А.С ах унасан гутлыг бариад машины цонх руу шидсэн чинь машины арын цонх нь хагарсан. Тэгээд тэр хоёр гайгүй болсон түүнээс ямар нэгэн зодоон болоогүй...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 04/56 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Э.М-н биед гэмтэл учирсан байна.

2. Э.М-н биед духны өмнөд хананы цөмөрсөн хугарал, хамар яс хажуу хананы хугарал, духны болон самалдгийн өмнөд хөндийн цус хуралт, дух орчмоор зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

3. Э.М-н биед учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Учирсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно.

5. Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана...” гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-69/,

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугчийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа болон хохирлын баримтууд зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч А.С, хохирогч Э.М, гэрч Б.Б нар нь 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр айлуудаар явж золголт хийсэн бөгөөд шүүгдэгч хохирогч нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн улмаар айлаас гараад явж байх замд хохирогч Э.М нь насан хүрээгүй хүүхэд болох Б.Б-г цохисон, шүүгдэгч А.С Б.Б-г дээрэлхлээ гэж Э.М-г зодож  биед нь духны өмнөд хананы цөмөрсөн хугарал, хамар ясны зүүн хажуу хананы хугарал, духны болон самалдгийн өмнөд хөндийн цус хуралт, дух орчмоор зөөлөн эдийн гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч А.С нь 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сум Еншөөв багийн нутаг дэвсгэрт хөдөө хээр Э.М-г “хүүхэд дээрэлхлээ” гэж шалтаглан зодож түүний биед духны өмнөд хананы цөмөрсөн хугарал, хамар ясны зүүн хажуу хананы хугарал, духны болон самалдгийн өмнөд хөндийн цус хуралт, дух орчмоор зөөлөн эдийн гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч А.С нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Э.М “...А.С нь намайг нутгийн хүүхэд дээрэлхээд гээд намайг шууд зодсон зодохдоо гар болон хөлөөрөө зохисон мөн миний гутлыг тайлж машины цонх хагалсан би их согтсон байсан... тэгээд би үүрээр сэрсэн тэгтэл миний нүд юм харахгүй хавдсан бас толгой их өвдөж байсан амнаас цус гарч хатсан байсан...” гэсэн, гэрч Б.Б  “...А.С, Э.М хоёр согтсон байсан тухайн үед тэр хоёр өөрсдийн ухаантай байсан бид хэд хамгийн сүүлийн айлаар ороод гарсан тэр айлаас хөдлөөд жаахан явж байгаад машин дотор Э.М ах миний цээж рүү цохисон мөн намайг дарамталж чи их том болжээ гэхээр нь машин зогсоод би машинаас буусан чинь Э.М нь над руу зодох гээд дайрсан тэгтэл А.С намайг өмөөрч Э.М-г чи зүгээр бай яах гээд байгаа юм бэ хүүхэд зүгээр байлгаач гэсэн чинь Э.М нь за за ахаа гээд больсон... тэгтэл Э.М ах за за дүү ах нь одоо зүгээр гэж хэлж байсан тэгтэл гэнэт Э.М ах миний шанаа руу гараараа нэг удаа цохисон тэгсэн чинь А.С ах чи муу яах гээд байгаа юм бэ? Э.М гэж хэлээд машинаа зогсоогоод бууж ирээд Э.М-г А.С ах цохисон. Тэгэхээр нь би А.С ахаа боль гэж хэлсэн чинь А.С ах болихгүй Э.М ахыг машинаас буулгах гээд дайраад байсан тэгтэл Э.М ах машинаас буухгүй байхаар нь А.С ах Э.М-г буулгах гээд зодоод байсан тэгтэл Э.М-н гутал сугараад газарт унахаар нь А.С ах унасан гутлыг бариад машины цонх руу шидсэн чинь машины арын цонх нь хагарсан...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 04/56 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд А.С-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэм хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн, цаашид гаргах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ял нь  нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, торгох гэсэн ялтай байх бөгөөд шүүхээс шүүгдэгч А.С нь хувиараа хөдөлмөр эрхэлж орлого олдог болох нь өөрийнх нь мэдүүлэг, түүний Х банкны дансны хуулга зэргээр нотлогдож байх тул түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн ба дээрх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзсэн нөхцөл байдлыг үндэслэн  улсын яллагчаас санал болгосон зургаан зуун нэгтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.      

Шүүгдэгч А.С нь хохирогч Э.М-т хавтаст хэрэгт авагдсан хохирлын нотлох баримтын хүрээнд хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Хохирогч Э.М нь “...нэхэмжлэх зүйлгүй гэх боловч ардын эмчилгээ хийлгэж тан ууж байгаа...“ гэх тул уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.С-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг зааж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А.С-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт А.С-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С нь 600,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Э.М нь уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч А.С-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.Н