Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 00479

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Ариунцэцэг, Р.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, их тойруу 79-78 тоотод оршин суух, Хангарьд овогт Нямбагийн Эрдэнэпүрэвийн /Регистрийн дугаар: ФМ88122216/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран баг 25-08 тоотод оршин суух, Халиун морьт овогт Баасанжавын Цогбадрахад /Регистрийн дугаар: ФБ86090619/ холбогдох

Гэм хорын хохирол 13,858,400 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг,  хариуцагч Б.Цогбадрах, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа, иргэдийн төлөөлөгч С.Жаргалсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Эрдэнэпүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: 2016 оны 08 дугаар срын 24-ний өдөр Н.Эрдэнэпүрэв би Орхон аймаг, Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт өөрийн тоёота прима маркын 86-65 УНД улсын дугаартай авто машины замын хөдөлгөөнд оролцож явахад бонго 96-21 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Цогбадрах замын хөдөлгөөний дүрэм зөрчиж осол гаргаж миний болон надтай хамт явсан Д.Банзрагч бидний биед хөнгөн гэмтэл учруулж, миний тээврийн хэрэгсэлд 6,495,000 төгрөгийн хохирол учруулсан. Түүний буруутай үйлдлээс болж эд хөрөнгө, эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол амссан. Баримт авснаар доорхи үнийн дүнг гаргасан, баримт авч чадаагүй зардал зөндөө байгаа. Эрдэнэпүрэвт машинд 6,495,000 төгрөг, үзлэг шинжигээ, замын зардал, шүдний эмчилгээ 6,134,400 төгрөг, өмгөөлөгчийн зардал 1,000,000 төгрөг, нийт 13,630,400 төгрөгийг, Д.Банзрагчид үзлэг шинжилгээний зардал 228,000 төгрөг, хариуцагчаас 13,858,400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Цогбадрах шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.Цогбадрах би нэхэмжлэгч Н.Эрдэнэпүрэвийн нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Н.Эрдэнэпүрэвийн нэхэмжлэл бодитой бус байна гэж үзэж байна. Би өөрийн өмчлөлийн 96-21 дугаартай бонго пронтер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад энэ хүнд гэм хор учруулсан. Нэхэмжлэгчийн 2004 онд үйлдвэрлэгдсэн 86-65 УНД дугаартай тоёота прима маркийн авто машиныг хөрөнгө үнэлгээний “Ашид билгүүн” ХХК нь 2016.09.03-ны өдрийн 1038 тоот тайландаа үнэлэхдээ 6,495,000 төгрөгөөр үнэлсэн байна. Уг үнэлгээг зах зээлийн үнээс хэт өндөр үнэлсэн ба үнэлгээ хийхдээ намайг оролцуулаагүй гэжээ.

Шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч Б.Цогбадрах нь нэхэмжлэгч Н.Эрдэнэпүрэвт 2017 оны 07 дугаар сарын 01-н гэхэд 7000,000 төгрөгийг өгч барагдуулахаар тохиолцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Эрдэнэпүрэв нь хариуцагч Б.Цогбадрахад холбогдуулан 13,858,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баттунсаг, хариуцагч Б.Цогбадрах, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа нар нэхэмжлэлийн шаардлага болох 13,858,400 төгрөгнөөс 7,000,000 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид өгөхөөр зохигчид эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Талуудын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 227,242 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Цогбадрахаас 63,475 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Н.Эрдэнэпүрэвийн нэхэмжлэлтэй Б.Цогбадрахад холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаас 7,000,000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,242 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 63,475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Эрдэнэпүрэвт олгосугай.

3.Энэ тогтоолыг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэгдэхийг заасугай.

4.Энэхүү тогтоолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Б.БЯМБАСҮРЭН

                                   ШҮҮГЧ                                                 Д.АРИУНЦЭЦЭГ

                                                                                                Р.ҮҮРИЙНТУЯА