Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЗТ/23

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхболд,

Улсын яллагч Г.Цолмонгэрэл,

Шүүгдэгч Г.Ч, түүний өмгөөлөгч А.Адъяасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Г.Ч-д холбогдох 1926003420185 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1/39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны  10 дугаар сарын  23-ны өдрийн 2018/ХМШЗ/78 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 04 сар 11 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон,  ******* овгийн Г.Ч

 Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Ч нь “согтуурсан үедээ 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн орчим Ц.М-н монгол гэр буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн орж бусдын эд хөрөнгө болох 6 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Хөнгөн ял оноож өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Хохирогч Ц.М-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 19-20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр багийн 72-09 тоотод гэрээ онгорхой орхиж уяад арын гудамжны айлд очиж 10 минут орчим болоод гэртээ иртэл гэрээс 6 ширхэг мөнгө аяга алга болчихсон байсан. Өөр эд зүйл алдаагүй. Би гэрээ цоожлоогүй нарийн уяагаар хаалгаа уясан байсан. Би алдсан эд зүйлээ буцааж авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 26-27 хуудас/,

Гэрч Б.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн орчимд хүргэн ахынд очиход хойморт нь байх 2 талын шүүгээнд давхарлаж тавьсан байдалтай мөнгөн аяганууд байсан. 2019 оны 08 дугаар сарын 11-ний орой би ахынхаас сүх жоотуу авах гээд эхнэр хүүхдий хамт очиход сая арын айлд хоол идчихээд иртэл манай гэрт хулгай ороод 6 ширхэг мөнгөн аяга хулгайлчихсан байна гэж байсан.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 33 хуудас/,

Шүүгдэгч Г.Ч-н яллагдагчаар өгсөн “...2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 18-19 цагийн орчимд Ц ахынд очих гээд явж байтал гэр нь эзэнгүй нүүчихсэн байхаар нь хажуу талын ногоон төмөр хаалгатай хашаан дотроо 2 монгол гэртэй айл байхаар нь ороод гэрийн баруун хойд хэсэгт байх мөлхөө тавилга дээр ил байсан 6 ширхэг мөнгөн аягыг аваад гэрээс гарсан. Тэгээд нэг эзэнгүй хашаа руу ороод хулгайлсан мөнгөн аягануудаа тавьчихаад явсан. Тэгээд маргааш өглөө нь нөгөө аягаа хүн авчих байх гэж бодоод очтол цагдаа нар ирчихсэн байсан. Тэгээд намайг барьсан. Нийт 6 ширхэг мөнгөн аяга авсан. Өөр зүйл аваагүй. Би тухайн үед архи уусан согтуу байсан. Архиныхаа халуунаар эзэнгүй айлд ороод мөнгөн аяга байхаар нь авчихсан. Би ганцаараа хулгай хийсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ний 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №08/19 дугаартай “...5.5 инчийн хэмжээтэй мөнгө аяга 2 ширхэг 150000 төгрөг, 4.5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 3 ширхэг 180000 төгрөг, 5 инчийн хэмжээтэй мөнгөн аяга 1 ширхэг 70000 төгрөг, нийт 400000 төгрөг“ гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 43-45 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1926003420185 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 51 хуудас/,

Хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-10 хуудас/, 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-13 хуудас/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14 хуудас/

Эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14 хуудас/

Мөнгөн аяганд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-19 хуудас/,

Шүүгдэгч Г.Ч-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар багийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тодорхойлолт /хх-58/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-59/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 62/, эрүүгийн хариуцалага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-63/,

Хохирогч Ц.М-н шүүхэд ирүүлсэн “ мөнгөн аягаа буцааж авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Ч-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ч нь “согтуурсан үедээ 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын “Хүйс толгой” 11 дүгээр багийн 72-09 тоотод оршин суух *******ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч,  6 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд  заасан  гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Г.Ч нь согтуурсан үедээ 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын “Хүйс толгой” 11 дүгээр багийн 72-09 тоотод оршин суух Ц.М-н гэрт нэвтэрч  6 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан

Хохирогч Ц.М-н “...2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 19-20 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 11 дүгээр багийн 72-09 тоотод гэрээ онгорхой орхиж уяад арын гудамжны айлд очиж 10 минут орчим болоод гэртээ иртэл гэрээс 6 ширхэг мөнгө аяга алга болчихсон байсан. ” /хх-26-27/,

Гэрч Б.Ч-н “...2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 13 цагийн орчимд хүргэн ахынд очиход хойморт байх 2 талын шүүгээнд давхарласан мөнгөн аяганууд байсан. Харин орой нь ахынхаас сүх жоотуугаа авахаар очиход гэрээсээ 6 ширхэг мөнгөн аяга хулгайд алдчихсан байна гэж байсан ” /хх-33/,

Мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хэргийн газар  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-10/, яллагдагч Г.Ч-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-13/,  Г.Ч-с 6 ширхэг мөнгөн аяга хураан авч  үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-14/, Мөнгөн аяганд үзлэг хийж, хохирогч Ц.М хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-19/,  Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №08/19 дугаартай үнэлгээний тайлан /хх-43-45/,  Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1926003420185 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-51/, шүүгдэгч Г.Ч-н яллагдагчаар болон  шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Ч-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх  дүгнэв.

Шүүгдэгч Г.Ч нь бусдад төлөх төлбөргүй болох нь мөнгөн аяганд үзлэг хийж, хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-15-16/, хохирогч *******ийн  мөнгөн аягануудаа буцааж авсан. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Ч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хор уршгийг арилгасан гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Г.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй  гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Г.Ч-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Адъяасүрэнгийн шүүх хуралдаанд гаргасан “...Шүүгдэгч Г.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж үзлээ.

Учир нь шүүгдэгч Г.Ч нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ХМШЗ/78 дугаартай “хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 04 сар 11 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон болох нь хэрэгт авагдсан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2018/ШЦТ/44 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2018/ХМШЗ/78 дугаартай “хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай” шүүгчийн захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.

 Шүүгдэгч Г.Ч нь гэмт үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хэдий ч урьд нь бусдын орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт 2 удаа ял шийтгүүлж байсан боловч өөртөө дүгнэлт хийхгүй пахин хулагйлах гэмт хэрэг үйлдсэн байх тул түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй байна гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын аргах хэмжээ хэрэглэж болно” гэж хуульчилсан бөгөөд үүнийг заавал хэрэглэхийг шүүхэд үүрэг болгоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Г.Ч-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,

Шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,  давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Чд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн Г.Ч-г хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овгийн Г.Ч-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-д оногдуулсан  2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч Г.Ч-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.