Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЗТ/17

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, шүүгч М.Мандахбаяр, Д.Цэцэгээ нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхболд,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Иргэдийн төлөөлөгч Б.Цолмонтуяа,

Хохирогч Д.Т,

Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч П.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянхонгор аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Д.Э-д холбогдох 1914007770414 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Д.Э

 

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-нд шилжих шөнө иргэн Д.В-г зодож алсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Хохирогч Д.Т шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Хохирлоо нэхэмжилж байна. Зарим баримтаа бүрдүүлж чадаагүй. Хохирлын баримтаа бүрдүүлээд хохирлоо нэхэмжилнэ” гэв.

 

Хохирогч Д.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Манай аав Д.В нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зуурдаар нас барсан. 2019 оны 08 дугаар сарын 04-ний үдээс хойш 16 цагийн орчимд гэр тааруулдаг Ц гэх айл руу гэр тааруулж өгөөч гэж хэлэхээр явсан. Тэгээд тэр шөнө гэртээ ирж хоноогүй, маргааш өдөр нь буюу 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн орчимд манай аавын дүүгийн хүүхэд Д.Б ирээд танай аав чинь нас барчихлаа гэж хэлсэн.гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,

 

Гэрч Ч.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө манай нөхөр В-г нас барсан гэж надад хэлсэн. 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн орчимд өөрийн гэрээсээ гэрийн мод тааруулах ажилтай Ц гэх айл руу явсан. Тэр өдрөө ирж хоноогүй. Маргааш нь буюу 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутын орчимд талийгаачийн дүү Д.Э-н хүү Э.Б ирээд В ах нас барчихлаа гэж хэлээд буцаад явсан. Би тухайн үед итгээгүй. Тэгсэн талийгаачийн төрсөн дүүгийнх нь эхнэр Н-д өөрийн хүүхэд М-н хамтаар ирээд В ах нас барчихлаа гэж хэлсэн. Тэгээд би өөрийн бага хүү В.Г-н хамт талийгаачийг харахаар явсан. Тухайн үед Д.Э манай зусаж байсан газраас 5-6 километр зайтай байсан. Тэгээд Д.Э-д очтол манай талийгаач  Д.Э-н гэрийн зүүн хатавчинд зүүн тийшээ нүүр хэсэг нь харсан, 2 хөлөө татаад цээжин хэсэг рүүгээ нийлүүлсэн байдалтай байсан. Би очоод талийгаачийн нүдийг харахад нүд нь аниастай байсан. Тэгээд би Д.Э-г “чи манай нөхрийг алчихлаа” гэж хэлсэн. Тэр үед Д.Э гэр дотроо архи уусан согтуу байсан. Д.Э гэрээсээ гарч ирээгүй, гэрийн гадаа үүдний буюу тотгоны 3, 4 ширхэг унь хэвтэж байсан. Тэр униар манай талийгаачийг зодож цохьсон гэж бодож байгаа. Манай талийгаачийн цогцос намайг очиход бүх бие нь хөшсөн, үнэр орсон байсан. Тэгээд би В.Г хүүгийнхээ хамтаар өөрийн эзэмшлийн “УАЗ-469” маркийн автомашинаар талийгаачийн цогцсыг гэртээ авч ирсэн. Гэрт авч ирсэний дараа бүх хувцсыг нь тайлсан. Хувцсыг нь тайлах үед хоолой  хэсэгтээ хөхөрч хавдсан, биеийн хэвлий нуруу хэсэгт хөндлөн гарсан олон тооны хөхөрөлттэй байсан. Тэгээд бид 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр талийгаачийг оршуулсан. Тухайн үед биеийн байдал нь эрүүл, архи уугаагүй байсан. Архи нэг их уугаад байддаггүй хүн байгаа юм. Д.Э талийгаач хоёрын дунд өс, хонзон, өр авлагын асуудал байхгүй. 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр талчийгаач гэрээсээ гараад Ц-д ороод, Ц-н хүргэн З-д ороод дараа нь өөрийн төрсөн дүү А-д орсон гэсэн. А-д байхдаа талийгаач хэд хоногийн өмнө Д.Э манайд ирээд намайг айлгаж дарамтлаад байхаар нь би архи өгч байгаад явуулсан гэж ярьсан байсан. Тэндээс гараад Ё-д дөнгөж ороод гарсан гэж хэлсэн. Ё-с гараад Б, Өгэх хоёр айлд ороод хамгийн сүүлд Д.Э-д ирсэн гэсэн. Тэдний гэрт л амиа алдсан гэж бодож байна. Д.Э В-г хоёр өшиглөчихөөд ирсэн гай болох вий дээ гэж яриад явсан талаар хүмүүс ярьж байсан. Намайг Д.Э-д очиход А эхнэртэйгээ, Ё эхнэрийн хамт, М, Э, Б, Э-н эхнэрийн эгч Б нар байсан. Тухайн үед миний сэтгэл санаа тогтворгүй байсан учраас сайн санахгүй байна. Тухайн үед хэн хэн байсан талаар надад хэн ч хэлээгүй. Сүүлд сонсож байхад Д.Э-н хүү Э.Б-н хадам талын хүмүүс ирчихсэн байсан ба 2019 оны 08 дугаар сарын 04-ний шөнө Д.Э-г ахыгаа зодоод яасан аймаар хүн бэ энд хонохгүй гэж хэлээд хээр хоносон гэж ярьж байсан. Д.Э-г хөнөөсөн гэж бодож байна. Манай талийгаач бие нь эрүүл хүн байсан. Би тухайн үедээ эмнэлэг, цагдаагийн аль алинд нь дуудлага өгөөгүй, айж сандарсан байсан болохоор тийм зүйл толгойд орж ирээгүй. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-43 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Ё-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн орчимд би “Хүрэн хад” гэх газарт байж байтал Д.Э нь манай сумын Бгэх залуутай ирээд ах Д.В нас барчихлаа гэхээр нь би юу болов гэж асуухад унтаж байсан хүн нас барчихлаа гэсэн. Тэгээд Д.Э, Б нарын хамт Д.Э-н хөдөө гэр болох “*******” гэх газарт ирэхэд Д.Э, түүний хүү Э.Баяраа нарын гэрийн  дунд том гэрийн баруун талд баруун хойшоо дээшээ харсан байдалтай В нь нас барсан байсан. Намайг анх Д.Э-н гэрийн гадаа очиход Д.Э-н эхнэр охинтойгоо, Э.Б эхнэртэйгээ байсан. Намайг анх талийгаач В-г харахад дээл нөмөргөсөн байсан. Тэгээд би гарын судасыг нь барьж үзэхэд судас нь цохилохгүй, бие нь хөрсөн байсан. Би талийгаачийн нүүр хэсгийг нь сайн хараагүй, удалгүй талийгаачийн эхнэр Т, хүү В.Гнар нь ирээд болсон явдлын талаар хэлээд тэр өдрөө талийгаачийн шарлыг аваад талийгаачийн гэр рүү явсан. Гэрт нь очоод эхнэр, хүүхдийн хамт талийгаачийн хувцсыг тайлсан. Тухайн үед бие болон нүүр хэсэгт нь гэмтэл шарх байсан эсэхийг хараагүй. Түүнээс хойш 4-5 хоногийн дараа “Баян овоо” гэх газар оршуулсан. Анх Д.Э, Б нар намайг дуудсан. Д.Э согтуу Б мотоциклио бариулж ирсэн. Намайг анх очиход гэрийн гадна болон дотор талд ямар нэгэн цус болсон зүйл байгаагүй. Харин талийгаачийн өмсөж байсан дээлийн хормой нь ар талдаа гарсан, ноцолдсон гэмээр байсан. Д.Э надад хэлэхдээ талийгаач В бид 2 архи хувааж уусан. В унтаад үлдсэн, би айл руу явсан гэж хэлсэн. Талийгаачтай ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон хийсэн талаар яриагүй. Би талийгаачийг архи ууж унтаад нас барсан байх гэж бодож байна. Гэхдээ ямар шалтгааны улмаас нас барсан гэдгийг мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг / хх-ийн 46-49 хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Н мөрдөн байцаалтанд өгсөн “...“...Би яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. 8 дугаар сар байсан. Тэр өдөр В ах харанхуй болсон байхад манайд ирсэн. Гэхдээ би унтах болоогүй байсан. Манайх В ахынхтай ойролцоо байж байгаад жаахан хол нүүж буусан. Тэр орой В ах гэрт орж ирээд аавд танайх манай хүүхдийн найр болох гэж байхад жижиг гэрээ нүүлгээд явчихлаа гэж хэлсэн.Тэгээд аав уурласан. Яг юу гэж уурласаныг санахгүй байна. Тэгээд аав В ахын гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэр 2 маргалдаад гэрээс аав В ахыг гараараа тэрлэгний захаас нь чирээд гэрийн гадаа гаргасан. В ах босож ирээд арагшаа уначихсан. Тэгээд ээж босгочихоод гэртээ яваад орсон. Тэгээд В ахын хоолой нэг сонин сөөнгө болчихоод ёоолоод байсан.Тэгсэн аав гэр рүүгээ орж ирсэн. В ах нөгөө унасан газраа хэвтээд л байсан.Тэгээд өглөө босоод ямаагаа саах гээд босоод иртэл В ах яг нөгөө өчигдрийн хэвтэж байсан газартаа унтаж байгаа юм шиг хэвтэж байсан. Бид нар В ахыг Б гэж дуудаг юм. Тухайн үед аав Д.Э, ээж У.Ш бид нар гэрт байсан. Манай ах Б-н найр хийсэн гэрт олон хүн байсан. Би тэр хүмүүсийн нэрийг мэдэхгүй байна. Дахиж тэр хоёр маргалдаагүй байх би сайн мэдэхгүй байна. Өглөө В ах өчигдөрийн хэвтэж байсан газраа л байсан. Ээж өмнөх орой нь тэрлэгээр хучсан байсан. Өглөө босож ирээд харахад тэр тэрлэг хөдлөөгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 хуудас/,

 

      Гэрч Э.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн ”... Манайх “ *******" гэх газар оршин суудаг юм. Манай хажууд манай аав Д.Эынх байдаг байсан. 2019 оны 08 дугаар сарын 04-05-ны үеэр байхаа би ******* сум руу яваад ганцаараа шөнийн 00 цагийн үед гэртээ ирсэн. Гэрт ирэхэд аав Д.Э-н баруун урд талд талийгаач ах В нь хажуу тийшээ гарсан унтаж  байсан бөгөөд ээж У.Ш, дүү Д.Н нар нь гэрийн цаад талд ор зассан унтаж байсан. Харин аав Д.Э байхгүй байсан. Би гэртээ ороход эхнэр М, ******* сумаас хадам эмээ О, эхнэрийн төрсөн дүү Ш, эхнэрийн ах Б нар ирсэн унтаж байхаар нь би эхнэрийн хажуугаар ороод унтсан. Тэгээд маргааш нь би 07 цагийн орчимд босоход аав Д.Э, ээж У.Ш, дүү Д.Н нар нь ямаа саагаад байж байсан. Талийгаач В ах урд шөнө унтаж байсан газраа хэвтэж байсан. Би унтаж байна гэж бодсон. Бид нар ямаагаа сааж байхад аав Д.Э нь талийгаач ах Вг сэрээх гэтэл хөдлөхгүй нас барсан байсан байна гэж хэлээд намайг талийгаач Вгийн   гэрийнхэнд  очоод  хэл  өгөөтөх  гэхээр   нь  би мотоциклиор яваад    талийгаачийн эхнэр Т эгч, хүү Г нарт В ах манай гэрийн гадаа нас барчихлаа гэж хэлчихээд би буцаад ирсэн. Удалгүй аав Д.Э Ё ахад хэл дуулгахаар явсан. Удалгүй Ё ах, аав Д.Э, саахалт айлын Б нар ирсэн. Харин талийгаачийн эхнэр Түвшинбилэг, хүү Г 11 цагийн орчимд ирээд тэр өдрөө талийгаач В-гийн шарилыг аваад явсан. Намайг ******* сумаас шөнийн 00 цагийн орчимд ирэхэд аав Д.Э-н баруун урд талд хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байхыг харахад 2 тийшээ хөдөлж байсан, босоод явахгүй байсан. Би ирээд талийгаачтай юм яриагүй, ямар нэгэн өвдөж зовиурлаж байгаа зүйл харагдаагүй. Би тухайн үед талийгаач руу ойртож хараагүй учраас шарх байсан эсэхийг хараагүй. Өглөө намайг босоход талийгаач тухайн газраа хэвтэж байсан бөгөөд намайг очиход царай нь цонхийсон байсан. Би тухайн үед айсан байсан учраас сайн харж чадаагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61 хуудас/,

 

 Гэрч В.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн орой хөдөө гэр болох “Цавчаал” гэх газраас 16 цагийн орчимд айлд гэрийн мод тааруулж өг гэж хэлчихээд ирье гээд мотоцикльтой ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гараад явсан. Тэр өдрөө талийгаач аав В нь гэртээ ирээгүй. Маргааш өглөө буюу 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн орчимд Д.Э ахын том хүү Э.Б нь мотгцикльтой ирээд танай аав В нь нас барчихлаа гэсэн. Тухайн үед бид нар итгээгүй, ямаагаа саачихаад 11 цагийн орчимд ээж Т-н хамтаар машинтай “*******” гэх газарт очсон. Тухайн үед Д.Э ахын том гэр болон хүү Д.Баяраагийн гэр гэх нийт 3 гэр байсан бөгөөд Д.Э ахын том гэрийн гадна баруун урд талд талийгаач аав В нь газарт хэвтэж байсан бөгөөд дээрээс нь дээлээр бүтээсэн дэр дэрлүүлсэн байдалтай байхаар нь ээж Т бид 2 “яагаад нас барчихваа юу болов” гээд асуутал унтаж байгаад унтаагаараа нас барчихлаа гэж хэлсэн. Харин Д.Э ах архи уусан согтуу байсан бөгөөд ах, дүү нар бүгд ирсэн байсан. Тэгээд ээж Түвшинбилэг бид 2 талийгаачийн царайг хартал нас барсан ямар нэгэн шарх гэмтэл харагдаагүй. Тэгээд бид нар талийгаачийн шарилыг аваад гэр рүүгээ явж, гэртээ ирээд хувцсыг тайлахад талийгаачийн хүзүү цээж хэсгээр хөхөрч, өмдөн дотроо хүндээр бие засаж ялгадас гарсан байсан. Би тухайн үед биеийг нь сайн хараагүй хувцсыг тайлсан.  2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын “*******” гэх газар оршуулсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн  78  хуудас/,

 

 Гэрч Б.Ө-н мөрдөн байцаалтанд өгсөн ”... ”...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчимд талийгаач В нь манайд мотоцикльтой ирсэн. Манайд орж ирэхдээ манай хүү В.Г-н хурим болох гэж байгаа чамаар сөн түшүүлнэ. Дараа орж  ирэхдээ ах нь урилга өгнө гэж байсан. Архи өгсөн уухгүй байсан. Тэгээд манайхаас Д.Э-д очно гээд гараад явсан. Манайд орж ирэхдээ талийгаач архи уусан байсан, гэхдээ бага зэргийн согтолттой байсан. Манайд орж ирэхдээ талийгаачийн биед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. 2019 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Д.Э манайд орж ирээгүй. Харин маргааш өглөө нь буюу 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн өглөө 11 цагийн орчимд Д.Э ах манай гадаа мотоцикльтой ганцаараа ирээд ******* нас барчихлаа гэж хэлчихээд явсан. Тэр үед Д.Э нь согтуу архи уусан харагдаж байсан. Харин урьд шөнө нь бол манайд орж ирээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-102 хуудас/, 

 

2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 хуудас/,

 

2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 хуудас/,

 

2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн цогцсыг оршуулсан газраас гарган, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 16-19 хуудас/,

 

2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн цогцсонд задлан шинжилгээ хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хх-ийн 21-27 хуудас/,

 

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 103 дугаартай шинжээчийн:

 

1.Талийгаач Д.В-н биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, няцрал, хэвлийн хөндийн цусан хураа, зүүн талын 8, 9, 10 дугаар хавирга, баруун 3, 6 дугаар хавирганы хугарал, толгойн хуйхан доорх болон хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой.

 

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

 

4. 9. Талийгаач нь хэвлий битүү гэмтэл, дэлүүний язрал, няцрал гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ.

 

5. 6. Талийгаач Д.В-н цогцос ялзарч муудсан тул архаг хууч өвчинтэй байсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

 

7. Талийгаач Д.В-н цогцост бусадтай амь өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй.

 

8. Талийгаач Д.В нь цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ хийлгэсэн бол амь насыг аврах боломжтой.

 

9. Талийгаачийн булчинд хийсэн химийн шинжилгээгээр 2.2% промилли спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 124-125 хуудас/,

 

Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн кабинетийн нарийн мэргэжлийн эмч нарын  2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаартай

 

  1. Яллагдагч Д.Э нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй.

 

2. Яллагдагч Д.Э нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй тул болсон байдлыг зөв тусган авч, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

 

3. Яллагдагч Д.Э нь сэтгэцийн хувьд дээр дурдсан гэмт хэргийн үйлдэгдэх цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байсан.

 

4. Одоогийн байдлаар яллагдагч Д.Э нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэсэн дүгнэлт /хх-ийн 119 хуудас/,

 

Шүүгдэгч Д.Э-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн хуулбар /хх-183/, Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 142 дугаартай тодорхойлолт /хх-192/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-184 хуудас/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Э-д  холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-нд шилжих шөнө “*******” гэх газар өөрийн төрсөн ах Д.В-г зодож алсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газар өөрийн төрсөн ах Д.Вгийн цээж рүү нь өшиглөж зодсоны улмаас Д.В нь хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, няцрал гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас барсан болох нь Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 103 дугаартай оршуулсан цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн  дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 05-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газар өөрийн төрсөн ах Д.Ванданбууг зодож алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар буюу

 

Хохирогч Д.Т-н “...Манай аав Д.В нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зуурдаар нас барсан. 2019 оны 08 дугаар сарын 04-ний үдээс хойш 16 цагийн орчимд гэр тааруулдаг Цэрэндорж гэх айл руу гэр тааруулж өгөөч гэж хэлэхээр явсан. Тэгээд тэр шөнө гэртээ ирж хоноогүй, маргааш өдөр нь буюу 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн орчимд манай аавын дүүгийн хүүхэд Д.Б ирээд танай аав чинь нас барчихлаа гэж хэлсэн. Тэгээд манай ээж Түвшинбилэг, дүү В.Г нар аавын дүү Д руу явсан. Тэгээд ээж Д.Э-с талийгаачийн цогцсыг аваад Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багт байрлах “Цавчаал” гэх газарт авч ирээд 2019 оны 08 дугаар сарын 10-ны өлгөө “Цагаан овоо” гэх газар хөдөөлүүлсэн.гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 хуудас/,

 

 Гэрч Ч.Т-н “...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн орчимд гэрийн мод тааруулах ажилтай Цэрэндорж гэх айл руу явсан. Тэр өдрөө ирж хоноогүй. 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутын орчимд талийгаачийн дүү Д.Э-н хүү Э.Баяраа ирээд В ах нас барчихлаа гэж хэлсэн. Би хүү В.*******ын хамт Д.Э-д очиход манай талийгаач  Д.Э-н гэрийн зүүн хатавчинд зүүн тийшээ нүүр хэсэг нь харсан, 2 хөлөө татаад цээжин хэсэг рүүгээ нийлүүлсэн байдалтай байсан. Манай талийгаачийн цогцос намайг очиход бүх бие нь хөшсөн, үнэр орсон байсан. Тэгээд би В.Г хүүгийнхээ хамтаар өөрийн эзэмшлийн “УАЗ-469” маркийн автомашинаар талийгаачийн цогцсыг гэртээ авч ирсэн. Гэрт авч ирсний дараа бүх хувцсыг нь тайлсан. Хувцсыг нь тайлах үед хоолой  хэсэгтээ хөхөрч хавдсан, биеийн хэвлий нуруу хэсэгт хөндлөн харсан олон тооны хөхрөлттэй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-43 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Ё “...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10 цагийн орчимд намайг гэртээ байж байтал Д.Э нь манай сумын Болдсайхан гэх залуутай ирээд ах Д.В нас барчихлаа гэхээр нь би юу болов гэж асуухад унтаж байсан хүн нас барчихлаа гэсэн. Намайг Д.Э-д ирэхэд том гэрийн баруун талд баруун хойшоо дээшээ харсан байдалтай В нас барсан байсан.  Би гарын судсыг нь барьж үзэхэд судас нь цохилохгүй, бие нь хөрсөн байсан. Би талийгаачийн нүүр хэсгийг нь сайн хараагүй, удалгүй талийгаачийн эхнэр Түвшинбилэг, хүү В.*******а нар нь ирээд талийгаачийн шарилыг аваад явсан. Гэрт нь очоод эхнэр, хүүхдийн хамт талийгаачийн хувцсыг тайлсан. Тухайн үед бие болон нүүр хэсэгт нь гэмтэл шарх байсан эсэхийг хараагүй. Д.Э надад хэлэхдээ талийгаач В бид 2 архи хувааж уусан. В унтаад үлдсэн, би айл руу явсан гэж хэлсэн. Талийгаачтай ямар нэгэн хэрүүл маргаан, зодоон хийсэн талаар яриагүй.” гэсэн мэдүүлэг / хх-ийн 46-49 хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Н-н “...Би яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. 8 дугаар сар байсан. Тэр өдөр В ах харанхуй болсон байхад манайд ирсэн. Тэр орой В ах гэрт орж ирээд аавд танайх манай хүүхдийн найр болох гэж байхад жижиг гэрээ нүүлгээд явчихлаа гэж хэлсэн.Тэгээд аав уурлаад В ахын гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн. Тэр 2 маргалдаад гэрээс аав В ахыг гараараа тэрлэгний захаас нь чирээд гэрийн гадаа гаргасан. В ах босож ирээд арагшаа уначихсан. Тэгээд ээж босгочихоод гэртээ яваад орсон. Тэгээд В ахын хоолой нэг сонин сөөнгө болчихоод ёолоод байсан. В ах нөгөө унасан газраа хэвтээд л байсан.Тэгээд өглөө босоод ямаагаа саах гээд босоод иртэл В ах яг нөгөө өчигдрийн хэвтэж байсан газартаа унтаж байгаа юм шиг хэвтэж байсан. Ээж өмнөх орой нь тэрлэгээр хучсан байсан. Өглөө босож ирээд харахад тэр тэрлэг хөдлөөгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 хуудас/,

 

          Гэрч Э.Б-н ”... 2019 оны 08 дугаар сарын 04-05-ны үеэр байхаа би ******* сум руу яваад ганцаараа шөнийн 00 цагийн үед гэртээ ирсэн. Гэрт ирэхэд аав Д.Эын баруун урд талд талийгаач ах В нь хажуу тийшээ гарсан унтаж  байсан. Маргааш нь би 07 цагийн орчимд босоход аав Д.Э, ээж У.Ш, дүү Д.Н нар нь ямаа саагаад байж байсан. Талийгаач В ах урд шөнө унтаж байсан газраа хэвтэж байсан. Би унтаж байна гэж бодсон. Бид нар ямаагаа сааж байхад аав Д.Э нь талийгаач ах Вг сэрээх гэтэл хөдлөхгүй нас барсан байсан байна гэж хэлсэн. ...Намайг ******* сумаас шөнийн 00 цагийн орчимд ирэхэд В ах аав Д.Э-н баруун урд талд хажуу тийшээ харсан байдалтай хэвтэж байхыг харахад 2 тийшээ хөдөлж байсан, босоод явахгүй байсан. Өглөө намайг босоход талийгаач тухайн газраа хэвтэж байсан бөгөөд намайг очиход царай нь цонхийсон байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61 хуудас/,

 

Гэрч В.Г-н “...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн орой аав хөдөө гэрээсээ  16 цагийн орчимд айлд гэрийн мод тааруулж өг гэж хэлчихээд ирье гээд мотоцикльтой ямар нэгэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гараад явсан. Тэр өдрөө талийгаач аав В нь гэртээ ирээгүй. Маргааш өглөө буюу 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн орчимд Д.Э ахын том хүү Э.Б нь мотгцикльтой ирээд танай аав В нас барчихлаа гэхээр нь ээж Т-н хамтаар машинтай Энхбат ахынд очсон. ...Д.Э ахын том гэрийн гадна баруун урд талд талийгаач аав В нь газарт хэвтэж байсан бөгөөд дээрээс нь дээлээр бүтээсэн, дэр дэрлүүлсэн байдалтай байхаар нь ээж Түвшинбилэг бид 2 “яагаад нас барчихав аа, юу болов” гээд асуутал унтаж байгаад унтаагаараа нас барчихлаа гэж хэлсэн. ...Бид нар талийгаачийн шарилыг аваад гэр рүүгээ явж, гэртээ ирээд хувцсыг тайлахад талийгаачийн хүзүү цээж хэсгээр хөхөрч, өмдөн дотроо хүндээр бие засаж ялгадас гарсан байсан. Би тухайн үед биеийг нь сайн хараагүй хувцсыг тайлсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн  78  хуудас/,

 

Гэрч Б.Ө-н ”...2019 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 21 цагийн орчимд талийгаач В нь манайд мотоцикльтой ирсэн. Архи өгөхөд уухгүй байсан. Тэгээд манайхаас Д.Эынд очно гээд гараад явсан. Манайд орж ирэхдээ талийгаач архи уусан байсан, гэхдээ бага зэргийн согтолттой байсан. Манайд орж ирэхдээ талийгаачийн биед ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан. ...2019 оны 08 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Д.Э манайд орж ирээгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-102 хуудас/, 

 

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 103 дугаартай оршуулсан цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн “талийгаачийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, няцрал, хэвлийн хөндийн цусан хураа, зүүн талын 8, 9, 10 дугаар хавирга, баруун 3, 6 дугаар хавирганы хугарал, толгойн хуйхан дотор болон хэвлийн зүүн хажуу хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, няцрал гэмтлийн улмаас дотуур цус алдаж нас баржээ. Талийгаач Д.В нь цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандаж эмчилгээ хийлгэсэн бол амь насыг аврах боломжтой. Талийгаачийн булчинд хийсэн химийн шинжилгээгээр 2.2% промилли спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-124-125/,  шүүгдэгч Д.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

Шүүгдэгч ******* овгийн Д.Э нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй тул болсон байдлыг зөв тусган авч, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай болох нь Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн кабинетийн нарийн мэргэжлийн эмч нарын  2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 76 дугаартай дүгнэлтээр /хх-119/ тогтоогдсон.

 

Шүүгдэгч ******* овгийн Д.Э-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүнийг алах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

           Шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, шүүгдэгч Д.Э-с гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 961675 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Тд олгохоор, хохирогч Д.Т-н нэхэмжлэлээс нотлох баримтын шаардлага хангаагүй 1028325 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ө, шүүгдэгч  Д.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж, хохирогчид 2000000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгч нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

           Шүүгдэгч Д.Э-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг  арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний  гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж тус тус хуульчилсан байх тул шүүгдэгч Д.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд  оногдуулсан 7 /долоон/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-нийг хүртэл нийт 77 хоног цагдан хоригдсон болох нь  хавтаст хэрэгт авагдсан Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн  2019/ЦХШЗ/167 дугаартай “Сэжигтнийг баривчлах тухай” шүүгчийн захирамж /хх-145-147/, 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2019/ЦХШЗ/168 дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж /хх-150-151/, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн  2019/ЦХШЗ/198 дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах тухай” шүүгчийн захирамж /хх-158-159/, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/32 дугаартай “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамж зэргээр тус тус тогтоогдож байх тул түүний цагдан хоригдсон 77 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Э нь хохирогч Д.Т-д хохиролд 2000000 төгрөг төлсөн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч Д.Т нь хавтаст хэрэгт авагдаагүй гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэгийн явц болон цогцсыг оршуулсан газраас гаргаж шинжилгээ хийсэн бичлэг бүхий CD 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

 

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,  давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овгийн Д.Э-г хүнийг алах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-г 7  жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-д оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э-н цагдан хоригдсон 77 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Шүүгдэгч Д.Э нь хохирогч Т-д хохиролд 2000000  төгрөг төлсөн, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэгийн явц болон цогцсыг оршуулсан газраас гаргаж шинжилгээ хийсэн бичлэг бүхий CD 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Эад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болоыг дурдсугай.

 

            9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.